Хайх зүйлээ бичнэ үү

Бат-Эрдэнийн Алтангэрэлийн гэр бүлд зочиллоо.

 
БИД ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС Ч АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭРДЭГ

Хан-Уул дүүргийн 15-р хороонд оршин суудаг Бат-Эрдэнийн Алтангэрэлийн гэр бүлд зочилж, “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгийнхээ нэгэн өнгийг хамтдаа бүтээлээ. Гэрийн эзэн байгалийн ухааны салбарт ажиллаж, сүүлийн гурван жил агаарын бохирдлыг бууруулахад гар бие оролцож явна. Харин гэргий Тамарагийн Тунгалаг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Үрсийнхээ хэлд  орох шулганаан, хөлд орох бужигнаанаас амьдралынхаа үнэ цэнийг олсон тэдний ертөнцөд хамтдаа саатъя...

-“Үр хүүхдээ зөв хүмүүжүүлье гэвэл өөрсдөө эхлээд үлгэрлэ...” гэсэн үг бий. Та хоёр хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байна вэ?
 
Б.Алтангэрэл: -Миний аав надад “Хүн яг ингэж амьдарна гэсэн заавар байхгүй. Тиймээс өөрийнхөө гаргасан шийдвэрт өөрөө эзэн болж яваарай” гэж дандаа хэлдэг байсан. Аавынхаа энэ үгийг би амьдралынхаа зарчим болгодог. Хүүхэд болгон заавал онц сурах албагүй ээ. Хамгийн эхлээд эрүүл байх ёстой. Хоёрдугаарт, хүүхэд өөрөө аз жаргалтай байх ёстой. Аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчныг бүрдүүлж өгвөл хүүхэд аяндаа зөв хүмүүждэг юм болов уу.
 
Т.Тунгалаг: -Манайх хоёр охин, хоёр хүүтэй. Том охин 7 настай, 5 настай хоёр хүү маань ихэр, харин бага охин 6 сартай.  Хоёр хүү минь аутизмын эмгэгтэй. Тусгай боловсрол эзэмших хэрэгтэй ч гэсэн бид энгийн хүүхдүүдтэй хамт сурч, хөгжөөсэй гэж хүсдэг. Нийгмийн муу, сайн бүхий л харилцааг даван гарч, өөрсдийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээх чадвартай хүн болоосой гэдэг үүднээс манай хүн хөвгүүддээ их цаг гаргадаг. Хэдийгээр аутизмын эмгэгтэй хүүхдүүд дассан газраасаа өөр орчинд байх дургүй ч гэсэн аав нь кино театр, усан бассейн, тоглоомын талбай, үсчин... гээд хүн ихтэй газруудаар дагуулж явж нийгмийн харилцаанд дасгадаг юм.
 
-Хөвгүүд нь аутизмын эмгэгтэй гэдгийг анх яаж таньсан бэ?
 
Т.Тунгалаг: -Хоёр хүү маань 2 ой хүрээд бусад хүүхэдтэй адил ярихгүй, ярьсан зүйл хүлээж авахгүй, нэрээр нь дуудахаар харахгүй байх... зэрэг шинжүүд ажиглагддаг байсан. Битүүхэн санаа зовоод уншиж судлахаар “аутизм” гэсэн нэр томьёо гараад ирнэ. “Биш байх аа, шинж тэмдгүүд нь бүгдээрээ байхгүй юм чинь...” гээд эхэндээ хүлээн зөвшөөрөхөөс айж байгаа юм л даа. Тэгж явсаар байгаад бид хоёр 3 нас өнгөрч байхад нь оношлуулсан. Гарцаагүй аутизмын эмгэгтэй гэдгийг мэдсэн тэр өдөр үнэхээр хямарсан. Хоёрын хоёр хүүхэд маань ийм эмгэгтэй гэж бодохоор тэнгэр нураад ирэх шиг л санагдсан. Эхний хэдэн сар яах учраа ч олохгүй сэтгэл санааны хямралтай, ингээд орхичихож болохгүй учраас эрэл хайгуул хийж, өөрсдийнхөө хэмжээнд уншиж судлахаас гадна хүмүүсээс зөвлөгөө авах зэргээр оролдлого хийж эхэлсэн дээ. Эхлээд хүлээн зөвшөөрөх хамгийн чухал юм байна лээ. Хүлээн зөвшөөрсний дараа дараагийн алхмууд ахицтай урагшилсан. Одоо манай 2 хүү тусгай боловсролтой цэцэрлэгийн ахлах бүлэгт явдаг. Энэ хэрээр хүүхдүүд маань улам сайжирсан. Хоёр хүүгээ нэг үг хэлсний төлөө гэр бүлээрээ баяр хөөр болж алгаа ташдаг. Амьдрал гэдэг аз жаргалыг яаж мэдрэх вэ гэдгээс хамаардаг юм билээ.
 
-Аавынх нь хувьд хүүхдүүдийнхээ энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
Б.Алтангэрэл: -Ийм асуудал аав нарт хамгийн хэцүү санагддаг байх аа. Ээж хүн бол сэтгэлээ онгойтол уйлна, эрс шийдвэр гаргана, хүлээн зөвшөөрнө. Харин аав нар бол үгүй л гээд зүтгэнэ. Би чинь нээлттэй хүн юм шиг хэрнээ бодит амьдрал дээр асуудал тулаад ирэхэд дотогшоо л болчихдог юм байна. Эхний гурав, дөрвөн сард дотроо буглаад л, их хэцүү байсан. Тэгж тэгж нэг өдөр нэг сайн уйлж аваад, бас нэг өдөр найзуудтайгаа тасартлаа архи уугаад сэтгэл нэг онгойж билээ. Энэ бүхэнд хань минь л дэргэд байж, намайг зөв чиглүүлж сэтгэлийн дэм өгсөн. Эндээс л бид хоёрын амьдралыг харах, ертөнцийг үзэх үзэл тэс өөр болсон. Нуулгүй хэлэхэд, өмнө нь би охиныгоо “сургуулийнхаа номер нэг сурагч байгаасай...” гэж боддог байсан. Харин одоо бол тийм биш ээ. Хүүхдүүд маань эрүүл саруул, аз жаргалтай л байвал бусад зүйлс асуудал биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон доо.
 
-Нээрэн л алив нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрсний дараа ойлгодог. Хоёр хүүхдийнхээ ирээдүйг яаж хардаг вэ?
 
Б.Алтангэрэл: -Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн сул тал нь нийгмийн харилцаанд ордоггүй. Санаа зовж байгаа зүйл гэвэл “ирээдүй нь яах бол” гэдэг том асуулт. Тодорхойгүй, ойлгомжгүй, айдастай орчин л харагддаг. Гэхдээ хүүхдүүд маань энэ бүхнийг даваад, өсч хүмүүжээд гэр бүл зохиогоод явбал үнэхээр сайхан. Ажил үйлс эрхлээд явбал гоё л байна. Угаагч ч байсан хамаагүй ямар нэгэн ажлыг өөрөө л аз жаргалтайгаар хийвэл бид хоёрын хувьд аз жаргал тэр.
 
Т.Тунгалаг: -Аутизмын эмгэгтэй хүүхдийн нэг онцлог нь өөрийгөө илэрхийлэхдээ муу. Өөрийгөө илэрхийлж чадахгүй үедээ уйлна, хашгирна, цохино. Нэг нь уйлчихаар нөгөөх нь дагаад уйлна. Том охин маань бас дагаад хямарна. Дүү нараа ойлгодог ч гэсэн хүүхэд л юм болохоор бас заримдаа барьцана. Энэ бүхэн амаргүй л дээ. Бид хоёр янз янзаар л арга хайна. Яг юу ойлгуулахыг хүсч байгааг мэдэхийн тулд судална, ажиглана. Яагаад хямарсан байна, дараа нь тэр хямралыг давтуулахгүй байхад анхаарна. Энэ бүхнийг хамтдаа даван туулах л хамгийн чухал. Гадуур хүүхдүүдтэйгээ хамт явахаар хүмүүс амархан дүгнэлт хийдэг. Таалагдахгүй юмс, орчинд хоёр хүү маань тавгүйтээд уйлах, өөрсдийнхөөрөө зүтгэх энүүхэнд. Тэгэхээр хүмүүс “хүүхдээ буруу хүмүүжүүлээд, эрхийн балай...” зэргээр элдвээр хэлдэг. Аутизмын эмгэгтэй зарим хүүхдийн хөгжил хөнгөн байдаг учраас энгийн цэцэрлэгт явуулахаар эцэг, эхчүүд  “мэдрэл муутай хүүхэдтэй нэг ангид орууллаа...” гэх зэргээр ялгаварлан гадуурхдаг гэж сонссон. Тиймээс нийгмийн харилцаа эрүүл байгаасай гэж аав, ээжүүд бид маш их хүсч байна. 
 
Б.Алтангэрэл: -Аутизмын эмгэгтэй хүмүүс хүнтэй гэхээсээ илүү объекттэй харьцахдаа гаргуун. Би хоёр хүүдээ өнгө заах гээд мянга оролдоод сурахгүй байхад тэд компьютерээр видео үзэж байгаад л нэрлээд сурчихдаг. Тиймээс давуу талуудыг нь хөгжүүлж харилцаанд хөтөлбөл илүү хялбар юм болов уу гэдэг үүднээс бид хоёр сүүлийн үед өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүмүүст зориулсан апликейшн гаргах гээд ажиллаж байна. Дэлхийн бусад орнууд энийг аль хэдийнэ судлаад, 4000 орчим апликейшн гарчихсан юм билээ. Харин монгол хэл дээр байдаггүй. Хийж эхлэхгүй л бол хүлээгээд суух цаг, зав байхгүй бидэнд байхгүй учраас энэ ажлыг санаачилж, суурь “чулууг” нь тавьж байна. Магад олон түмний санал санаачилгаар энэ ажил цаашдаа улам боловсронгуй болох биз ээ.
 
-Айл болгонд аз жаргал нь өөр өөр хэмжүүрээр хэмжигддэг байх. Танай гэр бүлийн аз жаргалын тухай асуугаад ярилцлагаа жаргаая...
 
Б.Алтангэрэл: -Бид жижигхэн зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг болсон. Хамгийн энгийн жишээ гэхэд хүн өөдөөс нь хараад инээхэд ямар ч хүн инээдэг, үгүй ядаж мушийдаг. Харин аутизмын эмгэгтэй хүүхдүүд тэр бүр хариу үйлдэл үзүүлдэггүй. Заримдаа манай хоёр хүүгээс гэнэт хариу үйлдэл гарна л даа. “Сайхан амраарай” гээд хэлэхэд өмнөөс “сайхан амраарай” гэж хариулж байгаа нь бидний хувьд маш их үнэ цэнэтэй, баяр хөөр байдаг. Харанхуй орчноос айдаг хэрнээ кино театрт нүдний шил зүүгээд попкорн идэж суугаа нь л бидэнд аз жаргал юм. 
 
Т.Тунгалаг: -Хүүхдүүдээ эрүүл саруул, инээд хөөртэй, өөрийнхөөрөө байгааг харах л аз жаргал байдаг. Тэр дундаа аутизмын эмгэгтэй хоёр хүүхэдтэй айл чинь тэднийгээ баяр бахдалтай, хөгжил дэвшил ихтэй байгааг нь харах л бөөн аз жаргал юм. Ийм үед бид чинь гэрээрээ баяр хөөр болж, аав ээж, ахан дүүс рүүгээ хүртэл утасдаж дуулгана. Амьдрал ийм л энгийн шүү дээ.
 
Амьдрал тэр чигээрээ саадгүй, дандаа аз жаргалтай байдаггүй. Хонгорхон үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө холч ухаанаар амьдралаа залж яваа өөдрөг нэгэн айлд “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлгээ бүтээлээ. Хүмүүс бидний сэтгэлийн гэрэл ямагт өөр бусдынхаа өмнөх замыг гэрэлтүүлж байвал хичнээн сайхан...
 
Эх сурвалж: MNB.mn 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hhhh 2019.03.24 103.212.116.199

Einstein autismtai baisan gedeeg

0 Хариулах