Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Хустайн нурууны халиун бугын эмгэнэл

Зудтай жилээс илүү олон буга шуналт этгээдүүдийн гарт амиа алдаж байгаа нь эмгэнэл.


Урин цаг ирж, байгаль дэлхий өнгө засаж эхэллээ. Яргуй цэцэглэн, амьтад ичээнээсээ гарч, хаврын улирал нэгэнт иржээ. Цаг агаар дулаарч, хэн хүнгүй л гадагш салхинд гарахыг хүснэ. Сайхан байгальд гарч, ховор ан амьтан харан, зугаалах нь хүүхэд багачуудыг багаас нь байгальд хайртай болгон хүмүүжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монголчууд бидний хувьд нийслэлээс 80 км зайтай орших Хустайн Байгалийн Цогцолборт Газар (ХБЦГ) бол энэ боломжийг олгодог цөөхөн хэдэн газрын нэг юм.

2002 онд ЮНЕСKО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн ХБЦГ нь 1998 онд Байгалийн цогцолборт газар болсон. Нийт 50 мянган га газрыг хамрах бөгөөд халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, цагаан зээр, тахь, аргаль ,тарвага, дорго, саарал чоно, үнэг, хярс, мануул, шилүүс зэрэг 55 зүйл хөхтөн амьтан, хонин тоодог, хар өрөвтас, тогоруу, сойр, гангар хун, ятга шаазгай, начин шонхор, цармын бүргэд, нөмрөг тас зэрэг 223 зүйл шувуутай.  Хустайн нуруу нь  бэлчээрийн ургац сайтай, ус булаг элбэгтэй, хад асга, ой мод зэрэг зэрлэг амьтан хоргодох нөхцөл сайн учир энд төрөл бүрийн ан амьтан элбэг, сүүлийн үед Богд уулнаас ч ан амьтад ирж, суурьших болжээ.
Зэрлэг амьтад амгалан амьдрах тайван, сайхан орчныг тус газрын хамт олон бүрдүүлж чаджээ. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилд дархан цаазат цогцолбор газарт хулгайн анчдын сүлжээ бий болж, амьтдын зүй бус хорогдол нэмэгдэж байгаа гэнэ. Бугын чив, эвэр, сав авах, хил давуулан худалдаалах зорилгоор буга агнах, олноор нь хядах гэмт хэрэг сүүлийн хэд хоногт их гарч байгаа аж.

Энэ талаар сурвалжлахаар сэтгүүлчдийн баг Хустайн нурууг зорьсон юм. Одоо бугын ясан эвэр унах үе эхэлж байгаа. Эвэр унах ид үе болоогүй байгаа ч нэгнээсээ өрсөн авах гэсэн хулгайн анчид бугыг хөөх, бугуйлдах, бахардуулах зэрэг олон аргаар хөнөөж, эврийг нь авдаг байна. Хавар бол ан амьтдын хувьд тун ядруу, хэцүү үе нь. Хахир өвлийг давж гарсан тул туранхай байдаг бол эмэгчингүүд нь хээлтэй. Уг нь бол стресс үзүүлэхгүй тайван байлгах хамгийн эмзэг үе. Хамаагүй хөөж цочоовол хээл хаях эрсдэл маш өндөр.

Гэвч өчүүхэн олзны төлөө яваа шунаг хулгайн анчдад бугын үр төл, цаашид юу болох ямар ч хамаагүй аж. Биднийг Хустайн нуруунд очиход эцээд бахардаж унатал нь хөөгөөд, унахад нь эврийг нь аваад явсан бугын 10 сэг угтлаа. 12 салаа сүрлэг эвэртэй, ойн эзэн бугыг эврээ тайруулсан, сэг болоод хэвтэж байхыг харахад нүд хальтармаар.

Хулгайн анчид бугыг мотоциклоор өртөөлөн хөөдөг гэнэ. Энэ үеэр зарим бугын эвэр гүйлтэн дунд нь унах бол бусдыг нь бахардаад унатал нь хөөгөөд унахаар нь эврийг нь чулуугаар цохиж, хөрөөдөж, бүр амьд байхад нь мушгиад салгаад аваад явчихдаг хүйтэн сэтгэлтэн байдаг байна. Бахардалгүй зугтаж чадсан ч буга шөнө нь хэвтэр дээрээ үхээд хонодог гэнэ. Энэ бол шууд хэлэхэд байгаль орчны эсрэг маш том гэмт хэрэг гэсэн үг.

Хустайн Байгалийн Цогцолборт Газрын менежментийг ТББ хариуцан ажилладаг. Улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй, менежмент хийгээд санхүүжүүлээд явдаг цорын ганц газар бол Хустайн нуруу. Улсын төсвийн бусад газрыг бодвол байгаль хамгаалагч олон ч хотод ойр, их замын дэргэд байдаг тул хулгайн ан их.

Хустайн Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын менежер Г.Ууганбаяр “Өнгөрсөн жилийн долоодугаар сараас “Зөрчлийн тухай хууль” хэрэгжсэнээс хойш одоо зөрчил гаргасан хүмүүсийг торгох, шийтгэхэд их тодорхой болсон. Мөн сайдын тушаалаар жил бүрийн 3 сарын 20-ноос 6 сарын 10 хүртэл ясан эвэр түүхийг улсын хэмжээнд хориглосон байгаа. Тэгэхээр бугын эвэр түүх нь хууль бус гэдэг нь тодорхой. Иргэд хууль дүрмээ сайн мэдэхгүй болохоор гэмт хэрэгт холбогдож байна. Хууль чангарч байгааг иргэдэд танилцуулах хэрэгтэй. Ганц эвэрний төлөө явж байгаад ямар асуудалд орохоо сайн бодоорой. Торгуулиас гадна хулгайн анд хэрэглэсэн унааг улсын орлого болгон хурааж авна. “Зөрчлийн тухай хууль”–иар зарим асуудал тодорхой болсон ч агнахаар завдаж байгаа тохиолдлыг шийтгэлээс хассан байсан. Тэгэхээр яг хулгайн ан хийсэн хүнийг л шийтгэхээс завдаж байгаа хүмүүсийг яаж ч чадахгүй болоод байна. Нэг ёсны хуулийн цоорхой гарчихаад байна” гэж ярилаа.

Бид сурвалжлага бэлтгэж байхдаа “Мотоциклтой иргэн хамгаалалттай бүсэд нэвтэрлээ” гэсэн дуудлага хүлээн авч очиход улсын дугааргүй мотоциклтой хоёр залуу байлаа. Тэд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас алдсан адуугаа хайж явна. Өнгөрсөн 11 дүгээр сард нутгаасаа гарсан. Улсын хамгаалалттай бүсийн тэмдэг дохио хараагүй болохоор мэдэхгүй ороод ирсэн. Мотоцикл арваад хоногийн өмнө авсан болохоор дугааргүй байгаа” гэж ярьсан юм.

Өнгөрсөн онд нутгаас гарсан улсууд замдаа шинэ мотоцикл авчихсан байна гэхэд итгэхэд хэцүү ч Хустайн Байгалийн Цогцолборт Газрын дарга Ц.Дашпүрэв “Энэ мэт хууль зөрчдөг иргэн маш олон. Бид өдөрт 20-30 хүнийг хамгаалалттай бүсээс гаргадаг. Шууд торгох, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх байгаа ч эхний удаад сануулаад өнгөрдөг” гэж хэллээ. Дараа нь мөн машинтай иргэд хамгаалалттай бүсэд нэвтэрсэн байхыг нь илрүүлж очсон ч харин тэд хэрэлдэн маргалдсаар байгаад яваад өглөө. Байгаль хамгаалагчдын ажилд нэгэн том саад байгаа нь ард иргэд тэдний ажлыг ойлгодоггүй, “Монголын газар нутагт хаана явахаа чамаар заалгахгүй” гэж загнадаг гэнэ.  

1993 онд Хустайн нуруунд ердөө 54 буга тоологдож байсан бол одоо 1142 болж, өсчээ. Амьдрах таатай орчныг нь бүрдүүлээд өгөхөөр үржиж өссөн хэрэг. Гэхдээ харин сүүлийн хоёр жилд тоо толгой нь буурч байгаа. 2010 оны зуднаар 50 буга хорогдож байсан бол өнгөрсөн жил 56 буга хорогдсоны 49 нь хавар эврийн хулгайчдын гарт үрэгдсэн байх юм. Зудтай жилээс илүү олон буга шуналт этгээдүүдийн гарт амиа алдаж байгаа нь эмгэнэл. Уг нь ясан эвэр бол тийм үнэтэй эд биш. 1 кг эвэр 80 мянган төгрөг бөгөөд нэг бугынх дунджаар 2-3 кг татдаг байна. Өөрөөр хэлбэл 160 мянган төгрөгний төлөө л уул усны чимэг болсон халиун бугыг хөнөөчихөж байгаа юм. Байгаль орчны яамны үнэлгээгээр нэг буга 7,5 сая төгрөгийн үнэлгээтэй. Хохирлыг төлүүлэхдээ энэ тоог хоёроор үржүүлдэг. 1986 онд 130 мянган бугатай байсан Монгол орон одоо 6000 бугатай. Үүнээс мянга гаруй нь Хустайн нуруунд бий. Хайрлаж хамгаалахгүй бол халиун буга гэдэг амьтан устан үгүй болох аюулд тулгарчээ. Энэ бол хэтрүүлж байгаа хэрэг биш. Дэлхийд буга олон бий. Харин Орос, Монголд халиун буга устаж байгаа зүйл болон хувирсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Бодоод үз. 1986 оны 130 мянган буга байгалийн жамаараа өсөн үржсэн бол одоо бид хэдэн бугатай байх вэ? Харамсалтай нь бид хайр найргүй хядсан. Ялангуяа хаврын улиралд эвэр унах цагаар буга маш их хорогдож байна. Хайрлаж хамгаалах цаг болжээ.
Байгаль хамгаалагчдын хэлснээр хэвлэл мэдээллийнхэн ирнэ гэсэн сураг гарангуут хулгайн анчид нуугдаад гарч ирэхээ больчихдог гэнэ. Харин дараа нь гараад ирнэ. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагын нэгэн үр дүн нь байгаль орчны сэтгүүлчид, хэвлэлийн байгууллагууд байгаль хамгаалагч нартай байнга хамтран ажиллахаар боллоо. Бид харж байгаа шүү гэдгийг хулгайн анчдад сануулж, хатуу шийтгэх цаг болжээ.
Байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөж байна. Зөвхөн нэг төрлийн амьтныг хамгаалах гээд хашаад байх биш юм байна. Эко систем дээр нь бүхлээр нь орчныг нь бүрдүүлж байж хамгаална, тэгэж байж байгалиараа байх юм байна, илүү үр дүнтэй юм гэдгийг бүгд ойлгожээ. Хустайн нурууны энэхүү 50 мянган га газар бол үнэхээр яг энэ зарчимд тохирсон газар болж чадсан. Одоо харин энэ сайхан цогцолборт газраа хайрлан хамгаалж, дараа үедээ энэ чигээр нь, улам илүү сайхныг үлдээцгээе хүмүүс ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.