Пёнчаны олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ
Монголын баг тамирчдын зураг өмнө нь ийм гоё гарч байсан тохиолдол үгүй.
Пёнчаны өвлийн олимпод манай улсаас спортын сэтгүүлч, гэрэл зурагчин Э.Харцага, Ч.Ганбат нар ажилласан билээ. Өмнөд Солонгос улсад зохиогдсон өвлийн олимпийн сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн гэрэл зургийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл "Blue Mon Center"-ийн нэг давхарт байрлах "Norphei Art Gallery"-д дэлгэгдэж байна. Спорт сонирхдог, сонирхдоггүй бүх хүн л тэнд очиж Олимпийн сонин сайхныг харж, баясаж байна.
Нээлтийн үеэр Э.Харцага Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны жуух бичгээр шагнагдан давхар баяр болсон юм.
- Та нар үзэсгэлэнд тавих зургуудыг хэрхэн сонгов?
- Авсан зургуудаа ялгана гэдэг чинь их төвөгтэй юм билээ. Зарим нь фокус таарсан, зарим нь таараагүй, эсвэл нүд нь хялайсан ч байдаг юм уу. Хүн харахад хамгийн таатай, өрнөлтэй зураг сонгох гэж үзсэн. Жишээ нь уран гулгалт дээр хамгийн гоо үзэмжтэйг нь, хоккей бол хамгийн өрсөлдөөнтэйг нь ч гэдэг юм уу. Тухайн спортын онцлогийг гаргасан зургийг сонгохыг хичээсэн.
- Энэ удаагийн олимп өмнө нь таны очиж байсан, үзэж байсан тэмцээн уралдаануудаас юугаараа ялгаатай байсан бэ?
- Манай үндэсний бөх жишээлбэл нэг байрлал дээр очоод, бараг зураг авахад зориулаад удаан гэгч нь сайхан байж байдаг. Харин олимпийн хувьд чарга гэхэд л зуун хэдэн километр цаг хурдтай зөрж өнгөрч байгаа. Фокус авч амжихааргүй хурдан. Яг энд ирэхэд л би авна гэж угтаж, хүлээж л авахгүй бол хэцүү. Нэг уран гулгагч дээр би 500 кадр авч байхад тэндээс 12, 13 нь л яг тод, сайхан гарч ирдэг. Ёстой нэг шүршиж байгаад л авч байгаа юм.
- Бас яг тавигдаагүй олон л гоё зураг байгаа байх даа?
- Тийм ээ. Хэдэн мянган зураг байгаа шүү дээ. Заримыг нь хайж олж чадаагүй, цаг зав болоогүй гээд олон асуудал бас байсан. Сүүлчийн дөрөв хоног өдөр шөнөгүй сууж байж хийсэн дээ.
- Үзэсгэлэнгийн зургууд солигдож, өөр зургууд тавигдах уу?
- Дөрөвдүгээр сарын 11 хүртэл яг энэ зургуудаараа гарна. Хүрэлцэн ирж үзээрэй.
21 хоногийн турш явж, нэг баг хамт олон болж ажилласны эцэст ийнхүү бүтээлээ таниулж байгаа нь сайхан хэрэг болов. Тэр дундаа Монгол баг тамирчдын хувьд урьд өмнө нь аливаа нэг тэмцээний үеэр бүрсийсэн, хэдхэн зурагтай л буцаж ирдэг байсан. Харин мэргэжлийн зурагчид, сэтгүүлчид явснаар маш чанартай, сэтгэл хөдлөм зураг, агшин олон бууж, арвин их сантай болжээ.