Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Казах түмний талаар таны мэдэхгүй 15 зүйл

“Дастархан”-ы дэргэд суухаас өмнө гараа заавал угаана.


Найрсаг зочломтгой ард түмэн юм

Казах айлд ороход гэрийн эзэн эзэгтэйнүүд эелдэгээр мэндчилэн хоймор дээшээ суухыг урин ширдэг дэвсэн олбог, сандал өгч суулган цай хоолоороо дайлж үйлчилнэ. Мэндэлсний дараа хүн бүрээс аль нутаг, овог, хэн болох юу хийдгийг нь заавал асууж танилцдаг уламжлал бий. Энэ нь залуу хүмүүст ураг төрлөө мэдэлцэх, цус ойртохгүй байх чухал ач холбогдолтой харилцаа юм.


Хүндтэй зочин 

Казах айлд зочлох хэрэг гарвал нар жаргахаас өмнө очоорой. Тухайн айл зочныг үнэн сэтгэлээсээ манайхыг зорьж ирсэн сайхан сэтгэлтэй “хүндтэй зочин” гэж хүлээн авч, дээд зэргээр хүндэлнэ. Хэрэв нар шингэсний дараа очвол “кангырган конак” буюу “төөрсөн зочин” гэж арай өөрөөр хүлээж авна.


Золголт 

Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч - хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.


Дастархан” буюу идээ будаагаа яагаад дэлгэж тавьдаг вэ?

Энэ нь ширээ биш юм. Харин өргөн даавуугаар хийж, цэвэр ширдэгэн дээр дэлгээд дээр нь хоол унд тавьдаг том алчуур. Гэхдээ идээний дээж гэсэн эрхэм ойлголтыг төрүүлдэг. “Дастархан” дээр тухайн айл боломжийнхоо хирээр бүх төрлийн идээг тавина. “Дастархан”-аас эхлээд аягласан цай авч уугаад дуртай идээнээсээ иднэ. Цайны идээ өтгөн, сүүтэй, шар тос, цөцгийтэй байвал амттай байдаг аж. “Дастархан”-ы дэргэд суухаас өмнө гараа заавал угаана. “Дастархан”-ыг дэлгэмэгц зочин, ахмад хүмүүс ерөөл дэвшүүлнэ.


“Бата” буюу ерөөл

Хамгийн настай, хүндтэй нэгнээр тухайн зоог, ирсэн зочдод зориулан "бата" буюу ерөөл хэлүүлдэг байна. Уг ерөөлийг хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “Ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй гэсэн үг

Дастарханд хэн ч бай заавал гараа угааж байж хүрэх ёстой. Гараа угаахгүй бол хоол идэх эрхгүй гэсэн үг. Казах айл бүхэн услаг буюу “сулык”, тослог буюу “майлык” гэсэн усны ба тосны хоёр алчууртай байна. Харин ахмад хүмүүсийн ба зочны гарт усыг тэр гэрт байгаа хамгийн бага настай нь хийж үйлчилнэ. Ингэхийн учир бусдыг хүндлэх бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хувцас хунараа тослохоос хамгаалсан хэрэг.  

Цайгаа ууж дуусан л бол аягаа таглахаа мартваа

Та казах айлд зочилбол тэр айл эхлээд  аяганд цай хийж барина. Та цайг нь ханатлаа уугаад баярласнаа илэрхийлэхийн тулд аяганы амсрыг таван хуруугаараа таглаж тавиарай. Хэрвээ ингэхгүй бол айл танд данхтай цайгаа дуустал хийгээд зогсохгүй дахин цай чанах ч хэрэг гарах юм шүү.

“Айтыс” буюу харилцаа дуу

Аливаа нэг баяр ёслолын үед Казахууд “айтыс” буюу харилцаа дууны тэмцээн зохиодог. “Айтыс” гэдэг нь казахын урлаг, уран зохиолын онцгой нэгэн төрөл бөгөөд ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна. Хоёр хүн суугаад тэр дороо шүлгээ зохиож аянд оруулан домбороор тоголно.

“Көкпар” буюу тулам булаалдах  

Найр наадмын үеэр зохиох нэгэн уралдаан тэмцээн. Хөх ямааны битүү өвчсөн нойтон арьсыг булаацалдана. Морь болон эрчүүдийн бяр тэнхээг сорино. Арьс булаалдахад хоёр хүн юм уу, эс бөгөөс хоёр талд хуваагдсан олон хүн оролцдог. Арьсыг булааж авсан нь зугтаж давхина. Эсрэг талынхан түүнийг гүйцэж очвол дахиад булаалдана. Дийлсэн нь эсрэг талынхаа багийн ямар нэгэн айлын гэр дээр шидэж хаяна.

“Кыз-куар” буюу бүсгүйг гүйц 

Тоглоомонд үндэсний хувцсаар гоёсон хэд хэдэн хосууд оролцоно. Уралдаан нь 300-400 метр давхиад эргэж гараанд иртэл үргэлжилнэ. Эргэх газар хүртэл давхих хооронд эрэгтэй нь давхиан дундаа бүсгүйгээ гүйцээд тэвэрч, үнсэх ёстой бол бүсгүй аль болох баригдахгүй байхыг хичээнэ. Хэрэв залуу нь үнсэж чадвал эргэсний дараа буцаж давхихад бүсгүй нь түүнийг гүйцэн ташуурдаж шийтгэдэг.


“Тенге илу” буюу “Зоос шүүрэх”

“Тенге илу” морин спортын нэг төрөл. Тэгш газар тоглох ёстой бөгөөд 18-аас дээш насны хүмүүс оролцоно. Дээр үед том эсгийн дээр 15, 20, 50-тын зоосыг  тавьчихаад шүүрч тоглодог байсан бол орчин үед харин зооснуудыг даавуунд ороож газарт эгнүүлэн тавьдаг. Уг тоглоомыг хоёр багт хуваагдаж тоглодог бөгөөд баг тус бүрийн оролцогчдын тоо тэнцүү байна. Оролцогчид хамгийн сайн гэсэн морь унаж 30-40 метрийн зайнд давхиж яваад газарт тавьсан даавуунд ороосон зоосыг тонгойж шүүрч аваад явах ёстой. Энэхүү тоглоом маш их эв дүй шаардах бөгөөд зарим оролцогч зоосыг шүүрч авч чадалгүй  мориноосоо унадаг тохиолдол элбэг.

“Кесте” буюу хатгамал

Гар хатгамалд казах эмэгтэйчүүд маш уран. Тэд үүнийг 6-7 наснаасаа сурч эхэлнэ. Хатгамлыг шөвгөн зүүгээр өнгө бүрийн утас ашиглан сонгосон өнгийн даавуун дээр хийнэ. Орны аравч, ширдэг дэвсгэр, дэрний уут, гэр ахуйн эд агуурс, хувцас хунарыг хатгамлаар оёдог. Хүннүгийн үеийн олдвороос гарч ирж байгаа хээ угалз казах эмэгтэйчүүдийн хатгамал дээр түгээмэл тохиолддог.

 

“Шымши” буюу чимэг дэрс

Урт дэрсийг намар сугалан татах аргаар хурааж авч гэрийн ханын, хаяаны, ааруул, ээзгийний зэрэг зориулалтаар нэхнэ. Гэрийн хананы дотор талыг дэрсээр бүрэхэд дулаан, үзэмжтэй болдог. Дэрс нэхэхийн тулд гэрийн босго шиг 2 мод босгоод дээрээс нь урт модоор холбоно. Нэхмэлийн ноосон утас нударгын чинээ 10 гаруйг бэлтгэнэ. Тэгээд чулуу уяж утамнуудыг салаалж тавьсны дараа хөндлөн урт модон дээр дэрсийг нэг нэгээр нь тавьж, утаснуудыг зөрүүлж тавиад нэхнэ. Урт нь гэрийн ханын өндөртэй адил байна.

“Домбыра” буюу Домбор хөгжим

Казахууд эрт дээр үеэс нэлээд олон төрлийн хөгжмийн зэмсэг хэрэглэсээр иржээ. Тэдний нэг нь домбор хөгжим юм. Тэгээд ч казахуудыг домбор хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Домборыг нарс зэрэг модыг сайн хатааж байгаад урлана. Энэ нь хонгил, нүүр, хүзүү, чих, өлгөх, тиек гэсэн хэсгүүдээс бүрдэнэ Шынай. Нүүрэн дээр нь дуу гарах нүх гаргана. Домбор нь 2 чавхдастай. Уг чавхдасыг эрт үед хонины өлөнгөөр хийдэг байсан бол, орчин үед сатуркаар хийж байна. Домбороор олон арван төрлийн ая эгшиглүүлдэг.

“Сыбызгы” буюу Цоор хөгжим

Монголын казахуудын эртнээс хэрэглэж ирсэн ардын хөгжмийн зэмсгийн нэгэн төрөл нь цоор хөгжим юм. Уг зэмсгийг төрөл бүрийн модыг ашиглан урладаг. Цоор морь, тэмээний явдал, гол мөрний урсгал, байгалийн дуу чимээ зэрэг олон арван төрлийн ая эгшиглүүлдэг.

"Кобыз"

Кобыз нь казах үндэстний нумт хөгжмийн зэмсэг. Уг хөгжмийг IX зуунд Түрэгийн домогт яруу найрагч, дууч, хөгжмийн зохиолч, бөө Коркыт буюу Коркут Ата зохион бүтээжээ. Кобыз нь шанага хэлбэрийн цартай, богино нумарч тахийсан хүзүүтэй том хавтгай толгойтой адууны сүүлээр хийсэн хоёр чавхдастай (30-60 томоогүй хялгас) нумт хөгжим юм. Кобызын дундаж урт 600-730 мм. Уг хөгжмийг эртний их талын бөө, оточ, нар шашны зан үйлд хэрэглэж байжээ. Адууны дэл, сүүл (кыл- хялгас), тэмээний чөрмөсөөр (нар- нэг бөхт тэмээ) чавхдасыг үйлддэг байсан тул  “Наркобыз” хэмээн нэрлэдэг байжээ. Улмаар овор хэмжээгээр том кобызыг “Нар Кобыз” хэмээн нэрлэх болжээ. Кобызыг эмчилгээний модоор хийх бөгөөд метал оруулахыг хатуу цээрлэдэг байжээ. Зөвхөн эмчилгээний моднуудад л амьд дуу хоолой сүнс байдаг хэмээн үздэг байжээ.

 

 

Бэлтгэсэн: Т.Жанерке

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
8
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.