Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

АНИРГҮЙ ОРЧИН (A QUIET PLACE) кино рэвью | TEGSHEE’S MOVIE CORNER

Сэтгэл зүйн аймшиг төрлийн шидээвэр кино


Одны үнэлгээ: 5/5

Аймшгийн киноны үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байсан “Аниргүй орчин” (A Quiet Place) кино хэдхэн хоногийн өмнө манай кино театруудад дэлхийн нээлттэй зэрэгцэн нээлтээ хийлээ. “Аниргүй орчин” киноны анхны трэйлер цацагдахаас эхлээд л хүн дуу чимээ гаргах аваас аймшигтай араатанд агшин зуур бариулж амиа алдах адал сонин өгүүлэмж, анир чимээгүй нөмөрсөн хүний ертөнц дэлгэцнээ хэрхэн амилахыг үзэгчид тааж ядан тэсгэл алдаж байв. Кино бүхэлдээ үзэгчдийн эл хүлээлтээс ч давсан, сүүлийн хэдэн жилд ховор тохиох сайн аймшгийн кино болсныг дуулгахад таатай байна.

Аймшгийн киноны гол зорилго үзэгчийг айлгах. Энэ зорилгодоо хүрэх арга хэрэгсэл, кино бүтээх орц, найрлага нь ч харьцангуй тодорхой. Аймшгийн кинонд уур амьсгал буюу атмосфер бүрдүүлэлт маш чухал. Үүний тулд тусгай эффект, компьютер граффик, дууны найруулга зэрэг элементүүдийг сайтар ашиглах шаардлага гардаг. Мөн киноны үйл явдал урьдчилан таахын эцэсгүй нууцлаг, санаанд оромгүй эргэлтээр баялаг байх ёстой. Мөн айлгах гол хэрэгсэл болох аймшгийн дүр, үүнээс улбаалаад нүүр хувиргалт, дүр хөгжүүлэлт, жүжигчдийн сэтгэл зүйн амаргүй тоглолт чухал үзүүлэлт болно. Товчоор бусад төрөл жанртай харьцуулбал сайн хийцээр л бүтээх боломжтой хүчтэй уур амьсгал, сайтар боловсруулсан ухаалаг зохиол, айдсыг тултал мэдрүүлэх жүжигчний хүчтэй тоглолт аймшгийн кинонд зонхилох үүрэгтэй.

“Аниргүй орчин” кино Британийн зохиолч Тим Леббоны “The Silence” романтай зарим шугам, дуу чимээ гаргасан амьтай бүхнийг ангуучлан устгагч жигтэй араатанд эзлэгдэн мөхөж буй дэлхий ертөнцийн ерөнхий дүр зургаараа давхцах боловч бүхэлдээ уг романаас шууд сэдэвлэсэн кино биш юм. Амьд үлдэх нь чимээ гаргах эсэхээс хамаарах эгзэгтэй, жигтэй аниргүй ертөнцөд аав, ээж, охин, хүү дөрвөөс бүрдэх Абботийнхоны нэгэн гэр бүл амь гарахын төлөө тэмцэнэ. Кино эхлэхэд уг гэр бүлийн ээж (Эмили Блант) жирэмсэн байгааг анзаарсан үзэгч өөрийн эрхгүй түгшихийн зэрэгцээ үхдэл мэт нам гүм байхаас аргагүй ертөнцөд төрмөгцөө чарлан уйлж өөрийн оршихуйгаа чангаар тунхаглан зарлах нялх хүүхэд хэрхэн мэндлэх, түүнээс улбаалаад эдний гэр бүлийг ямар аюул тосож байгааг төсөөлөхөөс эрхгүй сонирхол төрөх биз. “Аниргүй орчин” үзэгчийн сонирхлыг киноны турш алдалгүй барих далд шугам, ердөө дөрөвхөн дүрээр үзэгчдийн анхаарлыг чинээнд нь тултал хөвчлөх, тэр хэрээр айлгах орчин нөхцөл, үйл явдлаар баялаг, товчхондоо киноны зохиол цомхон боловч тун ухаалаг.

Кинонд гэр бүл, жихүүцэм эвгүй араатнаас гадна зонхилох нэгэн гол дүр АНИРГҮЙ өөрөө байв. “Аниргүй орчин”-д ихэнхдээ чимээгүй байдал давамгайлах тул үзэгчдийн анхаарлыг туйлд нь хүртэл хөвчлөхийн хэрээр өчүүхэн жаахан дуу чимээнд агзасхийн цочихуйц уур амьсгал цогцолсноороо тун өвөрмөц бас аймаар. Шал хяхтнах чимээ хүртэл үзэгчдэд туйлын драматай хүрч байв. Ийм онцлог кинонд дууны найруулагчаар ажилласан Этан Ван Дер Рин (Lord of the Rings, King Kong, Argo) болон хөгжмийн зохиолч Марко Белтрами нар өөрсдийн мэргэжлийн хүрээнд оргил гүйцэтгэлээ хийсэн нь маргаангүй. Ялангуяа Mimic, Resident Evil, Logan зэрэг аймшиг, адал явдалт киноны хөгжим голдуу туурвидаг Марко Белтрами төгөлдөр хуурын ганц даралт, чавхдаст хөгжмийн дан дуугаралтаар заримдаа үзэгчийн анхаарлыг хэт удаан төвлөрүүлэн хөвчлөх  дарамттай аниргүйг зөөллөж тэнцвэржүүлсэн, киног илүү хүнлэг болгох, заримдаа киноны үйл явдалд улам илүү түгшүүр, шаналан нэмэх хөгжмийг хослуулан бүтээснийг онцлох учиртай.

“The Office” цувралд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан жүжигчин, найруулагч Жон Красинский уран бүтээлчийн эрс шилжилт хийж “Аниргүй орчин” аймшгийн киног найруулахаас гадна, гэр бүлээ амь тавин хамгаалах аавын дүрийг давхар бүтээсэн юм. Кино төсөл эхлэхэд Парамаунт Пикчерсээс тавьсан саналын дагуу Жон Красинский уг киног найруулахаар зөвшөөрөхдөө эхнэр Эмили Блантын хамт хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байсан бөгөөд зохиолын зарим хэсэгт гэр бүлийн сэдвийг товойлгон өөрчлөн бичиж эцсийн хувилбарыг гаргасныг түүний эхнэр, жүжигчин Эмили Блант уншаад өөрийн хүсэлтээр жүжигчдийн шалгаруултанд орсноор бодит амьдрал дээр эхнэр, нөхөр хоёр  кино дэлгэцнээ ч гэр бүлийн хосын дүрд тоглох болсон аж. Жүжигчин Эмили Блантын аядуу зөөлөн боловч хүчтэй тоглолт кинонд үнэхээр чухал байр суурьтай байв. Ялангуяа чангахан амьсгалах чимээг хүртэл отон дэргэд нь арвалзах аймшигт араатанд мэдэгдэлгүй төрөлтийн өвдөлтөө тэсвэрлэж, хүүхдээ төрүүлэхээр тэмцэж буй хэсэгт Эмили Блантын тоглолт гоц байсантай олон үзэгч санал нийлэх биз.

Абботтын гэр бүлийн өсвөр насны хүүд тоглосон Ноа Жүйп, гэр бүлийнхээ эмгэнэлт явдалд өөрийгөө буруутган шаналах, дүлий охин Реганы дүрд тоглосон жүжигчин Милисент Симмондс хэн хэн нь дүрээ бахархмаар сайн бүтээсэн. Жүжигчин охин Миллисент бодит амьдрал дээр ч сонсголын бэрхшээлтэй нэгэн юм. Найруулагч дүлий охины дүрд сонсголтой хүнийг “худал” жүжиглүүлэх хүсэлгүй байсан тул зориуд жүжигчин Миллисентийг сонгожээ. Миллисент “Аниргүй орчин” кинонд аавын үзүүлж буй дохионы хэл товч, тодорхой, гэр бүлээ амь гаргахыг зорилго болгосон шаардангуй шинжтэй байхад ээжийн дохионы хэл илүү далайцтай, тайван, санаа тавьсан шинжтэй буюу жүжигчдийн дохионы хэл хүртэл өөр өөр илэрхийлэлтэй байсныг анзаарснаа хуваалцсан нь сонирхолтой.

“Аниргүй орчин” кино үзэгчдийн дотрыг эвгүйцүүлэм “заваан” зураглалаар айлгахыг гол болгодог body horror, gore төрлийн аймшгийн киноноос илүүтэй дуу чимээгээр гол уур амьсгалыг бүрдүүлэн үзэгчдийн сэтгэл зүйг дээд зэргээр хөвчлөн сорих сэтгэл зүйн аймшиг, түгшүүрийг гэр бүлийн уур амьсгал, хүнлэг байдалтай амжилттай хослуулсан нь энэ төрөлд үзэгдэх ховор сайн кино болох гол нөхцөл болжээ.

Эцэст нь тэмдэглэхэд “Аниргүй орчин” киног театрт үзэж байхад зарим үед кино танхим тэр чигтээ өөрөө аниргүй орчин болж байсан нь үзэгчийн хувьд тун сонин туршлага байв. Адал явдал, аймшигтай муухай зураглал, чөтгөр сүнс гол төлөв давамгайлдаг Холливудын аймшгийн кино үйлдвэрлэлээс хийц, арга барил, сэдвийн хувьд илт ялгарч, аймшгийн киноны төрөл жанрыг ухаалаг зохиол, жигтэй содон уур амьсгалаараа шинэ түвшинд гаргасан “Аниргүй орчин” киног үзэгч та ч тухлан үзээрэй. Гол нь чимээгүй байх. Чишшш.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.