Хайх зүйлээ бичнэ үү

Бумбардай хэмээх өхөөрдөм бяцхан монгол хүүгээр дамжуулан нүүдлийн соёл иргэншлийн биет болон биет бус өвийг хүүхэд багачуудад түгээх асар их ач холбогдолтой ажлыг “Нүүдлийн зураг өгүүлэмж” сан явуулж буй. Тус сангийн “Бумбардай” төслийн продюсерээр “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн бахархал болсон төгсөгчдийн нэг Э.Лувсангалдан ажиллаж байгаа юм байна. Түүний ярилцлагыг хүргэе. 
 
 
-“Улаанбаатар Элит” сургуулийг 2010 онд төгссөн гэсэн. Энэ хугацаанд их зүйлийг хийж амжуулав уу?
 
-Тийм ээ. Сургуулиа төгсөөд би СЭЗДС-д бизнесийн удирдлагын мэргэжлээр сурч төгссөн. Одоогоор “Нүүдлийн зураг өгүүлэмж” санд продюсерээр ажиллаж байна. Манайх “Бумбардай”, “Хандгай” зэрэг контент, комикс, анимэйшн үйлдвэрлэдэг байгууллага. Миний хувьд “Бумбардай” төслийн продюсер бөгөөд Японы Showa Holdings группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежерээр давхар ажиллаж байна. Энэ групп нь резиний үйлдвэрлэл, бичил санхүү, энтертайнмент, хувцас, хоол, аялал жуулчлал гэсэн зургаан чиглэлээр Азийн 12 оронд үйл ажиллагаа явуулдаг. 
 
-“Бумбардай” төсөл нь хэр зэрэг амжилттай явж байна вэ?
 
-“Бумбардай” бол 2013 оноос эхлүүлсэн, манай байгууллагын үндсэн төсөл. 2014 онд Япон улсаас зохион байгуулдаг Олон улсын Манга авардад 46 орны 317 бүтээлээс шалгарч, тэргүүлсэн. Тэр ч утгаараа зохиол, утга агуулгын хувьд олон улсын түвшинд үнэлэгдсэн төсөл байгаа. Монголчуудын суурин соёл иргэншилтэй болсноос хойш орхигдоод буй нүүдлийн ахуй, биет болон биет бус өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, тэр дундаа хүүхдүүдийн сонирхлыг татах комик, хүүхэлдэйн киногоор дамжуулах зорилготой ажиллаж байна. 
 

Би дээд сургуулиа төгсөөд 2015 оноос энэ төсөл дээр ажиллаж байгаа. Түүнээс хойш гадаад харилцаагаа маш сайн хөгжүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Showa Holdings групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингэснээр Азийн орнуудад “Бумбардай”-г сурталчилж таниулах олон ажил хийх боломж нээгдсэн. Өнгөрсөн оны аравдугаар сараас Английн Barbican урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Mangasia” төсөлд хамрагдан, хамтран ажиллахаар болсон. Энэ нь таван жилийн хугацаанд Азийн комиксыг дэлхий дахинаа таниулах зорилгоор явуулын үзэсгэлэн зохион байгуулах төсөл юм. Энэ хүрээнд “Бумбардай” төсөл Монголоо төлөөлөөд Итали дахь нээлтэнд оролцоод ирсэн. Явуулын үзэсгэлэн ирэх зургадугаар сараас Франц, Австрали гээд Европын орнуудаар үргэлжилнэ. Мөн бид япончуудтай хамтраад олон улсын стандартад нийцсэн анимэйшн хийж байгаа. Энэ мэтчилэн өв соёлоо хүүхэд хүртэх бүх арга хэрэгслээр монголчууддаа хүргэхээс гадна олон улсад таниулахаар өнгөрсөн гурван жилд багагүй ажилттай ажилласан байна. 
 
-Ажлын талбарт гараад ийнхүү амжилттай ажиллахад юу хамгийн чухал байна вэ?
 
-Дунд сургуульд олж авсан зүйлс маань хамгийн их хэрэг болж байна. Ялангуяа би “Улаанбаатар Элит” сургуульд хоёр жил сурсандаа маш их баярладаг. Яагаад гэвэл манай сургууль олон улсын хэмжээний чанартай боловсрол олгодгоос гадна тэр бүр яригдаад байдаггүй хувь хүний хандлагыг маш сайн төлөвшүүлж өгсөн нь өнөөдөр миний маш том давуу тал болж байна. “Улаанбаатар Элит” сургуульд сурч байх хугацаанд бидэнд америк, монгол, филиппин, турк, канад гээд янз бүрийн орны багш нар төрөл төрлийн хичээл ордог байсан. Тийм учраас олон орны хүмүүстэй харилцах ур чадварыг мөн олж авсан байдаг. Манай сургуулийн сурах бичгүүд хүртэл маш үнэ цэнэтэй. Тухайн үед сургуулиас өгч байсан сурах бичгүүдээ би одоо уншдаг. Үнэхээр сайн номнууд. Түүх, физик, газар зүй гээд бүгдийг нь сөхөж харж, ажилдаа болон хувьдаа ашигладаг. 
 
-Анх яагаад энэ сургуульд орох болсон тухайгаа ярихгүй юу?
 
-Би 2007 онд Дарханы Эмпати салбар сургуульд элсэн орж байсан. Тэр үед ээж маань энэ сургуулийн талаар олж мэдээд, шалгалтанд нь ороод үз гэсэн. Тэгээд шалгалтандаа тэнцээд наймдугаар ангиасаа орж байсан. Гэвч есдүгээр анги төгсөх үед дүүтэй болж, хотод гэртээ байх шаардлагатай болсон. Ингээд “Улаанбаатар Элит”-д шилжиж орсон доо. 
 
 
-Дарханы Эмпати сургуулийн талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?  
 
-Дарханд сурахад ч гэсэн маш гоё байсан. Ялангуяа, манай сургуулийн дотуур байр маш том давуу талтай. Манай дотуур байр ерөнхийдөө цагийн хуваарьтай байдаг. Хичээл дуусаад хэсэг амраад хоолоо идчихээд орой унтах хүртлээ давтлагын цагтай. Одоо миний ажилдаа төвлөрч сууж чаддаг нь дотуур байрнаасаа олж авсан чадварын ач гэж боддог. Бас охид, хөвгүүдийг хариуцсан турк багш нар байдаг. Яг өсвөр насандаа очиж байгаа хүүхдүүдийг энэ багш нар маань маш сайн төлөвшүүлж, олон зүйлийг зааж сургаж, маш дотно харилцдагаараа давуу талтай. 
 
-Одоо хувийн сургууль харьцангуй олон болсон байна л даа. Яг адилхан Кембрижийн сургалттай, гадаад багш нартай сургууль цөөнгүй байгаа. Энэ бүхнээс “Улаанбаатар Элит” сургууль ямар давуу талтай гэж боддог вэ?
 
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургуулийг сонгохдоо ялангуяа сургалтын системийг хардаг. Гэтэл тэр сургалтын системд багтаагүй маш олон зүйлийг би сурч, мэдэж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл өдөр тутмын минь амьдралд ашиглагдаж, хэрэг болсоор байна. Тухайлбал, дээр хэлсэнчлэн зөв хандлага, аливааг харах өнцөг, юмыг өргөн хүрээтэй авч үзэх, харилцах ур чадвар гэх зэрэг хувь хүний зөөлөн хүчний шинж чанаруудыг маш сайн суулгаж өгч, төлөвшүүлсэн. Энэ нь ажлын талбарт гарсан хойно ч, амьдралд байнга хэрэгтэй чанарууд юм. Ялангуяа, ажил хийгээд бусадтай харилцаад ирэхээр энэ нь илүү харьцуулагдаж харагддаг юм байна. Ялангуяа ажлынхаа шугамаар гадаадуудтай тогтмол харилцдаг. Ийм үед аль ч улсын ямар ч хүнтэй уулзаад харилцахад түвэггүй байдаг. Энэ бүхэн хувь хүний хувьд маш үнэтэй чанарууд гэж боддог. Ийм сургуульд намайг сургасан нь ээж, аавын минь надад оруулсан үнэхээр том хөрөнгө оруулалт.
 
-Багш нарынхаа талаар юу хэлэх вэ? 
 
-Эмпатигийн хүрээний сургуулиудын бас нэг давуу тал нь хүүхдүүд сургуулиа төгссөн ч жил бүр төгсөгчдийн уулзалт зохион байгуулах, амралтын өдөр цаг гаргаж салхинд хамт гарах зэргээр төгсөгчдийн дундах үйл ажиллагааг тасралтгүй сайн явуулдаг. Тэр утгаараа эргэх холбоо сайтай байдаг. Багш нар маань биднийг багаас эхлэн ойр байж, олон зүйлийг хэлж, сургадаг болохоор багш нартайгаа дотно байдаг. Товчоор хэлбэл “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуульд сурсан маань хувь хүний төлөвшилд минь эергээр нөлөөлсөн. 
 
-Цаашид төлөвлөсөн зүйл байгаа юу. Өөр ямар шинэ ажлууд хийхээр зорьж байгаа вэ?
 
-Бид өв соёлоо зөвхөн комик хэлбэрээр биш, хүүхдийн дуртай төрөл бүрийн контентоор дамжуулж түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй. Хүүхдэд хэрэглэдэг контентоор нь дамжуулж өв соёлоо дэлгэрүүлэх юм. Эхлэл нь комик байсан. Мөн бид “Эрдэнэт хивс”-тэй хамтраад өнгөрсөн оноос Бумбардайнхаа хивсийг гаргаж эхэлсэн. Хүүхдүүдэд зурж, будангаа мэдлэг олж авах үүднээс цаг тооны бичиг гаргасан байгаа. Эндээс 12 жилийн бэлгэдлийг таньж мэдэх болно. Тэгвэл ирэх зургадугаар сард тарагны аяга гаргахаар зэхэж байна. Хүүхдүүдийг аяга долоогодог уламлалаа орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн нэвтрүүлэх юм. 
 
Цаашид “Бумбардай” комик, анимэйшн 108 анги болж үргэлжлэх ёстой. Одоогоор “Аргалд явсан нь”, “Борцны хулгай”, “Нүүдэл айсуй”, “Чулуун тоглоом”, “Саалийн цаг” гэсэн ангиуд гарсан. Удахгүй зургадугаар ангийг гаргана. Мөн сурч, мэргэжлээ дээшлүүлэх бодол байгаа. 
 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
10
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.