Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Н.Лили: Күнгфүгээс би хүч чадал, гоо зүйг хамтад нь мэдэрдэг | #WomenWhoDare

Лили ямар нэгэн далдын хүч дагуулаад ороод ирсэн мэт. Яагаад ч юм түүнийг анзаарахгүй байхын аргагүй.


Лили ямар нэгэн далдын хүч дагуулаад ороод ирсэн мэт. Яагаад ч юм түүнийг анзаарахгүй байхын аргагүй. Хүмүүсийн сэтгэгдэл гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөөрөө байхад анхаардаг байдал нь өөрийнхөө үгийг хэлж байж, сонсгож байж, бүрэн дүүрэн ойлгуулж байж санаа нь амарч байгаагаас харагдаж байлаа. Түүний эрэлхэг, шийдэмгий, ямар ч байсан үзээд алдъя гэсэн эрч хүчтэй байдал хэний ч сонирхлыг төрүүлмээр. Ub.lifeWomen who dare” булангийнхаа анхны дугаарт “Лилин күнгфү”-г үүсгэн байгуулагч Н.Лилигийн ярилцлагыг хүргэж байна.

-Хамгийн анх күнгфүд татагдсан түүх тань адал санагдсан. Соёлоор нь дамжаад хятад хэл сурах хүсэл тань нэг л мэдэхэд ийш хөтөлжээ, тийм үү?

-Хятад хэл сурахад надад эхэндээ их хэцүү байлаа. Ямар нэг соёлоор нь дамжуулж сурвал илүү хялбар юм байна гэж бодоод уран бичиг гэх мэт элдвийн юм сонирхсон. Гэвч нэг л болж өгөөгүй. Хятад улс руу сурахаар яваад гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол ганцаараа олон жил амьдарсан. Энэ зуур олон л юм үзсэний дотор нэг үйл явдал ихээхэн нөлөөлсөн. Оюутны байранд орос залуу галын хор цацаад, түүнд нь угаартаад азаар нэг юм сэрж, арайхийн цонхоор бууж амь гарсан. Тэр үед би өөрийгөө хамгаалах ёстой гэдгийг ухамсартайгаар ойлгосон. Эмэгтэй хүн оюун санааны хувьд хүчтэй, боловсролтой, бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх ёстойг ухаарсан. Олон зүйл сонирхож яваад тайчи хийж байгаа хүмүүстэй таарч, улмаар шифүгээ олсон. Одоо 76 настай, мундаг хүн бий.

-Күнгфү-эмэгтэй хүн! Тогтсон ойлголтоор бол энэ хоёр тохирох нь ховор үзэгдэл. Харин таны мөрөөдөл, зорилго энэ ойлголтыг өөрчилж байна.

-Аав ээж нар би орос школтой гэж ярьдаг шиг би күнгфү школ”-той хүн гэж өөрийгөө боддог. Спортод төдийлөн дурлаад байдаггүй надад күнгфү маш их таалагдсан.

Зөөлөн дөлгөөн юм шиг хэрнээ хүнээс маш их хүч гардаг, хүнийг сорьж чаддаг өвөрмөц спорт. Миний зан характертай таарсан гэх үү дээ. Хүн ер нь өөрийнхөө үзэл бодол зан характерт тохирсон урлаг, спортыг сонгох ёстой юм байна лээ. Тэгвэл яг амьдралд хэвшиж чаддаг. Чамайг өдөөдөг, чамд урам зориг өгдөг, чамайг уйдаадаггүй тийм л зүйлийг сонгох хэрэгтэй.

Зарим хүмүүс турах гэж, гоё бөгстэй болох гэж, стрессээ тайлах гэж дасгал хийдэг. Харин миний шалтгаан өөр. Би күнгфүгийн дасгалын мөн чанарыг ойлгосон. Аливаад хүлээцтэй, тэвчээртэй, буурь суурьтай байхаас эхлээд олон зүйлийг надад заадаг. Оройд нь гараагүй ч гэлээ зах зухаас нь мэдэрч, мөн чанарт нь ойртож чадсандаа баярладаг.

-Бидний багаас л эр хүний өнгө, эр хүний спорт, эм хүний зан ааль гэхчлэн хүчээр хувааж, оноосон маш олон хүчин зүйл байж ирсэн. Энэ бүхэнд та хэзээ нэгэн цагт эргэлзэж байсан уу?

-Хүн ямар нэг зүйлд дурлаж, түүгээр тэжээгдэн гал цогтой байх хэрэгтэй. Зөвхөн ажил гэр биш өөр юмнаас дур хүсэл оргилж амьдарвал гоё. Миний хувьд тэр нь күнгфү. Надаас бие бялдрын хувьд ондоо, өндөр орос залуустай гурван цаг дасгал хийхэд бид адилхан шатаж, адилхан ядардаг. Энд хүйсийн ялгаа гардаггүй. Харин ч эмэгтэй хүмүүс илүү тууштай байдгаараа давуу байх.

Бөхийн спорт хүнийг эрэгтэйлэг, балетийн урлаг харин эмэгтэйлэг болгодог гэдэг тогтсон ойлголт байдаг. Гэтэл күнгфүгээс би хүч чадлыг ч, гоозүйг ч олж мэдэрч, өөртөө шингээн авдаг.

-Монголдоо буцаж ирээд күнгфүгээр үргэлжлүүлэн хичээллэх боломж, нөхцөлийн хувьд амаргүй байсан уу?

-Дөнгөж ирээд бид зургаан сар асрамжийн газар хагасайн өдөр бүр күнгфү заах ротаракт клубийнхээ төсөлд ажилласан л даа. Их хүнд байсан. Хичээлээсээ тараад шөнө гэртээ тэр хүүхдүүдийг бодоод л уйлдаг байсан. Энэ хүүхдүүдтэй ямар багш ажилладаг юм бол. Энэ хүүхдүүд аав ээжээ сонгож төрж болохгүй ч гэсэн ажил мэргэжил хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Тэр талаар яагаад хэн ч зөвлөдөггүй юм бол гэх мэт олон бодолд дарагддаг байсан. Тэр үед би сургуулиа нээнэ гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Тэр цагаас хойш 200 гаруй шавьтай, “Лилин Күнгфү” гээд жижигхээн сургуультай болсон.

-Гэр бүлийн хүмүүжил, төлөвшил биднийг насан туршид ухамсартай, ухамсаргүйгээр чиглүүлж байдаг. Эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухайд ээж, аав тань  юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-Би айлын том. Ээж, аав маань ажил ихтэй учраас дүү нарыг надад итгэж, даатгаад үлдээнэ. Нэг их сүрхий хүмүүжлийн нууц жор байгаагүй байх. Гэхдээ ямар ч үед итгэдэг, тодорхой зүйлсийг бидэнд даатгаж сургасан нь том хүмүүжил.

Ээж минь өөрөө олон хүүхэдтэй айлд өссөн. Тэр эмэгтэй ямар ч нөлөөлөлгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр эрх дураараа амьдарсан байх. Одоо ч манай ээжээс тийм үнэр ханхалдаг. Яг л хиймээр байгаагаа хийдэг, хүссэнээрээ амьдардаг. Манай аав ч гэсэн ялгаагүй, тэр хоёр хүссэнээрээ амьдардаг. Тэр хэрээр бусдад тулгаад байдаггүй. Манай ээж эмэгтэй хүүхэд заавал ягаан өнгийн хувцас сонгох ёсгүй, хүсвэл эрэгтэй хүүхдийн пүүз өмссөн ч хамаагүй гэж үздэг. Тиймээс бид таалагдсан тоглоомоороо тоглож, дуртай хувцсаа өмсөж, санаа нийлсэн хүмүүстэй нөхөрлөж ирсэн.

Би нэг зүйлд маш их итгэдэг. Эр, эм, хар, шар, цагаан арьснаас үл хамаараад хүн болгонд өөрийн гэсэн өгөгдөл байдаг. Өгөгдөл гэдэг нь юу юуг амжуулж чадах, дуртай юмандаа цаг заваа зарцуулж чадаж байна уу гэдгийг хэлж байгаа юм. Хүн болгон өөрийнхөө өгөгдлөөр амьдардаг гэж боддог. Орчин үед бид тогтмол амьдарлын хэв маяг гэхээсээ илүү өгөгдлөөрөө амьдардаг байх. Эрэгтэй, эмэгтэй хүн ийм тийм ажил хийх ёстой гэдэг зүйл одоо халагдаж байна.

-Ээжээсээ өвлөж авсан хамгийн үнэт чанар гэвэл юуг хэлэх вэ?

-Хажуудах хүнээ хайрлах хүндлэх, эрэгтэй хүний ертөнцийг ойлгох, мэдрэх тэр чадвар, мэдрэмж, сэтгэлийг ээж үргэлж үлгэрлэн үзүүлдэг гэж боддог. Ээжийнхээ энэ чадварыг биширдэг. Гэр бүлээ хэрхэн залж яваа, нөхөртөө хандаж байгаа хүндлэл, эрэгтэй хүнд өөрийгөө ойлгуулж байгаа байдал, өөрийнхөө хүслийг биелүүлж байгаа ухаалаг зан чанар дээр манай ээж бол мастер гэж боддог.

-Ирээдүйн хань, нөхрөө ямар хүн байгаасай гэж боддог вэ?

-Би өөрөө нийгмийн идэвхтэй, надаас гарч байгаа энерги нэг тийм дүрэлзсэн хүн юм байна гэдгээ ойлгосон. Гэр бүлийн тал дээр би илүү дорнын соёл талруугаа гэхүү дээ. Эмэгтэй эрэгтэй хоёр нэг нэгийгээ нөхөж амьдардагт итгэдэг. Хоёр гал авалцаад байж болохгүй учраас би найз залуугаа хүлээцтэй, нухацтай, төвшин зан чанараар төсөөлдөг. Миний хийдэг ажлуудыг ойлгож, би ч бас тэр хүнийг ойлгох ёстой гэдэгт итгэдэг.           

-Ямар эмэгтэйг WOMENWHODARE гэх вэ?

-Би яг хажуудаа байгаа эмэгтэйчүүдээс маш их зориг зүрх харж байсан. Нийгмээс тулгасан, биднээс хүлээж буй хэв шинжийг үл тоон яг дуртай зүйлээ, ажлаа хийж яваа эмэгтэйг би ямар зоригтой юм бэ гэж боддог. Эргэн тойрныхоо хүмүүсийг автуулж чаддаг эмэгтэйчүүд байдаг. Тэр эмэгтэй эмч, багш, цэвэрлэгч хэн ч байж болно. Тухайн орчиндоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чаддаг эмэгтэйг л би мундаг эмэгтэй гэж боддог. Энгэр жаахан задгайлахад л автоматаар “явдалтай эмэгтэй” гэсэн хар дагуулдаг хэтэрхий сонжооч, шүүмжлэгч нийгэмд бид амьдарч байна. Гэтэл энэ бүхнийг үл хайхран өөрөө өөртөө таалагдаад явж чаддаг, бусад юу гэж бодох бол гэдэгт ач холбогдол өгдөггүй, чөлөөтэй амьдарч байгаа, юмнаас дандаа эерэг зүйлийг нь олж хардаг эмэгтэйчүүд зөндөө байна. Тийм хүмүүсийг л би WOMENWHODARE гэнэ.  

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалж, юунаас та эрч хүч авдаг вэ?

-Би сайхан гэр бүлд аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Дуртай ажлаа хийгээд, дуртай хүмүүсийнхээ дунд ажиллах боломж надад олдсон. Сонголттой амьдарч байгаа учраас хэцүү үед надад үргэлж сонголт байгаа гэдэг бодлоор би унасан үедээ босож ирдэг. Сонголтгүй амьдарч байгаа хүмүүсийг хараад өрөвддөг. Ингэхээс өөр аргагүй байна гэдэг маш хэцүү.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Өөрийнхөө хайртай, эрч хүч авдаг, намайг хайрладаг дотны хүмүүсээ алдахаас айдаг. Хүн л юм чинь би ганцаардаж үзэж байсан. Тэр үед би энэ хүмүүс байхгүй байсан бол би яах байсан болдоо гээд бодсон л доо. Яалт ч үгүй тэр хүмүүсээсээ холдохоос, хагацахаас айдаг юм байна.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?

-Манай шифүгийн хэлсэн үг надад үргэлж хадаатай байдаг. Нийгэм эмэгтэй хүмүүсийг автоматаар 20-50 хувь доошлуулж дүгнэдэг. Хаана ч гэсэн эмэгтэй хүн юм чинь гэдэг утгаар нь хандах тохиол бишгүй. Тийм биш шүү гэдгийг үйл хөдлөлөөрөө байнга харуулах хэрэгтэй.  Яаж харуулах хэрэгтэй вэ гэхээр хийж байгаа юмаа хамгийн сайн мэддэг байх хэрэгтэй.

Ярилцсан: Ж.Мандхай, чөлөөт сэтгүүлч 

холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Жейсон Момоа сүүлийн 7 жилд анх удаа сахлаа хусаж, фэнүүдээ цочирдуулав
2
16 цагийн өмнө
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов
3
18 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist | "Game of Thrones"-ийн төгсгөлийг мэдье гэвэл энэ 51 дууг сонсоорой
2
20 цагийн өмнө
The New York Times | Инээд наргиа болгох феминист биш
3
21 цагийн өмнө
Ширээн дээр: Намуухан, тохилог "Cafe Tree"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.