Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Олны танил хүмүүс Сараагийн дуутай холбоотой дурсамжуудаа хуваалцлаа

“Тэр намайг дурсдаг болов уу” дуу нь залуу насны сайхан дурсамж.


Олны танил хүмүүс Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн дуутай холбоотой дурсамжаасаа хуваалцан дуртай дуугаа онцоллоо. Дуучин Б.Сарантуяа энэ жилийн төрсөн өдрөө сонсогч, фенүүдтэйгээ тэмдэглэхээр болсон билээ. Түүний "Инээмтгий хүн" тоглолт энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-нд болно. 


Дуучин Т.Дэлгэрмөрөн: Санаж байна уу Чи тэр өдөр өө Санамсаргүй надруу харсан аа Сандарч тэвдээд харцаа буруулаад Санаа шийдээд ахин харсан аа...энэ дуунд би их дуртай. Хэзээ ч мартагдахгүй энэ дууг би долдугаар ангид байхдаа МҮОНРТ-ийн стүди 600-д анх төгөлдөр хуур тоглон дуулж зурагтаар гарч байлаа. Удаах нь "Салхины хээ" гэж дуу байдаг юм. Мөн адил “On&Off” продакшны зохион байгуулсан тоглолт дээр дуулж байсан. Гуравдахь нь “Урлагт тэмүүлсэн 35-н жил” тоглолтод нь дуулсан “Жаргах гэж дурладаг уу” жүжгийн “Надаас намайг битгий асуу” гэдэг дуу байдаг юм. Энэ гурван дууг би их сайхнаар хүлээн авч, үлдсэн дээ. Учир нь эдгээр дуунууд нь намайг өөр нэгэн өнцгөөр хөглөж байсан сайхан түүхтэй дурсгалтай юм аа.


Дуучин С.Сэрчмаа: Тухайн үедээ Монголын орчин үеийн хөгжимд орж ирсэн шинэлэг блюз дуу “Санаж байна уу” дуунд нь дуртай. Энэ дууг сонсохоор хүүхэд насны дуу хөгжимд дуртай байсан үе минь санагддаг.

 

 


Жүжигчин О.Амгаланбаатар: “Тэр намайг дурсдаг болов уу”. Залуу насны сайхан дурсамж байна.


Рок дуучин Н.Сүндэрьяа: “Гоолингоо”-д дуртай. Ардын дуу болохоор нь сонсох дуртай. Бас хөгжим нь гоё.


Улсын Филармоний “Баян Монгол” чуулгын саксофончин Г.Ган-Эрдэнэ: “Хайрын бурхан”, “Тэр намайг дурсдаг болов уу”, “Цагаан шөнө” гэх зэрэг уянгын дуунууд нь гоё ш дээ. 


Төгөлдөр хуурч Ами: “Аргагүй амраг” болон “Инээмтгий хүн” цомгуудын дуунуудад маш их дуртай. Одоо ч гэсэн сонсоор л байна. “Сэхүүн салхи”, “Санаж байна уу” дуунууд нь их гоё. Хөгжмийн найруулгатай гоё дуу санагддаг. Өвөөгийн маань зохиосон “Нүгэл буян” киноны дууг Сараа эгч их гоё дуулсан. Миний хувьд энэ дууны хамгийн гоё хувилбар нь Сараа эгчийнх байдаг. Сонсох дуртай. Мэдээж маш олон дурсамж бий. Тэр үед би өсвөр насны охин байсан болохоор тухайн үеийн үерхэл нөхөрлөл гээд л олон сайхан дурсамж байдаг. Дуутай холбоотой дурсамжийн хувьд жоохон байхдаа ээжийнхээ тоглолтын гялгар палаажийг өмсөж, үсний сам барьчихаад Сараа эгчийн дуунуудыг тавиад тайзан дээр гараад дуулж байна гээд орон дээр гарч зогсчихоод дуулж өгдөг байлаа.


МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Цэнд: “Би жаргалтай” дууг нь намар анх сонсож байсан. Дууг сонсох бүрийд тэр жилийн намрын дурсамж санагддаг.


Дуучин Э.Номин: Гавьяатын “Цагаан шөнө”, “Санаж байна уу” дуунуудад маш их дуртай. Өвлийн улиралд дуртай. “Цагаан шөнө” энэ дуу бол шинэ жилийн хатан дуу. “Санаж байна уу” их тансаг сайхан дуу, сонсоод л дуулаад л баймаар. 


Жүжигчин Э.Мөнхтөр: Бүх дууг нь сонсох дуртай. Дуулалт нь гайхалтай. “Гоолингоо”-г дуулахыг нь сонсоод бас дуугаа бичүүлсэн түүхийг нь сонсоод тэр дууг бүр илүү ойлгосон. Олон тоглолтод дуулахыг нь үзсэн.


“Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг: Сарантуяа бол Монголын номер нэг дуучин. Би Сарантуяа дуучныг хүүхэд байхаасаа сонсдог байсан. 90-ээд оны бүх дуунд нь дуртай “Миний дуу”, “Уучил” гэх мэт. Орчин үеийн дуунуудаас нь “Тэр намайг дурсдаг болов уу” дуунд нь дуртай. “Миний дуу” нэртэй дууны аянд эхнэртэйгээ хамт бүжиглэж байлаа. Үерхэж эхэлж байсан юм. 


 “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн: “Сэтгэл догдлуулсан орой” дуунд нь дуртай. Хаврын оройны бороотой үдшээр гүйж явснаа дурсдаг. “Инээмтгий хүн” дуу нь бас гоё. 


МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Сарантуяа: Би бүх дуунд нь дуртай. Фен нь шүү. Онцлоод “Учралын блюз”-д бүр дуртай караокед ганц дуулдаг дуу минь. Гоё үгтэй аялгуу  нь сайхан.


Мисс Б.Бадамцэцэг: “Чи минийх” дууг нь сонсохоор нөхрөө хүндэлмээр санагддаг. Эр хүнийг дээдэлсэн үнэхээр сайхан дуу.


Дуучин Б.Маралжингоо: Би “Учралын блюз”-д нь дуртай. Бага байхдаа дуулж байсан дуунуудын минь нэг. Тэр энэ дуугаа одоо ч дуулахдаа цаанаасаа нэг л гунигтай хэрнээ тухайн гуниг мэдрэмжээ жаргаж эдэлж байгаа ч юм шиг. Хүчирхэг, нас биед хүрсэн эмэгтэй хүний сэтгэл хөдлөлөөр илүү дутуу хачиргүй, үнэн бас тансаг дуулсан юм шиг санагддаг.

 


“Увертура” хамтлагийн дуучин Л.Ринчинням: МУГЖ Сарантуяа гэдэг энэ эрхэм дуучинг би багаасаа шимтэн сонсож ирсэн. Хүндлэж явдаг дуучны маань нэг. Дуучин хүний үлгэр дууриаллыг олон залуу уран бүтээлчдэд сургаж яваа эрхэм гэж боддог. Их хөдөлмөрч, Монгол Улсын урлагийг тодорхойлж, байлдан дагуулж явдаг дуучин. Би маш олон дуунд нь дуртай, сонсдог. Тэр энэ гэхээсээ илүү энэ дуучны уран бүтээл сэтгэл зүрхнээс нь гардаг болохоор мэдрэмжийг нь биширдэг. Дууг дуулахаасаа илүү дуундаа амьдарч чаддаг уран бүтээлч. Би тийм л дуучин болохыг мөрөөдөж, зорьж явдаг. “Давтагдашгүй, сайхан өвөрмөц өнгөтэй дуучин юм аа” гэж мэргэжлийн акулууд ярихыг олонтаа сонссон.


Дуучин С.Гантогоо: Би “Хайрын бурхан” дуунд нь маш их дуртай. 2015 онд Боловсролын Яамнаас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” хэмээх тэмцээнд Солонгост байхдаа “Хайрын бурхан” дууг англиар дуулж, шилдэг аравт үлдэж байсан юм.

 

 


Бүжигчин Б.Шижирбат: “Би “Хайрын бурхан” дуунд нь дуртай. Багадаа учраа мэдэхгүй л олж сонсоод байдаг байсан дуу”


Хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбат: Бид бүхний хайртай, зууны манлай, эстрадын дуучин Б.Сарантуяагийн 1996 онд Сингапур улсад бичүүлж байсан хамгийн анхны цомог болох “Аргагүй амраг” цомогт орсон бүх дуунд нь дуртай. Б.Сарантуяа эгчтэйгээ хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан. Хамгийн сүүлд гэхэд ард түмний дунд үеийн үед дуулагдсаар ирсэн “Миний сайхан ээж” дууг дуулахад хөгжмийн найруулга дээр ажилласан. Өнгөрсөн “Мартын 8”-наар МУГЖ, дуучин Б.Дашдондог, С.Наран мөн Сараа эгчийн хамт “Хайрын бэлэг” тоглолтоо өргөн барьсан. Дуучин Б.Сарантуяа бол дуулсан дуу болгон нь амилдаг, дуу болгон нь хүн бүрийн сэтгэлд хүрч чаддаг гайхамшигтай дуучин. Сараа эгчтэйгээ хамтарч уран бүтээл туурвидагт бахархаж, баярлаж явдаг. 

 


"Guys''-хамтлагийн дуучин Д.Лхагва: Би олон сайхан дуунд нь дуртай. Тэр дундаас “Сэтгэл догдлуулсан орой”, “Хонгор найз”, “Чиний үгүйд” зэрэг дуунуудыг байнга сонсдог. Олон жилийн өмнө Монголд систем хөгжим, компакт диск анх орж ирж байсан үе. Найзындаа очиж анх удаа систем хөгжим гэдгийн барааг харж тэр хөгжмөн дээрээ сонссон анхны компакт диск бол Сараа эгчийн цомог байсан юм. “Хонгор найз”, “Битгий хонзгоно” дуунуудыг систем хөгжмөөр сонсч үгээр хэлж мэдэхгүй гайхалтай таашаал мэдрэмжийг авч байснаа санаж байна. Нүдээрээ харж байгаа бүхэн минь илүү өнгө нэмчих шиг санагдаж билээ.


UB Comedy Амараа: “Бороо”, “Зүүдний учрал” гэж дуунуудад нь дуртай. Нэг нь намайг тайвшруулдаг бас бага насыг минь санагдуулдаг. Нөгөөх дууны үг нь таалагддаг.


Аялгуу бүтээгч Бодьхүү: Сарантуяа & Оргил - Чам руу над руу урсана - Энэ бол миний хувьд сонсож болохоор хамгийн чанартай аялгуулаг дуу байсан. "Greenzone"-д болдог үдэшлэг дээр хэд хэдэн удаа тавьж байсан.


“Улаанбаатар ФМ-102.5”-ын хөтлөгч, найруулагч Б.Ялалт: “Санаж байна уу” дуунд нь дуртай. Яагаад гэвэл дуулалтын техник болон өнгө гаргасан байдал нь яг л барууны хар арьст эмэгтэй уран бүтээлч дуулж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Бас “Учралын блюз” дуундаа дуучны уран чадварыг гаргасан мэт гайхамшигтай дуулсан байдаг учраас сонсох дуртай.

 

 


Зохиолч Б.Шүүдэрцэцэг:  Дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан”, “Содура”, сүүлд гарсан “Амьдрал” киноны дууг сонсох дуртай  “Хайрын бурхан” дуу нь  залуу насыг минь санагдуулдаг.  “Хайрын бурхан” дуугаа дуулж ид мандаж явахдаа Сараа “Ардын эрх” сонины хит парадад тэргүүлж байв. Би тэгэхэд энэ сонины сурвалжлагч байсан. Нэг удаа Сараагийн тоглолтын үеэр тайзан дээр олон хөрөг гэрэл зураг эргэлдсэн шийдэлтэй хийсэн. Дотор нь миний нэг хөрөг орсон байлаа.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
15
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.