Хайх зүйлээ бичнэ үү

мин

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.18) хуралдаан 15 цаг  21 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.  

Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов.

Уг хуулийн төсөл нь 4 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмэх,  2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг “6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Л.Болд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосны дагуу хуульд өөрчлөлт оруулаагүйгээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй байгаа талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд гэхдээ монгол төрийн дархлаатай холбоотой ийм асуудалд ихээхэн нухацтай, ултай суурьтай хандах учиртай тул Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн гишүүний хариуцлага, ёс зүйн асуудлыг сайжруулах чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүн хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар тогтов.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэц энэ сарын 06-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас асуулт асууж тодруулан  үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Харин Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс дэгийн хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
47
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.