Хайх зүйлээ бичнэ үү

"Хүмүүсийн энэрэнгүй, хайрлах сэтгэл багасаад байгаа юм шиг санагдаад байдаг."

Энэ жил Хятад улсад зохион байгуулагдсан Харвардын жишиг хурал бол арван жилийн хүүхдүүдийн дунд зохиогддог хамгийн том, дуулиантай хурал юм. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг гэсэн сурагчдын оролцдог энэ хуралд манай улсаас "American School of Ulaanbaatar" сургуулийн сурагчид гайхалтай амжилт үзүүлэн оролцож, "Гоцлох төлөөлөгч" гэх өргөмжлөлийг хүртсэн юм. Хуралд амжилттай ороод ирсэн хоёр мундаг сурагчтай бид ярилцлаа. Хүлээн авна уу.

Э.Наран-Эрдэнэ (18 настай)

"American School of Ulaanbaatar" сургуулийн 12 дугаар ангийн сурагч

-Олон улсын хэмжээний том хуралд амжилттай оролцсонд баяр хүргэе. Сургуулиасаа нийт хэдүүлээ явсан бэ? Хуралд оролцох санаачлагыг хэн гаргасан бэ?

-Баярлалаа. 15 сурагч явсан. Манай сургуулийн хувьд анх гурван жилийн өмнө энэ хуралд оролцож байсан. Монгол улсаас анх удаагаа явсан сургууль болсон. Харин энэ жил нийт 7 сургууль оролцсон. Гуравхан жилийн дотор ингэж өргөжсөн нь ач холбогдолыг нь харуулж байна.

-Хурлын сонин хачингаас хуваалцвал?

-Энэ хурал 3 хоног болдог . Өдөржингөө өөр улсын хүүхдүүдтэй харилцаад, хамт байх чөлөөт цаг их гарч байсан. Хятадад байсан болохоор тэндхийн хүүхдүүд их байсан. Бүх зүйл англи хэл дээр явагдсан.

-Хамгийн ихээр сэтгэлд үлдсэн мөч юу байсан бэ?

-Хаалтын үйл ажиллагаа байсан. Гурван өдрийн турш дэлхийд болж байгаа том асуудлуудыг ярилцаад, хаалтын үйл ажиллагаа болж байхад өмнө нь мэдэрч байгаагүй сонин мэдрэмж төрж байсан. Хажууд байгаа хүндээ тайлбарлаж мэдэхгүй уйлаад л байсан. Гурав хоногийн турш мэтгэлцэж, ярилцаж, танилцсан мөртлөө дахиж харахгүй байх гэж бодохоор сонин. Өдөр тутмын амьдралдаа бид ийм том асуудлуудад тэр болгон санаа зовдоггүй шүү дээ. Дэлхий дээр яг юу болж байгаа дээр санаа зовохгүй өөр өөрсдийн юмаа хийгээд явж байдаг. Тийм олон хүүхэд санаа зовдог юм байна, ямар нэг зүйлийг хийх гэж хичээдэг юм байна гэдгийг мэдэх гоё байсан.

-Энэ хуралд өөрийн улсыг төлөөлж оролцдог уу эсвэл өөр улсын төлөөлөл болж, шийдэл хайдаг уу?

-Өөрийн улсыг төлөөлдөггүй. Манай сургуулийн хүүхдүүдийн хувьд Франц улсын төлөөлөл болж, тэнд тулгамдаж байгаа асуудлуудын тухай ярилцсан.

-Их том амжилт гаргасан шүү дээ. Тэр мөчид яг яаж хүлээж авсан бэ?

-Танхим болгонд нэг нэг хурал, өөр өөр сэдвээр зэрэг явагдаж байсан. Тэр үед хамгийн сайн байсан оролцогчдыг хаалтын үйл ажиллагаа дээр сонгосон. Би хамтрагчтайгаа хамт өөрийн хурал дээрээсээ хамгийн гоцлох төлөөлөгч гэдэг өргөмжлөл авсан. Маш их баярласан. Буцаж явах гээд онгоцны буудал дээр байж байхад олимпд ялсан хүмүүс яг нэг иймэрхүү мэдрэмж авдаг байх даа гэж бодогдсон.

-Чиний санааг хамгийн зовоодог асуудал юу вэ?

-Хүмүүсийн энэрэнгүй, хайрлах сэтгэл багасаад байгаа юм шиг санагдаад байдаг. Үүнээс болоод байгалиа хайрлах сэтгэл байхгүй болж байгаа. Жижиг юм болгоныг хайраар хүлээж авдаг байснаар л байгаль орчноо хайрлана шүү дээ. Тийм сэтгэл багасч, ховордоод, юм болгоноос сайн талыг нь хардаг хүмүүс цөөрсөн ч юм шиг санагддаг. Энэ л хамгийн их санааг минь зовоодог.

-Хүүхдүүдийн хувьд хичээл ном зэрэгт нь ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг вэ?

-Манай ээж аав хоёр намайг их дэмждэг хүмүүс. Энэ хуралд орохын тулд бүх зардлыг өөрөөсөө гаргадаг. Гэхдээ эцэг эх маань намайг маш их дэмжиж, сурч мэдэх зүйл юм бол оролцоод явж л байх хэрэгтэй гэсэн үүднээс хардаг. Гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал байдаг. Би энэ сургуульд яг энэ жил төгсөх ангидаа орж ирсэн. Би өмнө нь их дэглэмтэй сургуульд сурдаг байсан. Тэр сургуульд аав ээж нь буруу зүйл хийсэн хүүхдээ хүмүүжүүлэх гэж явуулдаг байж таарсан. Тэрийг нь ч мэдээгүй яваад очсон. Тэнд байхад юмс их хүндээр мэдрэгддэг байсан. Хийх зүйлээ хүчээр хийдэг, байх дургүй, орчин нь ер нь л тийм таагүй байсан. Тэгээд "American School of Ulaanbaatar" сургуульд ирсэн чинь маш эрүүл орчин намайг угтаж авсан. Хүүхдүүд нь бүгд нэг нэгнээ хүндэлдэг. Би анх ангид нь орж ирээд гайхаж байсан. Энэ сургуульд багаасаа сурсан хүүхдүүд тэрийгээ хэзээ ч анзаардаггүй байх л даа. Гэхдээ би орж ирээд харахад бүгд маш хүндлэлтэй харьцдаг, багшаа хүндэлдэг, хэн ч хичээлээ “надад хамаагүй” гэж хаядаггүй. Муу сурдаг хүүхэд ерөөсөө байдаггүй. Хааяа залхуураад гэрийн даалгавраа жаахан оройтуулж өгдөг хүүхдүүд байдаг ч гэсэн бүгд л хичээлээ хийж, идэвхтэй оролцдог. Тэр энерги нь надад их мэдрэгдсэн. Тиймээс гэр бүл болон сургуулийн орчин хамгийн чухал гэж санагддаг.

-Ямар мэргэжилтэй болно гэж бодож байгаа вэ?

-Төгсөөд интерьер дизайнер болно гэж бодож байгаа. Би зурах их дуртай. Урлагийн талдаа нээлттэй хүн. Гэхдээ яг зураач, дуучин, бүжигчин болно гэхээр надад арай л биш санагдаад байдаг. Учир нь ямар нэг зүйл яг хэмжээндээ, зарчимтай бах ёстой гэсэн бодолтой байдаг юм. Энэ хоёр зүйлээ нийлүүлэхээр дундаас нь яг интерьер дизайн, архитектор гэсэн мэргэжил гарч ирсэн.

-Гадаад эсвэл Монголын сургуулиудын ялгаа юу вэ?

-Бага, дунд, ахлах ангийн хичээлүүдийг хаа ч сурсан адилхан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Монголд арван жил төгссөн ч бай, Солонгост арван жил төгссөн ч бай яг адилхан юм байна гэдгийг би Америкт ахлах сургуульд сурч байхдаа мэдсэн. Их сургуулиудын хувьд бол өөр өөр. Зааж байгаа багш нар, практик дадлага хийлгэж байгаа зэрэг нь гадаадад илүү нээлттэй, өргөн байдаг болохоор илүү боломж олгодог байх гэж бодож байна.

-Ямар хичээлд хамгийн дуртай вэ?

-Яг одоо үзэж байгаа хичээлүүдээсээ Хятад хэлний хичээлд хамгийн их дуртай. Хэлэнд нь дургүй л дээ. Их хэцүү санагдаад байдаг. Гэхдээ энэ хичээлийг зааж байгаа багш их гоё арга барилаар заадаг. Багшийнхаа ярьж байгааг сонсохоор Хятад хэл сурч болмоор ч юм шиг санагдаад байдаг. Ямар нэгэн зүйлийг сурахад багшийн нөлөө их. Анх математик үзэж байхад багш нь яаж зааж байснаас сэтгэлд нэг юм үлдчихсэн юм шиг байдаг байсан. Өөрөө хийх гээд суухаар яг тэр үед юу мэдрэгдэж байсан, яаж санагдаж байсан нь бодогдоод байдаг. Тиймээс ямар нэгэн зүйлийг сурахад өөрийн хичээл зүтгэлээс гадна багшийн нөлөө маш чухал.

-Хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Орос, Англи хэлээр сайн ярьдаг. Солонгос хэлийг бол ойлгоод байдаг. Багаасаа Орос хэл үзсэн.

-Гадаад хэлийг сурахад хамгийн чухал зүйл юу вэ?

-Хүн хүнээсээ шалтгаалдаг юм шиг санагдсан. Би тоо, физик, химидээ муу хүүхэд байхгүй юу. Гэхдээ уран зохиол, хэл, урлаг тал руугаа авьяастай гэх юм уу. Тиймээс хэл сурах надад бэрхшээлтэй байдаггүй. Их хурдан л сурчхаад байдаг юм. Зарим хүний хувьд их хэцүү байдаг юм билээ. Орос хэл ер нь хамгийн хэцүү хэл. Анх 6 настайгаасаа хойш яг сурсан болохоор одоо ямар ч хэл сурахад суурьтай юм шиг санагдаад байдаг. Багш нар маань ч хэлдэг байсан. Орос хэл сурсан байхад бусад хэлийг сурахад амархан байдаг гэж. Герман, Англи хэл сурахад бүр амархан байдаг.

-Шалгалтдаа яаж бэлддэг вэ?

-Миний сурах арга барил бол би яг хичээл дээрээ багш бүх зүйлийг тайлбарлаад зааж байхад анхаарлаа бүрэн төвлөрүүлээд сонсож, тогтоодог. Тухайн үед ойлгоод авах юм бол дараа нь сууж хийх шаардлагагүй байдаг. Зааж байх үед нь ойлгоогүй болохоор хүүхдүүд дараа нь бүр илүү цагаар суух асуудалтай тулгардаг. Заавал дүндээ анхаараад, хийх ёстой даалгавраа бодох биш тухайн үед багшийн заагаад байгаа зүйлийн утга учрыг ойлгочихвол тэр ойлгоод авсан зүйл мартагддаггүй.

-Үеийн чинь хүүхдүүдээс анзаарагддаг хамгийн том сул тал юу вэ?

-Ээж аав хоёр минь багаас надад хэлээд сургасан нэг зүйл нь “Одоо л сурч мэдэх цаг. Одоо л өөрийгөө дайчлаад, сурах ёстой зүйлээ сураад авчихвал ажил дээр гарахаар хэрэг болно. Амьдралынхаа яг энэ үе дээр л хичээгээд мэрийж чадвал ирээдүйд илүү амар ч гэх юм уу, сайхан амьдарна” гэдэг үгс байсан. Би тэгээд одоо л сурчихвал болно гэж бодоод мэрийдэг. Одоо л сурахгүй юм бол ажил олох хэцүү, амьдралаа авч явахад хэцүү. Ингэж л хардаг даа.

-Танай сургуулийн хичээлийн хөтөлбөрийн давуу тал нь юу гэж мэдрэгдсэн бэ?

-Америк сургалтын системийн гол давуу тал нь өөрөө хичээлээ сонгоод үздэг. Энэ нь Монголын сургалтын системээс өөр гэж ялгарч байгаа давуу зүйл нь. Жишээ нь тооны хичээл гэхэд Монгол сургалтын системээр бол бага ангиас төгсөх анги хүртэл жил болгон, хими физик гэхэд дунд ангиасаа бас жил болгон ороод л, тэр болгонд нь заавал суух ёстой байдаг. Энд бол математик, хими, физик гээд бүх хичээл дээр авах ёстой кредитээ авсан л бол заавал тэр хичээлийг дахиж гүнзгийрүүлж үзээд байх шаардлагагүй байдаг. Харин оронд нь дуртай хичээлээ сонгоод үздэг. Жишээ нь би хими болон физикийн хичээлдээ тийм ч сонирхолтой биш. Гэхдээ би хамгийн анхны авах ёстой кредитээ аваад, суурь хичээлээ үзчихсэн. Тийм болохоор заавал хүчээр дахиж үзэх шаардлагагүй. Энэ хичээлийн дагуу хүн болгоны мэддэг зүйлийг би мэдээд, сураад авчихсан. Үүний оронд цааш илүү их мэдэх хүсэлтэй, дуртай хичээлээ гүнзгийрүүлэн үзэж, илүү зүйлд цаг зарцуулах шаардлагагүй болсон.

 

Э.Хулан (17 настай)

"American School of Ulaanbaatar" сургуулийн 11 дүгээр сангийн сурагч

-Хичээлээ хийхэд төвлөрөх нь их чухал байдаг. Яаж төвлөрдөг вэ?

-Өрөөндөө ороод ч юм уу чимээгүй газар ороод, цадчихсан, сайн унтчихсан нөхцөл бүрдсэн үед хичээлээ сайн төвлөрөөд хийдэг.

-Сургууль дээрээ очихын юу нь хамгийн гоё байдаг вэ?

-Найзуудтайгаа уулзах нь юм болов уу. Манай сургууль их гоё дулаан энергитэй, нэг нэгнээ дэмждэг. Тиймээс очиход гоё нийгэм хүлээж авдаг ч гэж хэлж болох юм.

-Энэ сургуульд хэзээнээс суралцаж эхэлсэн бэ? Өмнө нь хаана сурдаг байсан бэ?

-Тавдугаар ангиасаа энд сурсан. Өмнө нь аавынхаа ажлын дагуу Энэтхэг улсад суралцаж байсан.

-Тэндээс энд ирж суралцахад ямар ялгаа мэдэрсэн бэ?

-Өөр өөр хүүхдүүдтэй харьцаж үзсэн. Энэтхэгт дан тэр улсын эсвэл Хятад хүүхдүүд байсан. Анх Монголдоо ирээд энд суралцахад Монгол хүүхдүүдтэйгээ, Солонгос, Америк хүүхдүүдтэй харьцаж сурсан. Өөр өөр нийгэм намайг хүлээж авсан.

-Хуралд оролцоход хамгийн гоё мөч нь юу байсан бэ?

-Индэр дээр гараад хэдэн сар бэлдсэн тэр илтгэлээ ярих мөч.

-Тэнд оролцож байсан бусад улсын хүүхдүүдээс суралцах зүйл юу байв?

-Өөртөө итгэлтэй байдал нь таалагддаг. Хүн өөртөө итгэлтэй байхад ярьж байгаа зүйл нь ч гэсэн маш үнэ цэнэтэй болж ирдэг.

-Хуралд оролцож дуусаад явах гэж байхад ямар байсан бэ?

-Би тэнд бас олон Хятад найзуудтай болоод, шинэ хүмүүстэй танилцаж, их гоё уур амьсгалтай байсан. Тэр бүхнийг орхиод буцаж Монголдоо ирэн хичээл номондоо орно гэхээр онцгүй байсан. Тэгэхээр харамсалтай л мэдрэмж төрж байсан даа.

-Ер нь хүүхдүүд яаж өөрийнхөө хүслээр явах вэ? Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл, зорилгод нөлөөлж, өөрсдийн хүслээр байлгах гэж оролддог шүү дээ.

-Өмнө нь манай ээж аав хоёр жишээлбэл өвөө эмээгийн хэлснээр л явдаг байсан юм шиг санагдсан. Одоо бол хүүхдүүдийг хүслээр нь дэмждэг болсон юм шиг санагдсан. Миний хувьд бол би яг азаар аавынхаа мэргэжилд их дуртай болчихсон. Тэр утгаараа аав ч бас намайг их дэмждэг. Ер нь бол хүн өөрийнхөө сонирхлоор яаж ийж байгаад явсан нь дээр гэж би итгэдэг.

-Танай сургуульд маш олон сонирхолтой арга хэмжээ болдог гэж дуулсан. Хамгийн сонирхолтой нь чиний хувьд юу вэ?

-Би өмнө жил лицензийг нь авч байгаад нэг арга хэмжээ оруулж ирж байсан. “Хүн номын сан” гэж олон улсын арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулж байсан. Тэр нь надад хамгийн сонирхолтой байсан.

-Тэгэхээр чиний хувьд ер нь ном их чухал байр суурь эзэлдэг бололтой. Яг одоо ямар ном уншиж байна? Бас ном уншихын юу нь хамгийн гоё байдаг вэ?

-“A Thousand Splendid Suns” номыг уншиж байна. Халед Хоссейни миний дуртай зохиолч. Англи хэл дээр яг ном уншиж эхэлснээс хойш гадаад хэл их сайжирсан. Ном уншихын сайхан нь мэдлэг авах. Өөр өөр төрлийн ном уншаад юм ойлгож авах их гоё. Яг тайлбарлаж хэлэх гэхэд бас хэцүү юм аа.

-Чамд одоо зорьж, хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна?

-10 жилээ төгсөхөөсөө өмнө хүүхдийн ном гаргамаар байна.

-Яагаад хүүхдийн ном гэж?

-Хүүхдүүдийг багаас нь боловсрол өгч байж л ирээдүй сайхан болно гэж боддог. Хүүхдүүдийг багаас нь л анхаарах хэрэгтэй.

-Чиний бодлоор одоо боловсролын системд маань хүүхдүүдэд юу дутагдаж байгаа бол?

-Технологи. Манай боловсролын системд компьютер, технологитой холбоотой хичээл, хэрэглэгдэхүүнүүд бага юм шиг санагддаг.

-Сурагч хүүхдүүдийн хувьд ийм том хурал, тэмцээнд явах боломж олон байдаг уу?

-Ер нь бол байгаа. Гэхдээ зардлын хувьд бэрхшээл тулгардаг. Гадаадад болж байгаа гэсэн утгаараа үнэтэй тусдаг. Гэхдээ миний хувьд өмнө зун Бостон руу бүрэн тэтгэлэгтэйгээр хуралд яваад ирсэн. Яг хайгаад үзвэл гадаадын компаниудтай харилцаад, тэтгэлэг олж авах боломж байдаг. Өөрсдөө хайгаад үзвэл, судалгаа хийгээд эхэлбэл олон сонирхолтой зүйл байдаг.

-Ийм хурал, уулзалтад оролцсоны давуу тал яг юу байдаг вэ?

-Өөртөө итгэлтэй болдог. Түүнээс гадна хоолойгоо хүмүүст сонсгож чаддаг. Хүүхэд гэхээр л хүмүүс юу ч мэдэхгүй байж дуугүй бай гэх нь холгүй байдаг. Харин энэ хурлуудад оролцсоноор том том сэдвүүдийн тухай өөрийн бодлыг ярих боломжтой болдог.

-Чиний асуудлыг хамгийн их зовоодог асуудал юу вэ?

-Маш сонин сэдэв л дээ. Гэхдээ эмэгтэй хүмүүсийн ариун цэврийн асуудал их чухал санагддаг. Би хоёр эгчтэйгээ нэг бизнес эхлүүлж, түүнийхээ хэдэн хувийг бүсгүйчүүдэд ариун цэврийн хэрэглэл авахад туслах зүйл дээр ажиллаж байгаа. Эмэгтэй хүмүүс өөрсдөө ариун цэврийн асуудлын талаар ярилцахаас их санаа зовдог. Тиймээс ч асуудлыг нь сонсож, шийдвэрлэхэд нь туслах асуудал бага байдаг. Энэ бол ерөөсөө яригддаггүй, гэхдээ их том асуудал юм шиг санагддаг.

-Аав ээжээсээ сонсож байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?

-Хүмүүжил хамгийн чухал гэдгийг манай гэр бүл их эрхэмлэдэг. Манай ээж Солонгос кино үздэг байхгүй юу. “Аав ээж хоёрынх нь амьдрал чиний хувьд яг амьдрал дээр болж байгаа Солонгос кино. Бид хоёр хэр сайн тоглоно, чамд тийм амьдралыг бэлтгэж өгнө.” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Их хөөрхөн санагдаж байсан.

-Сурч боловсроход хамгийн чухал зүйл юу вэ?

-Би хүүхдүүдтэй харьцуулбал нээх ухаантай биш байхгүй юу. Харин маш их хичээдэг. Хичээх нь маш чухал гэдгийг ойлгуулж байсан хэд хэдэн багш байдаг. Наймдугаар ангидаа би тооны хичээлийг бараг тавин хэдэн хувьтай ч билүү төгсөж байсан. Түүний дараа хичээлээ тараад оройн 19 цаг өнгөртөл сууж, өглөө 6 гэж ирээд багштайгаа бэлддэг байсан. Тэгээд би аравдугаар ангиа яг тоон дээрээ 99 хувийн үнэлгээтэй төгсөж байна. Хичээл зүтгэл түүн дээр их харагдсан. Хичээл зүтгэл гэдэг хамгийн чухал зүйл.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
12
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.