Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

С.Зориг агсны талаар таны мэдэх ёстой 20 зүйл

Бидний хийж чадах зүйл бол түүнийг эргэн дурсах, хэлсэн үгийг нь эргэн санах


Өнөөдөр ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зориг агсны хорвоод мэндэлсэн өдөр. Тэрбээр сэрүүн тунгалаг байсан бол 56 нас хүрэх байжээ. Ид хийж бүтээдэг, мэдлэг, туршлага нь жагссан сайхан нас. Магадгүй С.Зориг агсан сэрүүн тунгалаг байгаад улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө үнэн үгээ хэлж байсан бол бид “Монгол хүний саруул ухаан”-аар ирээдүй өөд урагшлах байсан биз ээ. Иймд жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны төрсөн өдрийг хүндэтгэн  дурсгалын хөшөөнд нь ар гэрийнхэн, ах дүү, хамаатан садан болон түүнтэй хамт цагаан морин жилийн хувьсгалыг эхлүүлж явсан журмын нөхөд нь цэцэг өргөн, хүндэтгэлийн ёслол үйлддэг уламжлал тогтоод удаж байна. 
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж хэлсэн С.Зоригийг бид жилд хоёр удаа уйтайгаар дурсан санадаг. С.Зориг тэдэн нас хүрлээ гэж, мөн С.Зориггүйгээр тэдэн жилийг үдлээ гэж. Тэртээх 1998 онд тэрээр бусдын гарт цаг бусаар амиа алдлаа гэсэн мэдээ Монголын ард түмнийг нөхөж баршгүй гүн эмгэнэлтэй нүүр тулган учруулсан билээ. Тэгвэл Монголын ард түмэн Зориггүй 20 жилийг ардаа үджээ. Бидний хийж чадах зүйл бол түүнийг эргэн дурсах, хэлсэн үгийг нь эргэн санах. Санжаасүрэнгийн Зоригийг түүх өгүүлэх зургаар нь дурсацгаая.

1.Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болж мэндэлжээ.

2. Тэрбээр 1980 онд “Орос” гэх тодотголтой нийслэлийн 23-р дунд сургуулийг төгссөн. 

3.1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг философийн ангийг дүүргэжээ.

4.1985-1990 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимийн багш, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд зааварлагчаар ажиллаж байв. 

5. Анхны алхам: Их сургуулийн жижиг ангид бусад оронд өрнөж буй ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлэх ёстой хэмээн нөхдийн хамт ярьж суужээ.

6. 1989 он - Нийгмийг ардчилахын төлөөх залуучуудын хөдөлгөөн үүсч, түүний идэвхитэй гишүүдийн нэг нь тухайн үед дөнгөж 27 настай байсан С.Зориг байлаа.

7. 1989-1990 онд Монголын Ардчилсан Холбооны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байв.

8. Түүний удирдсан МоАХ Сүхбаатарын талбай дээр хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлав. 

9. Тэрээр Сүхбаатарын талбайд МоАХ-ны зохицуулагчийн хувиар микрофон барин үг хэлж, цагаан хоолойгоор иргэдийг өөрчлөлтөд уриалж байв.

10. 1990 оны гуравдугаар сард түүний хүчин зүтгэлээр тэр үеийн эрх баригч Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны  Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголын түүхэнд шинэ үе эхэлсэн билээ.

11. 1990 оны долдугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон.

12. Тэрбээр 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулан, тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов.

13. 1996-1998 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга,  Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв.

14. 1996-1998 онд Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, эмзэг бүлгийхэн болон өнчин хүүхдүүдийг тусалж дэмжих зорилготой “Оюунтүлхүүр" сангийн Хүндэт ерөнхийлөгч байв.

15. Аав Санжаасүрэн нь МУИС-ийн декан, Ардын боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан.

16. Ээж Доржпалам нь их эмч, Оросын нэрт эрдэмтэн, монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А. Симуковын охин. Түүнийг  “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр хүмүүс сайн мэднэ.

17. Дүү С.Оюун нь 1998 оноос эхлэн Улсын Их Хурлын гишүүнээр дараалан таван удаа сонгогдож байв. Тэрээр ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Иргэний Зориг Намыг байгуулсан юм.

18. 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө С.Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн эмгэнэлт хэрэг гарч Монголын ард түмнийг цочроосон юм. 

19. Тухайн үед түүнийг эрх баригч эвслийнхэн Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэсэн яриа бий. 

Зургийг: Билгүүний харандаа пейж хуудсаас

20. Түүний хэлсэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”, “Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай” гэсэн үгс өнөөг хүртэл монголчуудын зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

Бэлтгэсэн: Т.Жанерке

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
8
0
69
0
4
0