Хайх зүйлээ бичнэ үү

Түүний үзэсгэлэнг очиж сонирхоорой.

Залуу уран бүтээлч Сүхбаатарын Эрдэнэ 2012 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгссөн юм. Монголд анх удаа гэж хэлж болох эротик уран зургийн бие даасан “О” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 24-нд 976 урлагийн галерейд нээлтээ хийсэн юм. Тавдугаар сарын 16 хүртэл бүх хүнд нээлттэй тул та бүхэн хүрэлцэн очоорой. ЭНД дарж эвентийг сонирхох боломжтой юм шүү. Ингээд уран бүтээлч С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

-Энэ үзэсгэлэнг хэзээнээс төлөвлөж, бэлтгэв?

-Хоёр жилийн өмнөөс л бодож явсан. Эхний жил хагастаа янз бүрээр л туршиж үзсэн. Эротик сэдвээр бүтээл гаргаж буй уран бүтээлчид цөөхөн байдаг. Энэ тал дээр манайхан ч өөрсдөө табу (taboo) байдлаасаа хараахан салж амжаагүй болохоор шинэлэг байх юм болов уу гэж бодсон. Модерн буюу орчин үе юм чинь ийм өнгө төрх Монголын дүрслэх урлагт байвал зүгээр гэж бодогдсон. Надад өөрт маань ч гэсэн сонирхолтой сэдэв байсан. Хүний сэтгэлтэй холбоотой болохоор, тэр тусмаа ухамсаргүй агаад ухаангүйтэй холбоотой болохоор тэр талын зүйлийг уран зурагтаа буулгах нь ч гэсэн сонирхолтой байсан.

-Өөрийн зурдаг чиглэлийг бусдад юу гэж тайлбарлах вэ?

-Абстракт, экспрессионист хандлагатай бүтээлүүд хийдэг. Төгссөнөөсөө хойш 6 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд залуу уран бүтээлч болохоор янз бүрийн чиглэлээр л зурж үзсэн. Гэхдээ ерөнхий хандлага маань экспрессионист.

-Тэгэхээр таны хийж буй бүтээлүүд их хурдан зурагддаг уу? Сэтгэл хөдлөл, мэдрэмжээр дамжаад шуудхан гарах уу?

-Би экспрессионист хандлагатай уран бүтээлч болохоор бүтээл хурдан хугацааны, эмоцийн байдлаар гардаг. Зурах хугацаа тухайн зураачаасаа хамаарна л даа. Иймэрхүү сэдэв, эмоцийг илэрхийллээ гээд хурдан зурна, удаан зурна гэсэн тогтсон зүйл байхгүй. Ер нь миний зургууд гүйцэтгэлийн хувьд богино хугацаанд, хурдан зурагддаг. Зурахаасаа өмнө бодож, эскизээ боловсруулан, өөрийгөө бэлдэхэд хугацаа их орно. Яг ингэж л зуръя гээд шийдэхэд бол үйл явц хурдан.

-Өмнө нь эротик чиглэлээр үзэсгэлэн гаргаж байсан уран бүтээлч олон байдаг болов уу?

-Д.Анхбаяр гээд барималч ах байдаг. Тэр хүн эротик чиглэлийн баримал хийдэг. Яг байнга ийм уран бүтээл хийдэг хүн гэвэл бараг байхгүй. Мэр сэр уран бүтээлүүдэд эротик уур амьсгал орсон тохиолдлууд байж байдаг. Миний мэдэхгүй хүмүүс ч бас байдаг л байх л даа. Бүгдийг нь мэдэхгүй юм.

-“O” гэж нэрлэсний учир?

-“O face” гэдэг бүтээлээсээ санаа авсан. Хүн сексуал мэдрэмж авч байхад нүүрэн дээр гардаг хувирлуудыг зурсан. Хүн дур тавьж байх үед нүүрэн дээр өвдөлт мэдэрч байгаатай адилхан хувирал гарч ирдэг. Бид нар өөрсдөө яг түүнийгээ харахгүй шүү дээ. Энэ бол маш “intense” мэдрэмж шүү дээ. Тиймээс зөвхөн яг царайг нь аваад, түүнийг илэрхийлье гэсэн юм. Ам яг “O” хэлбэртэй болдог болохоор “O face” гэж нэрлэсэн. Сүүлд нэмж хэд хэдэн бүтээл хийсэн. Нэг бүтээл дээр жишээ нь эмэгтэй хүний дотоод хүсэл, хэрэгцээг болон хүний дотор нэг тийм харанхуй дуусашгүй, үргэлж л таашаал авч байх гэсэн харанхуй нүх адил хүсэл байгаа гэдгийг илэрхийлсэн. Бас үнсэлт, “intimacy” буюу хоёр хүний хоорондын биеийн болоод сэтгэлийн харилцааг, уусан нэгдэж байгааг илэрхийлсэн зургууд бас бий. Мөн эмэгтэй, эрэгтэй хүний биеийн төрх байдлыг зурсан. Эмэгтэй фигур дээр бүсгүй хүний зөөлөн, хүлцэнгүй байдлыг илэрхийлсэн бол эрэгтэй хүнийх нь арай өөр зан байдлыг илэрхийлсэн.

-Энэ олон өнгө дундаас аль өнгө нь өөрийн чинь сэтгэлийг ихээр татдаг вэ?

-Өнгийг яг дангаар нь ярих боломжгүй. Өнгө өөрөө хувьсамтгай. Шар өнгө улаан өнгөний дэргэд өөр харагдана. Тэр шар өнгийг оронд нь цэнхэр өнгөний хажууд тавих юм бол бас өөр харагдана. Тэгэхээр өнгийг зөвхөн дангаар нь ярих аргагүй. Яг тэр өнгө гээд хэлэхэд хэцүү. Энэ үзэсгэлэн дээр хар бараан дэвсгэртэй зургууд голлосон. Сүүлийн үед хар өнгө их ашиглаад байгаа. Хар өөрөө их гүнзгий, бидний цаана нуугдаж байгаа ямар нэгэн зүйл бий гэдэг талаасаа, мөн тэр хар дэвсгэр дээр дүрслэгдэж байгаа дүрийн мэдрэмж, эмоцийг илүү тодруулж харагдуулж байгаагаараа онцлог.

-Уран бүтээл туурвихад хүний итгэл үнэмшил ч юм уу ямар нэгэн зүйл их нөлөөлдөг юм шиг санагдсан. Таны хувьд энэ мэдрэмжүүдийг мэдрэхэд юу нөлөөлсөн бэ?

-Тухайн уран бүтээлчийн өөрийнх нь амьдралын туршлага л үүнд их нөлөөлдөг байх. Сонирхдог зүйл, авч байсан туршлагууд, мэдрэмжүүд гэх мэт.

-Эротик чиглэлийн ном бүтээл уншиж, судалж байв уу?

-Яг эротик чиглэлийн ном бүтээл уншиж байгаагүй. Фройдын бичвэр, номыг бол уншиж байсан. Хүний ухаангүй руу хандаж бичсэн байсан. Хүний дотор тэр их дур хүсэл, тачаал хаанаас гарч ирдэг юм бэ гэх мэт. Бидний ухамсаргүй дунд энэ бүхэн байдаг. Бидэнд цаанаас байгалиасаа өгөгдсөн тийм зүйлс бидний дотор байгаа. Түүнийг бид өөрсдөө хянаж, захирч, удирдахад хэцүү. Энэ зүйлсийн тухай уншиж байсан юм байна.

-Эротик чиглэлийг хүмүүс порнографтай андуурч, хольж хутгах тохиолдол байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?

-Энэ хоёрыг хооронд нь ялгах хэрэгтэй. XIX зуунд нэг урлаг судлаач эротикийг ингэж тайлбарласан байсан. “Дээд зэрэглэлийн, арай өөр төвшний порнограф” гэсэн байсан л даа. Порнограф бол шууд утгаараа, арай тийм доромж өнгө аястай гэх юм уу даа. Эстетикгүй. Эротик өөрөө эстетиктэй, шууд ил задгай биш. Урлагийн хэлээр илэрхийлж байгаа зүйл. Харин порнограф бол үүнээс хамаагүй өөр. Махан хэлбэрээр илэрхийлж байгаа ч гэмээр юм уу.

-Та саяхан бас хамтарсан үзэсгэлэн гаргаж, өөрийн бүтээлүүдээ тавьсан байсан. Тэр бүтээлүүд энэ үзэсгэлэн дээр байгаа юу?

Байгаа. Ер нь тэр үзэсгэлэн дээр хүмүүст эротик бүтээл их таалагдаж, сонирхлыг нь татаж байгаа юм шиг санагдсан. Арай шинэлэг байсан байх. Тэр дундаа эмэгтэйчүүдийн сонирхлыг татаж байх шиг санагдсан.

-Хүн ямар үедээ хамгийн үзэсгэлэнтэй байдаг юм бол? Зураглахад ч гэсэн...

-Өөрөөрөө байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй.

-Бүтээл туурвихад орчин чухал байдаг. Өөрийн чинь тухтай бүс юу вэ?

Урландаа ганцаараа, хажуудаа намуухан хөгжим тавиад сууж байхад.

-Ямар төрлийн хөгжим ихэнхдээ сонсдог вэ?

-Өмнө нь би метал төрлийн хөгжим их сонсдог байсан. Одоо ч гэсэн сонсдог л доо. Гэхдээ зурж байхдаа маш их сонсдог байсан юм. Зурж байхдаа хэтэрхий хүчтэй хөгжим сонсохоор хажуугаас нөлөөлөөд байх шиг санагдсан. Одоо зурж байхдаа бол хажуугаас саад болоод байхгүй, сонсож байхад аятайхан хөгжим сонсдог болсон. Үг багатай хөгжим их аятайхан байдаг. Хааяа даа сонгодог хөгжим сонсож байхдаа зурдаг.

-Бүтээлээ хийж дуусахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-За дуусчих шиг боллоо доо гээд л дуусгачихдаг. Зураг чинь өөрөө ханадаг байхгүй юу. Яг өөрөө л дуусдаг. Би болчхоод байхад нь хүчээр өөрчилж, нэмэх гээд байж болохгүй. Өнгө нь таараад, зохиомж нь болоод, яг бүх юм нь ханаад, тэнцээд ирэхээр зураг өөрөө “болчихлоо” гээд зогсдог. Илүү ч юм байхгүй, дутуу ч юм байхгүй, энэ зураг дууслаа даа гэж мэдрэхэд л тэр зураг дуусдаг. Үгүй бол яг тийм болгож дуусгана гээд дотроо нарийн бодоод л, тэрэн шигээ зурах гээд байж болохгүй. Өмнө нь бодоод, дотроо бэлэн болгочихсон болохоор яг зурж байх хугацаанд бодоод байх юм ер нь байхгүй л дээ. Өөрийгөө сонсоод мэдрэмж, зөнгөөрөө л зурчихдаг. Харж байгаад ганц хоёр хүрэх газар байвал хүрээд л, тухайн үеийн мэдрэмжээрээ ажилладаг.

-Таны энэ чиглэлээр хийсэн анхны бүтээл юу байв?

-Хамгийн анх үнсэлт зурж байсан. Ер нь хэд хэдэн үнсэлт зурсан. Зарим нь одоо бол байхгүй. Үнсэлтээс эхлээд л ийм эротик сэдэлтэй, хоёр хүний харилцаа, мэдрэмжийг харуулсан зураг зуръя гэж бодсон. Сексуалити чинь дотроо маш олон жижиг сэдвүүдтэй гэх юм уу даа. Үнсэлт, хайр, тэгээд энэ дотор педофил (жаахан хүүхэд уруу татах гаж дон) зэрэг хүртэл явж байгаа юм. Этик буюу ёс зүй, эстетик буюу гоо зүй ч гэдэг юм уу философи, сэтгэл судлал тал дээр их том байр суурь эзэлдэг зүйл. Ер нь бүх юмтай холбоотой. Учир нь дотоод ухамсар, хүний “ухаангүй”-тэй холбоотой болохоор хүний амьдралд их хүчтэй нөлөөлдөг.

-Манай нийгэм уран бүтээлч нар амьдрахад ямар нийгэм бэ?

-Ер нь хэцүү шүү дээ. Дэмжлэг л дутагддаг даа. Уран бүтээлээ хийгээд явахад хэцүү ч үе байна, гайгүй ч үе байна. Манай уран бүтээлчид ер нь бор зүрхээрээ л юмаа хийгээд байж байдаг. Гэхдээ уран бүтээлчид нийгэмд амьдрах гэхээсээ илүү өөрсдийн бий болгосон орон зайдаа ихэнх цаг хугацаа өнгөрүүлдэг болохоор тэр орон зай маш чухал. Урландаа юмаа хийгээд суух гэх мэтээр. Харин нийгэм рүү хэтэрхий ороод ирэхээр стресстэй. Би тэгээд ч өөрөө нийгмийг шүүмжилсэн уран бүтээл хийдэг хүн биш болохоор гараад, бухимдаад, “балиар” хүмүүстэй уулзаад явдаггүй. Ихэнх хугацаагаа урлан болон орох дуртай газраараа орж гараад л, сайхан хүмүүстэй уулзаж, ярилцаж өнгөрүүлдэг.

-Хүмүүс үзэсгэлэнг хангалттай их үзэж байгаа юм шиг санагдаж байна уу?

Би сүүлийн хоёр жил хагас ер нь үзэсгэлэн гаргаагүй. Гадуур явахад тоотой хэдэн хүн энд тэнд болж байгаа үзэсгэлэнг үзээд явж байхтай таардаг. Гэхдээ би гарсан бүх үзэсгэлэнг очиж тойрдоггүй, зарим дээр нь л очдог болохоор хүмүүс хэр үзэж байгааг мэдэхгүй. Гэхдээ манайд яг стандартын дагуу галерей гэхээр их хэцүү. Одоо байгаа хамгийн гайгүй нь гэвэл Урчуудын Эвлэлийн Хорооны галерей байна. Өөрсдийн гэсэн үзэгчтэй бас байршлыг нь хүмүүс их сайн мэдэж байдаг. 976 галерей бас өөрийн гэсэн үзэгч, байр суурьтай. Ер нь үзэсгэлэн үзэхэд нэгдүгээрт галерей их хамаарна. Хоёрдугаарт нийгмийн урлагийн боловсрол гэдэг зүйл бас тийм сайн биш болохоор галерейд уран зураг ч юм уу янз бүрийн үзэсгэлэн үзээд, таашаагаад явах хүмүүс их биш байгаа гэж бодож байна.

-Гадаад улс орон руу бүтээлээ гаргаж байсан уу?

-Урлаг дэлхийн хэл, хүн төрөлхтний хэл болохоор хил хязгаар байхгүй. Бүтээлээ гадагш гаргаж байсан. Америк руу арван хэдэн бүтээл, Хятад руу бас хэдэн бүтээлээ гаргаж байсан юм байна. Гадагшаа нээлттэй байхыг л их хичээдэг.

-Хүмүүсийн шинэ зүйлийг хүлээж авах нь илүү нээлттэй болсон юм шиг санагдаж байна уу?

-Сүүлийн үеийн залуучууд их мундаг болсон юм шиг санагдаж байгаа. Бид нарын үед залуучууд ондоо байсан. Одоо залуучууд харин илүү оюунлаг болсон юм шиг санагддаг болсон. Дээрээс нь маш нээлттэй, шинийг хүлээж авдаг, “яагаад” гэдэг асуултыг өөртөө тавьдаг, хүнтэй их ярилцдаг болсон юм шиг санагддаг. Юмыг яаж хүлээж авах нь тухайн хүний урлагийн мэдлэг, мэдрэмж, амт, таашаал зэргээс хамаарна. Урлагийн таашаалаа хүн өөрөө хөгжүүлж болдог. Уншиж хараад, үзэж сонирхоод, нүд тайлагдаад ирэхээр урлаг өөрөө шударга учир аль нь сайн, аль нь муу болох ялгаа нь яалт ч үгүй харагддаг. Хуучимсаг ч юм уу, өөрийн үзэл бодолдоо тууштай, эсвэл шинэ юм харахаар итгэл үнэмшил нь хойноос нь татаад байдаг хүмүүс шинэ зүйл харахаар насаараа итгэж явсан итгэл үнэмшилтэй нь зөрчилдөөд ирэхээр тэрийг эсэргүүцэж, дургүйцэн хүлээж авдаг тохиолдлууд бас байгаа.

-Та өөрийгөө ер нь хэр үзэгч гэж боддог вэ? Бусад хүний уран бүтээлийг үзэх үедээ та ямар үзэгч болдог вэ?

-Гадуур яваад үзэсгэлэн үзэхдээ би өөрийгөө ерөөсөө уран бүтээлч гэдэг үүднээс бодож, үздэггүй. Яг л үзэгч болоод явахад их гоё байдаг. Харж байгаад, таалагдсан үзэсгэлэнгүүдийг очоод үздэг дээ.

-Эмэгтэй хүний фигур их зурж байна уу?

-Анх уг нь эрэгтэй хүний бие галбирыг их зурдаг байсан. Гэхдээ сүүлийн үед эмэгтэй фигурыг голчлон зурж байгаа. Би хувь хүнийхээ талаас өмнө нь байснаасаа зөөлөн тал руугаа болсон юм болов уу даа. Зурганд тэр нь бас нөлөөлсөн байх.  Сонсож байгаа хөгжмийн хувьд ч бас “аймаар” метал нөхөр байсан чинь инди болоод л. Өмнө нь хатуу хэллэгтэй зургууд их зурдаг байж. Одоо бол угалзарсан, ер нь тэгээд зөөлөн болсон. Тэгэхээр би өөрөө сүүлчийн хэдэн жилд их өөрчлөгдсөн. Тэр хэдэн жилд үзэж туулсан зүйл, амьдралын туршлага энэ өөрчлөгдсөнтэй холбоотой.

-Ер нь зурагт буулгахад эмэгтэй хүний биеийн хамгийн гоё хэсэг юу вэ?

-Ганц зурахад ч биш ер нь эрэгтэйчүүд эмэгтэй хүний ийм тийм зүйлийг хардаг гээд ярьдаг даа? Миний хувьд гар, хөл их гоё байдаг. Бид нар чинь ер нь нүдээрээ их мэдэрдэг хүмүүс. Нүдээрээ харсан юмаа бараг гараараа хүрч байгаа юм шиг мэдэрдэг байхгүй юу. Тэгэхээр гоё гар харахаар эмэгтэй хүний тийм нэг эмзэгхэн, нандин, зөөлөн тийм мэдрэмж төрдөг.

-Ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдоход ч юм уу, сэтгэл хөдлөл дээд цэгтээ тулсан үед уран бүтээлд нөлөөлөх хандлага байдаг байх. Ер нь ийм гэнэтийн сэтгэл хөдлөлөөс ангид байх хэрэгтэй юу эсвэл уран бүтээл хийхэд энэ нь гол нөлөө үзүүлдэг үү?

-Уран бүтээлч хүмүүс бүхнийг шууд сэтгэл хөдлөлөөр хийж байгаа гэж ойлгож болохгүй. Сэтгэл хөдлөлдөө автдаг, гарч чаддаггүй хүмүүс гэнэтийн зүйл хийдэг шүү дээ. Харин бүтээл хийж байх явцын сэтгэл хөдлөл ондоо. Зигмунд Фройд, “Уран бүтээлч хүмүүсийн тархины онцлог өвөрмөц. Сэтгэл хөдлөл болон нөгөө “ухамсаргүй”-гээ тэд удирдаж чаддаг. Ялангуяа бүтээл хийж байх явцдаа ухамсаргүйгээ мэдрээд, удирдаад юм хийгээд байдаг. Тэр нь үнэхээр сонирхолтой” гэсэн байсан. Дараа нь бас бодсон чинь үнэхээр тийм ч юм уу гэж санагдсан. Бид нар математикийн томьёо бодож байгаа юм шиг бодож зурахгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө бодоод байдаг. Тэгээд бас мэдрээд байдаг. Яг тэнцвэрийг нь тааруулаад л хийгээд байх шиг байгаа юм. Уран бүтээлч бүтээлээ хийж байх явц бол тийм сонирхолтой, өвөрмөц л байдаг юм билээ.

-Тэгэхээр уран бүтээлийн тухай ярихад сэтгэл судлал их том байр суурь эзэлдэг юм байна.

-Орчин үеийн урлагийн тухайд сэтгэл судлал, философи гэж хоёр зүйлийг сайн унших хэрэгтэй юм билээ. Би өөрөө тийм “аймаар” уншсан хүн биш л дээ. Гэхдээ сонирхдог. Уншдаг номууд дандаа сэтгэл судлалын чиглэлээр бичигдсэн байдаг. Гэхдээ бүтэн ном унших надад хэцүү байдаг. Богино богино юм уншвал амар. Уншихаасаа гадна бодох их дуртай. Дараа нь нэг юм унших үед бодож байсан зүйлтэй төстэй юм гарч ирэхээр баярлаад байдаг.

-Багаасаа зураач болохоор шийдээд, өөрийнхөөрөө амьдарч байгаа уран бүтээлчийн хувьд энэ замыг сонгоход янз бүрийн эргэлзээ, эсэргүүцэлтэй тулж байгаа хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Мэдээж хүн хүний амьдралаар биш өөрийнхөө амьдралаар амьдрах юм чинь шийдвэрийг бол өөрөө л гаргах хэрэгтэй. Хүний заасан замаар явж болохгүй. Эцэг эхээрээ хувь тавилангаа шийдүүлдэг ч юм уу, мэргэжлээ сонгуулж, заасан замаар нь яваад байна гэдэг буруу гэж харагддаг. Манай гэр бүлд бол тийм юм байгаагүй. “Чи юу хиймээр байна, юу сурмаар байна, тэрийг чинь дэмжье” гэсэн. Би ааваасаа урам зориг авсан. Аав минь зурдаг, сийлдэг хүн байсан болохоор хараад шууд л багаасаа зурмаар байна, сийлмээр байна гээд л. Анхнаасаа дуртай байсан болохоор дуртай зүйлээ хийгээд л, жаргалтай шүү дээ. Хүн үлдсэн амьдралаа яаж өнгөрүүлэхээ өөрөө л шийдэх юм чинь мэргэжлээ хүслээрээ л сонгох хэрэгтэй.

-Таныг хэрэв уран бүтээлээсээ илүү чухал зүйлийг нэрлэ гэвэл?

-Бүтээлээ хийгээд, уран бүтээлчээрээ амьдрах мэдээж маш чухал. Гэхдээ дан бүтээлээ хийгээд, би зураач гээд хувийн амьдралаа золиосолж болохгүй. Нэгэнт л амьдарч байгаа юм чинь амьдралыг бас мэдрэх хэрэгтэй. Хажуугаар нь кайф авах өөр зүйлсийг хийх хэрэгтэй. Гадуур явмаар байна уу, хоол идмээр байна уу, гоё хүмүүстэй уулзаж ярилцаж суумаар байна уу. Амьдралыг хаанаас ч, юунаас ч мэдэрдэг байх хамгийн гоё. Амьдрал гэдэг өөрөө урлагийн зохиомж. Харин чи нэг дүр нь. Чамтай ингээд ярилцаад сууж байгаа нь ч нэг урлагийн хэсэг.

-Та яг уран бүтээлчийн хувьд өөрийгөө олсон гэж боддог уу?

-Олох гээд л явж байна. Одоо дөнгөж 27 настай. Тиймээс олсон гэж хэлэхгүй. Гэхдээ уран бүтээлчийн хувьд өөрийгөө олох гээд хайхаасаа илүү бүтээж явдаг юм болов уу гэж бодсон. “Олох” гэдэг үг нь өөрөө тохирохгүй байх. Уран бүтээлч хүн амьдарч байх хугацаандаа янз бүрийн юм үзэж харна, туршина, туршлага олж, боловсорно. Тэр хугацаандаа өөрийгөө бүрэлдүүлсээр л байдаг байх. Яг оллоо гээд зогсохгүй. Уран бүтээлч хүн ямагт шинийг хийх гэж бодож, сэтгэж, бүтээж явдаг. “Өөрийгөө олчихлоо” гэх нь яг зогсоол мэт санагдаж байна. Би өөрөө прогрессив (өсөн дэвших) хандлагатай хүн юм шиг байна. Залуу уран бүтээлч тийм байх хэрэгтэй л дээ. Хийж байгаа нэг зүйл дээрээ зогсох биш цааш улам хөгжүүлж, өөрчлөөд, юмыг шинээр харах боломж гэх зүйл ямагт байгаа болохоор шинийг эрэлхийлэх хэрэгтэй. Нэг зүйл хийгээд, яг боллоо гэсэн мэдрэмж төрөхөд тэрэндээ сэтгэл ханаад больж нүдээ сохлохгүй байхыг л боддог. Тиймээс чөлөөтэй, нээлттэй нүдээр юмыг хардаг.

-Уран бүтээлч хүнд заавал байх ёстой чанар гэвэл юу вэ?

-Өөрөө өөрийгөө хорьж, барихгүй байх л юм даа. Юм хийж болно, хийхгүй байж ч болно. Заавал “Би зураач, энийг зурах ёстой” гээд л нүдээд байхгүй. Гэхдээ тууштай сэтгэлээрээ, энэ зүйлд хайртай мэдрэмжээрээ олон жил зурж л явна даа. Мэдээж үүнийгээ орхихгүй л дээ. Уран бүтээлч хүн ер нь байнга өөрчлөгдөж, шинэчлэл хийж, бодол сэтгэлгээгээрээ нээлттэй байх хэрэгтэй юм болов уу даа. Бүтээдэг хүмүүс болохоор бидний дотор аливаа зүйлийг хүлээж аваад, бодоод, өөр шинийг гаргадаг ямар нэг зүйл байна. Таван жилийн дараа өнөөдрийнх шигээ зураг битгий зураарай л гэж хэлье дээ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.