Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

КУЛТ КИНО: Ногоон дэлхийгээ аваръя! (Save the Green Planet) |Tegshee's Movie Corner

Хамгийн элий кинонуудын нэг.


Култ хэмээх үгийг шүтээн, тахин шүтэх хэмээх ерөнхий утгаар ойлгодог. Кино урлагт култ хэмээх ойлголт харин олон нийтийн, түгээмэл хэрэгцээ,сонирхлоос ангид тодорхой хүрээнд маш үнэнч шүтэн бишрэгчдийн хүрээллийг олсон кинонуудыг ерөнхийд нь хамруулан ойлгодог. Дэвид Линчийн ойлгомжгүй шидээврүүд, Японы найруулагч Шион Соногийн жихүүцэм триллер, хоррор кинонууд, Оддын дайн цуврал, хятадын тулааны элементийг инээдэмтэй хослуулсан Стивен Чоугийн элгийн кинонууд, бүх цаг үеийн хамгийн муу найруулагчаар тодорч байсан ч нүд хальтрам муу кинонуудаа ахин дахин хийсээр л байсан Америкийн найруулагч, шантрашгүй Эд Вүүд цөм култүүд билээ. Хорвоо ертөнц хичнээн баялаг, хүний ертөнц хичнээн олон талтайг нотлогчид, төгс төгөлдөр, өөгүй сайханы хэнээнд автсан энэ ертөнцөд алдаа, доголдлоо үнэнчээр хүлээн зөвшөөрч буй “азгүй” эгнээнийхэн ч гэж болмоор. Кино урлагийг таашахад олон нийт хошууран дагаж буй эсэх чухал биш гол нь үзэгч та өөрөө л хэмжүүр нь юм.


Одны үнэлгээ: 5/5

Элийрэл, эмгэнэл, инээдэм, ер юм юмны тухай кино. Магадгүй “Ногоон дэлхийгээ аваръя” бол солонгосын кино урлагийн түүхнээ гарсан хамгийн эх чанарт, онцлох бүтээлүүдийн нэг байх. Олон нийтийн зах зээл, үзэгчдийн хүрээнд төдийлөн нэвтэрдэггүй сайх киног ихэнх үзэгчид сонсоогүй байхад гайхах явдалгүй.

Бён Гу харь гарагийн тухай фанатик бодолдоо хөтлөгдсөөр найз охинтойгоо нийлэн нэгэн корпорацийн захирлыг барьцаалдаг. Өнөөх корпорацийн захирлаа харь гарагийн туршуул хэмээн үзсэнээс тэр шүү дээ. Бён Гу л харь гарагийн туршуулуудыг илрүүлж, эх дэлхийгээ аврах цор ганц хүн хэмээн өөрийгөө бодно.

Бён Гугийн хувьд харь гарагийхан үсээрээ бусадтайгаа холбоо тогтоодог, арьсны хамгийн зөөлөн хэсгүүдэд нь дайснаа устгах хүчирхэг хэрэгсэл байдгийг олж тогтоосон болохоор барьцаалсан хүнийхээ үсийг хусаж, арьсны зөөлөн хэсгүүдийг нь төмрийн зөөлөн хуурайгаар юу ч үгүй үрээд хаячихна. Киноны энэхүү хэсгүүд дэндүү элий тул ухаалаг инээдэм, өөгүй гүйцэтгэл үзэж дадсан нэгний хувьд ихээхэн хэцүү санагдаж мэднэ.

Харин кино цааш өрнөх тусам тэрхүү элийрэл зугууханаар эмгэнэл рүү шилжинэ. Бён Гу зүгээр ч нэг фанатик бодолдоо хөтлөгдсөн гэмгүй жаал бус, харь гарагийн туршуулаад хэмээх шалтгаанаар чамгүй олон хүнийг барьцаалж, хорьж тамалсаар цааш нь харуулсан цуврал алуурчин аж. Элгийн инээдмийн кино үзэж байсан хүн гэнэт л эвгүй триллер маягийн киноны уур амьсгал руу ороод явчихаар гайхашрах нь дамжиггүй.

Кино цааш өрнөсөөр төгсгөл хэсэг рүү дөтлөх тусам харин сэтгэл хөдөлгөсөн драмын тун улам ихсэнэ. Бён Гу багаасаа л бусдад зүйл бүрээр дээрэлхүүлж, гоочлуулж өссөн нэгэн аж. Ядахад ээж нь хүнд өвдөж комонд орсон. Ээжийгээ заавал сэхнэ гэсэн гуйвшгүй итгэлтэй Бён Гугийн хувьд элдэв ажил хийж ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг барагдуулдаг аж.

Кино төгсгөл рүүгээ ойртох тусам оргох гэж элдвээр оролдож тэр бүрт тун харамсалтай бүтэлгүйтэж байсан барьцааны хүн маань өөрийгөө харь гарагийн туршуул гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Бён Гугийн ээжийгээ аврах гэсэн гүжирмэг итгэлийг ашиглан сиймхий гарган зугатах гэж оролдоно. Барьцааны хүний араас мөшгөсөөр ирсэн цагдаагийн ажилтнууд ч үйл явдалд хутгалдаж, зарим нь харамсалтайгаар амиа алдана.

Кино өрнөлдөө хүрээд төгсөх агшинд харин инээдэм, элийрэл, эмгэнэл чухам аль цэгт нь эргээд уначихав? Киноны олон жанрыг хослуулсан сайх байдал үнэмшилгүй үйл явдлуудыг хүчээр зүйж наасан цуглуулга бус хэсэг бүрийн гүйцэтгэл гойд сайн, зохиолын авцалдаа, киноны уур амьсгалын элий байдал нь үл алдагдах учир ийм байдлаар кино хийж болно гэсэн бахдам жишээг найруулагч Жан Жүн-Уан үзүүлсэн билээ.  Харин төгсгөлийн хэсгийн зураг авалт, дүрүүдийнх нь өмсгөл зүүсгэлийн нүд хальтирам болхийг хэлэх үү. Гэвч тухайн киноны өнгө аяс хэргээр ийм болхи байдлыг элэглэл болгон сонгосон учир шүүмжлэх үндэсгүй болж байгаа юм. Мэдээж хичээгээд хичээгээд болхи зураг авах, кино хэл, уур амьсгалын нэг хэсэг болгон болхи илэрхийлэмж зориуд сонгох гэдэг тэнгэр газар шиг ялгаатай.

Тиймээс л олон төрөл жанрын эвлүүлэг мэт сайх киног солонгосын кино урлагийн түүхнээ гарсан хамгийн эх чанарт бүтээлүүдийн нэг хэмээн тооцогддог биз.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
40
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.