Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Г.Г.Маркесийн “Зарлагдсан үхлийн товчоон” хэвлэгдэн гарлаа

“Зарлагдсан үхлийн товчоон” нь хамгийн сод туурвилд тооцогддог билээ.


Монсудар хэвлэлийн газар “Утга зохиол” цувралынхаа 21 дэх дэвтрээр шидэт реализмын гол төлөөлөгч, Нобелийн шагналт, Колумбын нэрт зохиолч Габриель Гарсиа Маркесийн "Зарлагдсан үхлийн товчоон" зохиолыг онцлон сонгожээ.

Шидэт реализмын гол бүтээлд тооцогддог уг зохиол, утга зохиолын салбарт “Латин Америкийн тэсрэлт” болоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. Ер нь Маркесийн олонд, ялангуяа монгол уншигчдад төдий л танигдаагүй богино хэмжээний бүтээлүүд дундаас “Зарлагдсан үхлийн товчоон” нь хамгийн сод туурвилд тооцогддог билээ.

Хоёр зуу хүрэхгүй хуудастай энэ зохиолдоо Маркес дэлхийн аль ч өнцөг буланд чухалд тооцогдож, анхаарал татах тийм л түүхийг хүүрнэжээ. Сантьяго Насар хэмээх залуугийн үхлийн тухай Зарлагдсан үхлийн товчоон романы уншигчаас асуух асуултууд, уншигч абугай колумб, монгол, америк, хятад, европ, орос, англи ер хэн байхаас үл хамааран, өнөөдөр ч анх бичигдсэн он жилүүдийнхээ нэгэн адилаар хүчин төгөлдөр хэвээр байна. Энэхүү романаараа Маркес биднээс юу асууна вэ? Бидний дунд аллага үйлдэгдэж байхад, үүнийг мэдсэн хэр нь ямар ч сэргийлэх арга хэмжээ аваагүй хүн бүр энэ аллагын төлөө хариуцлага хүлээх учиртай юу? Шударга бус явдал гаарч, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, хэвийн үзэгдэл гэж тооцогдоход бидний соёлын хэм хэмжээ, зан заншил ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

“Хэрхэн”, “яагаад” гэсэн хоёр асуултад төвлөрснөөрөө энэхүү роман зохиолчийн маань хамгаас алдартай “Зуун жилийн ганцаардал” романыг өөрийн эрхгүй сануулна. Гэхдээ Маркесийн “том”, “жижиг” хоёр сор бүтээлийн адил төстэй чанар үүгээр дуусахгүй. Зуун жилийн ганцаардал романдаа Маркес тоо томшгүй олон туслах дүрийг цөөн хэдхэн өгүүлбэрээр дүрсэлдэг хэдий ч эдгээр дүр уншигчдад санаанд буумаар үнэмшилтэй санагддаг. Энэ романы тухайд ч ялгаагүй, жижиг дүрүүдийн аль нь ч “хоёр хэмжээст”, өнгөц, үнэмшилгүй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй. Түүнчлэн Маркесийн өвөрмөц егөөдөл, шавхагдашгүй уран зөгнөл, утга төгөлдөр хүүрнэл, өөр өөр цаг хугацааг өөр хооронд нь сүлэлдүүлэх гайхалтай чадвар ч энэ зохиолд мөн адил тод тусжээ. Тиймээс Зуун жилийн ганцаардал романыг таалан уншсан аливаа эрхэмд энэ роман ч мөн таалагдах нь дамжиггүй.

Гэхдээ Зуун жилийн ганцаардал романыг “таалаагүй” уншигчийн хувьд ч Зарлагдсан үхлийн товчоон романыг унших хэд хэдэн шалтгаан бий. Зуун жилийн ганцаардал роман Макондо тосгоны түүхийг хэдэн үеэр дамжуулан хүүрнэдэг. Харин Зарлагдсан үхлийн товчоон романы тухайд, Карибын тэнгисийн эрэг дээрх нэгэн тосгоны түүхийг хэдхэн өдөрт багтаан өгүүлжээ. Габриель Гарсиа Маркесийн романууд хувь хүмүүсийн түүхийг төдийгүй, бүхэл бүтэн нийгмийн түүхийг өгүүлдэг онцлог энэ зохиолд мөн давтагджээ. Давтахдаа тэр огт өөр арга барил, хахь ондоо түүх, үг өгүүлбэр ашигласан нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ.

Зохиолын үйл явдлын талаар цухас дурдвал, Байардо Сан Роман хэмээх нууцлаг, тун баян залуу эрхэм тосгонд хүрэлцэн ирнэ. Тэрээр эхнэр хайж яваа ажээ. Тосгонд хэсэг хугацаа өнгөрүүлсний дараа, залуу эр сүсэг бишрэлтэй, нэр хүндтэй, үнэнч шударга гэж тосгондоо танигдсан нэгэн айлын Анхела Викарио хэмээх хөөрхөн охинд гэрлэх санал тавина. Хуримын өдрийг товлосны дараа элбэг хангалуун найр наадам хэдэн хоногоор үргэлжилж, тосгон даяар баярлаж цэнгэжээ. Гэтэл хуримын шөнө Байардо Сан Роман сүйт бүсгүй нь онгон биш гэдгийг мэдээд, бүсгүйг төрхөмд нь буцаах нь тэр. Хуримын шөнөө авааль нөхөртөө гологдон гэртээ харьсан залуу эхнэрийг эх нь аймшигтай зодож, охин дүүтэй нь унтаж ариун биеийг нь “бузарласан” тэрхүү эрийг хоёр ихэр ах нь болох Педро, Пабло нар эрж хайн, олмогцоо хөнөөж, гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхээр шийднэ. Тэр өөдгүй эр чухам хэн бэ гэдгийг охиноос асуухад, охин “Сантьяго Насар” хэмээн хариулдаг. 

Охин үнэнийг хэлэв үү, эсвэл ингэж хариулснаараа хэргийн жинхэнэ эзнийг хаацайлав уу? гэдгийг бид олж мэдэж чадахгүй. Харин романы эхний хэдэн хуудаснаас аллага хэрхэн болсныг, түүнчлэн хэн ч үүнийг зогсоох гэж оролдоогүйг олж мэднэ. Яг л Маркес бичиж баймаар хүүрнэл биш гэж үү? “Юу” гэдгээс илүүтэй, “яаж” гэдгийг сонирхох нь чухам Маркесийн бичлэгийн гол онцлог гэлтэй. Аллага болсон эсэх нь ч биш, аллагыг хэн үйлдсэн нь ч биш, харин аллага хэрхэн үйлдэгдсэнд, түүнчлэн ихэр ахан дүүс тэрхүү эрийг олж хөнөөнө гэж ил тод зарласаар атал яагаад хэн ч үүнээс нь сэргийлээгүй вэ гэдэгт асуудлын мөн чанар оршино.

Монсудар Утга зохиол цувралаар “Зарлагдсан үхлийн товчоон” номын өмнө Австрийн зохиолч Стефан Цвейгийн "Шатрын тууж" номыг уншигчдадаа хүргэсэн билээ. 

Номын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж, авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
26
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.