Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

“ГОВИЙН ДОМОГ” киноны рэвью | Tegshee's Movie Corner

"Говийн домог" киноны тухай


Одны үнэлгээ: 3.8/5

“Говийн домог” киноны үлгэр хүүрнэх мэт эхлэлээс л уран бүтээлчид монгол туульсын кино хийхийг зорьсон нь илт байв.  Голдуу домог эсвэл түүхэн үйл явдлаар зохиомжилж, түүнтэйгээ уялдуулсан нүсэр зураг авалтын талбай, дизайн, хувцас хэрэглэл, сүрлэг хөгжим, том төсөв зэрэг нь энэ төрөл жанрын киноны ялгах тэмдэг гэж болно. Говийн домог кинонд үндсэн өгүүлэмж нь морин хуурын домог, тэрхүү домгийг амилуулах морин хуурын аялгуу, он цаг нь үл мэдэгдэх домгийн шинжтэй хаант улс зэргээр туульсын киноны сонгодог шахуу бэлдэц сууриуд бүрдсэн байв.

Хан хуурчдын удам л хаан ширээнд суудаг хатуу ёсыг зөрчиж Иглэр хэмээгч улсын эзэн болж, өөрийн удмын хаан ширээ залгамжлах ёсыг дархлахын тулд “яруу эгшиглэн” буюу морин хуурын эгшиг аялгуу, дуу хуурыг хорьж, хоригийг зөрчсөн бүхнийг өчиггүй цаазалдаг ёс тогтоосноос домог эхэлнэ. Иглэр хаан Эсэргэнэ хэмээх их хатантай ч хаан ширээг нь залгамжлах үр хүүхэд заяасангүй. Иглэр хааны итгэлт түшмэл Юмлаа нэгэн аймгийн эрэлхэг, үзэсгэлэнт гүнж Эгээрлийг ордонд авчирснаар домог цааш өрнөнө...

Өрнөлийн эхлэл ордонд ирснийхээ хойно “Мандухай сэцэн хатны” тангаргийн шүлгийг санагдуулам эрс андгай өөртөө өргөж “домог болъё, дууль болъё” хэмээн гуйвашгүй шийдэж, удам залгуулах үртэй болохын төлөөнөө өөрийг нь хүчээр богтлон хуримлах гэсэн Иглэр хааны өмнөөс “Таалсан тэнгэрийн тань эсрэг тасын дэвэлт, шонхорын зориг болон шунгаж чадах угтын удам, сүүтийн унага гэдгээ харуулсуу би” хэмээн сөргөж буй Эгээрэл гүнж, түүний эрс зоригт тэнцэхүйц үйл явдлын нарийн ээдрээ, сорилтыг үзэгчид тэсгэлгүй хүлээхүйц хурц, сонирхолтой байсан бол киноны цаашдын үйл явдал, эргэлт эл хүлээлтэнд хүрэхгүй энгийн, хялбар өрнөсөн нь гонсоймоор байв. Юутай ч Эгээрэл гүнж хорин жил зангидсан өш хонзонгоо “яруу эгшиглэн”-г мөхөөхгүй гэсэн холч санаагаар хялбар сольсон Эсэргэнэ хатны тусламжтайгаар бүхэнд үзэн ядагдсан Иглэр хаантай амь нэг болон шившүүлсэн хан хуурчийн сүүлчийн удам Хөгөлжиргөн хуурчтай хамт ордноос оргож дөнгөнө.

“Говийн домог” эхлэхээс л үзэгчдийн анхаарлыг гойд татсан нь ордны нүсэр зураглал, хаад хатдын тансаг хувцас хэрэглэл байв. Мөн киноны уран яруу үг хэллэг, диалог домгийн шинжтэй өгүүлэмжид нь сайхан таарсан нь олзуурхууштай.

Харин “Салхи исгэрч уулс хүнгэнээд, гол ус хариглан гогцоорч навч намиа сэржигнэн уянгалахыг бас жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг, Гангын халуунд нарны алтан илтэс газарт шаргин буухыг зүрх сэтгэлээрээ мэдрэн баясахын тулд чи амьд явах ёстой” гэх урт, яруу диалогийг Хөгөлжиргөн хуурчийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Амгаланбаатар нэг л үнэмшилгүй, гогцооруулж хэлээд байв. Киноны бус уран зохиолын дүрслэл гэмээр ийм үг хэллэгийг залуу жүжигчин өөриймшүүлж, ойлгож өгүүлэхэд бэрх байсан биз.

Эгээрэл гүнж, Хөгөлжиргөн хуурч хоёр ордноос гарч зугатсанаас эхлээд хэрмэн цав, ёлын ам, хонгорын элс зэрэг говийн үзэсгэлэнт байгальд зураг авсан дүрслэлүүд эрхгүй хараа булааж байв.

Домог цааш үргэлжилсээр, хэд хэдэн чухал эргэлт, урвалт хөрвөөлтийг туулсаар төгсгөлдөө хүрэхэд киноны үндсэн шугамыг хөтөлж байсан “яруу эгшиглэн”, хөг аялгуу ахин дуурсаж Иглэр хаан өөрөө хуурдан буй нь тун сэтгэл хөдлөм байв. Харин ийн сэтгэл хөдөлж амжаагүй байтал үхсэн бүх дүрүүд амилан босон ирж байгаа нь тун хачирхам, “киноны бус” шийдэл байлаа.

“Говийн домог” кинонд хөгжмийг үндсэн өгүүлэмжтэй эн зэрэгцэхүйц шахуу чухлаар гаргаж тавьжээ. Хөгөлжиргөн хуурч дан ганц морин хуур дарж байхад хэд хэдэн хөгжмийн хоршил болсон найруулгатай ая явсан зэрэг зарим газар хөгжим хэт илүүдсэнийг эс тооцвол үзэгчдийн сэтгэл хөдлөлийг үйл явдал, өгүүлэмжээс гадна киноны хөгжим удирдан залж байв.

Жүжигчдийн тоглолтын хувьд Эгээрэл гүнжийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Замилан хэн бүхний анхаарлыг эрхгүй татсан биз ээ. Анхны киногоо ийм гялалзсан амжилтаар эхлүүлж буй түүнд цаашид сайн жүжигчин болох хангалттай авьяас, нөөц бололцоо байх шиг санагдана. Нэгэнт ийм эхлэлийг тавьсан залуу жүжигчний хувьд хойшдын сонголтуудаас жүжигчнийх нь замналын нэлээд хувь хамаарах болов уу. Тувагийн нэрт жүжигчин Эдуард Ондар Иглэр хааны дүрд тун сайхан тохирсон байв. Харин Юмлаа түшмэлийн дүрд жүжигчин С.Лхагвасүрэнг сонгосон нь тун эрсдэлтэй шийдэл. Хошин, инээдмийн дүрийг чадамгай бүтээдэг жүжигчин Лхагвасүрэн, түүний нарийн, жонгинуур хоолой, жүжиглэх хэв маяг домог туульсын шинжтэй киноны уур амьсгалд авцалдаагүй, жолдсон нь илт байв. Тиймдээ ч Юмлаа түшмэлийн сэлэм бариад тулалдах зэрэг сүрлэг, нухацтай хэсгүүд дээр үзэгчид өөрийн эрхгүй инээгээд байх шиг болсон.

Бичвэр эхлэхэд дурдсанчлан “Говийн домог” кинонд морин хуурын домог, түүнээ амилуулах муугүй сайн хөгжим, домгийн шинжтэй хаант улс, киноны уур амьсгалын чухал бүрдүүлбэр болсон сайтар урласан тансаг хувцас хэрэглэл, ордон харш, хаан ширээний төлөөх тэмцэл, дотоодын кинонд ховор үзэгддэг олон хүнтэй нүсэр тулаан, хараа булаам говийн үзэсгэлэнт байгаль, хайр дурлал гэхчлэн сонгодог туульсийн киноны бүхий л орц найрлага бүрдсэн боловч энэхүү орц найрлагыг кино болгон амилуулах кино найруулагч, киноны амин сүнс л дутуудав бололтой. Тиймдээ ч “Говийн домог” дотоодын кино урлагт цөөнгүй дэвшлийг авчирсан боловч бүхэлдээ туульсын уран сайхны кино бус теле жүжиг шинжтэй болсон нь харамсалтай. Ер дан ганц найруулагч гэлтгүй, зураглаач зэрэг кино хэмээх дүрслэлийн урлагийн гол яс нурууг барьж байдаг уран бүтээлчид нь телевизийн хүмүүс байснаас “Говийн домог” кино туульсын хэмээх сүрлэг төрөл жанр, харьцангуй том төсөлдөө таараагүй теле жүжиг шинжтэй жол болсон нь кино болоод телевиз гэдэг өөр өөрийн хэлэмжтэй нарийн ялгаа заагтай урлаг гэдгийг гэрчлэх шиг болов. Гэхдээ дэлхийн кино урлагтай харьцуулахад даанч халагламаар хол хоцорсон манай дотоодын кино урлагийг энэ мэт далайцтай оролдлого кино хэмээх сүрдэм, нийлмэл урлагийн аль нэг шат дамжлага, гүйцэтгэл болгон дээр зугуухан урагшлуулж сайжруулж л байгаа нь эргэлзээгүй учир түүнд л олзуурхнам.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.