Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сургууль, мэргэжлээ сонгохдоо анхаарах 10 чухал зөвлөгөө

Сэтгэлийн зөвлөгөө.


Хүүхэд болгонд мэргэжил сонголт, сургуульд орох гээд том асуудлууд тулгардаг. Энэ бол зүгээр нэг асуудал биш маш ТОМ асуудал шүү дээ. Би ч бас өөрөө энэ бүхнийг туулсан хүний хувьд ямар зүйлс хамгийн чухал байдаг талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. 10 зөвлөгөөг хүлээн авна уу.

1. Сонирхож байгаа мэргэжлүүдээ жагсааж бичээд сайтар судлах

Таны толгойд хэд хэдэн сонголт эргэлдэж байгаа байх. Инженер болох уу, эдийн засагч болох уу, багш болох уу гэдэг ч юм уу. Хэрэв тийм бол сонирхож буй, хийхийг хүсэж байгаа ажлуудаа жагсаан бич. Тэгээд хажууд нь харин өөрийн хамгийн их хийх дуртай, чөлөө зав гарвал л барьж авдаг зүйлээ жагсаан бич. Чөлөөт цагаараа та магадгүй зурах, ямар нэг зүйлийн загвар гаргах дуртай байж болох юм. Ингээд л сайтар судалж, мэргэжил бүрийн давуу тал, сул талуудыг сайтар мэдэж авбал, мөн өөрийн хүсэж буй зүйл тэр мэргэжилтэй холбоотой байна уу гэдгийг мэдсэнээр сонголт хийхэд илүү амар байх болно.

2. Зорилгоо тодорхойлох

Та хэдэн жилийн дараа гэхэд ямар амжилтад хүрсэн баймаар байна? Ер нь энэ мэргэжлийг яг яах гэж сонгох гээд байна вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Таны зорилго, хамгийн ихээр хүсэж буй зүйл юу болохыг ойлгох нь танд хамгийн чухал.

3. Сургууль сонгоход хамгийн чухал нь тухайн сургуулийн хичээлийн хөтөлбөр болон орчин

Сонирхож байгаа сургууль тань юугаараа алдартай гэдгийг эхлээд сонирхоорой. Гадаад хэлний анги нь маш чанартай юу, дадлага, туршлага олж авах боломжтой эсвэл гадаадад сурах боломж байдаг уу гэх мэт. Ямар нэгэн хөтөлбөрт хамрагдах боломж өгдөг байж ч болох. Зарим сургуулийн нэрийг дурссан даруйд л толгойд шууд аан энэ сургууль чинь технологийн чиглэлд сайн гэх мэт бодол орж ирдэг шүү дээ. Тиймээс аль чиглэлээр олон төрлийн сонирхолтой хичээл үзэх боломжтойг анхаараарай. Бас мэдээж сургуулийн байршил, орчин, анги танхим, хэрэглэгдэхүүн, заал талбай. Сурахад хэрэгтэй бүх зүйл л тэнд байх ёстой.

4. Багш, удирдлага

Багшаас их зүйл шалтгаална шүү. Зарим хүмүүс энэ тэндхийн сургуулийн багшийг нь харж байгаад л сонгодог гэж байгаа юм. Удирдлагууд нь хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байна, санал гомдлыг яаж хүлээн авч байна гэдэг ч чухал. Багшийн заах арга барил хүүхдийг тухайн хичээлд дуртай болохоос эхлээд үзэн ядахад хүртэл нөлөөлөх хүчтэй.

5. Дадлага дээр суурилсан мэдлэг олж авах боломж байгаа эсэхийг нягтлах

Орчин үед сургуулиуд дадлага гэх зүйлийг маш чухалчлах болсон. Та багшийн мэргэжлээр суралцахаар боллоо гэхэд хүүхдүүдэд нэг ч удаа хичээл зааж үзэлгүй төгсөөд гарч болохгүй шүү дээ. Сургуулийн зүгээс байнгын сонирхолтой байдлаар хичээлээ явуулахад туслах хэрэглэгдэхүүн, цаг гаргаж өгдөг бол тун сайн. Мөн дадлага хийж, янз бүрийн тэмцээн, уулзалт, хуралд оролцох боломж, гадаад руу солилцоогоор явах замыг нээж өгөх гэх мэт олон зүйл дээр тусалдаг бол нэн сайн. Дашрамд дуулгахад; Хэрэв та гадаадын их дээд сургуульд суралцах бодолтой байгаа бол " Эмпати" сургууль бүрэн тэтгэлэгтэйгээр Солонгост суралцаад зогсохгүй, 4 сая вонтой тэнцэх хэмжээний стипенд авах боломжийг хичээнгүй, зорилготой сурагч болгонд олгодог юм байна шүү.

6. Бусдаас асуух

Бүх зүйлийг асуух шаардлагагүй. Гол нь хүмүүс таныг ирээдүйд хэн болсон байгаагаар төсөөлж байгааг асуух. Тэд магадгүй таны өөрөө ч мэдээгүй байгаа тийм чадварыг тань хэдийн олж харсан байгаа. Та өөрийгөө бусдын өмнө тааруухан ярьдаг гэж бодож байтал хүмүүс таныг маш цэгцтэй ярьдаг гэдгийг анзаарсан байж болно шүү дээ. Бас зөвхөн давуу тал гэлтгүй дутагдлуудаа ч асуугаад авч болно. Гэр бүлийнхэнтэйгээ илэн далангүй ярилцах нь маш чухал нөлөөтэйгөөс гадна найзуудынхаа саналыг сонсоод, өөрийнхтэйгөө харьцуулаад үзээрэй.

7.  Сонгосон мэргэжил тань ирээдүйд хэр эрэлттэй байхыг тооцоолох

Жил болгон хэдэн мянган хүүхэд таны сонирхож буй мэргэжлээр төгсөж буй. Нэг бол та ажлын байр элбэг байна гэдэг баталгаанд найдаж болно. Эсвэл та өөрийн бусдаас хавьгүй илүү чадвартаа найдаж болно. Аль нь ч байлаа гэсэн та хэр эрэлттэй ажилтан болж төгсөхөө түрүүнд бодоорой. Хэдэн жилийн дараа гэхэд дэлхийд ямар зүйл хамгийн эрэлттэй байж, түүнд мэргэжилтэн дутагдах бол гэдгийг анзаарч харах хэрэгтэй.

8. Цалин нэмэгдэх болон өсч дэвших боломж бий эсэхийг анхаарах

Мэдээж хүн бүрд цалин маш чухал. Карьераа улам өсгөх боломж байгаа эсэхийг та хайгаад үзээрэй. Албан тушаал дэвшиж, илүү том зүйл хариуцан авах боломж ирнэ гэдэг мэдээж хүн бүрийн хувьд амжилтын эхлэл байдаг шүү дээ.

9. Сонирхож буй сургуульд тань суралцдаг, суралцаж байсан хүнийг олж, ярилцах

Олон нийтийн сүлжээ гэх зүйл бидний харилцах хамгийн өргөн зам болсон. Интернетээр дамжуулан та тухайн сургуульд сурч байсан хүнийг олох амархан бөгөөд санаа зоволгүй зөвлөгөө, мэдээлэл авах гээд зорьж үзээрэй. Тэд өөрсдөө суралцаж байгаа, байсан хүний хувьд хамгийн үнэтэй бас бодит зөвлөгөөнүүдийг өгөх болно.

10. Хамгийн гол нь та энэ мэргэжилдээ сэтгэл хангалуун байх эсэх

Дээрх бүхнийг уншаад та дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасан байх. Гэхдээ та тэр бүх бодлоо хоромхон зуур хойш тавиад яг одоо сэтгэлээ сонс доо? Та тэр мэргэжлээрээ ажиллавал үнэхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байх уу? Хааяа даа бүтэлгүйтэх өдрүүд олон тохионо. Заримдаа шантарч, бүхнийг орхимоор санагдана. Гэхдээ тэр бүхнээс илүүтэй та юуг ч үл тоон дуртай зүйлээ хийх тийм их эрч хүчтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол асуулт. Зөвхөн өөртөө тавих асуулт. Та сонгосон мэргэжилдээ хайртай юу? Үүнд хариулж чадсан цагт таныг зогсоох юу ч байхгүй болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Акжулдыз 2019.11.03 66.181.161.31

сайн байна уу надад таны энэ зөвлөгөө маш их таалагдлаа таньд маш их баярлалаа

0 Хариулах