Хайх зүйлээ бичнэ үү

Бусаны Үндэсний их сургуулийн Интерьер, хүрээлэн буй орчны дизайны сургуулийн профессор, дэд захирал Ким Дун Шигтай ярилцлаа.

Бусаны Үндэсний их сургуулийн Интерьер, хүрээлэн буй орчны дизайны сургуулийн профессор, дэд захирал Ким Дун Шигтай ярилцлаа. Тэрбээр Бусаны Үндэсний их сургуулийн таван хүний бүрэлдэхүүнтэй багийг ахлан Монголд ирж, “Эмпати” сургуулийн төгсөх ангийн сурагчдаас шалгалт авч, их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм. 


-Та бүхнийг Монголд маш том зорилго өвөрлөн ирснийг дууллаа. Монголд зорьж ирсэн нийт багийн гишүүд болон Бусаны Үндэсний их сургуулийнхаа тухай мэдээллээр ярилцлагаа эхэлье. 

-Тийм ээ. Бид бүхэн чухал зорилгоор сургуулиа төлөөлөн Монголд ирсэн. Бусаны Үндэсний их сургуулийн нано шинжлэх ухааны факултетийн таван профессор, багш нарын бүрэлдэхүүн “Эмпати” сургуульд ирж, төгсөх ангийн сурагчдаас шалгалт авч байна.

Манай Бусаны их сургууль 1946 онд байгуулагдсан цагаасаа хойш 72 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын их сургууль юм. Бусан хот бол Өмнөд Солонгосын хоёр дахь том хот. Солонгост нийтдээ 72 их сургууль байдгаас Бусаны их сургууль хамгийн шилдэгт тооцогддог. 

Манай их сургууль 14 коллежтой, 103 чиглэлээр бакалавр, 87 чиглэлээр магистр, 84 чиглэлээр докторын зэрэг олгодог. Ойролцоогоор 26 мянган оюутантай, 1300 профессор, доктортой, 8 мянган илтгэгч багш, 700 бичиг хэргийн ажилтантай.   Үүнээс гадна манай их сургууль “Busan”, “Ami”, “Yangsan”, “Miryang” гэсэн дөврөн сургалтын кампустай. Голлох кампус маань “Busan” бол бусад гурван кампус маань өөр өөр газруудад байршдаг л даа. “Ami” кампус гэхэд анагаахын чиглэлийнх юм. Тухайлбал, анагаахын шинжлэх ухааны шинэ соргог судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг ажлууд тэнд өрнөдөг. Хамгийн чухал нь манай сургууль оюутнууддаа мэдлэг боловсрол эзэмшүүлээд зогсохгүй нийгмийн идэвхтэй, олон төрлийн авьяас чадвартай хүн болгоход анхаарлаа хандуулдаг. 

-Шилдэг сурагчдыг Бусаны Үндэсний их сургуульд тэтгэлгээр сургах юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

-Бусаны Үндэсний их сургууль дэлхийд танигдсан, нэр хүндтэй сургууль. Тиймээс бид нар сургуульдаа хамгийн шилдэг сурагчдыг элсүүлэхийг эрмэлздэг. “Эмпати” сургуулиас бид бүхэн гурав дахь жилдээ оюутан элсүүлэхээр шалгалт авч байна. Шалгалтын коммист би анх удаа багтан, ирж байгаа минь энэ. Тэнд сурч байгаа монгол оюутнуудын дүнгийн үзүүлэлт, зүтгэл чармайлттай байдал нь бидний анхаарлыг ихэд татсан. Тийм болохоор энэ жил олон хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирж илүү олон хүүхэдтэй уулзаж, тэдэнд боломж олгох хүсэлтэй байна. Улсдаа тэргүүлдэг сургалтын чанараа хадгалж үлдэхийн тулд төдийгүй олон улсад өрсөлдөх чансаагаа нэмэгдүүлэх, сургалтын чанараа таниулахад оюутнуудын оролцоо их нөлөөлдөг. Бид ч сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээ авдаг. Мөн сурлага сайтай боловч сургалтын төлбөрөө төлөх боломж тааруу хүүхдүүдэд тэтгэлэг олгодог. Түүнчлэн зөвхөн шилдэг хүүхдүүдийг сонгох биш нийгмийн халамж шаардлагатай, боломж олгох хэрэгцээтэй оюутнуудад ч мэдлэг боловсрол эзэмшүүлдэг.  

-Монголоос гадна ямар улсын оюутнуудад тэтгэлэг олгодог вэ. Монголоос энэ жил хэдэн оюутныг тэтгэлэгээр сургах төлөвлөгөөтэй байгаа вэ? 

-2017-2018 оны хичээлийн жилд 12 оюутанд  сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгохоос гадна жилд 4.0 сая воны стипенд олгосон байгаа. Энэ жил 50 оюутанд тэтгэлэг олгож, элсүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголоос гадна Хятад, Энэтхэг, Казахстан зэрэг олон орны оюутнуудад тэтгэлэг олгодог. Ерөнхийдөө манай сургууль 53 орны 453 хамтрагч түнштэйгээр ажиллаж байна.

-Танай сургууль тэтгэлэгтэй оюутнууддаа ямар шаардлага тавьдаг вэ?

-Ер нь шалгалтад тэнцсэн ахлах ангийн сурагчдад их сургуульд элсэхэд нь эхний семистерийн тэтгэлэг олгодог. Үүний дараа хоёр дахь семистерээс “academic performance” буюу академик чадвар, үзүүлэлт зэрэг оюутны амжилтаас хамаарч тэтгэлгийн хэмжээнд хувь тогтоогдоно. Гуравдугаарт солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болох TOPIK-ийн оноог чухалчлан үздэг. Тэтгэлэг хэдэн хувиар олгогдох нь тухайн оюутны сурлагын дүнгээс ихээхэн хамаардаг л даа. Оюутнууд тэтгэлгээр сурахаас гадна стипенд авдаг.

-Монголд улсын болоод хувийн ахлах сургууль олон бий. Яагаад зөвхөн “Эмпати” сургуулийг сонгож, тэтгэлэг олгохоор болсон юм бэ? 

-Бид бүхэн мэдээж Монголд ахлах сургуулиуд нь ямар үзүүлэлттэй байдгийг мэдэхгүй учраас анх Монголын БСШУСЯ-наас асууж, хүсэлт илгээсэн. Үүний дагуу яамнаас “Эмпати” сургуулиудыг санал болгосон учраас бид шалгуурын дагуу хянаж үзээд сонгосон. Манай сургуульд тэтгэлэгтэй суралцаж байгаа Эмпати сургуулийн төгсөгчдийн  сургалтын дүн болон суралцах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлд бид сэтгэл ханамжтай байгаа тул тэтгэлэгт оюутны тоог 50 хүртэл өсгөсөн юм. Эмпати сургуулийг төгссөн оюутнууд маань сургуулийнхаа шилдэг оюутнууд болж байгаа.

-Та бүхэн энэхүү төслөө цаашид үргэлжлүүлж, “Эмпати” сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө бий юү?

-Одоо суралцаж байгаа оюутнуудын сурлагын чанарт сэтгэл хангалуун байгаа учраас цаашдаа ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Оюутнуудын сурлагын үзүүлэлт, дүн өндөр байгаа тохиолдолд энэ төслөө үргэлжлүүлж яагаад болохгүй гэж. 

-Та мэдээж олон орны оюутнуудад хичээл заадаг байх. Монгол оюутнуудын суралцах арга барил бусад орны оюутнуудтай харьцуулахад өөр байдаг уу. Онцлог зүйл ажиглагддаг уу? 

-Ерөнхийдөө нийт олон улсын оюутнуудтай харьцуулахад монголчууд арай өөр байдаг. Ялангуяа манай их сургуулийн монгол оюутнууд шилдэгт ордог шүү. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
13
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.