Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Сувилагч робот биш хүн"

Өнөөдөр 8000 гаруй эмч, сувилагч нар эрхийнхээ төлөө жагслаа. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд таван шаардлага хүргүүлж байгаа юм.


Өнөөдөр эмч, сувилагч нар УДЭТ-аас Эрүүл мэндийн яам хүртэл жагслаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсаалд нийт эмнэлгийн ажилчдыг төлөөлж 21 аймгийн 8000 гаруй эмч, сувилагч оролцсон гэлээ. Үүнээс орон нутгаас нийт 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд ирж оролцжээ. 

Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл болон бусад албан тушаалтанд  таван шаардлага хүргүүлж, гурав хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд ажил хаяна гэлээ. Жагсаалд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе. 

Халдварт өвчин судлалын төвийн Олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн сувилагч

Сүрьеэгийн тасгийн ажилчдын ачаалал их байдаг. Бүх ажилчид тэр дундаа сувилагч, асрагч нар бол өвчтөнтэй шөнийн ээлжинд хоноход 17 цагийн  турш хамгаалах масктай ажилладаг. Маск зүүж хэт олон цаг ажиллах нь эрүүл мэндэд маш муу.

Тэтгэвэртээ гарсан хүн ч хүчилтөрөгчийн дутагдал гэсэн оноштойгоор маск зүүвэл толгой өвдөж, ухаан алддаг болсон. Тэр байтугай олон эмийн дасалтай сүрьеэгээр нэг эмч өвдөж нас барсан тохиолдол ч бий. Одоо  сувилагч нар өвдөж  эхэлсэн. Би 30 жил эмнэлгийн байгууллагад ажиллаж байна. Олон эмийн дасалт сүрьеэгийн тасагт ажилладаг. Би байнга л өвдчихвий гэсэн айдас  дунд амьдардаг.

Ингээд бид  өөрсдөө хохироод үлдэж байгаа болохоос бидний өмнөөс хэн ч, юу ч хэлэхгүй байна.  Бидний  ажлын байртай танилцдаж, ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэдэх хүн байдаггүй. Сүрьеэ гэхээр л хүн бүр зугтаад явчихдаг. Өөрсдөө ирж, бидний ажлын ачаалал, энэ ажлын нөхцөлийг судалж үзвэл  бас арай нааштай хандана гэж бодож байна.  Бидний төлөө хэн ч дуугарахгүй, эмч нар маск зүүгээд аравхан минутын хугацаанд ороод өвчтөнөө үзээд гардаг. Эмч нар ч бидний энэ ажлыг ойлгохгүй. Эмч нар шөнө 17 цаг жижүүртэй үед хоол иддэг бол асрагч, сувилагч нарт ямар ч хоол байхгүй. Бид нар  өнөөдөр гараад ганц хоол аваад идэх мөнгө байхгүй учраас  гүрийгээд л ус уугаад суудаг. Ийм л амьдралтай байна. Эмнэлэг эмнэлгийн ажилчид бараг 100 хувь цалингийн зээлтэй.

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн дарга М.Алтантуул 

Манай Хэнтий аймгаас 13 төлөөлөгч ирж оролцож байна. Сувилагч нарын ачаалал их, цалингийн хэмжээ бага. Цалин муу байгаагаас сувилагчаар ажиллах хүний тоо эрс буурчихсан байна.  Орон тоо дутуу байдгаас  олон ажлыг зэрэг гүйцэтгэх тохиолдол их байдаг.  Бүтэн сар ээлжээр ажиллаад 400-500 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Амьдралд нь хаана ч хүрэхгүй байна. Манай Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 320 гаруй хүн ажилладаг.  Үүнээс 60 эмч, 60 үйлчлэгч, 200 орчим сувилагч тусгай мэргэжилтнүүд байна. Ихэнх нь Солонгост ажиллахаар явдаг. Зөвхөн манай тасгаас 6 сувилагчийн 4 нь Солонгос улсад ажиллахаар явсан байна. Цалин нь ахуйд хүрэлцэхгүй  болохоор бүгд л ажиллаасаа гараад явахаар болдог.  

 

 

 

 

 

 

Булган аймгийн үйлдвэрчний хорооны дарга Б.Шижирбат

Би эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллаж байна. Манайд шүүгчийн цалин зургаан сая төгрөг байхад сувилагчийн цалин 300-400 мянган төгрөг. Үндсэндээ шүүгчийн нэг өдрийн цалин л манай сувилагчдын сарын цалин болдог.  Ийм хүнд байдлыг бид яаж давах вэ? Мөнхийн 24 цаг үргэлж өвчтэй хүнийг асарч сувилдаг. Тиймээс энэ цалингийн хэмжээ,  цаг наргүй ажилтай тохирохгүй байна шүү дээ.

Хүмүүс тэсэхээ байлаа. Манай Булган аймагт  800 гаруй эмч, эмнэлгийн ажилчид байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг 240 хүний төлөөлөл 14 хүн оролцож байна. Цалин хөлс  50 хувь нэмэх, сувилагчийг төрөөс дэмжих тухай шаардлагыг илүүтэй дэмжиж байна. 24 цагаар л ажилладаг хүмүүс гэвэл манай эрүүл мэндийн салбарынхан л байна. Зундаа төрийн алба, захиргаа, шүүх, хяналт гээд л бүгд амардаг.  Тэгэхэд эмч, сувилагчид  24 цаг ажиллаж байдаг. Баяр ёслол болсон ч бид л 24 цаг ажилладаг. Тэгтэл энэ хүмүүсийг огт хэрэгсэж үздэггүй.

Монгол хүний алтан амийг хамгаалахын төлөө цаг наргүй зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан сувилагч нарын цалинг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан 50 хувиар нэмэх. Сувилагчийн боловсрол, хүний нөөцийн бодлогод төрөөс анхаарахгүй бол хүний нөөцийн хомсдол үүсч байна. Мөн өрхийн эмч эмнэлгийн ажилтны цалинг нэмэгдүүлэх илүү цагийн хөлсийг нөхөж олгох гэх мэт таван шаардлагыг хүргүүлж байна. Энэ шаардлагад гурван хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд ажил хаялт хийнэ гэж Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны тэргүүн Б.Мягмар хэллээ.

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг 

Гэрэл зургийг: У.Цогтбилэг 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
1 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
3
3 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
санал болгох
1
1 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
19
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.