Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Жендерийн тогтсон хандлагыг эвдэх нь: Эрчүүд ч бас уйлдаг

Сүүлийн 5 жил амиа хорлосон иргэдийн 84% нь эрчүүд байжээ


Миний мэдэхийн хүүхэд байхаас өнөөг хүртэл аав минь нэг л удаа асгарталаа уйлж байсан санагдана. Өвөөг өнгөрсөн гэдгийг мэдээд ийм зүйл болно гэж таамаглаж байсан шиг нэг ч харууслын үг, дусал нулимс унагаагүй аавыгаа хараад би ямар их сэтгэлийн хаттайг нь гайхаж билээ. Харин тэр явдлаас хэдхэн хоногийн дараа хоёр дотны найзтайгаа уулзаж хатуу ус балгаад ирэхдээ л аав маань ханатлаа уйлж авсан юм даг. Одоо эргээд бодох нь ээ аавыгаа алдсан харуусал, гунигийн нулимсаа залгиж хатуу нүүр гарган суусан ааваас минь илүүтэй дотроо онгойтол уйлж, сэтгэл хөдлөлөө ил гаргасан аав минь хүчтэй, хаттай эр хүн байсан юм. Учир нь нулимс бол сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжийн илэрхийлэл болохоос сул доройн шинж тэмдэг биш билээ.

Зургийг Б.Билгүүн

Эхийн хэвлийгээс мэндлэхдээ л бид эр эмгүй нулимс дуслуулан уйлж төрдөг. Гэвч цаг хугацаа өнгөрч, нийгмийн хэв шинжид баригдаж эхэлмэгц эрчүүдийн нулимс татарч, эцэстээ энэ нийгэм тэднийг ямар ч сэтгэл хөдлөлгүй “хад чулуу” болгон хувиргадаг. Тэгвэл эрчүүдийг “хад чулуу” болгоод байгаа энэхүү тогтсон ойлголтууд ямар хор хөнөөлтэй болохыг та урьд өмнө тунгаан бодож байв уу? Хэрэв үгүй бол дараах тоо баримтуудад анхаарал хандуулна уу.

НҮБ-ын Хүн амын сангийн 2017 онд гаргасан “Хол зөрүүтэй дэлхий ертөнц” судалгаанд дурдсанаар дэлхийн дундаж наслалтын хүйсийн зөрүү 4 (эрэгтэй 70, эмэгтэй 74) байгаа бол энэ тоо манай оронд 9 буюу дунджаар эрчүүд эмэгтэйчүүдээс 9 жилийн өмнө хорвоог орхиж байна. Монгол дахь дундаж наслалтын хүйсийн эрс зөрүүтэй байдал, үүний шалтгаан болох эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал, хорт зуршил зэрэг нь бүгд манай нийгэмд оршин буй хор хөнөөлтэй жендерийн тогтсон хандлагаас үүдэлтэй тухай Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Монголын эрчүүдийг “Хорт эршүүд байдал” нь хэрхэн хөнөөж байна вэ? нийтлэлдээ дурджээ. Түүнчлэн Монгол улсын насанд хүрсэн эрчүүдийн 56.1 хувь нь тамхи татдаг, архидалт эрчүүдийн дунд эмэгтэйчүүдийнхээс 2.5 дахин их, 2016 онд эмэгтэйчүүд дунджаар 6 удаа эрүүл мэндийн үзлэгт орж үйлчилгээ авсан байхад эрчүүдийн хувьд энэ тоо ердөө 4.6 гэх эрс ялгаатай тоо баримтуудыг тэрхүү нийтлэлд дурдсан байв. Тэр дундаас өнгөрсөн онуудад амиа хорлосон тохиолдлын дийлэнх нь эрчүүд байсан тухай мэдээлэл ихэд анхаарлыг минь татаж, энэхүү нийтлэлийг бичих эхлэлийг тавьсан билээ.

Эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр буйн гол шалтгаан, жендерт суурилсан хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрчүүд байгаагын гол учир яах аргагүй сэтгэл зүй, жендерийн тогтсон хандлагатай холбогдох нь гарцаагүй. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээллээр өнгөрсөн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл бид эрчүүдийг буруутгахаасаа өмнө яагаад хүчирхийллийг эрчүүд үйлдээд байна, яагаад эрчүүд бусадтай зөв харилцаж чадахгүй байна, яагаад эрчүүд хүчирхийллийг эрх мэдэл, хүч чадал гэж эндүүрээд байгааг бид өөрсдөөсөө асуух нь зүйтэй. “Эрэгтэй хүн юм байж охин шиг уйллаа, гонгинолоо, эр хүн хатуу чанга байх ёстой гэх зэрэг нийгэмд тогтсон бичигдээгүй хуулиуд эргээд эрчүүдийг хүүхэд байхаасаа л мэдрэмжээ илэрхийлэхгүй нуудаг болоход хүргэдэг. Дотроо айдас, эргэлзээтэй хэрнээ гаднаа юу ч болоогүй мэт дүр эсгэж явах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Айсан хүн хүн ална гэдэг үг байдаг шүү дээ” хэмээн “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат ярив. Гэр бүлийн хүчирхийлэл бол зөвхөн айл гэрийн асуудал биш нийгмийн асуудал гэдгийг бид нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Харин одоо энэ асуудал маань жендерийн тогтсон хандлагатай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгох цаг ирээд байна.

Эрчүүдийг анхнаас нь дотоод сэтгэлээ илэрхийлж чаддаг, бусадтай эрүүл зөв харилцдаг болгох зорилгоор 2016 онд охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Хүчирхэг хөвгүүд” хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Тэгвэл тус хөдөлгөөний идэвхтэй хөвгүүд 2017 онд “Хүчирхэг хөвгүүд” бие даасан ТББ-г байгуулаад байгаа юм. Тэд нийт 21 дунд сургууль, 1 мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв дээр “Хүчирхэг хөвгүүд” клубыг байгуулсан бөгөөд өсвөр насны хөвгүүдийг эрүүл, зөв харилцаанд сургах ажлуудыг зохион байгуулж байна. “Охид өөрсдөдөө тохиолдсон асуудал төдийгүй өөр бүхий л сэдвээр найз нөхөдтэйгээ чөлөөтэй ярилцаж чаддаг. Гэтэл хөвгүүд асуудал бэрхшээлээ бусдад ярихаас ичих, дотроо нуух хандлагатай байдаг. Аав маань намайг ингэж хэлсэн, ингэж загнасан гэвэл найзууд нь дооглоно, дээрэлхэнэ. Сэтгэлийн дарамтаа ил гаргаж, бусадтай хуваалцаагүйгээс болж дотроо маш их бухимдал хуримтлуулсаар байдаг. Энэ нь цаашлаад амиа хорлох хүртэл маш олон сөрөг үр дүнд хүргэх аюултай” хэмээн “Хүчирхэг хөвгүүд” ТББ-ын Ерөнхий зохицуулагч А.Нямлхагва ярив.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс өнгөрсөн онд анх удаа “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа” нэртэй томоохон судалгаа хийж, сүүлийн 5 жилд гарсан нийт 2,055 амиа хорлолтын тохиолдлыг шинжилсэн байдаг. Судалгаанаас харвал өнгөрсөн 5 жил амиа хорлосон иргэдийн 1,729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй буюу нийт тохиолдлын 84% нь эрчүүд байжээ.

 
Амиа хорлосон хүмүүсийг хүйсээр ангилсан нь

Судалгааны багийн удирдагч, УПЕГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байгааг эрэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ өндөр, амьдралын буруу хэв маяг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэлзүйн хувьд асуудлаа нээлттэй ярилцаж чаддаггүй зэрэг шалтгаануудтай холбон тайлбарласан байна. Түүнчлэн өнгөрсөн 5 жилд амиа хорлосон иргэдийн дийлэнх нь асуудлаа бусадтай хуваалцдаггүй, дуугүй, зожиг, найз нөхөд цөөтэй, огцом ууртай, ааш зан тогтворгүй байсан нь гэр бүл ба найз нөхдийнх нь мэдүүлгээр тогтоогдсон байна. Тэгэхээр эрчүүд дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлөө хамаагүй илэрхийлдэггүй, илэрхийлсэн нэг нь “хүүхэн шиг” гэх нэр зүүдэг нийгмийн тогтсон хандлага бүр эрдэнэт хүний аминд ч хүрэх аюултайг бид эндээс харж болохоор байна. Үндэсний статистикийн хорооноос энэ онд гаргасан Гадны шалтгаант нас баралтын өнөөгийн байдал судалгаанд “Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь улсын хэмжээнд халдварт бус болон халдварт өвчлөл байгаа хэдий ч гадны шалтгаан, тэр дундаа амиа хорлолт нь өсвөр үеийнхэн ба залуучуудын дунд маш өндөр байна” хэмээн дүгнэжээ.

Дээрд дурдсан сэтгэл өвтгөм тоо баримтууд Монголын нийгэмд тогтсон хандлагууд эрчүүдийг хэрхэн “үгүй хийж” буйг гэрчилж байна. Тэгвэл бид одоо ийм асуудал байгааг мэдсэн хэрнээ чимээгүй нүдээ аниад, чихээ таглаад өнгөрч огт болохгүй. Юуны өмнө бусдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ангилж, жендерээр нь ялгаварлан гадуурхаж, нуруунд нь асар их ачаа үүрүүлдэг тогтсон хандлагаасаа салах шаардлагатай байна. Амиа хорлолтоос сэргийлэх хамгийн зөв арга зам нь сэтгэл зүйн сургалт, үйлчилгээ явуулах гэдгийг ойлгож ухаарсан зарим газрууд аль хэдийн арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнгөрсөн онд өндөр барилгаас үсэрч амиа хорлосон 2 охины хэргийн дараа Эрдэнэт хот тэр аяараа цочирдолд орсон бөгөөд үүний дараа Орхон аймгийн хэмжээнд 8 мэргэжлийн сэтгэл зүйч хамтран “Сэтгэлийн анир” нэртэй сайн дурын төсөл хэрэгжүүлж, бүх дунд сургуулиудын сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бүх нийтийн уулзалт, ганцаарчилсан уулзалт зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаа юм байна.

“Эцэг эхчүүд дийлэнх нь охид маань л болж байвал хөвгүүд ч яахав. Хар бор ажил хийгээд ч болов амьдралаа аваад явчихна гэсэн хандлагатай байдаг. Ингэснээр хөвгүүд эцэг эхчүүдтэйгээ ярилцаж, ойлголцох хувийн орон зайг нь үүсгэж чадахгүй байна. Хүүгийнх нь амь дээсэн дөрөөн дээр байхад хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаггүйгээс болж эмгэнэлтэй асуудал олон гарч байгаа нь харамсалтай” хэмээн “Сэтгэлийн анир” төслийн багийн гишүүн, Эрдэнэт хотын гэр бүлийн сэтгэл зүйч Д.Алтансолонго ярив. Түүнчлэн сэтгэцийн өвчтэй хүнтэй сэтгэл зүйч биш сэтгэцийн эмч ажилладаг. Сэтгэл зүйчтэй уулзана гэхээр бусдаас нууж хаадаг, ичиж зовдог хандлагыг халж, хүн бүрийн амьдралд тохиолддог асуудал, бэрхшээлийг даван туулахдаа бусдаас тусламж авах нь чухал гэдгийг онцолж байлаа.

Хүн бүр дор бүртээ аюултай нийгмийн тогтсон хандлагуудыг эвдэж, “Эр хүн шиг бай” гэдэг асар хортой үгийг үгийн сангаасаа хасаж чадсанаар бид жендерийн ялгаварлан гадуурхалт, түүнээс үүдэлтэй харамсалтай, хортой үр дагавруудыг өөрчилж чадах юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Ким Жон Уныг Монголд урилаа
2
3 цагийн өмнө
Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?
3
4 цагийн өмнө
Coachella 2024-д хүрэлцэн ирсэн оддын төрх
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.