Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

О.Энхцэцэг, Д.Батжаргал, Я.Ариунболд, Н.Тулга нарыг Элчин сайдаар томиллоо

Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилов.


 УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.05.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, нийт найман асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. 

Зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилов

    Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор зөвшилцөхөөр хүргүүлжээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлыг тавдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. 

    Нэр дэвшигч О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны 0З дугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

    Нэр дэвшигч Д.Батжаргал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1989 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 1995 онд Япон Улсын Токиогийн их сургууль, 2002 онд Япон Улсын Васедагийн их сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1989-2002 онд Улсын банкны ерөнхий хороонд програм зохиогч, төслийн удирдагч, эдийн засагч, Зээлийн мэдээллийн сангийн ахлах ажилтан, 2002-2006 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засаг хариуцсан зөвлөх, 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Гадаад бодлогын референт, 2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, 2009-2011 онд Япон Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа эдийн засаг хариуцсан зөвлөх, 2011-2012 онд Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, стратегийн газарт зөвлөх, 2014-2016 онд тус яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2016 оны 08 дугаар сараас Монгол Улсаас Япон Улсад  суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байв. Төрийн албанд 28 жил, дипломат албанд 11 жил тус тус ажилласан.

    Нэр дэвшигч Я.Ариунболд нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 2003 онд Япон Улсын Кюүшү их сургууль, 2005 онд Компьютерийн техник, менежментийн сургуулийг тус тус төгссөн, “Тэргүүн шадар” дипломат цолтой. 1996-2000 онд ГХЯ-ны Консулын газарт атташе, 2000-2002 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд атташе, 2002-2008 онд ГХЯ-ны Консулын газрын дэд захирал, 2008-2011 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга, 2011-2013 онд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод суугаа Ерөнхий консул, 2013-2014 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт зөвлөх, 2014-2016 онд  тус яамны Гадаад сурталчилгаа мэдээллийн газрын дэд захирал, 2016 оны 08 дугаар сараас Консулын газрын захирлаар ажиллаж байв. Төрийн болон дипломат албанд 22 жил тус тус ажилласан.

    Нэр дэвшигч Н.Тулга нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1987 онд Австралийн Холбооны Улсын Монашийн их сургуулийг тус тус төгссөн, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой. 1987-1990 онд ГХЯ-ны Төлөвлөлт, боловсруулалтын хэлтэст туслах ажилтан, 1990-1992 онд Нэгдүгээр хэлтэст атташе, 1992-1995 онд БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1995-1998 ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1999-2000 онд тус яамны Улс төрийн газарт мэргэжилтэн, 2000-2001 онд АНУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, 2001-2005 онд ГХЯ-ны Эрх зуй, консулын газарт зөвлөх, 2005-2008 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, 2008-2009 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт зөвлөх, 2009-2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, 2011-2012 онд Сингапур Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх, 2012 онд ГХЯ-ны Стратеги төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2012 онд Америк, Ойрхи дорнод, Африкийн газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012-2013 онд Олон улсын байгууллагын газарт захирлын үүрэг гүйцэтгэгч, 2013-2017 онд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2017 оны 05 дугаар сараас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн болон дипломатын албанд 29 жил ажиллаж байгаа аж.

    Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва нар асуулт асууж нэр дэвшигчид болон Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргалаас хариулт авсан юм. Түүнчлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Элчид сайд нар суугаа орондоо амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалж, туслахад голлож анхаарах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах, энэ талаар хэрхэн ажилласан байдлаар ажлыг нь үнэлж дүгнэдэг байх зэрэг саналууд гаргаж байв. Мөн гадаад харилцааны тал дээр Монгол Улс нэг цонхны бодлоготой байх ёстой гэдгийн олон гишүүн тэмдэглэн хэлж байсан. Хоёр орны худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх, эрчимтэй ажиллуулах, мөн монголын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг сурталчилж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, Япон Улстай агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх талаар ажил хэрэгч яриа, хэлэлцээ өрнүүлэх, мэргэжилтэй, хариуцлагатай залуу боловсон хүчнийг суугаа орондоо бэлтгэх чиглэлд анхаарч дэмжин ажиллах, хөгжлийн тулгуур болох иж бүрэн судалгааг хийх шаардлагатай зэрэг саналыг гишүүд хэллээ. 

    Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах санал хураалт явуулахад Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 78.7 хувь нь дэмжлээ. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилохыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргалыг томилохыг 90.2, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболдыг томилохыг 90.3, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилохыг 83.6 хувийн саналаар тус тус дэмжив. Иймд энэ тухай УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцож, саналын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Хуралдааны явцад гишүүдээс тодорхой саналууд гарсныг дор бүрнээ анхаарч ажиллана гэж найдаж байна. Та бүхэн тухайн оронд сурч, хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийг анхаарч ажиллах, тэр дундаа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тухайн оронтой гэрээ, хэлэлцээр байгуулах асуудлыг шийдвэрлэх нь гадаадад байгаа монголчуудын хувьд нэн чухал юм. Хоёрдугаарт, суугаа орондоо Монгол Улсыг сурталчлах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж бодит үр дүн гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Гуравдугаарт, худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр гишүүдээс гаргасан олон саналыг анхаарч, тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах хэрэгтэй. Ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн болон аж үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах ямар бололцоо байна вэ гэдийг судлах нь зүйтэй. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэхээр уул уурхайгаар хязгаарлахгүй, уламжлалт аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн эрэл хайгуулыг хийгээрэй. Монгол орны нөхцөлд тохирох, нийцсэн техник, технологи, инновацийг судалж, өөрийн оронд нэвтрүүлж, эдийн засгийн өгөөж гаргах чиглэлээр анхаарал тавьж, идэвхтэй, үр дүнтэй ажиллаарай” хэмээн санууллаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
2
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.