Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Билл Гейтсийн зөвлөсөн “Энэ зун унших ёстой 5 ном”

“Хэдийгээр том зүйл хөндсөн ч энэ номнууд уншихад хялбар, урт нүсэр биш” гэж тэр ярьж байна.


"Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс зуныхаа амралтад хэдийнэ бэлтгээд эхэлжээ. Тэрбээр энэ зун заавал унших ёстой 5 номын жагсаалтыг гаргасан байна.

“Энэ таван номны жагсаалтыг гаргахдаа би зарим нь хүн яаж суутан болдог вэ, яагаад сайн хүмүүст муу зүйл тохиолддог юм бэ гэх мэт том асуудлуудтай холбоотой байгааг ойлгосон. Хүн төрөлхтөн яаж үүссэн, цаашдаа яах бол гээд л. Хэдийгээр том зүйл хөндсөн ч энэ номнууд уншихад хялбар, урт нүсэр биш” гэж тэр ярьж байна.

“Леонардо да Винчи”, Уолтер Айзексон

Стив Жобс, Бенжамин Франклин, Альберт Эйнштейн нарын намтрыг зохиогч Айзексон шинэ бестселлер гаргажээ. Айзексон Леонардогийн уран сайхны авьяасыг түүний шинжлэх ухааны нээлтүүдтэй холбон тайлбарласан байна. Сониуч зан, төсөөлөн бодох, ажигч чанар, уран сэтгэмж зэрэг олон чанарынхаа ачаар тэр суутан болон хөгжсөн юм. Леонардо да Винчи “Мона Лиза” зэрэг түүхэнд үлдсэн суут бүтээл туурвисан ч өөрийгөө агуу хүн гэж үздэггүй, жирийн нэг сониучхан, шинжлэх ухаанч хүн гэж тооцдог байв. Энэ ном “Amazon”-ий хамгийн сайн зарагдсан номын эгнээнд орж, Америкийн бараг бүх том хэвлэл уншихыг зөвлөсөн байдаг. 2017 онд хэвлэгдсэн.

Билл Гейтс “Айзексон агуу Леонардогийн амьдралын янз бүрийн үеийг харуулж, юу түүнийг агуу суутан болгосныг тайлбарласан. Үнэхээр сайн ном”

“Everything Happens for a Reason and Other Lies I’ve Loved”, Кейт Боулер

Дьюк их сургуулийн профессор Кейт Боулерийн амьдрал гэнэт эргэхэд юу болдог талаар бичсэн дурсамж ном. Түүнийг 35 настай байхад нь эмч нар хорт хавдар гэсэн онош тавьжээ. Бурханы таалалд нийцүүлэн, бүх юм сайхан болно хэмээн чимээгүй хүлээн суух уу? Хэчнээн өөдрөгөөр сэтгэсэн ч хавдар нь арилж алга болохгүй. Ингээд Кейт нийгмийн хувьд үхэл гэж юу болохыг эргэцүүлэн бодно. Эцэст нь тэр амьдрал үнэхээр сайхан гэдэг дүгнэлтэд хүрэх юм.

Билл Гейтс “Үхэхгүйн төлөө янз бүрээр оролдох хүмүүний хүслэн, хувь заяа, итгэл үнэмшлийн тухай сэтгэл хөдөлгөсөн роман”

“Lincoln in the Bardo”, Жорж Сондерс

Энэ романд Америкийн Ерөнхийлөгч Авраам Линкольний намтрын бодит болон зохиомол олон баримтыг холин оруулсан байна. Авраам Линкольн хүү Уильямаа нас барах үед оршуулгын газарт үхсэн хүмүүсийн сүнстэй ярилцана. Бардо гэдэг нь үхэл, амьдралын завсрын байдал юм. 2017 оны “Booker Prize” шагналт бүтээл.

Билл Гейтс “Линкольн уй гашуу, үүрэг хариуцлагийн дарамтанд яаж даруулсан байгааг би мэдэрсэн. Үнэхээр сонирхолтой сайхан бүтээл тул та уншиж дуусаад найз нөхөдтэйгээ энэ номын талаар ярилцах хүсэл төрөх болно”

“Origin Story: A Big History of Everything”, Дэвид Кристиан

Ихэнх түүхчид цаг үеийн тодорхой нэгэн хэсэг, түүхэн үйл явдал, агуу хүмүүсийн намтар дээр тулгуурлан бүтээлээ туурвидаг. Харин Кристиан хүн төрөлхтний түүхийг хамгийн эхнээс нь алс ирээдүй болтол судлахыг санал болгож, орчлон ертөнц, дэлхий, амьдралыг бид хэрхэн хүлээн авдгийг харуулжээ. Хэрэв та хэзээ нэгэн цагт оддыг хараад баярлан, сэтгэл хөдөлж байсан бол энэ ном заавал таалагдана.

Билл Гейтс “Өөрийн мэдлэг, чадвараа дахин нэг шалгаж үзэх сайхан боломж. Энэ ном орчлон ертөнцөд хүн төрөлхтөн ямар байр суурьтай вэ гэдгийг танд тайлбарлаж өгөх болно”

“Factfulness”, Ханс Рослинг

TED форумын оролцогч, олон улсын эрүүлийг хамгаалах ухааны профессор Ханс Рослинг орчин үеийн нийгмийн үзэгдлүүдийг тайлбарлажээ. Хүмүүс хөгжил дэвшил, шинжлэх ухааны нээлтийг яаж хүлээж авдаг, дэлхий дээр үгээгүй ядуу хүн хэд байна, дунд сургуулийг хэдэн охин төгсдөг вэ гэх мэт олон асуултанд зохиолч хариу өгнө. Рослинг тоо баримт гарган, ертөнцийг сайжруулж болох шинэ арга зам санал болгож байна.

Билл Гейтс “Харамсалтай нь Ханс өнгөрсөн жил биднийг орхин одсон. Гэхдээ тэр дэлхий ертөнцийн талаарх энгийн үнэнийг ойлгох боломж бидэнд үлдээсэн. Энэ ном дэлгүүрийн лангуун дээр гарсан цагаас нь л би хүмүүст уншихыг санал болгож байгаа. Миний уншиж байсан хамгийн шилдэг номын нэг”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
2
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.