Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

“ЭРГЭХ ХОЛБООТОЙ, ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ” гэж юу вэ?

Монголын эдийн засгийн форумын үеэр болсон “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” сэдэвт хурлын тэмдэглэлээс хүргэж байна.


Манлайлал зөвхөн хэн нэгнийг уриалан дуудахаар хязгаарлагддаг уу?

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа энэ сэдвээр 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үндсэн сэдэв байсан  юм. Харин энэ жилийн Монголын эдийн засгийн форумд шинэхэн сэдэв болж салбар хэлэлцүүлэг өрнөлөө.   

Хэлэлцүүлгийг Unread.Today сайтын үүсгэн байгуулагч А.Ундрал чиглүүлж, панелистаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа, “MCS холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, “Зориг сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Цолмон болон хувийн хэвшлийг төлөөлж “Терра Экспресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэгтгэх захирал Ш.Алтанбагана нар оролцсон юм.

Модератор А.Ундрал: Миний бие 2017 онд Дэлхийн  эдийн засгийн форумд оролцоход тухайн жилийн үндсэн сэдэв нь эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал байсан юм. Энэ сэдэв маш олон хүний анхаарлыг татаж, зөв цагтаа, зөв зүйлийг хөндсөн тухай магтаалыг сонсож байсан юм.  

Учир нь бид  аж үйлдвэрийн iv хувьсгалын босгон дээр ирчихсэн байна. Дэлхий дахинд тооцоолж байгаагүй олон шинэ өөрчлөлтүүд бий болж, тодорхойгүй нөхцөл байдал үүсч байгаа нь бид эргэх холбоотой хариуцлагатай манлайллыг бий болгох нь чухал юм байна гэдгийг  дэлхий дахинд ойлгуулсаар байна.  Дэлхий тэр чигээрээ манлайлагчдын хомсдолд орсон юм байна. Өнөөдрийн манай хэлэлцүүлэг манлайлал, манлайлагчид гэсэн хоёр сэдвийн хүрээнд явагдана. Юун түрүүнд, Ш.Алтанбагана захиралд асуулт тавья. Бизнесийнхэн хариуцлагатай, эргэх холбоотой манлайлал гэх ойлголтыг хэрхэн хүлээж авч байна вэ?

Ш.Алтанабагана: Хариуцлага хүлээх чадвар, өөрөө зөв байх-үлгэрлэх  чадвар ба тэр хүний оролцоо зэрэг нь манлайлагч хүний үндсэн онцлог гэж хэлж болох юм.  Нийгмийн хариуцлагын зөвлөлийн хүрээнд бизнесийн байгууллагын манлайллыг гурван түвшинд үзэж байна.

Нэгдүгээрт, нийгмийн төлөө санаа зовох эрмэлзэлэлийг бий болгох,

Хоёрдугаарт, бизнестээ хариуцлагатай хандаж  тодорхой дүрэм, журмыг мөрдөх

Гуравдугаарт, хамтын үнэ цэнийн концепц. Үүнд, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтарч ажиллах загварыг бий болгох гэсэн хэсэг хувааж болно.  

Модератор: УИХ-ын дэргэдэх Тогтвортой хөгжлийн дэд хороог ахалж байгаагийн хувьд Та хариуцлагатай манлайлал гэдгийг тодорхойлж өгнө үү.

А.Ундраа: Манлайлах гэдэг нь бусдаас урд явах алхам мэт боловч заавал тийм байх албагүй. Өөрөөсөө давж өрөөлийн төлөө явах чадварыг манлайлал гэж хэлэх нь оновчтой гэж бодож байна. Хамтын эрх ашгийн төлөө явахад эр зориг хэрэгтэй. ТОП 100 компанийг шалгаруулахдаа зөвхөн татвар төлөлтөөр биш нийгмийн хариуцлагаар эрэмбэлэх нь зөв. Улс төрийн хувьд явцуу хүрээний эрх ашгаас давж ажиллах хэрэгтэй шүү дээ.

Модератор:  Л.Гантөмөр захирлаас асууя. Эргэх холбоотой манлайлал гэж юу вэ? Урт хугацааны манлайлалд итгэлцэл гэдэг зүйл маш чухал гэж ойлголоо. Бизнесийн байгууллага яаж итгэлцлийг бий болгох вэ?

Л.Гантөмөр: Бид “МSC групп” дотроо олон манлайлагч бойжуулна гэж төлөвлөөд таван Е-ийн зарчим хэрэгжүүлсэн. Сайн өөрчлөлт бий болгохын тулд тэмүүлэл бий болгож,  эцсийн бодитой үр дүн гаргадаг хүнийг манлайлагч гэж үздэг. Мөн үүнийгээ хэмждэг болсон, ажилтан бүр өөрийн сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлох нь эхний алхам юм.  Нийтлэг эрх ашгийг нэг удаагийн ашиг хонжооноос илүүд тавьж харах ёстой. Энэ бол манлайллын гол зарчим.

Итгэлцэл бараг үгүй болжээ. Энэ бол бидний сүүлийн хэдэн жил хийсэн ажлын үр дүн. Нөгөө талаас хөдөлмөрийн сахилга бат сайжирч байна. Мерит систем нэвтэрч байна, ААН-үүд өөрсдөө сайн манлайлагчдыг бэлтгэж байгаа нь сайшаалтай юм.

Модератор:  Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс улс төрийн эр зоригийн тухай асуумаар байна. Яаж тэр манлайллыг өдөөх вэ?

Л.Оюун-Эрдэнэ: Манлайлал хариуцлагатай эргэх холбоотой байхаас өөр гарцгүй юм. Бээжинд Ерөнхий сайдын айлчлалын үеэр нэг сэтгүүлч хэлэхдээ, “Сүүлийн хэд хэдэн уулзалтыг анзаарахад АНУ-ын Ерөнхийлөгч улаан, БНХАУ-ын Ерөнхийлөгч цэнхэр зангиатай явахыг гайхаж байна” гэсэн байдаг.  Дэлхий үндсэндээ таних аргагүй өөрчлөгдөж байна. Нокиагийн захирал эргэх холбоогүй, хариуцлагагүй байдал нь өөрийнх нь буруу байсныг  хүлээн зөвшөөрсөн.

Аж үйлдвэрийн 3, 4-р хувьсгалын хооронд ердөө 25 жил байна. Юмс хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Бид 6 дахь удаагаа эдийн засгийн форумыг хийж байна. Дахин нэг жилийн дараа энэ форумын үр дүнг хэлэлцэх  нь эргэх холбоо юм.

Модератор: “Зориг сан” манлайллын боловсронгуй хөтөлбөрөөрөө олонд танигдсан. Манлайллын хөтөлбөрүүд хэрхэн өөрчлөгдөж сайжирч байна вэ?

Б.Цолмон: “Зориг сан” 15 жилийн өмнө манлайллын нэг л хөтөлбөрийг  эхлүүлж байсан. Одоо нэгэн зэрэг 6  манлайллын хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Залуус ажлын гараагаа эхлэхдээ нийгэм, эдийн засгийн талаар ойлголт бага байдаг тул тэдэнд энэ талаарх ойлголтыг өгөх, асуудал тодорхойлж, шийдвэр гаргах, нийгэмд хувь нэмрээ оруулахад нь туслах зорилготой энэ хөтөлбөр эхэлсэн.

Сүүлийн үед лекцийн хэлбэрээс татгалзаж, ур чадварын сургалтуудад түлхүү анхаарах болсон. Гол үр дүн нь залуус тухайн төслөө хэрэгжүүлэх явцдаа туршлага хуримтлуулдаг. Тухайлбал, 5-р сургууль орчмын зам тээврийн аюулгүй байдлыг хангах төслийг хэрэгжүүлсэн нь олон хүний талархлыг хүлээсэн.

Модератор:    Манлайллын талаарх ойлголтыг оролцогч тус бүрээсээ авлаа. Хэлэлцүүлэгт ирсэн асуултуудаас харахад манлайлагчдын талаар олон нийтийн ойлголт сөрөг болсон байна. Бид юун дээр алдчихав аа?

Ш.Алтанабагана:  Дэлхий дахин маш хурдан өөрчлөгдөж, ил тод болж байна. Бизнесийн лидерүүд өөрчлөгдөх шаардлагатай болж байна. Blue ocean strategy, хамтын үнэ цэнийн ойлголт нь өрсөлдөөний гол онол болж байна. Улс орнууд хүчтэй улс биш, сайн улс байхыг хичээж эхэллээ. Нийгэмд ээлтэй, хүн төвтэй бизнес илүү амжилт олж байна.

Дөрөвдүгээр үеийн маркетинг буюу хүн төвтэй маркетингийн концепц гарч ирж байна. Бизнесийн бүх төрлийн санхүүжилт, хөрөнгийн бирж тогтвортой хөгжлийн индексийг харж байна. Байгаль, нийгэмд ээлгүй бизнесүүд маш хурдан ил гарч тэдэнд зээл олгохоо больж байна. Бид маш хурдан сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болж байна. Бизнесийн алсын хараа, эрхэм зорилгоо өөрчлөх шаардлагатай болж байна.

Модератор: А.Ундраа гишүүнээс асуухад улс төрийн манлайлал гэж юу вэ?

А.Ундраа: Яагаад манлайллын хөтөлбөр сөрөг харагддаг болов гэдэгт дүгнэлт өгөх хэрэгтэй. Улс төрийн манлайллыг залуучууд уран илтгэгч байдлаар харах нь түгээмэл боллоо. Гэтэл агуулга нь маш чухал байна. Агуулгагүй, хоосон зүйлийг хэчнээн гоё яриад хоосноороо л үлдэнэ. Улс төрд шинээр орж ирж байгаа залуус хэт хоосон уран илтгэх байдлыг дагах нь асар буруу үр дагавартай байна. Иймд улс төрийн институцүүд энэ асуудлыг эргэн харж мерит системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Дотоод хүчтэй, агуулгатай хүн манлайлагч байх ёстой. Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн хувьд өмнөхөө үгүйсгэх байдал их ажиглагдаж байна. Бодлогын залгамж чанар маш чухал байна. Хөгжлийн бодлого зорилт залгамж чанартайгаар үргэлжлээд явах ёстой.

Модератор: Орон нутгийн манлайллын хөтөлбөрийн талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс мэдээлэл авъя?

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт мэдээлэл хүргэхэд тийм ч хялбар биш байдаг. Хүмүүст бодит мэдээллийг байгаагаар нь өгөх хэрэгтэй гэж үзэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Залуучууд эхэндээ төдийлөн сонирхдоггүй байсан бол одоо олноороо оролцож байна. Хүмүүс амархан өөрчлөгддөгийг эндээс харж байна.

Эдийн засаг хүний төлөө байх, баялаг хүнд өгөөжтэй байх нь илүү чухал. Дундаж давхарга 70 хувиас давж байж сайн засаг бүрдэнэ. Нөгөө талаас сайн засаг бүрдэж байж дундаж давхарга дийлэнх болно. Хөрвөх чадвартай удирдагчийн онол шинээр гарч байна. Удирдагчийг хянадаг тогтолцоог бүрдүүлэхэд илүү анхаарал тавьж, найддаг болж байна.

Модератор: Олон нийтийн байгууллага хамгийн доод түвшнээс манлайллыг хэрхэн бий болгох ёстой вэ?

Б.Цолмон: Зориг сан 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан. Манай хөтөлбөрүүдэд хамрагдсан залуус нийгэмд өөрчлөлт хийх, хувь нэмэр оруулах чадвар, боломжтой юм байна гэдгийг ойлгодог нь  хамгийн гол үр дүн юм. Жилд 300 орчим залуус хамрагдаж, 25 багт хуваагдаж, нийгэмд тулгарч буй анхан шатны асуудлыг шийдвэрлэдэг. Нийт 240 жижиг төсөл хэрэгжсэн. Өнгөрсөн онд л гэхэд 25 баг 300 сая төгрөгийн санхүүжилт босгосон.  

Модератор: Манлайлагч гэдэг талаас “MCS академи” алдартай. Та туршлагаасаа харвал манлайллын талаар юуг хамгийн чухал гэж үзэж байна?

Л.Гантөмөр: Таван Е шалгуур бүхий моделийн талаар өмнө дурдсан. Хариуцлагатай, мэдрэмжтэй байх, хувь нэмрээ оруулах боломжоо тодорхойлох нь чухал. Манай группийн хувьд эрхэм зорилго нь “Дэлхийн хөгжил, стандартыг Монголд нэвтрүүлэх” юм. Олон улсын стандартыг дагахаар аяндаа нийгмийн хариуцлагатай байхаас өөр аргагүй болдог. MCS Coca Cola хэрэглэсэн усаа цэвэршүүлж, дахин ашиглаж байгаа. Мөн усны зарцуулалтыг бууруулах чиглэлээр ажиллаж, сүүлийн 5 жилд гурав дахин багасгасан.  

Модератор: Бид манлайллыг зөвөөр ойлгох нь чухал. Бид энэ удаагийн хэлэлцүүлгээр эргэх холбоотой хариуцлагатай манлайллын тухай салбар бүрийн хүмүүстэй ярилцдаг ба тэднээр амлалтыг авдаг юм. Тэдгээр амлалтууд ирэх нэг жилийн төлөвлөгөө болдог. Та бүхнээс амлалт авмаар байна. Хоёр зүйл дээр амлалт өгч болмоор байна. Тухайлбал ТОП-100 ААН шалгаруулахад шинэ шалгуур үзүүлэлт нэмэх шаардлагатай юм байна. Нийгмийн оролцоог нэмж өгөх хэрэгтэй болов уу?

Ш.Алтанабагана: Тийм ээ, энэ жилдээ багтааж нийгмийн хариуцлагын индексийг нэмж оруулахаар төлөвлөж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн Эдийн засгийн форумоос өмнө манлайллын талаар 3 ном орчуулж гаргахаа амлаж  байна.

Бэлтгэсэн: Б.Намуунцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.