Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ДАШТ-д оролцохгүй болсон одод

Энд гарах хөлбөмбөгчид гэмтэл бэртэлгүй ч янз бүрийн шалтгаанаар шигшээ багаас хасагдсан юм.


ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Багууд бүрэлдэхүүнээ зарлаж, бэлтгэлдээ хэдийнэ гараад байна. Том тэмцээн болгоны өмнө гардагчлан энэ удаад ч дасгалжуулагч нарын шийдвэрээр олон од тоглогч дэлхийн аваргад орж чадахгүй болжээ. Энд гарах хөлбөмбөгчид гэмтэл бэртэлгүй ч янз бүрийн шалтгаанаар шигшээ багаас хасагдсан юм.

Бразил

Алекс Сандро

Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Тите Алексийг аваагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн ч зүүн жигүүрийг Марсело эзэгнэж байгаа цагт түүнд байр олдох нь хэцүү. Тоглолтын арга барил нь ч Марселотой төстэй тул дасгалжуулагч Сандрог биш Филипе Луисийг Марселогийн сэлгээгээр сонгосон.

Давид Луиз

Давид хоёрдугаар сараас хойш талбайд гараагүй. “Челси”-гийн дасгалжуулагч Контетой муудалцсаны харгайгаас гадна өвдөгний гэмтлийн улмаас тоглохгүй удсан. Тите түүний оронд “Гремио” багийн Педро Жеромелийг авсан.

Бельги

Ража Наингголан

Италийн “Рома”-гийн шилдэг тоглогчийг шигшээ багт аваагүй нь их шуугиан тарьсан. Дасгалжуулагч Роберто Мартинес тактикт нь тохирохгүй гэсэн тайлбар хэлсэн ч үнэндээ Ражагийн зан ааш нөлөөлсөн нь тодорхой. Гомдсон Наингголан тэр дороо дахин шигшээ багт тоглохгүй гэдгээ мэдэгдсэн.

Франц

Антони Марсьяль, Александр Ляказетт

“ОХУ 2018”-д оролцох багуудын дасгалжуулагч нараас хамгийн тансаг багтай, гэхдээ сонголт хийхэд хамгийн хэцүү нь Дешам байлаа. Өнөөгийн Франц улс хөлбөмбөгийн 4 шигшээ баг гаргасан ч хүчтэй довтлогч хангалттай хүрэлцэхээр байгаа. Антони Марсьяль, Александр Ляказетт нарыг Дешам гараанд гарахдаа сайн тоглодог ч сэлгээгээр гарахаар тоглолтод орж чаддаггүй гэж хассан. Том тэмцээнд сэтгэл зүйн асуудал тун чухал билээ.

Карим Бензема

Дешамыг байхад Бензема шигшээд эргэн ирэхгүй нь ойлгомжтой байсан. Матье Вальбуэний нууц бичлэгийн хэрэгт орооцолдсоноос хойш түүнд Франц орон дургүй болсон.

Англи

Жек Уилшер

Жек ДАШТ-д тоглохгүй болсондоо тун сэтгэл дундуур байлаа. Твиттер дээрээ тэр “Сэтгэлээр уналаа. Би өөрийгөө дэлхийн аваргад ороход бэлэн гэдгийг мэдэж байсан. Намайг авах ёстой байсан” гэж бичсэн юм. Английн багийн дасгалжуулагч Гарет Саутгейт түүнийг тэмцээний турш ачаалал даах чадваргүй гэж үзсэн байна.

Жо Харт

Энэ хаалгачийн хувь заяаг Пеп Гвардьола эвдсэн гэхэд болно. Хоёр жилийн өмнө  "Манчестер Сити"-д гологдсоноос хойш энд тэнд зээллэгээр явсаар шигшээ багаас хасагдсан.

Аргентин

Мауро Икарди

Дасгалжуулагч Хорхе Сампаоли Икардиг багийн тактикт тохирохгүй гэж үзсэн гэдгээ мэдэгдсэн ч асуудал өөр газарт байгаа. Багийн анд Макси Лопесийн эхнэрийг эргүүлсээр байгаад салган авч суусан нь Аргентиний шигшээ багийн хөлбөмбөгчдөд  таалагдаагүй.

Эрик Ламела, Хавьер Пасторе

Ламела гэмтлийн улмаас “Тоттенхэм”-д, Пасторе дасгалжуулагчийн шийдвэрээр “ПСЖ”-д олон сар талбайд гараагүй тул дасгалжуулагч тэднийг аваагүй.

Испани

Альваро Мората

Дасгалжуулагч Хулен Лопетеги Моратаг улирлын сүүлийн хагаст “Челсид”-д тун тааруу тоглосон тул сонгоогүй гэдгээ хэлсэн. Аспас, Родриго, Диего Коста гэсэн гурван өөр төрлийн довтлогчтой тул Моратаг аваагүйдээ харамсах зүйлгүй гэж Лопетеги ярьсан билээ.

Эктор Бельерин, Маркос Алонсо

Испанийн шигшээ багийн хамгаалалтын баруун талд Дани Карвахаль, зүүн жигүүрт Хорди Альба тоглох нь тодорхой. Харин тэдний сэлгээнд Бельерин, Маркос Алонсо нар орох байх гэж шинжээчид таамаглаж байсан. Гэвч Бельериний оронд Альваро Одриосоле, Алонсогийн оронд “Арсенал” багийн Начо Монреаль багт орсон.

Сеск Фабрегас, Хуан Мата, Хосе Кальехон, Андер Эррера

Испанийн шигшээ баг хагас хамгаалачаар хэзээ ч дутаж байгаагүй. Сескийн оронд Иско, Матагийн оронд Коке, Кальехоний оронд Асенсио, Эррерагийн оронд Сауль Ньигес ОХУ-ыг зорих болсон.

Герман

Марио Гетце

Германд дэлхийн аварга цол авчирсан алтан гоолын эзэн “Алтан жаал”-ыг Лев шигшээ багт авсангүй. Гэхдээ өвчин, гэмтлийн улмаас улам бүр муу тоглоод байсан тул дасгалжуулагчийг буруутгах арга байхгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
6
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.