Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“De Facto” Д.Жаргалсайханы АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТЫН тухай хэлсэн 25 ЧУХАЛ эшлэл

Нэг агшинд нэг алхам гэдэг нь хийж буй тухайн ажил нэг бүрт бүх хүчээ төвлөрүүл гэсэн үг.


 
Эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайхан “Улаанбаатар Эмпати Сургууль”-ийн төгсөлтийн баярт оролцож, төгсөгчдөд зориулан үг хэлжээ. Тэрбээр төгсөгчдөд аз жаргал, амжилтын тухай өөрийн болоод бусад алдартнуудын хэлсэн чухал эшлэлийг зөвлөн хэлсэн байна. 

 
1. Амьдрал бол кино. Ердийн киноноос ялгаатай нь та энэ киноны зохиогч нь, бас гол дүрийн тоглогч нь. Зохиолоо бичээгүй хүн бусдын зохиолын туслах дүрд тоглохоос өөр сонголтгүй болдог.
 
2. Амьдрал боломжоор үргэлж дүүрэн байдаг. Гэхдээ боломж хаалгыг чинь тун зөөлөн тогшдог учир зарим хүн сонсдоггүй, анзаардаггүй. 
 
3. Дараачийн автобус зогсоолдоо заавал ирдэг шиг боломжууд бас л ээлж дараалан тохиодог юм. Автобус ирэхээр хаашаа, яах гэж яваагаа мэдэж буй хүмүүс л суудаг. 
 
4. Амжилтад хүрсэн бүх хүнд өөрийн зорилго бий. Тэд киноны зохиолоо эхнээс нь сайн бичээд, гол дүрдээ амжилттай тоглож, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Тэдний олонх нь хувь тавиланд бус, зөвхөн өөртөө итгэдэг. 
 
5. Хувь заяагаа чагнаж, эсвэл түүнтэй байлдаж суухын оронд бодол санаагаа цэгцэлж, оюун ухаанаа хөгжүүлэхийг хичээх нь илүү үр дүнтэй.
 
 
6. Залуу хүн олон том мөрөөдөл, оргилуун хүсэл тэмүүлэл, оломгүй их эрч хүчтэй байдаг. Гэхдээ тэр их мөрөөдлийг биелүүлэхийн тулд өдөр тутмын уйгагүй хөдөлмөр, хичээнгүй зүтгэл хэрэгтэйг хүн бүр төдийлөн ойлгодоггүй. Үр шимийг нь үтэр түргэн хүртэх гэж, боломжоос боломж руу үсчин, бусдаас хурдан “од шүүрэх”-ийг оролдож, өндөр амжилтад хүрэхийг олон залуус мэрийдэг.
 
7. Зорилгоо тодорхойлсны дараа л хүн замд гардаг. Зорилго өөд хурдлан аваачдаг “нисдэг хивс” зөвхөн үлгэрт л бий. 
 
8. Амьдрал дээр та зорилго өөдөө зөвхөн хоёр хөлөөрөө явна. Хүн нэг агшинд нэг л алхана. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг ч гэдэг. 
 
9. Хэрэв та тууштай, сахилга баттай, тасралтгүй явсан бол таны туулсан замын урт нь алхмуудын нийлбэртэй биш, үржвэртэй нь тэнцдэг. 
 
10. Нэг агшинд нэг алхам гэдэг нь хийж буй тухайн ажил нэг бүрт бүх хүчээ төвлөрүүл гэсэн үг.
 
11. Хорин жилийн өмнө би Японы менежментийн домог Казүо Инамори гуайн номноос амжилтын томъёоны нууцыг мэдэж билээ. Амьдралын тань амжилтыг чадвар, зүтгэл болон хандлагын үржвэр бий болгодог гэдгийг энэ томъёогоор илэрхийлдэг. Нийлбэр биш үржвэр гэдэг нь дундаж чадвартай хүн өндөр авьяастнаас илүү амжилт гаргах боломжтой гэсэн үг. 
 
12. Таны чадварын үндэс суурь болсон бие, царай, эрүүл мэнд, авьяас бараг бүхэлдээ өөрийн тань гавьяа гэхээсээ илүү эх, эцгээс чинь гарал үүсэлтэйг хэзээ ч бүү март. 
 
13. Та зорилгодоо хүрэхийг аль хэр их хүсэж буйгаас л зүтгэл тань хамаардаг. Зорилго, чин үүргээ (mission) ойлгосон хүн амжилтаа тодоор төсөөлж, улмаар өөрийн бүх хүчээ тултал нь дайчилдаг. 
 
14. Чадвар ба зүтгэлийг тэгээс зуу хүртэл оноогоор илэрхийлдэг бол хандлага нь хасах зуугаас нэмэх зуу хүртэлх оноо юм. 
 
15. Хүнд үргэлж атаархдаг, гомддог, эсвэл үзэн яддаг хүмүүсийн хандлага нь сөрөг байдаг тул амжилт нь тун бага, харин юманд эерэг ханддаг хүн илүү амжилтад хүрдэг аж.
 
16. Миний энэ олон жил уншсан, өөрийнх нь алдарт номын эхний хуудсан дээр Инамори сан “Тэнгэрийг хүндэл, хүнийг хайрла” гэж ханзаар бичиж өгсөн юм.
 
17. Хүн аз жаргалтай, урт наслахын тулд яах ёстойг Скандинавын алдарт эмч, цээжний хөндийн мэс засалч Стиг Стинтэй уулзахдаа ойлгож мэдсэн. Хүн юуны түрүүнд амьдралын зорилгоо (purpose) тодорхойлсон байх, биеийн хөдөлгөөн сайн хийх (exercise), бусадтай сайн харилцаатай (relations) байх, хангалттай сайн унтах (sleep), муу зуршлаас, ялангуяа тамхи татахаас татгалзах (omission), сайн чанартай, зөв хоол идэх (nutrition), хандлагаа (attitude) эерэг болгох зэрэг зарчмаар ажиллахыг тэр зөвлөсөн юм. Эдгээр үгсийг нэгтгэвэл PERSONA гэсэн үг ба per (дамжуулах гэсэн латин үг), sona (дуу авиа гэсэн латин үг) буюу хэл яриагаараа дамжуулах, харилцах гэсэн утгатай ажээ. 
 
18. Хүмүүс хэл яриагаараа л ойлголцож, бие биенээ хайрладаг, тийм харилцаанаас амьдралын аз жаргалыг мэдэрдэг гэдгийг хорвоогоос одохдоо олон хүн хэлдэг байна. 
 
19. Бусдыг ойлгож, хайрладаг хүн л харанхуйг гэрэлтүүлэгч болж, уулзсан хүн бүрээс ах дүүгээ олж хардаг гэнэ.
 
20. К.Инамори гуайн томъёоны талаар харвал PERSONA-гийн эхний үсэг нь зорилгыг зүтгэлтэй холбож, эцсийн үсэг А нь өөрөө хандлага учир, үлдсэн ERSON-ий үг тус бүр нь чадварыг сайжруулан, хөгжүүлэхтэй холбоотой гэж хэлж бас болно.
 
 
21. Аз жаргал гэдэг нь хүний үйл нь үгтэйгээ давхцах буюу Далай ламын хэлснээр гадаад ертөнц нь дотоод ертөнцтэйгөө нийцэн, амар амгалан оршихыг хэлдэг аж. 
 
22. Аз жаргал бол чамайг ойлгохыг, том аз жаргал бол чамайг хайрлахыг, харин жинхэнэ аз жаргал бол чи өөрөө хайрлахыг хэлдэг гэж аугаа мэргэн Күнз сургажээ. 
 
23. Аз жаргал, амжилт дүүрэн амьдралын тухай өөрийнхөө киноны зохиолоо аль болох эртхэн бичээрэй. 
 
24. Амжилтын зам хэзээ ч дардан биш, дандаа л засвартай байдгийг тооцоорой. 
 
25. Амьдралын замын аль ч хэсэгт явахдаа хэзээ ч гэсэн “Тэнгэрийг хүндэлж, хүнийг хайрлаж” байгаарай.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.