Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

"Номын баяр"-аар ТАГТАА асарт худалдаалагдах номын хорхойтнуудын сонирхлыг татах ном, бусад хэрэгслүүд


Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг "УЛААНБААТАР НОМЫН ЯАРМАГ" худалдаа 5 сарын 25,26-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. Эл үеэр томоохон хэвлэлийн газрууд, ном эрхлэн гаргагч хувь хүмүүс, зохиолч, орчуулагч, ном бүтээгчид хоёр өдрийн турш хуран чуулж өөрсдийн бүтээл, ном хэвлэлийг хямдралтай худалдаалахаас гадна уншигч олонтой биечлэн уулзах, ном, утга зохиолтой холбоотой олон сонирхолтой арга хэмжээ зохиогддогоороо номонд дуртай хэн бүхнийг эрхгүй даллан дууддаг жинхэнэ НОМЫН БАЯР болдог билээ. Энэ жилийн номын баярын үеэр Тагтаа хэвлэлийн газар уншигчиддаа зориулан шинэ ном, утга зохиолын сэдэвтэй даавуун тор, зохиолчдын зурагтай ил захидал, номын хавчуурга зэрэг олон сонирхолтой зүйлс бэлтгэжээ. Та номын баярын үеэр ТАГТАА асраас дараах зүйлсийг худалдан авах боломжтой.


ШИНЭ НОМ: Орхан Памукийн "ИСТАНБУЛ: ДУРСАМЖ БА ХОТ"

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн дурсамж, дурдатгалийн "ИСТАНБУЛ: дурсамж ба хот" ном эл үеэр анх удаа худалдаанд гарч уншигчдад хүрч буйгаараа онцлог. Туркийн оюун санааны баялаг ертөнц, хүчирхэг үүх түүх, соёл, уугуул чанарыг орчин цагийн уур амьсгалтай гарамгай сүлэн бичдэг Орхан Памукийн зохиол бүтээл монгол уншигчдын хувьд өөрсдийн аж байдал, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай эрхгүй давхар эргэцүүлэлд хөтөлдгөөрөө тун ойр дотно байдаг. ИСТАНБУЛ номын зарим хуудаснаа холын Истанбул хотын тухай бус буйдхан, саарал Улаанбаатарын маань тухай л барин тавин дүрсэлсэн мэт сэтгэл догдлоом хэсгүүд чамгүй олон. Магад эл номыг энэ цагийн үгийн урлагийн суутны төрөлх хот Истанбулдаа зориулан босгосон уярам, яруу үгийн урлагийн нэгэн агуу хөшөө дурсгал гэж болох юм. Мөл эл номоос уншигч үндэстнийхээ оюун санааг тээсэн үндэсний хэмжээний сэхээтэн-зохиолчийн өсөлт, төлөвшил, эх орноо гэсэн чин сэтгэл, дотоод амь халуун ертөнц, уугуул иргэншил соёлоо ямар гярхай дүгнэн ажиглаж байгааг бахдан тольдож болно. 

ШИНЭ НОМ: Михаил Булгаков "НОХОЙН ЗҮРХ"

Эх оронд нь зохиол бүтээлийг нь хорьж, байнга хавчин гадуурхах зэргээр хувь хүнийхээ хувьд эгээ л эмгэнэлт зохиол мэт адармаатай, хүнд бэрх амьдралыг ханатал туулсан, оросын уран зохиолын нэгэн содон төлөөлөл Михаил Булгаковыг монгол уншигчид "Мастер Маргарита хоёр" романаар нь андахгүй мэднэ. Тэгвэл энэ удаад социалист нийгэм, хүний мөн чанарыг хүн болж хувирсан Шаарик нохойн дүрээр, Нохойн зүрхэтнүүдээр дамжуулан тун хоржоонтой егөөдөн харуулсан "НОХОЙН ЗҮРХ" тууж Тагтаа хэвлэлийн газраас цоо шинээр хэвлэгдэн, хямдралтай үнээр олонд хүрч байна.

ДААВУУН ТОР, ЗОХИОЛЧДЫН ЗУРАГТАЙ ИЛ ЗАХИДАЛ, НОМЫН ХАВЧУУРГА

Тагтаа асраас номын хорхойтнууд "Утга зохиол бол миний утопи", "Нохой мэт үнэнч" гэсэн бичигтэй эко хэрэглээг дэмжсэн даавуун тор, суут зохиолчдын зураг, хүчирхэг эшлэл үгтэй ил захидал, номын хавчуургыг бас худалдан авч болно. 

Номонд дуртай найз нөхөд, дотны хүн, танилдаа дуртай зохиолчийнх нь зурагтай ил захидал, номын хавчуургыг бэлэглэвэл бага гэлтгүй тун чамин бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн та дуртай зохиолчийнхоо, сонирхсон номоо зохиолчийн зурагтай ил захидал, номын хавчуургатай ийн хослуулан авбал тун догь шийдэл байх болно.

Яруу найрагч, орчуулагч Г.ЛХАГВАДУЛАМЫН номнууд

Албер Камюгийн "Хөндлөнгийн хүн", Федерико Феллинигийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" зэрэг номуудын орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын эрхлэн хэвлүүлсэн "Оршихуйгүйгээр оршихуй", "Амьдрал нэрт Кафед" зэрэг алдартнуудын ховор ярилцлагуудын ном, дэлхийн түүхийг үлгэр хүүрнэх мэт энгийн, амттай өгүүлсэн "Дэлхийн бяцхан түүх", английн хаан ширээний үүх түүхийг сонирхогчдын хувьд тун чухал эх сурвалж болохуйц "Английн хаад хатад" номнуудыг та Тагтаагийн асраас, орчуулагчийн гарын үсэгтэй, хямдралтай үнээр худалдан авах боломжтой. Мөн Г.Лхагвадуламын шүлгийн номнууд ч цөөн хувиар зарагдах аж.

КИНО ХОРХОЙТНУУДАД ЗОРИУЛСАН НОМЫН БАГЦ

Хэрэв та кино хорхойтон бол наашаа анхаарал хандуулаарай. Дэлхийн кино урлагт өөрийн балрашгүй зам мөрийг кино бүтээлүүдээрээ тамгалан үлдээсэн, Италийн алдарт найруулагч Федерико Фелинигийн кино урлагт зориулсан халуун зүрх сэтгэл, адармаатай, өрнүүн амьдрал, хайр дурлал, эл хүүхдэрхэг хэр нь агуу суутны уран бүтээлч замналын талаар салахын аргагүй амттай өгүүлсэн "ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ", оросын домогт найруулагч Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагын эмхтгэл "ХУГАЦААН ДОТОРХ ХУГАЦАА" номнуудыг та багцаар нь худалдан авбал бүр 30% хүртэл хямдрахыг кино сонирхогчиддоо яаран дуулгая.

Балдоржийн шагналт сэтгүүлч Ж.ТЭГШЖАРГАЛЫН "25" эсээ, тэмдэглэлийн ном

Сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагнал болох Балдоржийн нэрэмжит шагналыг хамгийн залуудаа хүртэж байсан авьяаслаг сэтгүүлч Ж.Тэгшжаргалын сонирхолтой эсээ, тэмдэглэлээс бүрдсэн "25" номыг авахыг хүсвэл та Тагтаагийн асрыг зориорой. Номын баярын үеэр номын зохиогч өөрөө биечлэн байлцахыг дуулгахад таатай байна.

ТАГТАА ПАБЛИШИНГИЙН БҮХ НОМНУУД 20-40% ХЯМДАРНА

Тагтаа хэвлэлийн газар уншигчдын дунд бүтээлийн сонголт, орчуулгын чансаагаараа хэдийн танигдаж, уншигчдийн итгэлийг олсон билээ. Тэгвэл та орчин цагийн хамгийн алдартай, тулхтай романчид болох Милан Кундера, Орхан Памук нарын нэрийн хуудас болсон бүтээлүүдийг, модерн уран зохиолын гол төлөөлөгч суут Франц Кафкагийн гол бүтээлүүдийг, арван наймхан насандаа дэлхийн утга зохиолын шигтгээ болсон гайхамшигт туужийг бичсэн Франсуа Саган, энэ цагийн авьяаслаг зохиолч Ян Мартелийн хамгийн алдартай романыг хямдралтай үнээр орчуулагчдын гарын үсэгтэй өөрийн болгохыг хүсвэл эргэлзээгүй Тагтаагийн асрыг зориорой.

Эднийхээс дан ганц дэлхийн уран зохиолын сорууд төдийгүй монголын хүүрнэл зохиолын тулхтай төлөөлөгчид болох Далхаагийн Норов, Пүрэвжавын Баярсайхан нарын шилмэл бүтээлийн эмхтгэлүүд ч хэвлэгдэн гарсан. Монгол хэлнийхээ амт шимт, үндэстнийхээ уран зохиолын сайн сайхнаас алгуурхан холдож, харьжиж байгаа залуу үеийнхэнд эдний монгол зохиолчдын эмхтгэл тун үнэ цэнэтэй сонголт байх биз. Ядаж л аялгуу сайхан монгол хэлээ сурахад нэмэртэй.

Мөн хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, гүн ухааны хүчирхэг төлөөлөл болсон суут сэтгэгчид болох Сартр, Ницше зэрэг философичдын амьдрал замнал, гүн ухааныг хялбар, сонирхолтой байдлаар хүргэсэн "ЗУРАГТ ХӨТӨЧ", дэлхийн кино урлагт өөрсдийн балрашгүй зам мөрийг үлдээсэн, домогт найруулагчид болох Федерико Феллини, Андрей Тарковксий нарын тухай номнууд ч Тагтаагийнх. Зун айвуу тайвуухан унших номнуудаа базааж нөөцлөхдөө дэлхийн утга зохиол, урлаг, гүн ухааны эл сор болоод сонирхолтой бүтээлүүдийг хямдралтай үнээр авахыг хүсвэл Тагтаагийн асрыг зорихоо мартуузай. Таны номын шоппингт амжилт хүсье. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
41
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.