Хайх зүйлээ бичнэ үү

Эдийн засаг шинжээч Г.Ганзоригоос тодрууллаа.

Монголбанк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор арилжааны банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулж эхэллээ. Энэ тохиолдолд иргэд санхүүгийн ямар бүтээгдэхүүн сонговол өндөр өгөөжтэй талаар эдийн засгийн шинжээч Г.Ганзоригоос тодрууллаа.

- Монгол Улсын эдийн засаг эргэн сэргэж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байна. Үүнд юу нөлөөлсөн бэ?

2018 оны 1-р улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6.1 хувиар өсөөд байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрчимжсэн, тус салбарыг дагасан тээвэр, худалдааны салбаруудын идэвхжилт нэмэгдсэн зэрэг нь эдийн засаг өсөх гол шалтгаан нь болсон. Эрэлтийн талд гарч буй энэхүү өөрчлөлт ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, улмаар 4 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээг өсгөхөд нөлөөллөө. Нөгөөтээгүүр Монгол Улс, ОУВС-тай хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн учраас олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудаас Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар харьцангуй дээрдсэн гэж дүгнэсэн. Энэ нь эргээд Монгол улсын зээлжих зэрэглэл өсөх, манай улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Мөн гадаад худалдааны түнш орнууд болох Хятад, ОХУ-ын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл сайжрахад нөлөөлж байна. 2017 он гарснаар гадаад валютын урсгал нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлж, сүүлийн 1 жилд гэхэд л төгрөгийн хадгаламж дунджаар 30 хувиар өсөөд байна. Өөрөөр хэлбэл иргэдийн эдийн засгийн талаарх эерэг хүлээлт нь эргээд эдийн засагтаа нөлөөлж байна. .

- Эдийн засаг ингэж сэргэж байхад арилжааны банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулж байгаа шалтгааныг тайлбарлахгүй юу?

Эдийн засгийн өсөлт болон 2018 оны 3 сард Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувь болгосон нь арилжааны банкнуудын хадгаламжийн хүү буурахад нөлөөлсөн.

- Хадгаламжийн хүү буурч байгаа үед хадгаламж эзэмшигчид яасан нь дээр вэ?

Эдийн засаг өсөж байгаатай холбоотойгоор зах зээл дээрх бүхий л хүү буурч байна. Иймд иргэдэд эдийн засгийн өсөлтөөс хэрхэн хувь хүртэх, хүүгийн бууралтаас хадгаламжаа хэрхэн сэргийлэх вэ гэдэг гол асуулт үлдэж байна. Яг жилийн өмнө банкны салбар дээр очоод харахад жилийн энгийн хадгаламжийн хүү 15 хувь байсан бол өнөөдөр буучихсан. Бидний үзэж буйгаар цаашдаа ч буурна. Хүү буурсаар байхад хадгаламжаа энгийн хүүтэй хадгаламжид хэвтүүлсээр байх уу гэдгийг бодох цаг болсон. Үүний оронд арай өөр хэв маягаар илүү өндөр өгөөжтэй хадгаламж сонгох,  хөрөнгө оруулалт сонирхохыг зөвлөхөөр байна л даа. Жишээ нь өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээл үнэхээр эрчимтэй хөгжиж байна. Үүнд хөрөнгө оруул. Арай төвөгтэй байна гэвэл хувьцааны зах зээлийн өгөөжтэй хүү зэрэгцэж хөдөлдөг хадгаламж сонирх. Өөрөөр хэлбэл хувийн санхүүгээ ч бас эдийн засгийн өсөлттэй уялдуулж, зөв хөрөнгө оруулалт хийж, хуримтлал бий болгох цаг нь ирлээ гэж бодож байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
13
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.