Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Архангай аймгаар аялахдаа заавал очиж үзэх 9 үзэсгэлэнт газар

Та Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах төлөвлөгөөтэй байгаа бол танд энэ удаа Архангай аймгийн түүхэн дурсгалт есөн газрыг санал болгож байна.


Та Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж байгаа бол танд энэ удаа Архангай аймгийн түүхэн дурсгалт есөн газрыг санал болгож байна.

1. Чулуут гол

Архангай аймгийн нутагт орших Чулуут голын урт 415км. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Уг хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй тул доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. 

Харин Тээлийн голын бэлчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан сүртэй урсана. Мөн хавцал нь ойролцоогоор 10 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван бөгөөд хавцалдаа хүрмэгц ёстой л ЧУЛУУ урсгаж буй мэт харагдана. Чулуут голын хавцал дээрээс тул загас нь харагддаг гэнэ шүү.

2. Хорго

Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн түвшнээс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ.

3. Тэрхийн цагаан нуур

Архангай аймгийн Тариат сумын нутагт дээр дурдсан Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.

Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.

4. Суварга хайрхан уул

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, Хангайн уулархаг бүсэд багтах уул юм. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засан өндөглөдөг.

Суварга хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доош уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм. Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай юм.
Энэхүү хайрханы энгэрт буй нуурыг сүүгээр сүлэх юм бол Монгол улсын заяа буян тэгширч, зон олны буян заяа нь дэлгэрч, хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэж, эд агуурсын гачигдах зовлонгоос мөнхөд ангижрах түүхтэй юм гэдэг.

5. Тамир гол

Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг. Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км².

Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. 

6. Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан. 

Архангай аймгийн төвийн хойморт залрах үзэсгэлэнт уул бөгөөд Хангайн нурууны баруун хойш салбарласан усны хагалбар уулс, хоёр Тамирын голын дунд оршино. Боржин чулуун байц хадан тогтоцтой сундлаа гурван орой бүхий далайн түвшнээс дээш 2020 метр өндөртэй, газартай харьцах өндөр 280 метр болно. Эмийн ургамал олон төрөл зүйл ургахаас гадна дөрвөн зүгээс нь рашаан ундардаг.

Булган уул нь урд болон зүүн зүгээсээ цагаан зааны дүртэй, баруун болон хойд талаасаа бууж байгаа Чойжон сахиусны дүртэй хэмээдэг. Хайрханы эзэн тэнгэр нь Нисэр хангай. Хойд талаас Сайд чин вангийн хошууны ноёд, ард иргэд Хан-Өндөрийн хүрээний лам хуврага нар, урд талаас Заяын шавь нар тус тусдаа болон хамтаар тахидаг байжээ.

7. Тайхар чулуу

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт хойд Тамир голын эрэгт байрлах Тайхар чулуу нь аймгийн төвөөс 20 км зайд оршдог, 16 метр өндөр эгц боржин чулуун цохио юм. Энэхүү гайхалтай чулууг бий болсон талаар олон домог бий. Нэгэн хууч ярианд "Залуу эр үзэсгэлэнт эмэгтэйд хайртай болж, гэр бүлийнхээ албан шахалтаар гэрээсээ явцгаах эсвэл энэ хадан чулуун дээрээс үсэрч амиа хорлох хэрэгтэй болсон” хэмээн өгүүлдэг бол өөр нэг домогт “Нэгэн хүчит бөх олныг айлган гарч ирсэн аварга том аймшигт могойг дарж энэхүү чулууг өргөн энэ газарт тавьжээ” гэсэн байдаг.

Тайхар чулуун дээр олон мянган жилийн түүхийг харуулсан сүг зураг, овог аймгуудын тамга тэмдэг, янз бүрийн хэлний бичээсүүд бий. Эдгээр бичээсүүдийг XIX зууны сүүл үеэс эрдэмтэн судлаачид сонирхон судалсан ба хамгийн эртнийх нь чулуун зэвсгийн сүүл үед хамаарах улаан зоосоор зурсан тамга тэмдэг бүхий дүрс зураг, амьтны зураг юм. Мөн олон хэлээр бичсэн 150 орчим түүхийн холбогдолтой бичээс бий. Одоо ч олонд танигдаж, Тайхар чулууг үзэж, зураг татуулах хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

8. Хар балгас

Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц эдүгээгийн манай улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт байдаг. 

Судалгаанаас үзэхэд Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ. Хэрмийн дээгүүр цамхагийн оромтой, гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ.

9. Билгэ хааны цогцолбор

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар ирсэн.

                                                                                                              Мэдээг бэлтгэсэн Б. Маралмаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
1
13
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цолмон 2023.09.15 202.55.188.89

Ар хангай талаар түүх оруул бал илүү гоё сангдлаа

0 Хариулах