Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

AKIFF 2018: “ХӨРӨНГӨТӨН АНГИЙН НОХОЙН ӨЧИЛ” киноны тойм болон АЛТАН ХАЛЬС инди кино наадмын тухай

Төв азийн хамгийн том инди кино наадам AKIFF 2018 Улаанбаатар хотноо


Энэ жилийн “Алтан хальс” эргэхийн өмнө

Нэгэн танилаа амралтын өдрүүдээр “Алтан хальс олон улсын индепендент кино наадам” үзэх үү гэж урьтал “Монголчууд бүр “индепендент” кино наадам зохиодог болоо юу?” гэж гайхашрангуй бас тавлангуй хариу асууж билээ. Тэр танилд маань тийм хөндий хол санагдаж байгаа ч зарим уншигчийн хувьд “Алтан хальс” гэдэг нэр найз шиг нь л дотно, заримынх нь хувьд “Dreamer’s Day” гэх үгс бямба гараг бүр кино үзэхээр, бяцхан танхимд “мөрөөдөхөөр” очдог зуршлыг нь сануулах бол харин “индепендент” гэх үг юугаараа ч юм нэг л харь байж магад. Энэ “харь” үгийн утгыг тодруулахын тулд наадмын эхний өдрийн багашаархан сурвалжлагаа эхлэхээс урьтан цаг хугацааны хүрдийг үл ялиг ухрааж товчхон түүх өгүүлье.

Одоогоос таван  жилийн өмнө 2013 онд “андерграунд” кино гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй амьтан Монголын анхны андергарунд кино уралдааныг сонирхохоор Улаан гэр галерейг зорьж билээ. Ердөө “Dreamer’s Day” үзвэрээр үздэг жигтэй, амттай кинонуудаа бодсоор, www.artfilm.mn цахим хуудсыг хорхойсон ухсаар кино сонирхлоо бүр дон болтол үгдрээснээ санахаар, энэ бүхнийг чимээгүйхэн бүтээж байдаг “Алтан хальс”-ын залууст хар зөнгөөрөө итгэсэн итгэл, бас нэг л өөр юм үзэх байх гэсэн сониуч хүсэл хоёртоо л хөтлөгдсөн хэрэг. Тэр уралдаанд 26 монгол залуус бүтээлээ илгээсэн байв. Тэр үед оролцогч, үзэгчид аль аль нь андерграунд, эксперементаль киноны талаарх мэдлэг дутмаг байсан биз, ялангуяа над мэтийн үзэгчид. Олон кино дараалуулж үзэхэд заримынх нь дундуур нүд анилдаж, өөрийн мэдэлгүй дохиод авсан инээдтэй үнэнээ ч нуух юун. Тийм нэг хоромхон дохилтын дараа гэнэт нүдээ нээгээд хартал дэлгэц дүүрэн шар ногоон навчис салхинд дэрвэлзэн сэрчигнэж байх нь тэр. Навчсын хэлийг хүүрнэж байна уу даа гэмээр тэр киноны нэрийг “Араншин” гэж оноосон нь мөн ч догь санагдаж билээ. Тэгэхэд л кино экспереманталь байна уу, уламжлалт арга барилаар хийгдсэн байна уу, урт байна уу, богино байна уу, их мөнгө зарцуулсан байна уу, үгүй байна уу хамаагүй, сайн бүтээл болж чадсан л бол тухайн киноны хэллэгт дасаагүй “харанхуй” үзэгчтэй ч гэсэн ямар нэгэн сэжмээр холбогдож, сэтгэлийг  татах чадвартай болохыг ухаарсан.

Түүнээс хойш Улаанбаатарт маань таван зун улирахтай зэрэгцээд Андерграунд кино наадам ч дөрвөнтөө зохиогдохдоо 2015 онд “олон улсын” гэх тодотголтой болж, 2017 он буюу түрүү жилээс андерграунд гэх тодотголоо индепендент гэх үгээр сольсон. Ердөө ганц үгийн солио мэт боловч тус наадмын агуулга, багтаамжийн өөрчлөлт, наадамд хүлээн авах бүтээлүүдийн цар хүрээ, үйл ажиллагаа өргөжсөн гэх “том” утга учрыг агуулж буй. “Индедендент” буюу “Инди” кино гэдэгт нүсэр кино үйлдвэрлэл, студийн тогтолцооноос ангидаар олон нийтэд зориулж ашиг олох зорилгоор бус хувь уран бүтээлч (энэ тохиолдолд ихэвчлэн найруулагч) өөрийн ертөнцийг үзэх үзэл, гоо зүй, философийг гол болгон найруулгын өвөрмөц шийдэл, форм ашиглан бүтээсэн, найруулагчийн хувийн дуу хоолой хүчтэй илэрдэг бүх л киног багтаан ойлгож хэвшжээ. Олон нийтэд таашагдах арилжааны тогтсон жороор хийсэн кинонуудтай харьцуулбал илт жоргүй, дүрэмгүй, гагцхүү кино урлагийн мөнхийн зарчмыг л мөрдлөг болгосон баялаг агуулгатай кинонууд гэж энгийнээр тодорхойлж болох юм.

“Алтан хальс” индепендент кино наадам болон өргөжсөн ач холбогдол түрүү жилийн наадмаас тун тодорхой мэдрэгдэж байсан. Каннын кино наадамд “Fade In” киногоороо өрсөлдөж, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг Диане Крюгерт хүртээсэн, Каннд гялалзагч эр, найруулагч Фатих Акин Каннын кино наадмын дараахан аавтайгаа, “Чик” хэмээх шинэхэн кинотойгоо, тус киноны гол дүрийн жүжигчин монгол хүү Анандын хамт “Алтан хальс” кино наадамд оролцохоор монгол орныг зорин ирсэн нь тун олзуурхмаар явдал байсан. Түүний “Чик” кино болоод мастер класс нь монголын кино сонирхогч залууст ихээхэн таалагдаж, Фатих Акин ч инстаграмм хуудсандаа Алтан хальс кино наадмыг Каннаас ч илүү гэж магтсаар сэтгэл хангалуун буцсаныг кино сонирхогч залуус санаж байгаа биз ээ.

Мөн түрүү жилийн нэгэн оргил үйл явдал нь  52 орны 268 бүтээл дундаас монгол уран бүтээлч “Алтан хальс” дээд шагналыг  анх удаа хүртсэн нь дотоодын залуу кино уран бүтээлчид тасралтгүй ахиж дэвшиж, суралцаж буйг илтгэсэн сайхан хэрэг байв. 2017 оны Алтан хальс инди наадам ёстой л сонирхолтой кино шиг өрнүүн, өгөөжтэй болж өнгөрснийг хэлэх юун. 

Ертөнц дотор нэгэн ертөнцийг бүтээдгээрээ, оргүй хоосноос он удаан жил дэлгэцнээ үлдэх “мөнхрөл”-ийг бий болгодгоороо кино урлаг нэг талаар гайхамшиг, тэрхүү гайхамшгийг хүртэж буй үзэгчдийн хувьд кино гэдэг гайхамшигт аялал болдог билээ. Тэгвэл “Авдраа уудал” уриатайгаар өрнөж буй 2018 оны Алтан хальс кино наадам бидэнд ямархан сонин, содон аялал зэхсэнийг эхний өдрийн авдрыг уудлан  тандаад үзье.

Нээлтийн кино: Юлиан Радлмайер “ХӨРӨНГӨТӨН АНГИЙН НОХОЙН ӨЧИЛ” ба бас бус

Гёте институтийн дэмжлэгтэйгээр энэ жилийн наадамд уригдан ирж буй хүндэт зочин бол германы залуу найруулагч Юлиан Радлмайер юм. 1984 онд төрсөн тэрбээр өдгөө дөнгөж 34 настай.  “Хөрөнгөтөн ангийн нохойн өчил” гэх хоржоонтой нэртэй эл анхны бүрэн хэмжээний кино нь Ротердам болон Берлиний кино наадамд толилуулагдаж байжээ. Залуу найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино гэдэг бүрэн төгс боловсорсон шидээвэр бус, харин залуу насны зоримог эрэлхийлэл, илэрхийлэл голдуу байдгийг туршлагатай киночид ер нь андахгүй биз. Тиймдээ ч миний хувьд үе тэнгийн гэж болохоор германы залуу уран бүтээлч ямархуу кино хийж гэдгийг тандах сониуч хүслээр Алтан хальс кино наадам болж буй  Их дэлгүүрийн iCinema кино театрыг зорьсон билээ.

Үзэсгэлэнгийн танхим, гадаа гудамж, орон сууцны өрөө, алимны тариалангийн талбай, давчуу ч цэвэрхэн нийтийн өрөө, Италийн гудамж гээд цөөн зураг авалтын талбайд ойр зуурын яриа голдуу давамгайлах эсвэл агуу хувьсгалын үйл хэргийг эхлүүлэх гэж буй мэт сүржин яриа ээлжлэн өрнүүлэх нэг тийм хөгжилтэй, зүүлэг гэмээр уур амьсгал мэдрүүлэм шог, хошин дүрүүдтэй кино байв. Тэдгээр дүрүүд дэлгэцнээ капитализмыг эсвээс социализмыг эсвээс ер нь нийгмийн алив “изм”-ыг завсар зайгүй даапаалаад ч байгаа юм шиг, эсэргүүцээд ч байгаа юм шиг, эсвэл бүр далдуур аялдан дагаад ч байгаа юм шиг учир замбараагүй хоржоонт мэдрэмж үзэгчдэд төрүүлнэ. Үүгээрээ шведийн найруулагч Лукас Мүдиссоны “Хамтдаа” (Together, 2000) гэх киног өөрийн эрхгүй санагдуулж байв. “Хамтдаа”-гаас ондоо нь өөрийгөө социалист кино найруулагч хэмээн таалагддаг охиндоо танилцуулж, халамжын мөнгөөр амь зуудаг тул улсаас оноосон ажлыг хийхээр алимны тариаланд ажиллах болсноо кино судалгаа явуулна гэж худал залсан Юлиан эцэстээ туулсан адал явдлаараа кино хийж, тариалангийн талбайд таарсан Хон, Санчо хоёр харин кино шувтархын алдад бүр социализмгүй социалимзм байгуулна хэмээн “халуурч”, тэрхүү солиоролдоо гэнэхнээр итгэн Итали рүү дүрвэж байгаа нь орчин цагийн Дон Кихотын өгүүлэмж байв. Хөөрхий Хон, Санчо хоёр Италид шоронд орсноо ч киноны нэг хэсэг хэмээн эндүүрч буй нь, киноны төгсгөлийн шийдлийг кинон доторх кино байдлаар эргүүлсэн нь часхийсэн шийдэл байв. Юлиан Радлмейр магадгүй алимны тариалангийн урт өрнөлөө танаад Хон, Санчо хоёрын эмгэнэлт, инээдэмт өгүүлэмж рүү киногоо арай эрт эргүүлсэн бол киноны ерөнхий хэм илүү тэнцвэржих байсан болов уу. Жүжигчдийн тоглолт харин ёстой назгай, яг л хэдэн найзаа дэлгэцнээс үзэж буй юм шиг ойр, дотно байлаа.

Ер өрнийнхөн тэр дундаа европчуудын “ахуй”-гаас ангид элдвийг халиадаг, хүний оршихуйг даапалдаг, хүний нийгмийг хөөрхөн чимхэж шүүмжилдэг дэг сургууль “Хөрөнгөтний ангийн нохойн шүүмж”-ээс ханхалж байв. Хэдий даяарчлагдан өрнөжиж байгаа ч идэх хоолныхоо төлөө махран зүтгэдэг хөдөлмөрч, эсэн бусын ертөнцийг халиахаас илүү гэр бүл, ойр тойрноосоо л “мөн чанар”-аа бэдэрдэг ахуйлаг дорнийнхон, азиудын хувьд эл “өөр байдал, илт ялгарал” хүмүүний түүхийг хамгийн тод томруунаар өгүүлдэг кино урлагаас нэн тод ажиглагддаг. Энэ “өөр байдал”-ын хүчээр л бид өөрсдийн ялгарах “өөр”-ийг эргэцүүлж, “уугуул чанар”-аа бэдрэх сэдэл болдог нь урлагийн хүч нөлөө билээ. Тиймдээ ч Юлиан Радлемэйрийн насны монгол залуу найруулагч бол хэзээ ч ийм кино хийхгүй байсан даа гэж эрхгүй бодогдоод байв. Одоохондоо бид хүний оршихуй, нийгмийн тогтолцоог даапаалж шүүмжлэхийн завдалгүй ороо бусгаа нийгэмдээ дасан зохицож, амь гарах гэж гүрдийтэл зүтгэдэг болоод л, эл баргар нийгэмд таарах хал балгүйхэн, хүнлэг бамбай болох бадрангуй, халуун сэтгэлийг зөнгөөрөө бараадаж, хүч чадлаа басхүү хал дутагдлаа болгож явдаг байх гэж эвлэрэхийн сацуу өнөөгийн монгол кинонд түлхүү үзэгддэг гэнэн драм, сайн сайханд итгэх мохошгүй хүслэн эсвээс уур бухимдал, хар барааныг арга ч үгүй юм хэмээн дотроо зөвтгөн бодож явав. Өөрсдийн бодит байдлаас ургасан мөн чанар, хүсэл мөрөөдөл, халуун шаналан, аргагүйдсэн цөхрөл, итгэл найдвараа бид кино хэлээр гарамгай нээн гаргаж чаддаггүй болоод л бид өөрсдийн эл “өөр”-т, ертөнцөд нээн гаргах өгүүлэх түүхэндээ итгэхгүй болсон ч байж мэднэ. Тиймээс л нэг бол хэнд ч ойлгогдохгүй агуу арт кино хийх, сүржигнэх, хэлбэрдэх, эсвэл сүржигнэл, хэлбэрдэл, хийрхэлийн дундах хэт эгэл энгийн болж онцгойрох гэсэн явуургүй хандлагуудаар монголын өнөө цагийн кино урлаг дүүрсэн байж мэднэ хэмээн гуниглан бодсоор үл ялиг борооны үнэр анхилсан Улаанбаатарынхаа жиндүү гудамжаар гэрийн зүг алхав. Ганц кино үзчихээд ийм олныг бодож “өвчигнөсөн” өөрийгөө ч шоолохоо мартсангүй. Эцэст нь бид “өөрсдийн” гарамгай киног заавал хийж чадна, тийм цаг ойрхон байгаа, тэр л киног хийх залуу уран бүтээлчид эл орой "iCinema"-гийн кино танхимд надтай зэрэгцээд ч сууж байсан байхыг үгүйсгэхгүй гэж сурсан зангаараа халуунаар итгэсээр гэртээ орж ирлээ. Юутай ч Алтан хальс олон улсын индедендент кино наадмын эхний өдрийн “авдар”-аас нь энэ мэт бодол, эргэцүүллийг өөртөө уудалж гаргав. Бусад үзэгч харин өөртөө юун нээн олохыг таашгүй.

Бүх юм шахуу төлөвлөгөөтэй, өөрийн таашаалыг хүртэл захирч, удирдаж болдог хотын завгүй, гэнэтийн “зүйлгүй” амьдралд зурагтаа сахихаас өөрөөр кино үзэх боломжгүй байсан даржинхан хүүхэд насаа хааяа санадаг юм. Зурагтаар дандаа агуу, сайн кино гарна гэж байхгүй, эсэн бусын элдэв дэмий юм өчнөөн л үзсэн. Гэхдээ л зурагтын кино хөтөлбөрийг би өөрийн дураар өөрчилж болдоггүй, одооных шиг жаахан хүлээх л юм бол хүссэн киногоо торрентоор татаад үзчихдэг “цамаан” киночны зангүй, муу кино ч тэр санаандгүй адал явдал, гэнэтийн нээлт байсан тэр үеийг Кино наадмын уур амьсгалтай дүйцүүлэн боддог юм. Ганц ялгаа нь кино наадам гэдэг шинэ, сайн кинонууд, кино урлагт ид хүчин зүтгэж яваа өөрийн гэсэн байр суурьтай кино уран бүтээлчдийн санаа оноо, үүх түүхээр халгиж байдаг нь бүр л гайхамшигтай. Тиймдээ ч буйд Улаанбаатарт маань кино наадмын эл өрнүүн, өгөөжтэй уур амьсгалыг утгаар нь мэдрүүлдэг Алтан хальс олон улсын индепендент кино наадмыг би кино хорхойтны хувьд болзоогүй, гайхамшигт аялал гээд байгаа юм. Эл аялал ахиад зургаан өдөр үргэлжилнэ. Биднийг юу хүлээж байгаа бол гэхээс догдлон байна. Эл гайхамшигт аялалын авдарт юу байгааг та ч бас надтай хамт нээлцээрэй.

Алтан хальс 2018 кино наадмын хөтөлбөр

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
34 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
34 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
27
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.