Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

“Гэрэг Фэйшн” сэтгүүлээс ЗААВАЛ унших 6 НИЙТЛЭЛ

“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.


“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Нарыг, дулаахан үдшийг, аялал зугаалгыг хүлээсэн хэн бүхэнд зун цаг “үүдээ” нээж, та бүхний сэтгэл сэргэж буй биз ээ. Ингээд “Гэрэг Фэйшн” сэтгүүлээс заавал унших 6 нийтлэлийг хүргэж байна. Зуны гоо үзэсгэлэн, загварлаг хувцаслалт болоод унших ном, сонсох хөгжим, аяллын “луужин” нь “Гэрэг Фэйшн” байх болно. 

Эрхлэгчийн зурвас

“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн энэ удаагийн дугаар дулаан зуныг угтаж буй нь баярлууштай.  “Гэрэг”-ийнхэн Ази тивийн хамгийн том зах зээл Шанхайн загварын долоо хоногоос бүрэн сурвалжлага бэлтгэж, энэ цагийн үеийн шилдэг залуу уран бүтээлчдээс онцолсон ярилцлагууд хийгээд хавар зуныг угтсан хурим болон цэцгийн бүтээлч зураг авалт зэрэг олон сонирхолтой материалыг уншигч танд барьж байна. Мэдээж, уламжлал болсон соёл урлагийн булангуудыг мартаж болохгүй. Хөгжмийн буландаа энэ сард гурав дахь тоглолтоо хүргэсэн залуу дуучин Магнолиантай ярилцлаа. Шанхайгаас хийсэн сурвалжлага хийгээд загварын бусад нийтлэлүүд салбарынханд бага ч атугай нэмэр болно гэж найднам. 

Фэйшн, дизайн, загвар гэж юу юм бэ гэсэн асуултын хариуг бид эрсээр. Хэн нэгнийг даган дуурайх уу, хиймэл хоосон материалист үзэл юм уу, баахан хувцасаар биеэ хучихын нэр үү? Энэхүү сэтгүүлийг гартаа барин суугаа уншигч та үгүй гэж хариулах нь лав. Фэйшн бол дотоод ертөнцөө илэрхийлэх онцгой хэрэгсэл гэдэгт “Гэрэг”-ийнхэн бат нот итгэдэг билээ. Уншигч та ч бас сэтгүүлээ эргүүлэнгээ энэхүү асуултын хариултыг өөртөө бодож олно гэдэгт бид итгэнэм. 

1. SHANGHAI FASHION WEEK AW18 БУЮУ АЗИЙН ФЭЙШН АКУЛ

"Сэдэв", З.Энхмөнх

Шанхайд газардсан даруйгаасаа өгсүүлээд амьсгаа авах сөхөөгүй загварын шоугаар “бөмбөгдүүлсээр” хэд хоногийн дараа голлох шоунууд болсон Синьтяньди гудамжинд ягаан дотоожтой, гэрэлтдэг цув, цагаан оймс өмсөж, халтардуу кет угласан эртэй таараад чухамдаа тэр мөчид эрж явсан фэйшний томъёо тодорхойлолтоо олох шиг болж, хөл хөөрцөг болох нь тэр…

“Fashion”-ийг загвар гэж орчуулах нь оновчгүй санагддаг юм. Энд ур хийцээс гадна эх загвар, түүний цогцлол багтдаг ч цаанаа нэг амьгүй сонсогдоод байх шиг… Буруу бодож байж ч болох. Гэхдээ миний хувьд фэйшн гэдэг нь мөнөөх эх загвараас гадна түүнд агуулагдах стиль, дан ганц хувцсаар үл барам гоёл чимэглэл, нүүр царайн төрх, будалт, үс гэзгээс аваад хүний дотроос гадагш чиглэсэн бүрэн бүтэн дүрийн илэрхийлэмж байдаг…

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

2. Үг үлдэнэ. Цаг хугацаа хэлнэ.

"Ном", Ж.Тэгшжаргал

Зохиолчид итгэх, үл эргэлзэх! Энэ бол хүн, ном хоорондын харилцааны хамгийн гайхалтай хэлбэрүүдийн нэг. У.Бямбанямын бичсэн “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээ номыг зөвхөн найз нөхөр гэдэгтээ бус сайхан юм унших гэж, бас­хүү зохиогчийнх нь уран чадалд үл эргэлз­дэгийн хувьд яаран зорьж авсны хэргээ харьж очоод хоногтоо гүйцээж “цэнгэлийн манлай”-д хүрсэн билээ. Сайн номын хуудсыг эргүүлэх тоолонд “Битгий дуусаасай, үргэлжлээд л бай­гаа­сай...” хэ­мээн ухамсаргүйгээр бодчихсон суух нь элбэг. “Цаг хугацаа хэлнэ”-ийг “бүү дуусаасай” гэсээр нэг амьсгаагаар барчихсандаа баахан гэмшсэн боловч сүүлийн хуудсыг эргүүлэх­дээ “Энэ ном бид хоёр мөддөө салахгүй нь” гэж ойлгоод  тайварч билээ.

Монголын утга зохиол сайн зохиолч, сай­хан бүтээлээр дутаж байсангүй. Тэгэх­нээ бүр авьяас, мэдрэмж нь цалги­сан бадрангуй хүмүүсээр халгих боловч хариуцлага, нямбай чанарын орц дутса­наас бүхэлдээ сэтгэлийн хөдлөл, бүрэн дүүрэн бус туурвил гарах нь зарим­даа харамс­маар санагддаг. Жинхэнэ утга зохиол гэдэг улирлын өнгө аяс, байга­­лийн үзэгдэлд сэмрэгдсэн сэтгэлээ үгс болгон хэлхэ­хээс ахисан түвшний ойл­голт, дээд зэрэг­лэлийн хөдөлмөр гэж бод­ном. Ийм авъяас, мэдрэмж, басхүү нямбай хөдөлмө­рийн үр дүнд бүтсэн “Цаг хуга­цаа хэлнэ” номд илүүдсэн үг өгүүлбэр, дутуу илэрхийл­сэн санаа, өнгөц сэтгэлдэл болоод төрөг­дөл олж харсангүй. Бүрэн цул бүтээ­лээс халуун дүүрэн мэдрэмж хүртэх... Хүн-ном хоорондын харилцааны маш ховор тохиол!

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

3. Улаан толбот

"Дуран" Гэрэл зурагчин Жулиан Сон

БНХАУ-ын кино урлаг эрт үеэс улбаатай хэдий ч загвар фэйшний гэрэл зургууд дэлхий дахинд ил болсон нь тус улсад олон улсын сэтгүүлүүд нэвтэрч эхэлсэнтэй шууд холбоотой билээ. Нэн ялангуяа Хятадын гэрэл зургууд фэйшн салбар хүчтэй хөгжсөн Япон, БНСУ, Тайвань зэрэг улсын зурагчдынхаас үзэл санааны тусгаар байдал, өнгөний бэлгэдэл, ахуй, их нутгийн агаар үзэмжээрээ тод ялгардгийг бид Vogue, GQ тэргүүт сэтгүүлүүдээс бэлхнээ харж болно. 

Vogue Italy, Young, Huf, Yoho China, Fucking зэрэг сэтгүүлтэй ажилладаг, Шанхай төвтэй зурагчин Жулиан Сонтой ярилцлаа. Өнөө цагийн бусад хятад зурагчдын адил “улаан” өнгийн хэлэмжтэй түүний бүтээлүүдэд хүний биеийн зөөлөн атлаа огцом хугарлын нийлэмж тод харагдах бөгөөд моделиудын илэрхийлэмжийг мэдрэх, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг харах онцгой нүдтэй нь илэрхий байдаг. Түүний Гэрэг Фэйшнд бэлэглэсэн зургуудаас уншигч танд хүргэсү.

4. Бэлчээрээс мэндлэх загвар

"Авторын булан", Э.Намуун

...Бага ангийн сурагч байхдаа амралт эхэлмэгц аймгийн төвөөс 30-аад км-ийн зайд нутаглах өвөө эмээгээ зорьдог сон. Ах нар хонь малаа хариулж, адуун­даа явчихдаг болохоор надад тугалаа ойртуулах, аргал түүж, усанд явах, аяга угаах зэргээр өвөө эмээгийнхээ гарын үзүүрт зарагдах ойр зуурын ажил оногддог байлаа.

Хөдөөнийхөн үүр цүүрээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй өөрт ногдсон ажлаа хийсээр таарна. Харин миний хувьд хурга ишигнүүдийг эх малтайгаа нийлэхээс урьтаж, ойр ойрхон эргүүлэх нь хамгийн хариу­ц­лагатай алба байлаа. Тайван идээшлэх хургануу­дыг “уруу татаж” эх малтайгаа нийлэхээр завддаг нь ишигнүүд. Уг нь их сэргэлэн л дээ. Хэт давраад байвал хаа нэг чулуу нүүлгэж, хандыг нь хага дарчихна. Манай богийн сүрэгт сэлмэн эвэртэй, цагаан ямаа байдаг байлаа. Үргэлж сүргийн түрүүнд явдаг, том биетэй болохоор нь бид нар “Сэлмэн эвэрт Сэнгэбаатар” гэж нэрлэчихсэн юм. Сэнгэбаатар тэргүүтэй ямаан сүрэг маань өвөөгийн бог малыг тоо толгойгоороо манлайлна. Угаас Баянхонгор ямааныхаа тоогоор улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Өнгөрсөн оны байдлаар улсад нийт 27,3 сая ямаа тоолуулснаас 2,7 нь Баянхонгорынх байна. Өвөрхангай аймаг 2,4 сая орчим толгой ямаатайгаараа удаалж, Говь-Алтай аймаг эхний гуравт багтжээ. Ямаа бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг иддэг онцлогтой...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

5. Бал сараа өнгөрүүлэхэд тань санал болгох 8 газар

"Хүрэх газар", Ж.Зул

ГРЕК, САНТОРИНИ: Газар дундын тэнгисийн эрэгт нар жаргахыг ажин, хүйтэн оргилуун дарс шимж, хайрттайгаа харцаараа ярилцан суух ая тухыг мэдрүүлэх төгс газар бол Санторини. Зурагт хуудаснаа хэзээд үзэгддэг хавцал дагуух цагаан сууцнуудаас гадна бидний мэдэхгүй адал авдалт, хожим дурсамж дүүрэн санагдах аяллыг энд хийж болно. Тухайлбал, ердөө 12 ам.доллар төлөөд дөрвөн дугуйт мотоциклоор (ATV) арлыг тойрч, дуртай газраа саатаж Санторинийн үзэсгэлэнтэй танилцаарай. Мөн тэнгисийн эргээс завиар зугаалж өнө эртний түүхт байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудыг сонирхох боломжтой. 

Арлыг бүхэлд нь толидохын тулд “Old Port”-ыг зорьж, ердөө 4 ам.доллар төлөөд агаарын бүхээгээр зорчин дээш гарахад гурван минут л хангалттай. Цаашлаад олны хөлөөс зайдуу дарс шимэн ярилцахыг хүсвэл Санторинийн өмнөд хэсэг рүү зорчиж, “дарсны аялал” хийж үзвэл хэзээ ч харамсахгүй “амтлаг” бас сонирхолтой байх нь гарцаагүй. 

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

6. WISH I HAD WRITTEN THEM

"Playlist", З.Энхмөнх

Заримдаа бид хөгжмийг, ер нь урлагийг төгөлдөр, утга учиртай болгох гээд бөөн гаргалгаа баримт эрж, сүржин даржин шошго наах гэдэг нь бидний төрөлх зөн байж магад. Хааяа бид зүгээр л урлагийг хүртэж түүгээр амь амьсгал аз жаргалаа хийчихгүй, бий болгосон тэр нэг үзэл санаандаа тааруулж хэлбэршүүлэх гэж хичээдэг нь өрөвдөлтэй ч юм шиг. Урлаг өөрөө хүний оюун санаанаас ухамсарт бусаар, хар аяндаа хийсвэрлэгдэн бий болдог гэдгийг ухаарах хүртэл...
Гэхдээ хөгжим гэдэг агаарт хийсэж явдаг дэмий нэг авиа ердөө биш, түүнд бидний анхаарал, бүр хайр гэгч зориулагдаж байх учиртай гэж боддог минь хэвээрээ. Магадгүй хөгжмийг хязгааргүй түгээх боломж болсон интернэт гэдэг платформ өнөөдөр энэ гарагийн булан бүрт хөгжмийг зүгээр л фон маягаар хэрэглэх хүчин зүйл болсонд харамсаж байдаг болохоор ч тэр юм уу.

Дөлгөөн буюу Магнолианыг би хөгжмийг яаж хүртэж, түүгээр “дүүрч” байдаг, плэйлистэд нь ямар өнгө аястай хөгжим байдаг бол гэж сониучирхсаар энэ буландаа урьсан юм. “Би эхлээд хөгжмөө, дараа нь үгээ бичдэг. Миний дуу бичих үйл явц нийтлэг жишгээс эсрэг байх нь бий. Мэдээж өөр хүмүүс, зүйлсээс сэдэл авах үе байдаг. Тухайлбал, “A Dream of a Ridicilous Man”-г Достоевскийн өгүүллэгийн нэрээр нэрлэсэн. Дууны хөгжим миний хувьд үгнээс илүү ач холбогдолтой. Гэхдээ сайн, сайхан үгийг эрхэмлэдэг. Дууны үг дуундаа уран зохиолын элемент болж, гоо зүйн таашаал мэдрүүлдэг. Сайн үг, ая нэгдвэл ч тэр дуу...!

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
31
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.