Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

Бэлчээ­рээс мэнд­лэх загвар

Монгол ноолуурын гурван цагийн хэлхээ.


Аргал түүж, голоос ус зөөн, нар жаргахын алдад үхэр тугалаа гэрийн зүг эргүүлж, дуу аялан гүйдэг хүүхэд насны минь богинохон хугацаа сэтгэлд тодоос тод үлджээ. Амралтаараа өвөөгийндөө хөдөө очдог жаахан охин товхойтол хатсан аргал олохын тулд Ар голоо өгсөж, уруудан их алхана. Шуудайгаа дүүргэж байж сая нэг санаа амарна. Одоо ч хөдөө явахад “товхойсон” аргал харагдвал түүчихмээр санагдаж, хорхой хүрдэг хэвээр. 

Тэр жилийн (1997 оны) Цагаан сараар эмээгийнхээ хийж өгсөн цэнхэр торгон дээлээр гоёж, үсээ хоёр салаа сүлжүүлчихээд шинийн нэгний өглөөг сэтгэл дүүрэн угтаж билээ. Сар шинэ ч хуучирч, өнөөх нандигнаж, хайрлаж асан дээлээ гэрт гадаагүй өмсөж, бууцан бор өнгөтэй болгочихсон юм. Ишиг хургатай байнга зууралддаг хүний дээл юм хойно хялгас унгас наалдах нь энүүхэнд. Тооноор тусах нарны хурц, шулуун тусгалд гэрт бужигнах нарийн тоостой зэрэгцэн энд тэнд ямааны хялгас үс “нисэж” яваа нь тод харагддаг сан. Хонины ноос, ямааны хялгас бол байнга шүүрдэж цэвэрлэдэг хив­сийг маань завааруул­чихдаг “дайснууд”. Тэр үед ямаа­ны ноолуур, үс хялгас дулаахан, биед эвтэй­хэн цамц, “палааж”, ороолт малгай болдгийг мэддэггүй байж. Дэлхий дахинаа эко бүтээгдэхүүн гэж өргөмжилдгийг ч яахин мэдэх билээ. Харин бид бүгдээр тэр л эко бүтээгдэхүүн, түүхий эд дунд хөлбөрч байдаг улс ажээ. Ноос, ноолууран хувцас, эдлэлийн түүхий эдийг гаргахад амьтны амийг тасалдаггүй учир “animal friendly” хэмээн олон улсад сайшаагддаг. Ингээд бодоход ноос, ноолуур нь “жинхэнэ” эко бүтээгдэхүүн бөгөөд бэлчээрийн мал аж ахуйгаас төрдгөөрөө онцлог. 

Ямаа бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг иддэг онцлогтой.

Бага ангийн сурагч байхдаа амралт эхэлмэгц аймгийн төвөөс 30-аад км-ийн зайд нутаглах өвөө эмээгээ зорьдог сон. Ах нар хонь малаа хариулж, адуун­даа явчихдаг болохоор надад тугалаа ойртуулах, аргал түүж, усанд явах, аяга угаах зэргээр өвөө эмээгийнхээ гарын үзүүрт зарагдах ойр зуурын ажил оногддог байлаа. Хөдөөнийхөн үүр цүүрээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй өөрт ногдсон ажлаа хийсээр таарна. Харин миний хувьд хурга ишигнүүдийг эх малтайгаа нийлэхээс урьтаж, ойр ойрхон эргүүлэх нь хамгийн хариу­ц­лагатай алба байлаа. Тайван идээшлэх хургануу­дыг “уруу татаж” эх малтайгаа нийлэхээр завддаг нь ишигнүүд. Уг нь их сэргэлэн л дээ. Хэт давраад байвал хаа нэг чулуу нүүлгэж, хандыг нь хага дарчихна. Манай богийн сүрэгт сэлмэн эвэртэй, цагаан ямаа байдаг байлаа. Үргэлж сүргийн түрүүнд явдаг, том биетэй болохоор нь бид нар “Сэлмэн эвэрт Сэнгэбаатар” гэж нэрлэчихсэн юм. Сэнгэбаатар тэргүүтэй ямаан сүрэг маань өвөөгийн бог малыг тоо толгойгоороо манлайлна. Угаас Баянхонгор ямааныхаа тоогоор улсдаа тэргүүлдэг аймгуудын нэг. Өнгөрсөн оны байдлаар улсад нийт 27,3 сая ямаа тоолуулснаас 2,7 нь Баянхонгорынх байна. Өвөрхангай аймаг 2,4 сая орчим толгой ямаатайгаараа удаалж, Говь-Алтай аймаг эхний гуравт багтжээ. Ямаа бие жижиг, шөрмөс, шандас сайтай учир хад, асга дамжин өвс ургамлын сорыг иддэг онцлогтой. Ганц “гэм” нь өвс ургамлыг үндсээр нь идчихдэг. Гэсэн ч монгол ямаанаас хамгийн ховор, хамгийн дээд зэргийн ноолуур гардаг учраас шавхагдашгүй, эргэн төлждөг эрдэнэс болдог байна. Тиймдээ ч Монголыг дэлхийн загварын ертөнцөд “Ноолуурын орон” хэмээн нэрлэдэг. Тэсгим хүйтэн, хатуу ширүүн өвлийн улирал дулаан, “хүрэм” мэт ноолуурыг бий болгоход нөлөөлдөг байна. Ямааны урт, ширүүн хялгасаар бүрхэгдэн хамгаалагдсан ноолуурын нарийн ширхэг нь хүйтэн агаарыг тогтоон барьж, биеийн дулааныг бүрэн хадгалдаг аж. 

Хахир хүйтэн өвөл өнгөрсний аяар хөдөө их ажил ундардгийн нэг нь ямаа самнах. Учир нь хавар болохоор ямааны ноолуур гуужиж эхэлнэ. Хөдөө орон нутагт мал төллөхтэй зэрэгцэн гурав, дөрөвдүгээр сард малчид ямаагаа самнах их ажилд ханцуй шамлан орно. Ноолуур тэдний амьжиргааны эх үүсвэр болдог билээ. Тусгайлан бэлдсэн урт, урд хэсгээрээ дугуйрсан самаар ямааг самнаж, ноолуураа гаргаж авна. Монгол ямааны үндсэн ашиг шим нь сүү, мах, ноолуур, хялгас юм. Ямааны ноолуурын нарийн дунджаар 16 мкм, их зөөлөн. Нэг ямаанаас дунджаар 250 грамм ноолуур гардаг. Эрлийз үүлдрийн ямаанаас нэг кг хүртэл ноолуур гарах нь бий. Нэг грамм цэвэр ноолуураар 9-10 метр утас ээрдэг гээд бод доо. 

1990-ээд оны сүүлчээр зам харгуй одоогийнхтой харьцуулашгүй тааруу байсан тул хот суурин зорьж арилжаа хийх нь ховор байв. Онхол донхол замаар ЗИЛ-130, фургон машинаар таваар зөөх худалдаачид айл бүрээр буудаллаж, наймаа арилжаа хийх нь ердийн үзэгдэл байлаа. Хүмүүс хэрэгцээт бараагаа авч, төлбөрөө ноолуураар хийнэ. Тэр жил өвөө хамгийн бага хүүгээ тусад нь гаргахаар зэхэж, хуримын бэлтгэл хийж байсан болохоор Өвөрхангайн Уянгын гэрийг ноолуураар худалдаж авч байсан юм. Уянгын гэр хийц сайтай, эдэлгээ удаанаараа алдартай байсан юм л даа. Ер нь тухайн үед ноолуур бол бэлэн мөнгө шиг байв. Хөдөөнийхөн оюутан болсон ах эгч нарт мөнгөний оронд ноолуур дайж, явуулдаг байсан цаг. Малчид одоо ч төвийнхөндөө “бэлэн мөнгө” илгээдэг хэвээр байж мэднэ.  

Монгол ямааны зонхилох зүс нь цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор бөгөөд бүгд өөр өөрийн онцлогтой. Бор ноолууртай ямаа нь Монголын баруун хэсгээр Алтайн нуруунд байдаг. Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл аймгууд бор өнгийн ноолуурыг гаргадаг хар зүсмийн ямааны нутаг юм. Үслэг, зөөлөн ноолуур нь далайгаас 2000-4000 метр өндөрлөгт байрлах нутгийн дүн өвлөөр ч ямааг хүйтнээс бүрэн хамгаалдаг байна. Дэлхийн хамгийн ховор ноолуурын өнгө бол хөх саарал. Хөх саарал өнгийн ямаа зөвхөн Монголд байдаг бөгөөд монгол ямааны ердөө хоёр хувийг эзэлдэг аж. Энэ нь дэлхий дээрх 2000 ямаа тутмын нэг нь л хөх саарал өнгөтэй гэсэн үг юм. Энэ зүсмийн ямаа Ховд аймагт бий. Монголын ямааны бараг 60 хувийг цайвар шаргал зүсмийн ямаа эзэлдэг бөгөөд бүх аймгаар тархсан байдаг. Дулаан, тансаг харагдах цайвар шаргал өнгө органик ноолуурт хамгаас тохиромжтой. Харин нийт ямааны 20 хүртэлх хувийг цагаан зүсмийн ямаа эзэлдэг ажээ. Тэдний ихэнх нь Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай аймагт байдаг. Одоо бодохнээ Сэнгэбаатар энэ зүсмийн ямаа байжээ. Манай улсад Монгол, Өнжvvл, Залаа жинстийн цагаан, Эрчим, Баяндэлгэрийн улаан, буурал, Өлгийн улаан, Говь гурван сайханы бор, Алтайн улаан зэрэг үүлдрийн ямааг үржүүлэн өсгөж байна. Ноолуурын ямаа нь Монгол, Хятадын баруун хойд хэсэг, Дундад Ази, Балбын Гималай орчмын бүс, Ираны уулархаг нутгаар тархсан байдаг.

Манай улсад 1981 онд “Говь” үйлдвэр байгуулагдснаар ноолуу­ран бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд ноолуурын чиглэлийн олон үйлдвэр бий болж, эрэлт хэрэгцээ ихэссэн нь ноолуурын үнэ өсөхөд эергээр нөлөөлж байна. Өнгөрөгч оны байдлаар Монголын ноолуур боловсруулах салбарт 298 том, жижиг үйлдвэр байна гэх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тооцоо бий. Энэ жил ноолуурын ханш өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өсөлттэйгөөр 100 мянган төгрөгөөс эхэлснийг “Өдрийн сонин” мэдээлж байв. 1990-ээд оны сүүлчээр буюу 1998 онд нэг кг ноолуурын үнэ ихдээ 9500 төгрөг байсан бол хоёрхон жилийн дараа үүнээс 4.5 дахин өссөн юм. Ингээд 2000 онд ноолуурын үнэ 43 мянган төгрөгт хүрчээ. Харин 2001 онд дотоодын зах зээл дээрх нэг кг ноолуурын үнэ 22 мянга орчим төгрөг болж буурсныг Монголбанкнаас гаргасан “Ноолуурын салбарын судалгаа” номонд дурдсан байна. Ченжүүд энэ жил ноолуурын үнийг 120 мянгад хүрнэ гэж таамаглаж буй. Гэсэн ч ноолуурын үнэ өмнөх жилүүдийн адил хэлбэлзэх гэнэ. 

Өнөөдөр Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангаж байна. 

Өнгөрсөн оны сүүлчээр Хөдөө аж ахуйн бирж анхны форвард арилжааг хийсэн байна. Энэ нь малчид ноолуураа урьдчилсан захиал­гаар борлуулж буйг хэлж байгаа юм. Тодруулбал, “Хөдөө аж ахуйн бирж” компани БНХАУ-ын “Бохай" биржтэй хамтран хил дамнасан арилжааг эхлүүлжээ. Малчид ямаагаа самнахаас гурван сарын өмнө Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа зарж, үнийн эрсдлээс хамгаалах боломж бүрдсэн гэсэн үг. Малчид урьдчилан хэдэн кг ноолуур тушаахаа хэлж, үнэ ханшаа тохироод, тохирсон ёсоор шинэ ноолуураа тушаана. Ингэснээр ченжийн гар дамжуу­лал­гүйгээр шууд үйлд­вэрт борлуулна. Уг арил­жааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, кг нь 80-135 мянган төгрөгийн дүнтэйгээр 11.5 тонн боловсруулаагүй ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжжээ. 

Хавар ирмэгц хөгшчүүл “урт шар хүн” ирлээ хэмээн ярих нь багачууд бидэнд содон сонсогддог сон. Хэзээ урт дээлтэй, шар царайтай хүн ирсэн юм бол гэх асуулт нэг хэсэгтээ л ээрдэг байв. Нар наашилж, өдөр уртсах хаврын өдрүүдийг ийн нэрлэдэг байж. Урт шар хүн ирэхээр хөдөөд гэртээ тогтох аргагүй их ажил ундарна. Хүнгүй гэрт гал цогшиж, илчгүй болох үест бөмбөгөр цагаан гэр зэврүү даах нь цаанаа л тухгүй. Хуй салхи дэгдэн, шуурга дайрахад гэрийн өрх дэрвэлзэн “пид пид” гэх чимээ гаргахтай зэрэгцэн яндангийн холхих дуун сэтгэлийг хоосруулж, гунигт автуулмаар. Яндангийн тэр чимээ гол зураад хачин муухай мэдрэмж төрүүлдэг сэн. Гэсэн ч хөр цасан дороос яргуй цухуйж, зунгагнаасаа ч салаагүй бяцхан ишиг, хурганууд зун цаг хаяанд ирснийг тунхаглаж, сэтгэл сэргээнэ. Хаврын эл өдрүүдэд илүү гэр нэмнээтэй хурга ишиг, ганц хоёр тампуу ноолуураар дүүрчихнэ. Ямаанаас самнасан энэ ноолуур чухамдаа түүхий буюу боловсруулаагүй ноолуур юм санж. 

Өнөөдөр Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангаж байна. Боловс­руулаагүй ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд Хятад тэргүүлдэг бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 10 мянга орчим тонн гэж үздэг. Харин Монгол 5000 гаруй тонн үйлдвэрлэж удаалдаг аж. Араас нь Энэтхэг, Пакистан, Иран, Афганистан, Турк, Дундад Азийн орнууд орно. Боловсруулаагүй ноолуураас тослог, хаг хог, хэрэггүй хялгас зэргийг ялгаснаар ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болно гэсэн үг. Манай улс өнгөрсөн онд 9200 тн орчим түүхий ноолуур үйлдвэрлэжээ. Нийт ноолуурын 85 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угааж, самнаж экспортод гаргасан бол 15 хувийг нь дотооддоо бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан байна. Одоогийн байдлаар жижиг, том 300 орчим ноос, ноолуурын үйлдвэр байгаа бөгөөд эдгээрээс үйлд­вэрлэлийн хүчин чадал, хэрэглэгч­дийн тоо, салбар нэг­жийн тархалт зэргээрээ “Говь” ХК тэргүүлдэг талаар МУХБ-ны тэргүүн дэд захирал Ч.Энхбат саяхны ярилцлагадаа дурджээ.

Ноолуурын зах зээлд томоохон орон зай эзэлж буй манай улсын хувьд ноолууран бүтээгдэхүүнийхээ өнгө, загвар, хийцэд ихээхэн анхаарч, шаргуу ажиллаж байна. Тухайлбал, улсдаа тэргүүлэгч “Говь” компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан “Yama” брэнд, “Говь Органик”, “Говь” брэнд гэсэн үндсэн гурван брэнд буюу гурван төрлөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Тэд дэлхий нийтийг хувцаслахаар зорин ажиллаж байгаа аж. 2017 онд дэлхийн ноолууран пальтоны зах зээлийг эзлэх зорилготой байсан бол энэ жил пиджакаар бүрэн хангах зорилготой гэнэ. Статистик мэдээллээс үзвэл дэлхийд тэргүүлэгч “Max Mara” компани 2017 онд 40 мянган ширхэг, “Говь” 41 мянган ширхэг пальто үйлдвэрлэжээ.

Ноолуурын загвар болоод хэрэглэгчдийн ойлголтын тухайд “Говь” ХК-ийн дизайны хэлтсийн дарга А.Учрал “Манай компанийн “Yama” брэнд илүү luxury тал руугаа хөгжсөн. Энэ брэнд дээр Италийн алдартай дизайнер ажиллаж байна. “Говь Органик”, “Говь” брэнд маш дэвшилттэйгээр урагшилж байгаа. Гадаад, дотоодод төгссөн чадварлаг дизайнерууд ажиллаж байна. Бид жил бүрийн трэндүүдийг байнга судалж, туслах материалуудыг ч цаг алдалгүй гадаадаас захиалж, туршдаг. Дотоодын хэрэглэгчдийн хүлээж авах хандлага янз бүр байна. Өвөрмөц юм уу, цорын ганц загварыг хүсээд байдаг. Ноолуур  өдөр тутам өмсөхөд биед наалдаж өгч, тухтай таатай мэдрэмж төрүүлэх  хэрэгтэй. Хүмүүс гэтэл оёмол хувцас, авангард загварын бүтээгдхүүнүүдтэй дүйцүүлж, адилтгаж үзэх хандлагатай байдаг. Классик суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хүмүүс энгийн, уйтгартай загвар гэдэг юм. Үнэндээ ноолууран бүтээгдэхүүн классик хэв маягтай, олон жилийн хэрэглээг даахуйц чанартай байх ёстой. Жишээлбэл, эмээгийнхээ өмсөж байсан ноолууран цамцыг ач охин нь өмссөнөөр үе дамжсан чанарыг илтгэж, бахархлаа болгодог. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн үнэт баялаг болчихдог юм. Энэ үзэгдэл Европт илүү түгээмэл байдаг” гэлээ. 

Манай үйлдвэрлэгчид ноолууран бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэдэг аж. Энэ нь түүхий эд болон түүнийг боловсруулах үйлдвэр цогц байдагтай холбоотой. Италийн томоохон компаниуд гэхэд ноолуураа Хятад, Монголоос авахаас эхлээд бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай түүхий эд, бусад хэрэгцээт материалуудаа орон орноос эсвэл бусад үйлдвэрээс авдаг болохоор хугацаа их шаардагдаж, тэр хэрээр бүтээгдэхүүн нь өндөр үнээр бүтдэг байна. Монголын ноолууран бүтээгдэхүүн сүүлийн үед оёмол талруугаа нэлээд хөгжиж байгааг А.Учрал хэлсэн. Оёмол бүтээгдэхүүнд пиджак, пальто зэрэг хувцас голлоно. Ноолуур нь даавуу, бусад синтетик материалыг бодвол их эмзэг бөгөөд бүтээгдэхүүн хийхийн тулд дизайнераас ихээхэн мэдрэмж шаарддаг байна. Ноолуур хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл багатай ч хүссэн өнгөө гаргахад бэрхшээлтэй, зарим тохиолдолд түүхий эдээсээ хамаараад хүссэн загвараа гаргахад төвөгтэй байдаг аж. Шинэ коллекци гаргахын тулд дизайнерууд хамгийн багадаа хагас жилийн өмнө хийж бэлэн болгодог гэнэ. Ерөнхийдөө нэг жил, жил хагасын өмнөөс эхлээд бүх загвар, төлөвлөгөөгөө гаргаж байж бэлэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт цаг тухайд нь хүргэдэг байна. Өнгөрсөн оны сүүлчээр Монголын ноос, ноолуурын холбоо дэргэдээ “Дизайны төв”-тэй болсон. Тус холбоо монгол ноос, ноолуурын түүхий эд чанартай гэдэг ойлголтоос гадна бүтээгдэхүүн нь загварлаг гэдэг ойлголтыг хэрэглэгчдэдээ өгөх, дизайны менежмен­тийг хэрэг­жүүлэх зорилго­тойгоор байгуул­жээ. Уг төвөөрөө дамжуулан салба­рын дизай­неруудыг гадаадад болон дотоодын сургалтад хамруулах юм. Мөн дизайнеруудад шинэ санаа, сэдэл өгч, бүтээлч орон зай, хангалттай хугацаа олгох зорилготой аж.

Малчны хотоос үйлдвэрт хүрсэн ноолуур нь эцсийн бүтээгдэхүүн болтлоо маш олон дамжлагаар орж байж сая нэг хувцас болж, хэрэглэгчдэд хүрнэ.

Малчны хотоос үйлдвэрт хүрсэн ноолуур нь эцсийн бүтээгдэхүүн болтлоо маш олон дамжлагаар орж байж сая нэг хувцас болж, хэрэглэгчдэд хүрнэ. Энгийнээр тайлбарлая. Үйлдвэрт очсон боловсруулаагүй ноолуурыг эхлээд ангилна. Үүний дараа угаах дамжлагад орж, самнах руу шилжинэ. Самнах дамжлагаар ноолуурын хялгас үсийг түүдэг байна. Хэрэв өнгө оруулах шаардлагатай бол будганд оруулах дамжлагаар үргэлжилнэ. Будганд оруулсны дараа ээрч, утас болгодог аж. Бэлэн болсон утсаа сүлжих хэсэгт оруулж хувцасны их бие, ханцуй, энгэр гэх мэтчилэнгээр тодорхой хэсгүүдийг сүлжинэ. Хэсэгчлэн гарч ирсэн сүлжмэлүүдээ оёх дамжлага руу шилжүүлснээр нэг цогц хувцас бий болно. Зарим томоохон үйлдвэрт дан сүлжмэлийн машинаар хувцас бэлэн болгох нь ч бий. Ингэснээр дамжлага дуусахгүй. Оёх цехээс гаргаад угаах, пресслэх, индүүдэхээр дамжуулсны эцэст бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Хамгийн гол нь дамжлага бүр дээр технологио зөв тохируулж байж л цааш явах бөгөөд багахан алдаа дутагдал гаргах төдийд л гологдол болж, буцаагдах аюултай. 

“Гоёл” кашемирийн чанар шалгагч О.Батсүрэн “Ноолуур амьд бүтээгдэхүүн учраас маш нарийн ажиллагаа шаарддаг. Амьтай гэдэг нь угаахад агшиж, сунах байдлаараа ч мэдрэгддэг. Дамжлага бүрийн тоног төхөөрөмжийг нарийн горимын дагуу ажиллуулах хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л процессийн тухай ярина гэвэл ­мөддөө дуусахгүй. Ерөнхийдөө ноолууран хувцасны чанартай эсэх нь түүхий эд болох ноолуурын ширхгийн бүдүүн нарийнаас шалтгаална. Ноолуурын микрон (мкм) нь нарийн байх тусмаа чанартай байдаг. Харин бүдүүрэх тусам чанаргүйд тооцогддог” гэлээ.   
Үргэлжид нөхөн төлжих шавхагдашгүй баялаг болсон ноолуурын үнэ цэнийг Засгийн газраас ч бодлогоор дэмжиж ирсэн. Энэ оны хоёрдугаар сард ноолуурын салбарынхны хөдөлмөрийг дэмжсэн бодлого батлагдсан нь “Ноолуур” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн зорилго нь ноолуураа аль болох дотоодын үйлдвэрлэлд шингээн авч үлдэх, эцсийн бүтээгдэхүүн болтол бүрэн боловсруулалт хийх, цаашид доод түвшний боловсруулалтад орсон буюу угаасан ноолуурын экспортыг бууруулах юм. Мөн Хөгжлийн банкнаас дотоодын үйлдвэрүүдэд зээл олгох, хөрөнгө оруулах, үйлдвэрлэлийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын салбарт одоо байгаа 5000 гаруй ажлын байрыг хадгалж, 3600 гаруй ажлын байр шинээр бий болгохын зэрэгцээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспорт 5.7 дахин өсөх тооцоолол гаргажээ.
Монголын тал нутагт “сэлмэн эвэрт Сэнгэбаатар”-ууд сая саяараа идээшлэн бэлчиж байна. Ирээдүйд хувцас, эдлэл болон хэрэглэгчдэд хүрэх ямааны шинэ ноолуур малчдын гэрт тампуу тампуугаараа энэ цаг дор тоологдон буй. Дэлхийн загварын ертөнцөд монгол ямааны ноолуураар хийсэн хувцас “тансаг, чанартай” гэх үнэлэмж үнэн, эсэхийг цаг хугацаанд даатган үлдээе.    


Та бүхэнд "Gereg Fashion & Beauty" сэтгүүлийн хамгийн сүүлд гарсан шинэхэн дугаарын нийтлэлүүдээс хүргэж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
11
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.