Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Энэ зун унших 21 номын жагсаалт

Цагийг ном уншин өнгөрүүлээрэй.


Зуны амралтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгодог зүйл бол яахын аргагүй ном юм. Тэгвэл энэ зун таны төлөвлөгөөнд гайхалтай өнгө нэмэх, сор болсон бүтээлүүдийг санал болгож байна.

1. М.А.Булгаков - Нохойн зүрх

“Нохойн зүрх” тууж бол Булгаковын хамгийн дуулиантай, маргаантай, этгээд бүтээлүүдийн нэг юм.  Профессор Филипп Филиппович Преображенскийгийн нохойд хүний өнчин тархи суулгах туршилт хийж ямар үр дүнд хүрсэн тухай эл тууж өгүүлнэ. Зохиолд гарч байгаа 1920-иод оны Москва хотын барилга, гудамжны нэр бодит төдийгүй тэр үед гарч байсан театр, циркийн үзүүлбэрүүд ч жинхэнэ аж. Этгээд бичлэг, зохиолчийн ур чадварыг шавхсан энэхүү бүтээл танд уран дүрслэл ямар хүчтэй илэрхийлэмж болохыг мэдрүүлэх болно.

2. Г.Г.Маркес - Зуун жилийн ганцаардал

Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал хийгээд зүүд, бодит амьдрал хоёрын аль нь болох нь мэдэгдэхээ болих санаанд оромгүй эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ. Хэрэв уншиж амжаагүй бол энэ зун таны заавал унших ёстой номын жагсаалтад бичигдэх учиртай юм.

3. Жек Лондон - Мартин Иден

Мартин Иден хэмээх романд аугаа зохиолч болох хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх нэгэн залуугийн тухай өгүүлдэг. Тарчигхан амьдралтай, боловсрол муутай Мартин чинээлэг айлын охинд дурласнаар сэтгэлт бүсгүйтэйгээ энэ зэрэгцэхүйц болохын төлөө зүтгэдэг билээ. Тэрээр ном зохиолд шимтэн дурлаж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж явсаар алдар цуутай зохиолч болдог. Хүсэж тэмүүлсэндээ хүрсэн хэдий ч зохиолын төгсгөл таныг ойлгомжгүй бүгчимд живүүлэх биз ээ. Энэ зун таныг ухаарал, бодрол дунд яах аргагүй Мартин Иден хөтлөх болно.

4. Теодор Драйзер - Америкийн эмгэнэлт явдал

Уг романд сүсэг бишрэлтэй гэр бүлд өсч торнисон Клайд Гриффитс хэмээх залуугийн ээдрээтэй хувь заяаг өгүүлэх бөгөөд баян тансаг амьдралд шунан дурлах тэрбээр эцэстээ гэмт хэрэг үйлддэг юм. Энэ зохиолыг ойлговоос ойр тойрныхон болоод амьдралд хандах хандлагаа эргэн нэг харах биз. Иймд энэ зуны жагсаалтад зайлшгүй байх ном юм.

5. Владимир Набоков - Лолита

Зохиолд дунд эргэм насны эр Гумберт аялж явахдаа нэгэн эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг. Ингээд эмэгтэйн гэрт толгой хорогдож түүний 12 настай бяцхан охин Лолитад сэтгэл алдарч нууцхан хүсэмжлэх болсноор зохиолын үйл явдал эхэлдэг. Зохиолч Владимир Набоковыг нэр алдарт хүргэсэн уг бүтээлийг уншихгүй өнгөрөөж болохгүй юм.

6. Орхан Памук - Истанбул: Дурсамж ба хот

Зохиолч уг бүтээлдээ Турк орны хүмүүс, түүхийг өөрийнхөө амьдралын мөчлөгтэй холбон, уран яруу, егөөтэй, үнэн бодит, сонирхолтой өгүүлсэн байна. Энэхүү ном нь баримтат бичлэгийг урагш нэг алхуулсан хэмээн шүүмжлэгчид хэлдэг байна. Уг бүтээл таны зун унших номын жагсаалтад зүй ёсоор орох юм.

7. Жэйн Остин - Бахархал ба бардамнал

Таван охинтой айлын хоёр дахь охин болох Элизабэт Бэннэт болон баян ноён Дарси хоёрын ээдрээтэй хэрнээ сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг тухайн үеийн нийгмийн байдалтай хослуулан урнаар дүрсэлж чадсан зохиол юм. Дэндүү ихэмсэг бөгөөд албархуу XIX зууны хайрын түүхийг зохиолч гайхалтай бичжээ. 

8. Эрнест Хэмингуэй - Зэр зэвсэг минь баяртай

Зохиолд Хенри хэмээх Америк офицер Италийн зэвсэгт хүчний арийн албанд зүтгэж байгаа талаар гардаг. Тэрбээр нэгэн залуухан англи сувилагч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болох бөгөөд дайны хөлд байх хүслийг нь хайр дурлал өөрчлөх тавилантай байжээ. Сэтгэл хөдөлгөм хайрын түүх, гуниг дүүрэн төгсгөлтэй уг зохиол зун унших номын жагсаалтыг тань чимэх биз ээ.

9. В.Гюго - Шоовдор хүмүүс

Өлсөж туйлдан өвчинд баригдсан өнчин дүү нараа тэжээхээр аргаа баран алгын чинээ хатсан талх хулгайлаад 19 жилийг шоронд өнгөрөөдөг Жан Вальжан, бяцхан охиноо тэжээх мөнгө олж чадахаа байгаад биеэ гаргуунд хаян худалдах замыг сонгох Фантинь, гудамжаар тэнүүчлэн, хоолны шавхруугаар ходоодоо тэжээх тэмцэгч хүү Гаврош гээд тэднийг эзэрхэг хөрөнгөтний засагт нийгэм элэглэн шоовдорлож эргэж буцашгүй хатуу гасланд оруулсныг Шоовдор хүмүүс өгүүлэх болно.

10. Гюстав Флобер - Бовари хатагтай

Францын хойд хэсгийн Берто нэрт тосгонд амьдрах фермийн эзэн Руогийн охин Эмма эцгийнх нь хугарсан хөлийг эмчлэхээр ирсэн зэргэлдээ тосгоны эмч Шарль хоёр бие биедээ дассанаар зохиол эхэлдэг. Гэвч тэдний хайрын түүх эхэлсэн шигээ дууссангүй. Эмэгтэй хүн хайрлагдахаас илүүтэй ойлгогдохыг хүсдэг гэдгийг та энэхүү зохиолоос ухаарах биз. Нүдэнд харагдаж сэтгэлд зурагдах гайхалтай уран дүрслэлээр дүүрэн энэ ном таны зуны амралтыг амттай болгох болно.

11. Л.Н.Толстой - Анне Каренина

Зохиолд гурван гэр бүлийн ээдрээтэй түүхийг харуулна. Орос оронд баримталж байсан үзэл бодол, нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгмийн сайн, муу аль аль талаас нь хөндсөн учир гялалзсан амжилтыг авчирсан зохиол юм. Энэ зун Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяагаар хамтдаа аялцгаая.

12. Халед Хоссени - Уулсын цууриа

Уг роман бүхэлдээ цаг хугацааны аварга хүчит урсгалд хувь хүний гишгэсэн ул мөр бүдгэрэн сарнидаг боловч гэгээн ариун үйл хэрэг нь гэрэлтэн хоцордог амьдралын хатуу жам ёсыг уншигчдад ойлгуулах аж. Уулсын цууриа роман амьдралын эгэл жирийн атлаа хатуу үнэнийг уншигчдад ухааруулж өгснөөрөө маш үнэ цэнэтэй бүтээл болжээ.

13. Ж.К.Роулинг - Харри Поттер

Харри Поттерын тухай сонсоогүй хүн гэж үгүй биз. Гэсэн ч та хараахан зохиолын уншиж амжаагүй байгаа бол энэ зун Харри Поттертэй хамт ид шидийн ертөнцөөр аялаарай. 1997 онд худалдаанд гарсан даруйдаа амжилт дагуулж, дэлхий даяар алдартай бүтээл болсон уг зохиолыг уншихгүй өнгөрөөж болохгүй юм.

14. Эрнест Клайн - Нэгдүгээр тоглогч бэлтгэ

Таныг ирээдүйд аваачих уг бүтээл нь орчин цагийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Ядуусын хорооллын туниа муутай хүү Уэйд бол бүхэл биеэрээ компьютер тоглоомын амьд нэвтэрхий толь юм. Нэг өдөр бүх цаг үеийн хамгийн алдартай видео тоглоом зохиогч өөд болсон тухай сонсоно. Тэрбээр тэнгэрийн орон луу явахдаа хүн төрөлхтнийг улайралд автуулах гэрээслэл үлдээдэг. Уг гэрээслэлийг биелүүлсэн хүнд бүх хөрөнгөө өвлүүлэхээ мэдэгджээ. Эцэс төгсгөлгүй өрсөлдөөн, сонирхолтой адал явдлаар дүүрэн энэ ном зуныг илүү сонирхолтой болгоно гэж итгэж байна.

15. Янн Мартел - Пигийн амьдрал

Сөрж гарахаас өөр нөхцөлгүй энэхүү адал явдлын турш уншигч 270 гаруй хоног Пи хүү болон Бенгалын бартай хамт нэг завин дээр өлсөж ундаасан, зовж шаналж, айн ширвээдэж явахдаа хүний амьдралын талаарх олон зүйлийг эргэцүүлэх шаардлагатай тулгарна.

16. Андрей Тарковский - Хугацаан доторх хугацаа

XX зууны Оросын төдийгүй, хүн төрөлхтний түүхэнд төрсөн суут найруулагч Андрей Тарковскийн амьдрал, уран бүтээл, дотоод ертөнц, шаталт, шаналал цөхрөлийн дуу болсон уг ном түүний өдрийн тэмдэглэл, ярилцлагын номноос түүвэрлэгдэж бүтсэн юм. Суут найруулагчийн дотоод ертөнц, уран бүтээлийнх нь чиг шугамаар энэ зун аялаарай.

17. Харүки Мүраками - Эрэг дээрх Кафка

Үйл явдал Саэки-сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог.

18. Дэн Браун - Да Винчийн код

Тус номонд гардаг Европын нууц бүлэглэлийн нэг болох Сионий Прайори нь 1099 онд байгуулагдсан бодит, түүхэн бүлэглэл юм. 1975 онд Францын Үндэсний төв номын сангаас Лес Доссиерсийн нууц хэмээх нэртэй баримтыг олоход, тэрхүү баримтад Сионий Прайори бүлэглэлийн гишүүдийн дотор Исаак Ньютон, Ботичелли, Виктор Гюго, Леонардо Да Винчи зэрэг алдартнуудын нэрс бичигдсэн байжээ. Хуудас бүр нь гайхалтай нууцлаг зүйлсэд хөтлөх уг ном энэ зун таны унших номын жагсаалтад бичигдэж байна.

19. Стивен Кинг - Бүрхүүлд орсон хот

Уг ном асар том гай дайрсан жижиг хотын тухай өгүүлнэ. Нэг өдөр хотыг бүх оршин суугчдынх нь хамт нүдэнд үл үзэгдэх нууцлаг бүрхүүл хөмрөн дардаг. Хэн ч бүрхүүл дороос гарах юм уу, орох аргагүй болно. Энэ зун адал явдал, айдас хоёрыг хослуулан мэдэрцгээе.

20. Сүнснүүдийн номын сан - Рэнсом Ригз

"Хатагтай Перегриний онцгой хүүхдүүдийн асрамжийн газар"-аас эхлэн "Хоосон хот"-оор үргэлжилсэн адал явдал "Сүнснүүдийн номын сан"-д төгсөж байна. Номын эхэнд ер бусын хүчирхэг чадвараа олж нээсэн Жэйкоб харуул хамгаалалт өндөртэй цамхгаас найзуудаа аврахаар түүхэн цаг үед аялна. Түүнтэй хамт гарын хуруунаасаа гал гаргадаг Эмма Блүүм, онцгой хүүхдүүдийн үнэрийг танигч нохой Аддисон Мак Хенри байх болно.

21. М.Л.Стедман - Тэнгисийн дундах гэрэлт цамхаг

Барууны фронтод өнгөрүүлсэн хүндхэн 4 жилийн дараа Том Шербоурне Австрали руу буцаж, Жанис Рок тусгаарлагдсан аралд гэрэлт цамхгийн харгалзагчаар ажилд ордог. Тэрбээр нэгэн удаа ойролцоо байрлах хотод очиж Изабел хэмээх бүсгүйтэй танилцан, бие биедээ хайртай болсноор хамтдаа цамхагт амьдрахаар шийддэг. Тэд хэдэн удаа хүүхэдтэй болохыг хичээсэн ч бүтэлгүйтнэ. Нэгэн өдөр Изабел төрж амжаагүй хүүхдүүдийнхээ булшин дээр байж байтал, хүүхдийн уйлах чимээ сонсогддог. Тэрбээр ойролцоох эрэг дээр завин дотор үхсэн эр, хүүхдийн хамт байхыг олно. Том тэр хүүхдийн тухай мэдэгдэхийг хүссэн ч Изабел бурхны бэлэг хэмээн үзэж өсгөхөөр болдог. Жинхэнэ хайр гэж чухам юуг хэлдгийг та энэхүү номоос ойлгох болно. Иймээс энэ зун заавал уншаарай.

Бэлтгэсэн: Х.Хулан

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
19 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.