Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

AKIFF 2018: “Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?” хэлэлцүүлгийн тойм сурвалжлага

Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ


Энэ долоо хоногийн турш болж буй “Алтан хальс” индепендент кино наадмын үеэр Монголын кино шүүмжийн асуудал хөндөгдлөө. Наадмын 4 дэх өдөр буюу өчигдөр болсон  "Монголд кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх вэ?" сэдэвт хэлэлцүүлэгт  кино урлагийн цөөнгүй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

Хэлэлцүүлгийн үндсэн хэсэгт дэлхийн кино урлагт кино шүүмж хөгжсөн байдал, кино шүүмжийн ач холбогдол, нөлөө, интернэтийн эрин  дэх кино шүүмжийн онцлог, Монголын кино урлаг дахь кино шүүмжийн өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр дөрвөн зочин үндсэн танилцуулга хийсэн юм.
"Аргамжаа" киноны найруулагч, наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ,  "Глоб Интернэйшнл ТББ"-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ,  "Алтан хальс" кино наадмын ерөнхий зохицуулагч, кино найруулагч Ш.ИХБАЯР, Tagtaa Publishing"-ийн үүсгэн байгуулагч, орчуулагч, кино тоймч Ж.ТЭГШЗАЯА нар хэлэлцүүлгийн панелистууд байв.

Кино бүтээгчид эерэг хандлагатай болж байж шүүмж урагш алхана

"Глоб Интернэйшнл ТББ"-ийн тэргүүн, сэтгүүлч Х.НАРАНЖАРГАЛ кино шүүмжийн ач холбогдол, үр нөлөөг голчлон хөндөж ярилаа. 1990-ээд онд Мөнх тэнгэрийн хүчин дор киноны үзэгчдэд шүүмж хэрхэн нөлөөлж байсныг тэрээр эш татсан юм.Кино гарсны дараахан “Улаанбаатар” сонинд хэвлэгдсэн уншигчийн ил захидал киноны үзэгчид багасахад илт нөлөөлж байсан түүхийг тэрээр сөхөв. Харин судлаач, бэлгэдэл зүйч Ж.Бадраагийн шүүмж хэвлэгдсэний дараа үзэгчдийн тоо эргэн сэргэж эхэлсэн аж. Энэ мэтчилэн үндэсний кино урлаг дахь шүүмжийн хэрэгцээг Х.Наранжаргал онцолж байсан юм. Түүний үзэж буйгаар Монголд дэлгэцийн урлагийн бүхий л төрөлд  шүүмж асар их дутагдалтай байсаар ирсэн бөгөөд үүнд социализмын үед үзэл суртал нөлөөлж байсан бол, ардчилсан нийгмийн үед киноны хөгжлийн түвшин нөлөөлж буй ажээ. Кино шүүмж хөгжихөд киночдын хандлага, боловсрол чухал, чухамхүү салбар дотроос эерэг хандлага бүхий үзэл бодол, шүүмжлэлт сэтгэлгээ гарч байж, шүүмж урагш алхана гэдгийг тэрээр цохон дурьдсан юм.

Түүнчлэн дэлхий дахинд интернетийн хөгжлийг дагаад  үзэгч бүр нийгмийн сүлжээн дэх кино шүүмжлэгч болсон учраас мэргэжлийн шүүмжлэлийн орон зай хумигдаж, зарим судлаачдын зүгээс кино шүүмж мөхөж буй тухай прадокс дэвшүүлж, маргаан өрнөж буйг ч хэлж байв. Хуучин Орос болон өрнөдийн орнууд дахь кино шүүмж бүхий дэлгэцийн контентууд ч монголд хэрэгтэй байгааг залууст хандан хэлж байв.

Хатагтай Х.Наранжаргал нийгмийн сүлжээ, цахим сэтгүүлзүйн онцлогоос шалтгаалан сэтгүүл зүйд зориулсан кино тойм болон мэргэжлийн задлан шинжлэл бүхий шүүмжийн заагийг олж харах хэрэгтэй, шүүмжээ олон нийтэд үр нөлөөтэй хүргэхийн тулд энэ хоёрын хослолыг үр дүнтэй ашиглах нь орчин үед нэгэнт дэлхийн чиг хандлага болон тогтсон талаар мөн тайлбарласан юм.

Шүүмжлэгч үзэгчдийнг боловсруулах ёстой...

"Аргамжаа" киноны найруулагч, наадмын хүндэт зочин Н.УРАНЧИМЭГ кино шүүмжлэгчийн үүрэг, мэргэшлийн асуудалд гол анхаарлаа хандуулав. Кино шүүмжлэгч нь юун түрүүнд үзэгчдийг хөтлөгч, боловсруулагч байх ёстой гэж тэрээр үзэж байна. Чингэхийн тулд кино хэмээх нийлмэл урлагийн бүхий л бүрдүүлбэр, оролцооны талаар мэргэжлийн түвшинд ярихуйц мэдлэг хуримтлуулсан байх ёстой ажээ. Хуучин нийгмийн үед Соёлын яамны дэргэдэх Уран сайхны комиссын хуралд суудаг байснаа тэрээр дурсав. Урлагийн салбар бүхний алтан үеийнхэн нэгэн дор цуглаад киног тал бүрээс нь мэргэжлийн түвшинд задлан шинжилдэг байсан нь бүтээлийн чанарт ихээхэн сайнаар нөлөөлдөг байсныг, тэдгээр санаа бодлыг нэгтгээд шүүмж бичиж, ил гарган нийтлэвэл үзэгчдийн боловсролд асар үр өгөөжтэй  гэж боддог байснаа тэрээр дурсахын хамт, чухам ийм л олон талт, мэргэшсэн хандлага шүүмжлэгч хүнд хэрэгтэйг хэлэв.

Кино шүүмж, тоймын платформтой болох нь чухал

“Алтан хальс” кино наадмыг андерграунд төрлөөс индепенент чиглэлийн, олон улсын кино наадам болтол нь зургаан жилийн турш зохион байгуулж, алсын хараатайгаар өргөжүүлж ирсэн “Алтан хальс” холбооны үүсгэн байгуулагч, наадмын Ерөнхий зохион байгуулагч Ш.Ихбаяр Францын шинэ давалгаа кино урлаг болон урлагийн шүүмжлэлт сэтгэлгээнд хэрхэн хүчтэй нөлөөлсөн талаар товч ярив. Андре Базины үүсгэн байгуулж, Францын шинэ давалгааны гол найруулагчид болох Франсуа Трюффо, Жан Люк Годар нарын уран бүтээлийн концепци, зохиолчийн киноны үзэл санаагаа тунхаглаж байсан “Cahiers du cinema” сэтгүүлийн шүүмжийн онцлог, нөлөөг дурьдав.

Мөн тэрээр Парк Чан-Ук, Ким Жэ Ун, Бон Жон Ху зэрэг солонгосын нэгэн үеийн найруулагчдын арилжааны чиглэлээр бүтээсэн кинонууд  урлагийн өндөр гоо зүй, хэллэгтэй байснаас арилжаа, арт хоёрыг амжилттай нэгтгэж чадсан жишээг дурьдсан юм. Тиймээс кино шүүмж, судлал дотоодын кино уран бүтээлчдэд ашиг ч олж чаддаг, нэмээд кино урлагийн сайн бүтээл ч байж чаддаг чансаатай кино туурвихад, олшроход  түлхэц болно гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт өгүүлсэн түүний хамгийн гол санаа нь кино шүүмжийн тусдаа платформтой болох тухай асуудал байв. Арилжааны кино болон арт киноны шүүмжийг тодорхой ангилалтайгаар багтаасан кино шүүмж, мэдээллийн тусгай платформ бий болгох нь кино шүүмж хөгжихэд тустай, үүнд залуусын үүрэг оролцоо гарцаагүй чухал байгааг тэрээр онцолж байлаа. Ш.Ихбаяр бол монголын хамгийн том кино мэдээллийн цахим хуудас болох “artfilm.mn”-ийг үүсгэн байгуулагч юм.

Монголд кино шүүмж, судлал дөнгөж эхэлж байна

Хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар ажилласан кино тоймч Ж.Тэгшзаяа кино шүүмжийн дэлхийн дахины түүхэн хөгжлийн тухай мэдээллийг оролцогчидтой хуваалцлаа. Кино шүүмж кино урлагийн хөгжил, техник технологийн хувьслын бүхий л шатанд хамт байж үзэл санааны хөтөч нь болж байсныг түүний ярианаас анзаарч болохоор байв. Ялангуяа 1970-аад оны сүүлээс “Чикаго трибюнь” сонинд кино шүүмж, тоймоо нийтлүүлж эхэлснээс хойш 2013 онд насан эцэслэх хүртлээ дэлхийн киноны түүхэн дэх хамгийн нөлөө бүхий шүүмжлэгч байж, энэ чиглэлийн бичлэг, арга барилыг төлөвшүүлсэн Рожер Эбертийн талаар ярьсан нь сонирхолтой байв. Рожер Эберт бол Пулитцерийн шагнал хүртсэн цорын ганц кино шүүмжлэлгч билээ.

Манайд кино тойм, шүүмжийн чиглэлээр дагнан бичиж буй цөөн залуусын төлөөллийн хувьд Ж:Тэгшзаяа онлайн орчин дахь кино шүүмж монголд ямар төвшинд буй талаар мөн ярилаа. Түүний үзэж буйгаар монголд кино шүүмжийн хөгжил ихээхэн сул байгаа бөгөөд энэ чиглэлээр ажиллаж буй хүмүүст мэргэжлийн чиг хандлага дутагдаж буй ажээ. Энэ чиглэлийн сургуулиудад кино шүүмжийн дагнасан нарийн мэдлэг олгох бус урлаг судлалын чиглэлээр ерөнхийлсөн мэдлэг олгож, мэргэжлийн нэр хүнд доогуур байгааг ч тэрээр нуусангүй. Мөн монголын кино урлагийн зах зээл болон сэтгүүлзүйн хүрээнд кино шүүмж, тойм бичлэгийн үнэлгээ огтоос байхгүй гэхэд хилсдэхгүйг ч мөн сануулж байв.  Ийм нөхцөлд кино шүүмж, судлал зөвхөн хувь хүмүүсийн өөрсдийн хичээл чармайлт, сайн дурын үндсэн дээр л өрнөхөөс аргагүй байгааг, кино шүүмж, судлалыг цаг зав, судалгаа зарж гүйцэтгэдэг мэргэжлийн ажил гэж үзэх юм бол тэрхүү ажлаараа амь зуух, амьдрах огт боломжгүйг нуусангүй. Мөн монголын кино зах зээл бага хэр нь үзэгчдийн хуваагдал ихтэйг, ихэнх боловсорсон сайн үзэгчид монгол кино огт үздэггүй, монгол киноноос бүрэн таслагдмал байдалтай байдаг бол нөгөө талд дотоодын киног хошууран үзэгсэд киноны чансаанд тэр болгон шаардлага тавьдаггүй  хэнэггүй үзэгч байх нь элбэг, яг ийм туйлт нөхцөл байдлын дор монгол кинонд гарч буй зарим дэвшил, эерэг зүйлс төдийлөн анзаарагддаггүй, эсрэгээр монгол киноны чанар чансаа дээшлэхгүй нэгэн хэвэнд байгааг ч шүүмжлэх, шаардлага тавих сэргэг үзэгчид үгүй ийм эрс тэс нөхцөлд сайн кино судлаач, шүүмжлэгч дотоодын киноны хөгжилд ихээхэн үр нөлөөтэй байж болохыг, цаашлаад дотоодын кино алгуурхан ч гэсэн хөгжиж дэвжлээ гэхэд голчтой сайн шүүмжлэгч л монгол киноноос алсран холдсон тэдгээр үзэгчдийг эргэн дуудах, нөгөөтэйгүүр дотоодын уран бүтээлчдээс чансаатай бүтээл нэхдэг, эргэх холбоотой байдаг сайн үзэгчдийг бэлтгэхэд чухал нөлөөтэйг дурдсан юм.

Түүний эл ярианаас кино шүүмжийн чиглэл монголд эхлэл төдий, сорилтын шатандаа яваа, кино уран бүтээлчид болоод шүүмжлэгчдийн хамтын ажиллагаа амин чухал байгаа нь бэлхнээ анзаарагдсан юм.

Үндсэн зочдын яриа дууссаны дараа оролцогчдын зүгээс өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм. Тэдгээрээс дор түүвэрлэн хүргэе.

IFI” продакшны продюссер С.Уран: Кино шүүмж бол маркетингийн чухал хэсэг гэдгийг ойлгох цаг болсон.

Шүүмж судлалын чиглэлээр уран бүтээлчдийн хувьд ч, шүүмжлэгчдийн хувьд ч хаана хаанаа бодож, ач холбогдол өгөх цаг ирсэн. Хэд хэдэн киноны маркетинг дээр ажиллаж, эрсдэлээ хүлээн продюссер хийсний хувьд хэлэхэд кино уран бүтээлчдийн дундах шүүмжийн тухай ойлголт, хандлага өөрчлөгдөж байна. Шүүмж бол киног муулдаг, доош нь хийдэг эд биш маркетингийн чухал хэрэгсэл, бүтээлийн чанарт чухал нөлөөөтэй салбар гэдгийг Монголын киночид одоо л өргөн хүрээндээ ойлгож байна. Тэгэхээр энэ эерэг хандлагыг илүү үр бүтээлтэй хамтын ажиллагаа болгож, шүүмжлэгч, уран бүтээлчид хоорондоо холбоотой, хүндэтгэлтэй ажиллах нь Монголын кино урлагт юугаар ч үнэлэшгүй хувь нэмэр болно.

Монгол кино шүүмж, киноны тухай ярилцъя” фейсбүүк грүппийн админ Г.Ариунчулуун: Хандлагын хувьд дэвшил гарч байна

Фейсбүүкт бид монголд гарч буй кино шүүмжийг нэгтгэж түгээх, монгол кинондоо үнэлэлт дүгнэлт өгөх сонирхолтой хүмүүсийн дуу хоолойг нэгтгэх зорилготой грүпп нээгээд чамгүй хугацаа өнгөрч байна. Юун түрүүн манай грүппээр орж сонирхож, санаа бодлоо хуваалцахыг хүсье.

Сүүлийн үед кино шүүмжийн асуудал урьд өмнөхөөсөө чухлаар тавигдаж, уран бүтээлчид маань энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах болсон нь хандлагын хувьд ихээхэн том дэвшил гэж бодож байна. Монголд киноны студийн тогтолцоо тун дажгүй төлөвшчихлөө. Энэ бол миний бодлоор том ололт, үр дүн юм. Энэ танхимд ч цөөнгүй киночид цуглаж, кино шүүмжийг хэрхэн хөгжүүлэх талаар сэтгэлээ зарж суугаа нь үүний нэг илрэл болов уу гэж бодож байна. Хүсэл сонирхол, хандлага нэгдэж байгаа энэ цэг маань тун чухал юм.

Кино найруулагч, зохиолч А.Миеэгомбо:  Илүү өргөн хэлэлцүүлэг хийе...

Юун түрүүн арилжааны кино цаг ямагт кино урлагийн салбарын гол тэжээгч хүч байсныг хэлэх хэрэгтэй. Арилжаа, арт кино хамгийн бүдүүн бааргаар хэлвэл 80:20 гэсэн харьцаатай явж ирсэн. Цаашдаа ч тийм л байх болов уу. Манай үзэгчдийн хувьд артхаус, индепендент киног ойлгох нь бага байгааг нуугаад яахав. Жаахан юм бодогдуулах хэсэг гараад ирэхээр "Уйтгартай байна, ойлгосонгүй" гээд л эхэлнэ. Сэтгэлгээний залхуурал ч байж мэдэх. Гэхдээ үүнээс болж халшралгүй индепендент кино наадам хийгээд, түүнийгээ олон улсын түвшинд зохион байгуулаад, киноны шүүмжид ач холбогдол өгч ийнхүү тусгай хэлэлцүүлэг зохион байгуулж буй залуучууддаа талархах ёстой.

Кино шүүмжийн тухай ярихаар кино урлагийн салбарын талаар хөндөх хэрэгтэй болно. Тэгэхээр киноныхны зовлон жаргалыг нэг бүрчлэн ярих хэрэгтэй болно. Тийм учраас  цаг хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас кино шүүмжлэгч, урлаг судлаачид, уран бүтээлчид маань нийлж суугаад ний нуугүй ярилцаж, арга замаа тодорхойлох илүү өргөн хэлэлцүүлэг хийх цаг болжээ гэж хэлмээр байна.

Төгсгөлд өгүүлэх нь...

Кино шүүмжийн хэлэлцүүлгийн 90 минут үнэндээ аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусав. Манайхны хэлдгээр “ёстой халаад ирж байхад” дараагийн үзвэрийн хонх цохисон юм. Гэхдээ хэлэлцүүлгийн дараа кино шүүмжийг хөгжүүлэхийн тулд судлаачид болоод уран бүтээлчдийн зүгээс одоогийнхоосоо илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэйг хэн хүнгүй ухамсарлаж буй нь, энэ салбарт буй залуусын дуу хоолой улам хүчтэй, бодитой болж буй нь анзаарагдсан юм. Энэ бол сайн өрнөл, магадгүй сайн эхлэл байж болох.

Ер нь Монголд үндэсний кино урлагийн тухай тусгай форум зохион байгуулах цаг болсон нь энэ хэлэлцүүлгээс анзаарагдлаа. Өнгөрсөн жил СУИС-ийн Радио, Телевиз, Медиа урлагийн сургууль, Шанхайн Театрын академитай хамтран "Азийн кино урлагийн боловсрол" сэдэвт томоохон симпозиум зохион байгуулж байлаа. Ийм хэмжээний ажил хийж болж байхад үндэсний кино урлагийн тухай тусгай форум хийхэд асуудалгүй юм. Монголын кино бүтээгч, судлаачид кино зохиол, кино найруулга, монгол киноны студийн тогтолцоо, продюссеринг, кино шүүмж зэрэг тулгамдаад байгаа асуудлуудаа нэгдэж ярих цаг болжээ.

Ямартай ч нэг үеэ бодвол студийн тогтолцоо төлөвшин тогтож, индепендент, артхаус кино сонирхогчдын хүрээ үүсэж, олон улсын хэмжээний хоёр ч кино наадамтай, түүнийг нь талархан хүлээдэг үзэгчидтэй болж, тайз, дэлгэцийн бүтээлийг тухайлан судалдаг их сургуулийн тэнхимтэй болж, залуу шүүмжлэгчид урлагт орж буй гэрэлтэй цаг хугацаа бидэнд байна. Энэ бол алдаж болохгүй цаг хугацаа юм.

Сурвалжилсан: Я.Баяраа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
31
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.