Хайх зүйлээ бичнэ үү

Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат ах нарынхаа эхлүүлсэн буухиаг таслахгүй юмсан гэж боддог.

Монгол сүмочид алс холын Япон оронд очиж, үндэснийх нь бөхөөр барилдаж эхэлснээс хойш 26 жил өнгөрчээ. Энэ хооронд манай бөхчүүд 81 удаа Эзэн хааны цом хүртэж, 4 ёкозүнатай боллоо. Энэ аваргуудын хоёр нь цагийг эзэлсэн их аваргуудын эгнээнд бичигдсэн билээ. Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын араас Асашёорюү, Асасэкирюү нар гарч, тэднийг залгамжлан Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар буухиаг дамжуулан авч, өдийг хүртэл монголчуудын мэргэжлийн сүмог эзэлсэн ноёрхол дуусаагүй хэвээр байна. Энэ уламжлалыг цаашид авч явахаар хичээн, амьдралынхаа зорилго болгон эрхэмлэн зүтгэж яваа нэгэн эрхэмтэй уулзан ярилцлаа. Энэ бол сүмо бөхийн “Кибо” дэвжээний багш дасгалжуулагч М.Цолмонбаяр. Мэргэжлийн сүмод Китакасүга нэрээр барилдаж байсан тэрбээр 10-р хорооллын Техник, технологийн дээд сургуулийн байранд дэвжээ нээж, ирээдүйн их аварга бэлтгэх их үйлсээ эхэлжээ.  

-    Яагаад дэвжээндээ ийм нэр өгөв гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе.
-    “Кибо” бол японоор хүсэл мөрөөдөл гэсэн утгатай үг. Хүн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ биелүүлэхийн төлөө тэмцэн, амжилт сайтай явахын бэлгэдэл болгож өгсөн юм. Би 2009 оноос хойш хүүхдүүдэд сүмо бөх зааж, бэлтгэж байна. Энэ жил Монголын өсвөр, залуучуудын сүмо бөхийн холбоо гэж байгууллаа. Манай холбоо энэ жил яг Битүүний өдөр тамга тэмдгээ аван, байгуулагдсан. Их бэлэг дэмбэрэлтэй өдөр гээд бид их баяртай байгаа. Шинэ оноос шинэ ажил эхлээд сайхан байна. Тэгээд дэвжээгээ шинээр нээж, “Кибо” гэдэг нэр өгөөд, шинэ хүүхдүүд аваад ажлаа эхэлж байна.

-    Хэдэн хүүхэдтэй хичээллэж байна? Саяхан Япон яваад ирсэн гэсэн. Ямар зорилгоор явав?
-    Манай дэвжээнд 8-14 насны 12 хүүхэд идэвхтэй хичээллэж байна. Японд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд яваад зургаадугаар сарын 3-нд ирлээ. Явсан зорилго гэвэл нэгдүгээрт, хүүхдүүддээ Японы мэргэжлийн сүмогийн дэвжээ, дэвжээний уур амьсгал, ёс жаяг  ямар байдаг гэдгийг орчинд нь харуулах байлаа. Бас мэргэжлийн сүмогийн башёгийн сүүлийн хоёр өдрийн барилдааныг үзүүллээ. Мөн Кюүшюүгийн Мияазаки мужийн ахлах сургуулиудад хүүхдүүдээ танилцуулж, удирдлага багш нартай нь уулзлаа. Болж өгвөл хүүхдүүдээ тэнд сүмогийн багтай сургуульд суралцах боломж олгох, өөрөөр хэлбэл зуучлах гэсэн зорилготой явсан. Мияазаки мужийн Хоошёо гээд ахлах сургуульд танилцууллаа. Хакүхо аваргын нэртэй ижил ханзтай, сайхан бэлэг дэмбэрэлтэй сургууль байсан. Дөнгөж яваад ирсэн болохоор хариу хараахан ирээгүй байна. Ер нь нааштай хүлээж авсан. Японы Шизүока, Кагошима мужийн ахлах, дунд сургуультай ч бас ярьж байгаа. Шууд сүмогийн клубт орж байгаа биш, хичээл номондоо яваад суралцах тул бас бүх багш нартайгаа ярилцдаг юм байна. Хуралдаад хариу өгнө гэсэн. Цүмагоока гээд дунд сургуульд Билгүүн гээд шавиа танилцууллаа. Авья гэсэн хариу ирсэн байгаа.  

-    Шавь нараа бэлтгээд Японы сургуулиудад танилцуулснаар тэдний мэргэжлийн сүмод орох үүд хаалга нээгдэж байна гэж ойлгож болох уу?
-    Японы сургуульд ороход тухайн орондоо дасаад, хэл сурна, соёл сурна, япон хүний зан араншин, орчноо мэддэг болно. Сүмогийн эрчимтэй бэлтгэл хийхээр сүмогоо ойлгодог болно. Ингээд маш хүнд хэцүү гэгддэг мэргэжлийн сүмод ороход хялбар болдог. Цагаан толгойгоо цээжилчихээд сургуульд орж байна гэсэн үг л дээ. Бас Японы сургуульд орохоор Бүх Японы аварга шалгаруулах хүүхдийн тэмцээнд орно. Тэнд сайн барилдвал сүмогийн ояката нарын нүдэнд өртөөд, мэргэжлийн дэвжээнээс урилга ирэх боломжтой. Манай клубын А.Амарсанаа яг ингэж мэргэжилд орсон.
-    Дэвжээндээ хэдэн насны хүүхэд авч байна вэ? Та өөрөө мэргэжлийн сүмо барилдаж байсан хүн. Биеийн хөгжил гээд ямар шинжээр нь сонгон шалгаруулдаг вэ?
-    Үнэхээр сүмод дуртай хүүхэд бол 8 наснаас авч байгаа. Ерөнхийдөө 10-15 насны хүүхэд авдаг. Миний хувьд хүүхдийг заавал махлаг, том биетэй байх ёстой гэдэггүй, удам судрыг нь судалдаггүй. Ямар ч биетэй байж болно, гол нь хүүхэд өөрөө сүмо барилдах дуртай л байх хэрэгтэй. Сүмогоор хичээллээд тэр хүүхэд заавал Япон явахгүй байж болно, мэргэжлийн сүмод ч орохгүй байж болно. Гол нь энэ ёс жаягтай, тэвчээр шаардсан спортоор дамжуулаад эр хүнийхээ хувьд өөрөө өөрийгөө сорих, таньж мэдэх, өөрийгөө өөрчлөх боломжийг нь олгох юмсан гэж боддог. Спортоор дамжуулаад хүмүүжил олгох гэсэн туйлын зорилттой. Хичээж зүтгээд цойлоод гараад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Дэвжээнд ирээд бэлтгэл хийхэд алдах юм огт байдаггүй. Тиймээс сүртэй чанга сонгон шалгаруулаад байдаггүй. Дур сонирхлыг нь л хардаг.

-    Мэргэжлийн сүмо, сонирхогчдын сүмо өөр. Танай дэвжээ ямар бэлтгэл хийдэг вэ?
-    Хүүхэд бол өсөлтийнхөө шатанд яваа учраас айхтар хүнд дасгал хийлгэж болохгүй. Ерөнхийдөө үе мөч, булчин шөрөмсийг нь чангалах, сунгалт сайтай болгох дасгал хийлгэнэ. Харин тэмцээн ойртоод ирэхээр эрчимтэй, мэргэжлийн бэлтгэлүүд хийдэг. Өсөлтөндөө яваа хүүхдэд хүнд бэлтгэл хийлгэвэл баригдмал биетэй болчихдог. Ер нь тухайн хүүхдийн сонголтоос шалтгаалж, бэлтгэлийн агуулгаа өөрчилнө. Японд очиж, сүмо барилдах хүүхэд бол очихдоо л сүмогийн талаар бүх ойлголттой байхаар хичээл заадаг.
-    Монгол үндэсний бөхийн бэлтгэл хийлгэдэг үү?
-    Японы мэргэжлийн сүмо бөх хатуу жижиг дохён дээр барилддаг тул хамаагүй мэх хийхийг багш нар хориглодог. Би ихэвчлэн урагш түрэн дайрах, дэвжээний захад тогтох дасгалд илүү анхаардаг. Үндэсний бөхийн мэх сүмотой харшилдаг. Тиймээс нэгэнт сүмогийн дэвжээ тул суурийг нь сүмо бөхөөр тавих ёстой.
-    Та олон жил сүмогийн багш, дасгалжуулагч хийлээ. Танай шавь нараас Японы мэргэжлийн сүмод, эсвэл сонирхогчдын сүмод барилдаж байгаа бөх байна уу?
-    Сонирхогчдын сүмогоос эхлээд хэлэхэд Кюүшюүгийн Кибогаока сургуульд манай Тэмүүлэн, Мянганбаяр хоёр хичээллэж байна. Мэйтокү сургуульд Одхүү, Тоттори жёохокү сургуульд Амарсанаа, Сосорхүү хоёр. Сая А.Амарсанаа Фүтагояма дэвжээнд орохоор боллоо. Мэргэжлийн сүмод бол Тацүнами дэвжээнд С.Бямбасүрэн, Токицүказэ дэвжээнд Ёошёояма барилдаж байна. Эхнээсээ шавь нар маань мэргэжлийн дэвжээнд ороод эхэллээ. Макүшитад сая түрүүлсэн Кирибаяма байна. Бас манай дэвжээнийх. А.Амарсанаа, Сосорхүү хоёр “Хакүхо Цом”-д сайн барилдаад Тоттори жёохокү сургуулийн Ишиүра багшийн нүдэнд өртөж, Ишиүра багшаас надад танай хоёр хүүхдийг авья гэсэн хүсэлт ирсэн юм.

-    Одоогийн шавь нараас тэмцээнд медаль авсан хүүхэд байгаа юу?
-    Манай Баярболд Японы хүүхдийн тэмцээнээс хүрэл медаль аваад, сэкивакэ цол хүртсэн. М.Тэмүүлэн, Б.Мөнхбилгүүн гээд энэ хоёр шавь маань сая Монголд болсон “Ванпакү” тэмцээнд түрүүллээ. Ирэх сард Токиод болох Эзэн хааны нэрэмжит Бүх Японы бага сургуулийн АШТ буюу 1-6-р ангийн хүүхдүүдийн тэмцээнд оролцоно. 6 насны ангилалтай том тэмцээн. Монголоос гурван хүүхэд оролцоно.
-    Японд байгаа манай мэргэжлийн сүмочдоос тэнд тэмцээнд орж байгаа хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
-    Тэд маань ирж, тэмцээн үзэн, дүү нараа дэмжинэ. Аав ээждээ бэлэг аваарай гээд гарын мөнгө өгнө. “Хакүхо Цом”-д орох багш, хүүхдүүдийн бүх зардлыг их аварга даадаг. Харүмафүжи, Какүрюү аваргууд маань ч хүүхдүүдийг оройн хоолонд оруулж, гадуур зугаалуулж, урам зориг өгдөг. Сая Н.Цэвэгням ахын дэвжээнд манай хүүхдүүд байрлаж, мэргэжлийн бөхчүүдтэй хамт бэлтгэл хийлээ. Энэ завшааныг ашиглаад Цэвгээ ахдаа их баярлаж явдгаа хэлмээр байна. Би өөрөө сүмо барилдаж байсан. Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат ах нарынхаа ач буянаар өдий зэрэгтэй явж байна. Миний гол зорилго бол энэ сайхан ах нарынхаа эхлүүлсэн буухиаг таслахгүй юмсан гэж боддог. Сүмогийн ертөнцийг эзэгнэж байгаа аваргуудынхаа замналыг дунд нь зай гаргахгүй, нөхөөд явчих хүүхдүүдийг бэлтгэх чин хүсэлтэй. Энэ бол эргээд энэ сайхан ах нарынхаа ачийг хариулж байгаа гэсэн үг.
-    Монголд хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан хэр зохиогддог юм бол?
-    Жил болгоны тавдугаар сард “Ванпакү сүмо” гээд Кёкүшюүзан багшийн нэрэмжит тэмцээн байна. Намар 10 дугаар сард “Хакүхо Цом”-ын тэмцээний урьдчилсан, сонгон шалгаруулах тэмцээн болдог. Энэ тэмцээнээс шалгарсан нас насны 8 хүүхэд Японд “Хакүхо Цом”-д оролцдог. Монголын өсвөр, залуучуудын сүмо бөхийн холбооноос ирэх оны хоёрдугаар сард нэрэмжит тэмцээнээ зохиохоор төлөвлөж байна. Ингээд жилдээ хүүхдүүдийн 3 том тэмцээнтэй болж байгаа юм. Дөрвөн сар болоод нэг тэмцээнд ордог болчихоор хүүхдүүд бас их урамтай болдог.  

-    Монголын өсвөр, залуучуудын сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-    Ихэвчлэн япон хүмүүс байдаг. Монгол талаас Улсын харцага Г.Батбаяр ах, тэгээд би байгаа. Японд хүүхдүүдээ танилцуулна гэдэг утгаараа япон хүн холбоондоо их оруулсан.
-    Манайд сүмо бөхийн дэвжээ хэд байдаг вэ?
-    Байнгын тогтмол үйл ажиллагаатай гэвэл манай “Кибо” дэвжээ л байна. Бусад дэвжээ тэмцээн ойртохоор цуглаж бэлтгэл хийдэг. Хүүхдүүдэд тогтвортой, тууштай зааж байгаа нь “Кибо” дэвжээ. Сүмо сонирхож байгаа 8-15 насны хүүхэд багачуудад “Кибо” дэвжээнд ирээд сүмо бөхөөр хичээллэхийг урьж байна. Магадгүй тэр хүүхдийн ирээдүйн зам энд байж болох юм. Манай дэвжээний хувьд Японтой харилцаа холбоо сайтай тул Японы сургууль, цаашлаад мэргэжлийн дэвжээнд ороход боломж өндөр байдаг.  

-    Монгол, япон хүүхдүүдийн бие бялдар, сэтгэл зүйн ялгаа гэвэл?
-    Монгол хүүхдүүд үе чангатай, шөрмөслөг, багаасаа хал үзсэн байдаг. Бүгд тийм биш л дээ. Мэдээж орон сууцанд амьдардаг, биеийн хөгжил сулхан хүүхэд ч ирдэг. Хичээл сургууль хийсээр байгаад сайжирч, зарим нь тэмцээнд түрүүлж байна. Японд ч гэсэн сайн хүүхэд, муу хүүхэд байгаа. Ямар ч сулхан, хэнийг ч дийлэхгүй хүүхэд байсан ч хамгийн чухал нь хичээл зүтгэл гэдгийг би хичээл заасан 9 жилд сайн ойлголоо. Олон хүүхдийн жишээн дээр харагдсан.
-    “Кибо” дэвжээний цаашдын, алс хэтийн зорилго гэвэл?
-    Манайх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэж явдаг. Тэрнийхээ дагуу спортоор дамжуулж, хүүхдүүдийг хүмүүжүүлэх, сайн хүн болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулахыг хүсдэг. Цаашдаа сайн дурын аян зэрэг олон ажил төлөвлөөд байгаа. Дээр дурдсанчлан бид ирээдүйн аваргуудыг хайж байгаа. Аварга болох хувь тавилантай хүн хаа нэг газар байж байгаа. Тэр хүүхдийг нээж олон, дэвжээндээ бэлтгэл хийлгэж, ирээдүйн замд нь оруулах том зорилго байна. Одоо яг үнэнийг хэлэхэд энэ ирээдүйн аварга гээд хэлчих бөх бас байхгүй байна. Голд нь нэг орон зай гараад тасарчих юм бол дахиад нөхөхөд хэцүү байдаг. Ёкозүна, озэки нарынхаа уламжлалыг аваад явах сайн хүүхэд бид хайж байна. Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүс эргэн тойрондоо ирээдүйн аварга байгаа эсэхийг харж бодоод бидний энэ үйлсэд хувь нэмэр оруулаарай гэж хүсэх байна. Бид аймгуудын засаг дарга нар, спорт холбоодод хамтран ажиллах албан хүсэлт явуулж байгаа. “Кибо” дэвжээ байгуулагдаад удаагүй байгаа ч Япон талдаа харилцаа холбоо сайн. Гурван аварга, бусад сүмочид маань ч дэмжиж байгаа. Дараагийн залгамж халаагаа бэлдэх ёстой тул бид бүгд санаа оноо нийлээд хамтарч байгаа.
-    За та бүхэнд ирээдүйн их аварга бэлтгэх их үйлсэд тань амжилт хүсье.

М.Тэмүүлэн: Асашёорюү аварга шиг зоригтой, хэнээс ч айдаггүй бөх болно

Ирэх сард Токиод болох Эзэн хааны нэрэмжит Бүх Японы бага сургуулийн АШТ-д оролцох эрх аваад байгаа “Кибо” дэвжээний бөх М.Тэмүүлэнтэй уулзаж ярилцлаа.
-    Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-    Намайг Мөнхчулууны Тэмүүлэн гэдэг. 10 настай. Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд суралцдаг.
-    Тэмүүлэн, хэзээ анх сүмо бөхийг үзэж, мэддэг болов? Яагаад сүмогоор хичээллэж эхэлсэн бэ?
-    Би 2017 онд “Хакүхо Цом”-д оролцсоноосоо хойш сүмо бөх сонирхдог болсон. Урьд нь бол зурагтаар л үздэг байсан. Үндэсний бөх их сонирхдог, хичээллэж, барилддаг байсан.

-    Хэн багшийн гар дээр хичээллэдэг байв?
-    Манай аав өөрөө бөх хүн. Дундговь аймгийн начин. Ааваараа заалгадаг байсан.
-    Сүмо бөхөөр “Хакүхо Цом”-ын дараа л хичээллэж эхэлж дээ? Тэмцээн уралдаанд хэр орж байна?
-    Тийм. Одоогийн байдлаар өнгөрсөн оны 10 дугаар сард нэг тэмцээнд орж, түрүүлсэн. Ингээд хоёрдугаар сард Япон явсан.
-    Японд юу үзэж, харав? Ямар байв?
-    Токио хотоор зугаалсан. Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж, бэлтгэл хийсэн. Мэргэжлийн сүмочидтой хамт бэлтгэл хийсэн. Дэвжээ нь их хатуу, бөхчүүд нь том том биетэй.
-    Сүмо бөхийн юу нь чамд таалагддаг вэ?
-    Маш хурдан шуурхай, хамаг хүч чадлаараа барилддаг нь таалагддаг. Хүчээ сайн гаргаж барилддаг нь сайхан.
-    Ямар бөх шиг болох сон гэж боддог вэ?
-    Асашёорюү аварга шиг зоригтой, шийдэмгий, хэнээс ч айдаггүй бөх болохыг хүсдэг.
-    Тийм болж чадна гэж бодож байна уу?
-    Чадна. Хичээл өнөөдөр амарсан тул Токиод болох тэмцээндээ бэлтгэж байна.
-    Мэдээж түрүүлэхийн л төлөө?
-    Япон хүүхдүүдийг ялж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-    Маваши анх өмсөж байхад ямар байв?
-    Анх би нэрийг нь ч мэддэггүй байсан. Шалдан өмсдөг нь эвгүй, анх хүнээс ичдэг байсан. Сүүлдээ ч өмсөөд дассан. Японд байхад Наранбат багш надад сайн барилдлаа гээд гоё маваши өгсөн. Японд болох тэмцээнд тэр мавашитайгаа явна.
-    Чи үндэсний бөх барилдаж байсан. Сүмо огт өөр байна уу?
-    Дэвжээ нь өөр. Өмсгөл, барилдаан гээд огт өөр бөх.
-    Бэлтгэл, тэмцээн дээр үндэсний бөхийн мэх хийх үе гардаг уу?
-    Хийнэ. Би ер нь үндэсний бөх шиг л барилддаг. Мушгиж, унагаад л.

-    Чи хөдөө өссөн үү?
-    Хотод төрсөн, гэхдээ хөдөө ах, эгч дээрээ өссөн.
-    Сүмо бөхийг нэгэнт сонгосных урдаа зорилго тавьсан байх.
-    Том болоод сайхан барилдаж, ээж, ааваа баярлуулах зорилготой. Мэргэжлийн сүмод орох бодолтой. Нэгэнт сүмог сонгосон хойно аварга цолыг нь л авах гэж хичээнэ.     


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.25 112.72.12.9

Холбоо барих утасны дугаарыг өгөөч

19 Хариулах


Зочин 2019.06.18 112.72.12.4

хаана байдаг вэ бүртгүүлэх юмсан

18 Хариулах


Зочин 2019.04.16 139.5.217.221

Япон явуулбал сард сая төгрөг өгч чадах уу гэдэг шалгуур тавьдаг юм гэсэн

18 Хариулах