Хайх зүйлээ бичнэ үү

Гэрэл зурагчин Жулиан Сон.

Нийтлэлийг З.Энхмөнх

БНХАУ-ын кино урлаг эрт үеэс улбаатай хэдий ч загвар фэйшний гэрэл зургууд дэлхий дахинд ил болсон нь тус улсад олон улсын сэтгүүлүүд нэвтэрч эхэлсэнтэй шууд холбоотой билээ. Нэн ялангуяа Хятадын гэрэл зургууд фэйшн салбар хүчтэй хөгжсөн Япон, БНСУ, Тайвань зэрэг улсын зурагчдынхаас үзэл санааны тусгаар байдал, өнгөний бэлгэдэл, ахуй, их нутгийн агаар үзэмжээрээ тод ялгардгийг бид Vogue, GQ тэргүүт сэтгүүлүүдээс бэлхнээ харж болно. 

Vogue Italy, Young, Huf, Yoho China, Fucking зэрэг сэтгүүлтэй ажилладаг, Шанхай төвтэй зурагчин Жулиан Сонтой ярилцлаа. Өнөө цагийн бусад хятад зурагчдын адил “улаан” өнгийн хэлэмжтэй түүний бүтээлүүдэд хүний биеийн зөөлөн атлаа огцом хугарлын нийлэмж тод харагдах бөгөөд моделиудын илэрхийлэмжийг мэдрэх, эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг харах онцгой нүдтэй нь илэрхий байдаг. Түүний Гэрэг Фэйшнд бэлэглэсэн зургуудаас уншигч танд хүргэсү.


- Хятад гэрэл зургийн талаар таны үзэл бодлыг юун түрүүнд сонсмоор байна?

- Өнөө цагийн хятад гэрэл зургууд хэзээ хэзээнийхээсээ илүү даяар шинжтэй болж байгаа гэж бодож байна. Гэсэн ч хятадууд бидний хувьд энэ салбар хязгаарлагдмал хэвээрээ л байгаа. Зурагчдын зарим нь жинхэнэ урлаг юу гэдгийг нэхэн бодож байхад нөгөө хэсэг нь цоо шинэ трэнд эрэлхийлж байх жишээтэй. Түүний нэг хэлбэр нь гар утасны гэрэл зураг.

- Таны ажлуудын өнгө хаанаас эхтэй вэ?

- Өнгө бол үнэхээр үнэ цэнтэй зүйл. Харамсалтай нь би өнгө гаргаж ирэхдээ тийм ч чадамгай биш. Ихэнхдээ уран зургаас тансаг өнгүүдийг олж авдаг. Хичээгээд байвал яваандаа өнгөний мэдрэмж минь сайжрах байх гэж найдаж байна. 

- Улаан өнгө таны хувьд юу вэ?

- Хамгийн амьд, эрч хүчийг өдөөгч өнгө. Миний хамгийн дуртай өнгө.

- Гэрэл зургийн салбарт ухамсартайгаар өөрийгөө зориулъя гэж шийдсэн нь хэдийд вэ?

- Би хөдөө төрсөн. Багаасаа хөгжмийн видео үзэж өссөн минь зураглал, бичлэг авах сонирхолд маань хөг болсон. Дунд сургуульд байхдаа анхны зургийн аппаратаа худалдан авч элдэв юмс үзэгдлийг дурандаа буулгаж эхэлсэн. Дараа нь коллежид оюутнуудын зураг дарах болсон. Оюутны нэг үдэшлэг дээр хүмүүсийн зургийг дарж байхдаа фэйшн зураг авалтыг сонирхож эхэлж билээ. Тэр цагаас фэйшн гэрэл зурагт эргэлт буцалтгүй орсон доо. (Инээв).

- Тэгвэл моделиудтай ажиллах үндсэн арга барил тань юу вэ?

- Хүндэтгэл, хүндэтгэл, бас дахин хүндэтгэл.

- Хүний биеэр юуг илэрхийлэх боломжтой вэ?

- Юм бүхнийг.

- Санамсаргүй мөч үү, консепт уу?

- Аюулгүйгээр нь би консептыг илүүд үздэг.

- Хятадын гэрэл зураг өнөөдөр дэлхийд юуг санал болгож чадах вэ?

- Өнөөгийн зурагчдыг би алтан үеийнхэн гэхгүй. Гэхдээ хятад зурагчид хүлээс хязгаа­раа давах гэж хичээсээр байна. Тиймээс зургаар бид хязгааргүй орон зайтай юм гэдгээ илэрхийлж, магадгүй түүгээрээ дэлхийн энэ салбарт бага ч атугай хувь нэмэр оруулж байгаа хэмээн найддаг даа. 


Та бүхэнд "Gereg Fashion & Beauty" сэтгүүлийн хамгийн сүүлд гарсан шинэхэн дугаарын нийтлэлүүдээс хүргэж байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
36
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.