Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“ОХУ - 2018” ДАШТ-ий онцлох 10 тамирчин

Бөмбөг өшиглөж өссөн тамирчин бүр чухам энэ тэмцээнд л түрүүлэх хүсэл, мөрөөдөлтэй байдаг.


Өчигдөр хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэлээ. Нэр хүнд, цар хүрээгээрээ олимпийн наадмын дараа ордог энэ тэмцээн бол дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын 4 жил тэсэн ядан хүлээдэг баяр юм. Бөмбөг өшиглөж өссөн тамирчин бүр чухам энэ тэмцээнд л түрүүлэх хүсэл, мөрөөдөлтэй байдаг. Энэ жил ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчид дэлхийн аваргын Алтан цомыг өргөхийн төлөө өрсөлдөхөөр ОХУ-д ирэх болно. Тэднээс 10 хөлбөмбөгчийг онцлон авч үзье.

Лионель Месси
(Аргентиний шигшээ баг, “Барселона” Испани)

ДАШТ-ий үеэр 31 нас хүрэх Мессигийн хувьд дэлхийн аварга болох сүүлчийн боломж нь “ОХУ 2018” тэмцээн. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр 5 удаа шалгарсан ч шигшээ багаа дэлхийн аварга болгож чадаагүй гэж түүнийг шүүмжлэх хүн олон. Дөрвөн жилийн өмнөх мөнгөн медалиа алтаар хувиргахын төлөө Месси ирнэ. 2011 оноос шигшээ багийн ахлагчийн хэргэмийг зүүж байгаа тэрбээр Аргентиний төлөө 123 тоглолтод оролцож, 61 бөмбөг оруулаад байгаа.

Криштиану Роналду
(Португалийн шигшээ баг, “Реал” Мадрид Испани)

Роналду ч 5 удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан хүн. Гэхдээ түүний шигшээ баг тийм хүчирхэг биш. Энэ дундаж багийг тэр үүрч явсаар Европын аварга болгож дөнгөсөн билээ. ДАШТ-д түрүүлэх магадлал бага ч Мессигийн Аргентиний шигшээ багаас аль болох дээш явах зорилготой. Учир нь өнөө цагийн хамгийн шилдэг хоёр тоглогчийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан тоо 5-5 харьцаатай тэнцээд байгаа юм. ДАШТ-д хэн амжилттай тоглосон нь 2018 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болох ёстой. Шигшээ багтаа 149 тоглож, 81 гоол оруулсан.

Мохаммед Салах
(Египетийн шигшээ баг, “Ливерпуль” Англи)

Энэ улиралд Месси, Роналду нараас илүү алдар нэрээ дуурсгасан хөлбөмбөгч бол Салах. Английн премьер лигийг эзэгнэсэн тэрбээр “Египетийн Фараон” нэртэй болсон. Яг одоо Египетэд хамгийн алдартай хүн бол Салах. Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тэр өрсөлдөөгүй ч маш олон хүн түүний нэрийг саналын хуудсан дээр бичсэн байв. Харин тавдугаар сарын 26-нд болсон Аваргуудын лигийн финал дээр мөрөндөө хүнд гэмтэл авсан нь ДАШТ-д тоглоход нь нөлөөлөх байх. Египетийн хөлбөмбөгийн холбооноос Салахыг ДАШТ-д оролцож чадна гэж мэдэгдсэн. Шигшээ багийнхаа төлөө 40 удаа тоглож, 23 гоол хийсэн.

Неймар
(Бразилийн шигшээ баг, “ПСЖ” Франц)

Бразилийн шигшээ багийн ахлагч Неймар 2018 оны ДАШТ-д түрүүлэх л зорилготой. Испанийн “Барселона”-д Мессигийн сүүдэрт дарагдсаар залхсан Неймар өнгөрсөн жил Францын “ПСЖ” багт шилжсэн. 222 сая еврогийн үнэ хүрсэн нь түүнд дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчийн хэргэм авчирсан. Харамсалтай нь хоёрдугаар сард Францын аваргын тэмцээний үеэр хүнд гэмтэл авч, гуравдугаар сард нь мэс засалд орсноосоо хойш талбайд гараагүй. Гэхдээ бэлтгэлдээ орсон байгаа. Неймартай Бразил, түүнгүй Бразил огт өөр хоёр баг. Шигшээ багт 83 тоглож, 53 бөмбөг оруулсан.

Луис Суарес
(Уругвайн шигшээ баг, “Барселона” Испани)

Уругвайн шигшээ багийн гол од Суарес ДАШТ болгон дээр хэрэг тарьдаг зантай. 2010 онд тэр өрсөлдөгч багийн цохилтыг гараараа хааж, улаан хуудсаар торгуулсан бол 4 жилийн дараа Италийн хамгаалагч Кьеллиниг мөрнөөс нь хазаж, хөлбөмбөг тоглох эрхээ 4 сараар хасуулж, шигшээ багийн 9 тоглолт өнжих хатуу шийтгэл хүлээж байв. Шазруун, хэт халуун зан нь нас ахих тусам нь дарагдаж байгаа тул энэ жил мэргэн буучийн шагналын төлөө  өрсөлдөх довтлогчдын тоонд багтаж байгаа. Луис шигшээ багт 97 тоглож, 50 гоол оруулсан.

Харри Кейн
(Английн шигшээ баг, “Тоттенхэм” Англи)  

24 настай энэ залуугаас хөлбөмбөгийг хүн төрөлхтөнд бэлэглэсэн Английн шигшээ багийн хувь заяа хамаарна. Тун даруухан бүрэлдэхүүнтэй байгаа энэ багийг Кейн л аврахгүй бол англичууд амжилт олоход бэрх. Шигшээ багт цөөхөн тоглосон ч багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэж байна. Английн төлөө 23 тоглож, 12 бөмбөг оруулсан.

Эден Азар
(Бельгийн шигшээ баг, “Челси” Англи)

Бельгийн шигшээ багийн алтан үе хэмээн нэрлэгдэж байгаа залуус энэ тэмцээнд яг ид үедээ орох нь. Тэдний лидер Азар 27 настай. 4 жилийн өмнөх ДАШТ-д тэдэнд туршлага дутсан бол энэ удаад бүх байрлалд тэгшхэн бүрэлдэхүүнтэй болсон. “Хамгаалагчдын аймшиг” хочит Эден Азар сүүлийн үед тогтворгүй тоглож байгаа ч ОХУ-д тодрох оддын нэг байх нь гарцаагүй. Азар Бельгийн шигшээ багт 78 тоглож, 18 гоол оруулжээ.

Сон Хын Мин
(БНСУ-ын шигшээ баг, “Тоттенхэм” Англи)

Өнөө цагийн Азийн хамгийн шилдэг хөлбөмбөгч. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Английн Премьер лигт хамгийн амжилттай тоглож яваа ази тоглогч. Германд тоглож байхдаа “Солонгос Мюллер” хоч хүртсэн Сон шигшээ багтаа 61 тоглож, 20 бөмбөг оруулжээ.

Килиан Мбаппе
(Францын шигшээ баг, “ПСЖ” Франц)

Камерун гаралтай энэ залуу дөнгөж 19 настай ч 180 сая еврогоор “Монако” багаас “ПСЖ”-д шилжин ирсэн тоглогч. Шигшээ багт 12 тоглож, 3 гоол оруулсан. Францын шигшээ багийн хүчирхэг довтолгоонд шинэ хөг ая нэмэх нь ойлгомжтой.

Давид Де Хеа
(Испанийн шигшээ баг, “Манчестер Юнайтед” Англи)

Испанийн шигшээ баг хаалгаа Де Хеад бүрэн найдаж болно. Энэ улиралд баг нь Премьер лигт аман хүзүүдсэн ч тэр өөрөө шилдэг хаалгачийн “Алтан бээлий” шагнал хүртсэн юм. 27 нас бол хаалгачдын жинхэнэ амжилт гаргадаг нас. Түүний ачаар “МЮ” хоёрдугаар байрт шалгарсан гээд хэлчихэд буруудахгүй. Багтаа гаргасан амжилтаа шигшээ багтаа гаргах л түүнд үлдсэн. Испанийн шигшээ багт 25 тоглохдоо 14 тоглолт хаалгаа хуурай манаж, 16 гоол алдан, 17 ялалт байгуулж, 3 тэнцэн, 5 ялагджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.