Хайх зүйлээ бичнэ үү

"Гэрэг" Lifestyle дугаарын ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа оролцлоо.

Өнгөрсөн намрын халуун өдрүүдэд Монголын улс төр, нийгмийн амьдралд ч тэр хэмжээний “халуун” үйл явдлууд тохиосон. Таван настай бяцхан охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг олон нийтийн санааг чилээж, төдөлгүй шинэхэн байгуулагдсан Засгийн Газрын анхны шийдвэр уг асуудалтай холбоотой байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэр үед УИХ-ын эмэгтэй гишүүдийг энэ талаар анхаарч ажиллахыг шаардаж, хүлээж байсан олны уухайг тод санаж байна. Яг тэр хугацаанд УИХ-ын гишүүн А.Ундраатай уулзах тохиол таарч, энэ чиглэлээр төлөвлөсөн ажлуудынх нь тухай дуулж байв. Түүнээс хагас жилийн дараа энэ тухай дахин сонирхохоор очиход минь тэр уриалгахан хүлээж авсан ч, ярилцлагаа үүнээс урьтаад багшийнхаа тухай дуртгалаар эхлэхийг хүссэн юм. Сүүлийн үед цахим орчинд түгээмэл харагдах болсон “Идэр оюуны ундраа” аяны нэр энэ түүхтэй адал сэжмээр холбогдоно.

- Би багаасаа тооны хичээлд маш их дуртай, заримдаа шалгалт болоход өөрийнхөө хувилбарын даалгаврыг хийж дуусгаад хажуугийн хүүхдийнхийг хүртэл хамт хийчихдэг байсан. Тийм ч учраас дөрөвдүгээр ангийн сурагч байхад дүүргийн олимпиадад амжилттай оролцоход багш маань “Чи математикаар явах юм байна аа” гээд их баярлаж байсныг санадаг юм. Удалгүй хотын олимпиадад түрүүлэхэд багш, сурагчид бид бүгд баярлан урамшиж байлаа. Ингээд П.Ганболд багш өөрийн алгебр, геометр ордог ангиуддаа ханын сонин гаргахдаа “Идэр оюуны ундраа” гэж нэрлэж байсан нь санаанд тод үлджээ. Мэдээж энэ нэрийн тухай багшаас олон хүн асууж, сонирхсон байдаг юм. Харин энэ нь Ундраа гэж хүнээс илүүтэй багшийн маань залуу хүний ухаанд бахадсантай холбоотой. Идэр, залуу хүний ухаан саруул бөгөөд дундаршгүй байдаг нь багшийг минь эрчилж, хурцалж байсан гэсэн үг. Улмаар дундаршгүй ундрах эрдэм, оюуныг бэлгэдэн тийнхүү нэрлэсэн байдаг юм билээ. Тийм болохоор энэ үг их дотно, дурсамжтай санагдах болж хүүхэд, залууст зориулсан боловсролын хөтөлбөрөө “Идэр оюуны ундраа” гэж нэрлэсэн. Одоогоор энэ аяны хүрээнд тойргийнхоо сургуулиудад хандаад мэргэжил сонголтын аян, цуврал видео бэлтгэн хүргэж эхэлсэн. Мөн англи хэлийг эрчимтэй сурах курс хичээллүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх курс ажиллуулах болсон.

- Боловсролын салбар хэдийгээр таны ажлын үндсэн үүрэгтэй уялдахгүй ч ингэж анхаарч ажиллах болсон нь ямар учиртай вэ?

- Тойргийнхоо хүрээнд энэ чиглэлээр ажиллаж байгаад ер нь улс орон маань мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлнэ гэсэн алсын хараатайг бодох болсон. Гэсэн ч суурь шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутны тоо жилээс жилд буураад байгаа. Үүнийг төрөөс бодлогоор анхаардаг байсан ч, сүүлийн жилүүдэд орхигдуулсан. Түүх харвал 1940-өөд онд буюу Дэлхийн хоёрдугаар дайн өрнөж байсан хүнд үед МУИС-ийн суурийг тавьж манай улс тал бүрийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлж байсан. Гэвч 1990 оноос хойш бид юу хийв гэвэл босгосон зүйлсийг нураасан гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр бүх хүн л боловсролын салбар дампуурлын ирмэгт ирчихлээ гэж хэлж, ярих болсон. Гэхдээ яг ингэж хэлбэл мэдээж хэтийдсэн хэрэг болно. Болж, бүтэж байгаа зүйлс энэ салбарт бий. Харин боловсролын системийг бүхэлд нь аваад үзэх юм бол тал, талаас нь янз бүрийн юм нийлүүлээд барьчихсан, ямар утгатай нь мэдэгдэхгүй барилга шиг л өндөр байшин болчихоод байна. Уг нь ойр, ойр өөрчлөөд байгаа нь цаад утгаараа сайжруулах гэсэн хандлага байх.

Үүнд зовниж явдаг учраас, өөрийн хэмжээнд хийх шаардлагтай зүйлс юу байна тухай бүрт анхаарал хандуулж ажиллаж байна. Ялангуяа дээр дурьдсанчлан Монгол улс  мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар идэвхтэй ярих болсон энэ үед эрдэмтэд, инженер, техникийн ажилтнуудаа бэлтгэхгүй бол энэ бүхэн хоосон яриа болох нь гэж бодсон. Энэ ч үүднээс “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд МУИС-д суурилан тэтгэлэгт хөтөлбөр зарласан.


- Хүүхэд, залуустай энэ чиглэлээр ажиллах нь таны хувьд цоо шинэ зүйл бас биш гэдгийг мэднэ. Тухайлбал, Та гадаад суралцагч оюутан, залуусын дунд “Mongolian Young Leadersхөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Одоо Монголдоо суралцаж буй оюутнуудтай мөн ажиллаж байна. Ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

- “Mongolian Young Leaders”-д оролцогчид нь гадаадад суралцдаг, гол төлөв тухайн сургуулийнхаа ганц Монгол оюутан байдаг гэхчлэн үе тэнгийн монгол залуустайгаа нөхөрлөх, санаа бодлоо хуваалцах цаг, боломж хомс оюутнууд байсан. Энэ ч утгаараа Монголоо гэсэн сэтгэлээ хуваалцах хүн цөөтэй, нэг бодлын ганцаардсан гэж болохуйц. Нөгөө талаар эх орныхоо талаар авч байгаа мэдээлэл нь зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хязгаарлагдмал, нийгмийн амьдралд оролцох үе нь ердөө амралтаар ирдэг хэдхэн сарын хугацаа нь л байсан. Тиймээс бие биенээ олж нөхөрлөх, мэдээлэл, санаа бодлоо хуваалцах зэрэг боломжийг олгосон, тэднийг холбож өгсөн хөтөлбөр байсан юм. Харин Монголд сурч байгаа оюутнуудын хувьд ганцаардах гэх зүйл байхгүй, хангалттай мэдээлэл дунд өөрөө тухайн орчиндоо аж төрж байгаа онцлогтой. Гаргаж байгаа санаа нь Монголын нөхцөл байдалд илүү дүйцсэн, мэдрэг байх нь бий.

Харьцуулаад харвал, мэдээж залуу хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, дэврүүн байдаг. Гэхдээ гадаадад сурч байгаа оюутнуудын хувьд заримдаа энэ нь хэт утопи шинжтэй байх нь бий. Эсрэгээрээ Монголд суралцаж байгаа оюутнууд өөрийгөө бага зэрэг хүлчихсэн, үл ялиг гутранги аястай. Мөн гадаадад байгаа оюутнуудын хувьд сайн дурын ажил гэдэг маш чухалд тооцогддог. Харин энд бол цаг, хөдөлгөөн бүрээ үнэлэх хандлагатай. Энэ нь нэг талаар манай нийгэмд залуу хүний орлого олох боломж хязгаарлагдмал байдагтай холбоотой. Энэ бүхнээс харахаар ерөнхийдөө философийн зөрүү л анзаарагдаж байдаг.

- Саяхан “1987: When the Day Comes” киног үзэхэд БНСУ-д ардчилал, тэгш эрхийг авчрахын төлөө тэмцэж байгаа бүлгийн олонх нь их сургуулийн оюутнууд байсан нь харагдаж байсан. Энэ зуурт манай нийгэмд өнөөдөр оюутан, залуус тийнхүү түүчээлж чадах болов уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байлаа. Та юу гэж бодож байна?

- Ер нь нийгэмд аливаа хувьсгал, өөрчлөлт оюутнуудаас эхэлдэг, тэд өөрчлөлтийн тэргүүн эгнээнд байдаг. Манайд ч бас 1990 оны хувьсгал явагдахад талбай дээр жагсч байсан хүмүүсийн олонх нь оюутнууд байсан. Зарим нь юу болж байгааг сонирхож ирсэн бол, зарим нь үнэхээр нийгмээ өөрчлөхийн төлөө цаг зав, сэтгэл зүрхээ зориулаад зориг гаргаад явж байсан. Харин өнөөгийн оюутнуудын хувьд нийгэм дэх болохгүй байгаа зүйлсийн төлөө тэмцэх хүсэл, зориг нь мохоо байгаа юм биш байгаа гэж бодогдох болсон. Нөгөөтэйгүүр ардчилал зарим утгаар анархизм тал руугаа явж байна гэж шүүмжлэх хүмүүс бий. Тэгэхээр тэрхүү анарх болсон бүлгүүдийн тоглоом, эсвэл тэдний заавраар хөдөлдөг болчихвол залуу хүний хувьд дэндүү хайран биш гэж үү. Залуу хүмүүс бол өөрчлөлтийн түүчээ байх учиртай шүү дээ.

Миний хувьд олон залуустай хамтран ажилладаг тул тэдэнтэй уулзахаад урам зоригтой, эрч хүчтэй байдаг. Харин тэдгээр манлайлагч залуусын нийгэмд эзлэх жинг аваад үзвэл дээр ярьсанчлан гутранги байдалтай нь арай давуу байна уу даа. Магадгүй энэ нь манай нийгмийн толь байхыг үгүйсгэхгүй, бид нийгмийн энэ үеэ туулж байгаа байх. Тэгэхээр залуус хэзээ сэрнэ, хэзээ идэвх гаргана, тэгж байж үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж чадах дэврүүн хүсэл нь асна. Ингэж байж л эерэг өөрчлөлтийн манлайлагчид болж чадна.

- Сүүлийн жилүүдэд хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн гэмт хэрэг ил болох нь ихэсч, энэ асуудлыг тойрсон яриа, хэлэлцүүлэг өрнөж нийгэм даяараа анхаарал хандуулах болоод байна. Таны хувьд 50/50 аяныг хэрэгжүүлэх тухай ярьж байсныг тань санаж байна. Энэ ажил хэр явж байгаа вэ?

- Энэ бол 50/50 буюу тэнцүү, тэгш эрхийн ойлголтыг түгээхийг зорьж байгаа ажил юм. Өнөөдөр бид жендер гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн тухайд бус хүйсийн тэгш эрхийн тухай хөндөх ёстой гэдгийг эрүүлээр харж, ярих шаардлагатай байна. Зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлаас гадна Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага. Түүнчлэн хөвгүүдийн боловсрол орхигдож, эрэгтэйчүүдийн дунд сэтгэл зүйн хямрал яагаад түгээмэл байгааг анхаарах ёстой. Үүнийг нийгмийн хүрээнд, өргөн хүрээнд авч үзэх үүднээс 50/50 аяныг санаачилсан. Аливаа зүйлд ижил тэнцүү оролцоо, үүрэг хариуцлагатай хандах улмаар тэгш эрхийн тухай асуудал юм л даа. Харин задлаад харвал эмэгтэйчүүдийн хувьд ажил мэргэжил, шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудал хөндөгддөг бол эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудал тулгамдаж байна.

- Аяны хүрээнд одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

- Ямартай ч асуудлыг хөндөж, судалгаа, мэдээлэлтэй болсноор эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалтай холбоотой хэлэлцүүлгүүд нэг үеэ бодоход өрнөдөг болоод байна. Мөн НҮБ-ын “He for She” кампанит ажлыг Монголдоо эхлүүлэхээр бэлтгэж, долдугаар сарын 8-нд болох албан ёсны нээлтэд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн, “He for She” аяныг санаачлагч Элизабет Няамаяаро хүрэлцэн ирэхээр болоод байна.

Ер нь эмэгтэйчүүдийн эрх гэхээр эмэгтэйчүүд л тэмцэж дуугардаг, ямагт дарлагдсан байр сууринаас хандах асуудал биш. Нэг талаас бодоод үзвэл бид сайн боловсрол эзэмшиж чадсан нь аавуудын маань ач биш гэж үү? Охиноо боловсролтой болгоё гэж бодож байгаа, найз охиноо, эгчийгээ, эхнэрийгээ дэмжиж байгаа олон эрэгтэйн сэтгэлийн хүч нийгмийн хөгжилд нөлөөлж байдаг. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн асуудал, нийгмийн аливаа асуудалд аль аль талын хандлага, оролцоо байснаар бид шийдвэрлэх зөв замд хүрнэ. Өдийг хүртэл эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн олон асуудлыг эрчүүд дангаараа шийдэж чадаагүй л байна. Тиймээс эмэгтэйчүүд ч бас хамтран зүтгэж байж эдгээрийг шийднэ.

- Гэхдээ ингэж ярихаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд зөвхөн боловсрол, эрүүл мэндийн асуудлаар өөрсдийгөө хягзгаарладаг гэсэн шүүмжлэл бас дагадаг шүү дээ.  

- Үгүй дээ. Би Стэнфордын их сургуульд багшилж байхдаа эрчим хүчний бодлого судлал, зэвсэглэл хоргодуулах чиглэлээр ажиллаж байсан. Энэ ажлыг хийхэд эрэгтэй, эмэгтэй хүн байх эсэх нь хамаагүй байдаг. Эцсийн дүндээ хоёр хүн халз гардан байлдаанд оролцдог үеэ хүн төрөлхтөн хэдийнэ давсан. Батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр эрэгтэй хүн ярих ёстой, эмэгтэй хүн нийгмийн, ахуйн асуудал ярих ёстой гэсэн хэвшмэл ойлголт үгүй болж байна. Харин манай нийгэмд л хүчирхийллийн хэрэг гарахад яагаад эмэгтэй гишүүд дуугарахгүй байна вэ гэж шаарддаг. Гэхдээ бодоод үзвэл хүчирхийлэгч нь эмэгтэй биш эрэгтэйчүүд давамгай бөгөөд хариуцлага үүрэх тухайд ярих юм бол яагаад бид хүчирхийлж байгаа жендерийг авч хэлэлцэхгүй байна вэ? Яагаад тэд дуугүй байна вэ гэдэг бас нэг асуулт шүү.

- Таны хувьд хууль тогтоох байгууллагад ажиллахаас гадна нийгмийн олон асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Амьдралын хэв маяг, хэмнэлээ хэрхэн тодорхойлох вэ?

- Улс төрийн амьдрал их сонирхолтой л доо. Зарим үед сэтгэл зовох, гутармаар үе ч таарна. Ялангуяа, ташаа мэдээлэл сенсаци болж дэгдсэнээр олон нийтийн зөв, бодит мэдээлэл хүлээж авах цаг, цонхыг хаачихдаг. Үүнээс үүдээд шийдлээ хүлээсэн асуудлууд хойшилж, тэр хэрээр бид улс орныхоо хэмжээнд ухарч байдаг. Яг томоохон шийдвэр гаргах үед ийм тохиолдлууд гарахад хувь хүнийхээ хувьд шаналмаар байдаг шүү.

Харин хийж байгаа ажлын үр дүн тодорхой гарах үед урам зориг төрдөг. Жишээ нь, “Идэр оюуны ундраа” аяны хүрээнд хүүхэд, эцэг эхчүүдээс хариу сэтгэгдэл ирэх үед хүлээгдэж байсан ажлыг нь манлайлж байгаа юм байна гэж бодоход сайхан. Яг л хэрэв цэцэгчин хүн байсан бол тарьж байгаа цэцэг маань ургаж байгаа шиг, урлагийн хүн байсан бол миний бүтээл хүмүүст урлагийн таашаал өгч байгаа мэт урам зориг авдаг.

- Ажиллах цагаа хэрхэн хуваарилдаг вэ?

- Байнга л завгүй байсаар ирсэн болохоор хэн ч намайг чи яагаад завгүй болчихов гэдэггүй. Ер нь завгүй биш байж үзээгүй. Завтай байж үзээгүй гэдэгтэй агаар нэг боловч, хүнд цаг, завтай үе байлгүй яахав. Гагцхүү тухайн цагийг юунд зориулах вэ гэдэг бидний сонголт байдаг. Яг одоо би юу хийж байх ёстой вэ гэдэг асуултыг хааяа өөртөө тавьдаг, тэгж л ажлаа эрэмбэлдэг гэхүү дээ. Гэхдээ яах аргагүй албан ёсны ажилдаа ихэнх цагаа зориулсаар ирсэн. Хэрэв надад хүрсэн амжилт бий бол тэр нь хөдөлмөрлөх, тууштай байх чадвар гэж боддог. Хүн хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ, сайн хийж чадвал үр дүн нь гарах л болно.

- Тэгвэл та юунаас илүү их эрч хүч авдаг вэ? Цааш алхах хүч, тэнхээ өгдөг зүйлсээ нэрлээч?

- Спортын тэмцээнд тайм-аут байдаг шиг сэтгэл зовсон, санаагаар унасан үедээ өөртөө тайм-аут өгдөг. Хэсэг зуур бүхнийг орхичихдог. Амьдралын гоо сайхан талыг харах боломж бидэнд хэзээд байдаг ч, бид харж чадаж байна уу гэдэгт л бий шүү дээ. Тийм учраас интернэтээр мэдээлэл харж, эсвэл урам авах хүмүүсийн тухай, хийсэн бүтээснийх нь тухай, амьдрал намтрынх нь талаар уншиж мэдэх дуртай. Өнөөдөр өөрөө байхгүй ч, хүний агуу үйлс, оюун ухаан, өөрөөсөө давж өрөөлийн төлөө ажилласан хүмүүс болон хүнд бэрх замыг туулж уран бүтээлээ туурвисаар тэдгээр нь өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөнд таашаал бэлэглэж чадаж буй түүхүүд гайхамшигтай. Тухайлбал, зураач Жоржия О’Кифф миний хамгийн дуртай зураачдын нэг. Сүүлд Бруклинд нэгэн үзэсгэлэн нь гарахад би их ажилтай байсан ч, зориуд цаг гарган үзэсгэлэнг нь үзсэн юм. Тэртээ 1920-иод оны хээнцэр загвар, хэтийдсэн гоёл ноёлсон үед тэрбээр өнөөгийн минимал гэж нэрлэхүйц загварын хувцас урлаж өмсдөг байж л дээ. Ингээд зогсохгүй хожим судлахад түүний хувцасны эсгүүр, өнгөний хоршил нь зурсан зургийнхтай нь яг дүйж байсан юм билээ. Хүний ур гэдэг тийм гайхалтайн дээр зуун жилийн тэртээд О’Кифф өнөөгийн дизайны хэв маягийг илэрхийлж байсан байгаа юм. Энэ мэт түүх, үйлс намайг тэжээдэг. Дуртай киногоо нойроо хасаад үзэх, аялах, чин сэтгэлээсээ хүмүүстэй ярилцах гээд гэр бүл, найз нөхөд  гэхчлэн амьдралыг гоё, сайхан болгодог зүйл олон бий.

- Та өнөөг хүртэлх карьерийнхаа хамгийн тод, бахархалтай хэсгээс хуваалцаач.

- Би багадаа сэтгүүлч, эсвэл дипломат ажилтан болохыг хүсдэг байлаа. Сэтгүүлчээр гадаадад суралцах шалгалтад орох гэтэл аав, ээж маань охиноо багад нь хол явуулмааргүй байна гэснээр больчихсон. Гэхдээ тэр зарлалыг хараад сэтгүүлч болохсон гэж бодоод зогсч байснаа санадаг юм. Харин багаасаа тоо, математикаар явсаар байгаад тэр чиглэлээ дагасан тул дипломат болох хүсэл маань биелээгүй. Гэсэн ч санаж явбал бүтнэ гэдэгчлэн Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдож байсан. Цөмийн зэвсэглэл хоргодуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагад маань үндэслэн Гадаад харилцааны яам намайг зургаан талт хэлэлцээр дээр ажиллахыг урьсан юм. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын чиглэлээрх энэ ажил урагштай явагдаж, Монголчууд бид олон жил ажилласны дүнд Хойд Солонгос, Японы уулзалтыг зохион байгуулсан удаатай. Дипломат албанд байсан хамгийн бахархалтай үе маань энэ гэж болно.

Ярилцсан: Жүгдэрийн Хулан

Гэрэл зургийг: Ц.Эрхбаяр

"Гэрэг" сэтгүүл


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
42
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.