МУГЖ Л.Чаминчулуун: Монголын урлагт хүн чанар, авьяас, мэдлэгийн яс нь ганхаж байна


  |     2018-06-20 11:27   |     1352
  2018-06-20 11:27   |     1352

 

СУИС-ийн багш, МУГЖ Л.Чаминчулуунтай Монголын кино урлагийн тухай, жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнуудын чанар чансааны тухай ярилцлаа. Түүний ярилцлага Танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. Хүлээн авна уу. 


-Та 30 гаруй жил оюутнуудад багшилж байна. Багш мэргэжлийн сайхан нь юу вэ. Ялангуяа жүжиглэх урлагийн суурь хичээл заах нь бусад багш нараас ямар онцлогтой байдаг вэ?

-Арван жилийн сургуулийн багш нэг өөр. Их дээд сургуулийн багш байх бүр өөр. Учир нь арван жилээ төгсөөд ирсэн хүүхдүүдийн суурь мэдлэгийг илүү гүнзгий, гүн ухааны болгох гэж чармайж ажилладаг. Ер нь мэдлэг тэр хүний мэргэжил болдог. Хожим амьдралаа чиглүүлэх чиглэл болдог. Энд л их, дээд сургуулийн багшийн зорилго оршдог доо. Шавь нараа амжилттай явааг харах багш хүний хамгийн дээд жаргал. Багш хүн гэдэг өөрийгөө мэдлэгийн өндөр түвшинд хөгжүүлдэг, өөрийгөө золиосолж чаддаг хүнийг хэлнэ шүү дээ. Жирийн багш бол зөвхөн ярьдаг. Сайн багш бол тайлбарладаг. Мундаг багш бол үлгэр дуурайлал үзүүлдэг. Агуу багш бол шавь нарынхаа цээжинд гал асаадаг. Тэгэхээр дан ялангуяа манай урлагийн сургуулийн багш нар чадлынхаа хэрээр оюутныхаа зүрхэнд гал асааж төгсгөх хэрэгтэй. Тэгж гэмээ нь үр өгөөж нь сайн байна. 

-Таныг анх багшилж байх үе болон одоо үеийг харьцуулахад жүжигчин мэргэжлийг сонгосон залуучуудын хандлага хэр өөр байна вэ?

-Би 1980 оноос хойш багшилж байна. Миний шавь нар дотроос зургаан гавьяат жүжигчин төрсөн. Соёлын тэргүүний ажилтан бол тоймгүй олон. Тэр үед сурч байсан хүүхдүүдийг өнөөгийнхтэй харьцуулахад их өөр. Сайн ч тал бий, муу ч тал бий. Намайг анх багшилж байхад ойролцоогоор 400 хүүхдээс 20-иод хүүхэд авдаг байж. Одоо бол гурав дахин их хүүхэд авч байна. Шалгаруулалтын хувьд ч өөр болсон. Жүжигчин гэдэг мэргэжлийг хүн болгон сонирхдог. Болчихмоор, хийчихмээр санагддаг шүү дээ. Харин сонгосон хойноо хүүхдүүд өөрсдийн оюун ухаанаар  хэмжүүр хийдэг. Энэ зөв сонголт уу, эсвэл буруу сонголт уу гэдгээ дотроо боддог. Авьяастай хүүхэд бол цаашид юу хийхээ ойлгодог. Авьяас гэдэг олдмол, төрмөл гэж хоёр янз. Төрмөл авьяастай хүн өөртөө бардаад юу ч хийхгүй бол хөгжихгүй бүр тэр чигтээ зогсдог. Харин өнөөх олдмолууд өөрийгөө хөгжүүлсээр байгаад төрмөлийн хэмжээнд хүрэх бүр даваад гарах үе ч бий. Ер нь хөдөлмөрлөдөг, зүтгэдэг хүн хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө нүүр бардам байдаг. Хамгийн гол нь зүрх сэтгэлээрээ, чин сэтгэлээсээ хийвэл амжилт бий болно. 

-Авьяастай хэрнээ жүжигчин мэргэжлийг орхисон шавь нараа хараад ямар санагддаг вэ? 

-Сайхан уран бүтээлч болно доо гэж бодсон хүмүүс зүгээр гудамжаар явах үе бий. Тэрийг хараад сэтгэл өвддөг. Өвдөөд өвдөөд яах билээ дээ. Хувь хүний ухамсартай холбоотой шүү дээ. Уран бүтээлч хүн хамгийн гол нь хүнлэг байх ёстой. Дээд зэргийн хүн чанартай байх учиртай. Хүнлэг хүнд хэзээ ч бардам сэтгэл төрдөггүй. Хүн ёсны үүднээс бусдыг хайрлаж, хүндэлдэг хүн өргөн дэлгэр уужуу ухаанаар бодож, өөрийгөө хөгжүүлж, өрөөл бусдад тусалж, өрөөлийг хөгжүүлэхийн төлөө зорьдог. Хүн чанаргүй ч гадаад төрхөөрөө жүжигчин байж болохуйц хүмүүс байдаг. Тэр хүмүүс нэг юм уу, хоёр удаа л уран бүтээлд тоглоно доо. Зарим нь нэг ч тоглож чадахгүй сургуулиа төгсөөд алга болдог. Энэ бол тэр хүний хүнлэг сэтгэлтэй холбоотой. Чин сэтгэлээсээ аливаа зүйлийг хийж чаддаггүй хүн хэзээ ч зорьсондоо хүрэхгүй. 

-Гаргасан амжилтдаа бардан гэр бүл, найз нөхөд, багш нараа мартаж байсан шавь танд бий юу. Байсан бол тэр үед нь хатуухан зэмлэж байсан уу? 

-Байна. Хүн байна шүү дээ, боловсролоороо биш, хүмүүжлээрээ ялгардаг. Гаргасан өчүүхэн амжилтдаа дэвээд, сагаад тэр чигтээ юу ч үгүй болсон хүүхдүүд бий. Хүн юм чинь бодно. Буруу зүйл рүү орчихлоо гэдгээ ухаарна. Зарим нь тэр чигтээ явж байхад зарим нь ухаараад буцаад наашаа мөлхдөг. Нэрийг нь хэлээд яах вэ. Зөндөө байна.

-Манайд жүжигчний орон тоо хэр хангалттай байдаг вэ. Ойролцоогоор нэг ангиас хэд нь мэргэжлээрээ ажилладаг вэ?

-20 гаран хүүхдээс үсрээд дөрөв юм уу тав гардаг. Бусад нь мэргэжлээрээ ажиллахыг хүссэн ч ажлын байр байдаггүй. Ганцхан театртай. Монгол улс их өрөвдмөөр шүү дээ. Би үүнд маш их эмзэглэдэг. Багш хүний хувьд 9 дүгээр сарын 1-н хамгийн баяртай өдөр. Оюутнуудаа тосоод авдаг. Харин тэр хүүхдүүдийг дөрвөн жилийн дараа төгсөхөд хамгийн хэцүү дээ. Яагаад гэвэл ганцхан театртай, хөдөө орон нутгийн театрууд ч хэцүү. Эд нар минь одоо яана даа л гэж боддог. Хүн гэдэг амьтан бурхны зургаар явдаг юм болохоор зарим нь олонд танигдаж байхад зарим нь зүтгээд зүтгээд чаддаггүй. Учир нь дэмжих, дэмнэх зүйл ховор. Их хэцүү. Улсын бодлого өөрчлөгдөж, Хүүхэд залуучуудын театр бий болоосой гэж хүсдэг. Байсан театрыг устгаад сөнөөчихсөн улсууд байна, нүгэлтнүүд. Хэрвээ тэр театр байсан бол босгох тэнхээ монголын залуучуудад байсан уу гэвэл байсан. Драмын театр 30-40 хүний орон тоотой байдаг юм уу даа. Тэгээд жилдээ 30 оюутан төгсөхөд сайндаа л нэг хоёрыг нь л авна шүү дээ.

-Дан ганц нүүр царайгаар жүжигчин нэрийг зүүж байгаа олон хүн бий гэж цахим орчинд шүүмжлэх хүн цөөнгүй. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Би нэг хэсэг цахим сүлжээнд ордог байснаа больсон. Сэтгэл эмзэглэмээр юм байна лээ. Хүн чин сэтгэлээсээ үг хэлж байхад тэрийг няцаадаг. Хэн ч, хэнийг ч хайрлахгүйгээр муухай үг хэлдэг газар шиг санагддаг. Дээр нь тэнд их завтай, элдвийн юманд дурладаг хүмүүс байдаг юм болов уу гэж боддог. Тийм учраас би ордоггүй. Орохыг ч хүсдэггүй. Харин уран бүтээлчдийн хувьд бол хүмүүс хөдөлмөрлөхөөсөө илүү хамгийн түрүүнд нэрд гарахыг хүсдэг болж. Тэгэхээр уран бүтээл хаягдана. Эхлээд бүх юмаа золиослоод уран бүтээлээ л хийх ёстой. Тэгвэл өгөөж нь дараа ирдэг. Тайз гэдэг бол толь. Тайзан дээр зогсож байхад тэр хүний хэн гэдэг нь харагддаг. Үзэгчид тэнэг амьтад биш шүү дээ. Дээд зэргийн шүүмжлэгчид, судлаачид байдаг. 

-Монголын кино урлагийн хөгжилд хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг та юу гэж боддог вэ. Шүүмжлэх зүйл олон бий юу?

-Би ч бас шүүмжлэлтэй хандаж байгаа. Дээхэн үед би нэлээн хэдэн кинонд тоглосон. Сүүлийн үед нэг ч кинонд тоглоогүй. Яагаад гэвэл киноны үндэс суурь болсон зохиол нь надад таалагддаггүй. Аягуу ядуу, хүний сэтгэл зүрхэнд хүрэхээргүй, үгний сонголт нь хэзээ ч үзэгчдийн боловсролын түвшинд нөлөөлж чадахааргүй байдаг. Зохиол муу байна гэдэг бүтээл муу байхын эхлэл. Тэгээд өнөөх муу зохиол дээр боловсрол, хүмүүжлийн түвшин янз янз найруулагчид ажиллаад эхэлдэг. Яагаад энэ үгийг хэлэх болов, яаж энэ бүтээлийг хийх вэ гэдэг ухагдахуун байхгүй. Байшингаар бол шавардаад саа цацаад хаячихтай адил. Тэрний цаана юу байгаа нь сонин биш. Энэ хамгийн том алдаа. 

-Энэ байдалд хэн буруутай юм бэ. Асуудлыг шийдэх гарц бидэнд байгаа болов уу? 

-Энэ бол түрүүн миний хэлдэг зохиол сонголттой холбоотой. Мөн цөөхөн хэдэн жүжигчинтэй, тэр дундаа эргэлдээд байна. Би ер нь сүүлийн үеийн кино бараг үзээгүй. Үзэхээ ч больсон. Сүүлд “Солиот эх” киног үзсэн. Тоглолтын хувьд үнэхээр сайн болсон байна лээ. Гэтэл хятадын зохиол. Хятадын зохиолыг монголчилсон. Өөрөөр хэлбэл, агуулга хэлбэр хоёр зөрчилдөөд эхэлсэн. Манайхан “Солиот эх” гоё гээд л яриад байсан. Тэгэхэд хятад хүн үзээд “Монгол хүн хэзээ ч ингэхгүй” гэж хэлсэн байгаа юм. Аймаар. Бид өөрсдөө дүгнэлт хийж чадаагүй байхад бидний өмнөөс улсууд дүгнэлт хийсэн. Иймээс бид гарцаагүй маш нарийн, маш ухаантай бодох хэрэгтэй. Зах зээл чухал. Гэхдээ зах зээлд маш чанартай уран бүтээл гаргах хэрэгтэй. Эхлээд мөнгөө бодоод уран бүтээлээ тав, зургаад тавиад байна. Энд л хамаг гол алдаа байгаа юм. Би хятадын жүжигчний “Солиот эх” дээр хийсэн дүгнэлтийг хүнээр орчуулуулж, уншаад их эмзэглэсэн. Тэгээд хятад, монгол хамтраад уран бүтээл гаргасан бол яах байсан бол гэж бодсон. Тэртээ тэргүй л хятадын зохиол юм чинь. “Монголчууд ингэхгүй шүү дээ” гэдэг үг л аягүй аймаар байгаа байхгүй юу. 

-Гадаадын уран бүтээлийг харахад хувцас, эд зүйлс, техник технологи гээд бүх зүйл дээр анхаардаг. Манайд сайн уран бүтээл гаргахад санхүүгийн бэрхшээл гардаг байх. 

-Нэгдүгээрт, улс дэмжих хэрэгтэй. Хоёрдугаарт, дээр үед главлит гэж байгууллага байсан юм. Бүх уран бүтээлийг хэмжиж, шалгаж гаргадаг. Одоо бол хэмжүүр алга. Хэн дуртай нь кино ч хийнэ, жүжиг ч хийнэ, юу ч хийнэ. Хэрэв зохиол главлитээр ороод батлагдахгүй бол тоглодоггүй байлаа. Ардчилал гарч ирээд тэр байгууллага хаагдчихсан. Тэгээд ямар ч хэмжүүргүй гарсан кинонуудыг манай алдартай жүжигчид дэлхийд байхгүй бүтээл юм шиг магтаж байгаа нь өрөөсгөл. Айхтар үг байдаг шүү дээ. "Мөхөөе гэвэл магтаад бай" гэж. "Шал тэнэгт магтуулахаар, шударга цэцэнд хараалга" гэж ч үг бий. Зоригтой шүүмжлэх хүн алга байна. 

-Соёл урлаг болоод хэвлэл мэдээлэл хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэг. Үзэгчид харалган байгаа нь чанаргүй уран бүтээл их гарах болсонтой холбоотой юу?

-Тийм. Тэр бол гарцаагүй. Дээр нь ном уншдаг хүн байхгүй болчихоод байна. Ном уншихгүй болохоор яах вэ. Тэнд очиж шоу үзээд л, болсон болоогүй кино үзээд л яваад байхаар урлагийг ойлгох цензургүй болж байна. Урлагийн гурван гол зорилго бий. Хүн кино үзээд хүмүүждэг, ухаардаг тэгээд эрүүлждэг байхгүй юу. Энэ гурван нөлөөлөл кино, жүжгэнд заавал байх учиртай. Энэ байхгүй бол тас тас хөхрөөд, эсвэл учиргүй уйлаад л дуусна. “Ёстой их уйллаа, үнэхээр гоё кино байна” гэж хүмүүс ярьдаг(инээв). Уйлахын зохиол юм шиг. Яагаад гэдэг асуултыг түмэнтээ тавь. Зохиолч ч тэр, жүжигчин ч тэр. Би яах гэж үүнийг хийгээд байгаа юм гэдэг ухагдахуун байхгүй байна. 

-Шавь нартаа уншиж, үзэхийг зөвлөдөг ямар бүтээлүүд байдаг вэ?

-Кино урлагийн олон сайхан номууд байна. Манай түрүүчийн үеийн аваргуудын бичсэн монгол киноны үндэс гээд зөндөө сайхан ном бий. Хамгийн гол нь хүн ахмад үеэсээ сурах хэрэгтэй. Хуучны монгол кинонуудаа үзээд чухам яаж найруулж, хэрхэн жүжиглэснийг судлах хэрэгтэй. Бидэнд үгийг нь цээжээрээ мэддэг гайхалтай кинонууд байна. Яаж ийм кино бүтээх вэ гэдэгт суралцах ёстой юм. Англи, Америк гэж ярихаас өмнө өөрсдийн бүтээлийг л ухмаар байгаа юм. Би тэгж л боддог. Ахмад үеийнхэн юу хийсэн гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Эргэж нэг харах хэрэгтэй. Бичсэн ном зохиолыг нь унших хэрэгтэй. Тив алгасаж явахаар ядахдаа Оросоос сураасай гэж боддог юм. Мэдээж сайн сайхан уран бүтээл хийж байгаа хүмүүс бий. 

-Алтан үеийн кинонуудыг үзэхэд хэдхэн секундийн туслах дүр хүртэл сэтгэлд хоногшсон байдаг. Гэтэл сүүлийн үед гол дүр хэрнээ л сэтгэлд буутал тоглоогүй олон тохиолдол байна шүү дээ?

-Яс муутай л байхгүй юу. Нөгөө хүн чанарын яс, авьяасын яс, боловсролын яс, мэдлэгийн яс нь ганхаж байгаа юм. Тэгээд чин сэтгэл дутаж байгаа. Дээр нь “би” гэдэг өвчин байна. Янз янзын л юм байна. Өчүүхэн жоохон юмыг ч чин сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Багш ч тэгж хийлгэдэг болгох хэрэгтэй. Ердөө л тэр.

-Та одоогийн шавь нараасаа ямар давуу тал олж хардаг вэ. Мөн өмнөх үеийнхэнтэй харьцуулахад ямар байдаг вэ? 

-Одоогийн оюутнууд маш амархан, өнгөцхөн юм хийхийг хүсээд байгаа нь надад өрөвдөлтэй харагддаг. Тэгээд дээр нь залхуу. Мэдээж зүтгээд байдаг хүүхдүүд бий. Ерөөсөө л хичээл зүтгэл шүү дээ. Хамгийн нэгдүгээрт, хүн чин сэтгэлээсээ дуртай хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гуравдугаарт, бүх хүчээ шавхаж хийдэг болох хэрэгтэй. Дөрөвдүгээрт, энэ гурвын үндсэн дээрээс ургуулан бодох чадвар өсдөг. Ургуулан бодох чадвар өсөхөөр мэдрэмж өсдөг. Энэ тав байхгүйгээр ямар ч ажил бүтдэггүй. 

-Жүжигчин болохоор төлөвлөж буй залууст зөвлөгөө өгнө үү?

- Хамгийн гол нь дуртай, өөртөө итгэлтэй, дээр нь бүх хүчээ дайчилж юмаа хийж чадах уу гэдгээ дүгнэх хэрэгтэй. Өнгөцхөн дурлаж болохгүй. Үнэхээр энэ миний мэргэжил мөн үү гэдгээ бодож, судлах хэрэгтэй. Хүн болгон жүжигчин болох дуртай. Дургүй хүн байдаг юм уу. Үнэхээр чадахгүй гэсэн зарим хүмүүс л хүсдэггүй байх. Гэхдээ бүх хүмүүсийн санаанд багтаад байдаг шүү дээ. Учир нь хүн болгон жүжигчин байдаг. Харин амьдралынх уу, тайзных уу гэсэн хоёр ялгаатай. Хүн бүх насаараа 2004-2500 дүрд тоглодог гэж байгаа юм. Гэр бүл, найз нөхөд, багш нарынхаа өмнө янз янзын дүртэй байдаг. Амьдрал тэр чигээрээ жүжиг. Тэгэхээр жүжиглэх чадвар хүн болгонд байдаг. 

-Бидний ярилцлагын ихэнх асуултын зангилаа хувь хүний ухамсар, мөн чанартай холбогдож байна. Ухамсар яаж бий болдог вэ. Төрөхдөө л заяагаад өгчихсөн байдаг юм уу. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Хүмүүжлээс олж авдаг. Хүн ухаан орсон цагаасаа эхлээд орчин тойрноосоо өөрт хэрэгтэй зүйлийг хураадаг. Хуримтлуулсаар сүүлд нь дурсагдах юмаа үлдээж эхэлдэг. Тэгээд л хүний амьдрал дуусдаг. Нар гарахыг хүүхэд нас, өдөр болохыг идэр нас, орой өтөл нас. Амьдрал нэг л өдөр. Дурсагдах юмаа зөв цуглуулж чадсан хүн дандаа хүн чанартай, хүний сайн сайхны төлөө юм үлдээж эхэлдэг. Дурсах, дурсагдах хоёрын огтлолцол дээр хүн байсны утга учир, хүн байсны ухаан мөнхөрдөг. Орчноосоо хүн ухамсраа олж авна. Ухаарч бодоод орчин тойронтойгоо харьцана гэж үгүй. Амьдрал өөрөө их сургууль гэж үг бий шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа.

Бэлтгэсэн: Х.Хулан


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин   [203.91.114.244]
      2018-06-20 05:13
    хуучны хүмүүс ч үнэхээр ондоо шүү. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Ө.Энхтүвшин: Энэ онд 345 км авто замыг ашиглалтад оруулна

УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.

  2018-10-19 15:53

Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байна

Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалт өчигдөр албан ёсоор эхлэв.

  2018-10-19 15:45