Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Спорт хүний хувь тавиланг өөрчилдөг

Луи Зампериниг спорт өөрчилсөн, түүний хувь тавиланг хүртэл шүү.


Хэрэв дайн болоогүй байсан бол Луи Замперини 1600 метрийг дөрвөн минутад туулсан анхны хүн, мөн 1940 оны олимпын 1500 метрийн алтан медалийн эзэн болох байсан нь гарцаагүй гэж бодогдоно. Дайн энэ бүх боломжийг түүний хувьд үгүй хийсэн ч тэрбээр “Нэгэнт өнгөрсөн хэрэг шүү дээ” хэмээн хожим их даруухан хариулт өгсөн байдаг. Луи “Олимпын алтан медаль авсан ч бай, үгүй ч бай би гайхалтай амьдрал туулсан. Над шиг амьдралдаа ийм их адал явдал үзэж туулсан хүн энэ дэлхий дээр лав байхгүй байх” гэж сэтгүүлчийн асуултад нэмж хэлсэн.

Түүний тухай өгүүлэх “Мятаршгүй” номыг уншсан хүнээс дээрх хариулт арай л даруухан хариулт уу гэсэн үнэлэлт, дүгнэлт авах байсан биз ээ. Магадгүй хэтэрхий энгийн, чамлам санагдаж бас мэдэх юм. “Мятаршгүй” номын зохиогч Лаура Хилленбранд Луигийн амьдралын талаар долоон жилийн турш тасралтгүй судалгаа хийсэн байдаг. Энэ болгоны эцэст амьдрал гэгч тэмцэл, тэсвэр, тэвчээр, уучлал өршөөл гэдгийг илтгэх энэхүү түүхэн баримтат зохиолоо уншигчиддаа “бэлэг” болгон барьсан юм.

Түүний энэ бүтээл зохиолчоо давхар алдаршуулсан төдийгүй бага насандаа “өрөмний өт” шиг хөдөлгөөнтэй байсан, хожим хүн болгоны бахархал болсон, баялаг амьдралын эзэн Луи Зампериниг дэлхий нийтэд дахин таниулсан юм. Сэтгэл өвдөм, өрөмдөм түүх түүний амьдралд бий. Бас мандаж явсан сайхан цаг, шалдаа бууж явсан хүнд үе зохиолын баатарт тохиосон юм. Хүний дотор маш их хүч чадал, нөөц боломж оршиж байдаг гэдгийг Луи Замперини өөрийн амьдралаараа бусдад харуулсан нэгэн. "Мятаршгүй". Хүн амьдралд шантарч ер болохгүй, хэчнээн уруудсан ч өөдөө тэмүүлэх хүчтэй байх ёстойг энэ ном бас өгүүлнэ. Бүхэл бүтэн хүний амьдрал, түүний зам мөр, үзэж харсан, туулсан жаргал, зовлон энд гардаг юм. Уран зохиолын хэлээр уншигч таны зүрх, сэтгэлд буух энэхүү бүтээл өдгөө олон сая уншигчдын талархал хэдийнэ хүлээж, тэр тусмаа шинэ үеийн залуусын заавал унших ёстой номын тоонд хүртэл маш богино хугацаанд багтаж амжсан байна.

Хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. Гэхдээ тэр болгоноо биелүүлэхэд цаг хугацаа хийгээд боломж, нөхцөл, эргэн тойрны хүмүүс хэчнээн их нөлөөтэй гэдгийг "Мятаршгүй" бас хэлнэ. Аятайхан ном байна уу, өөрөө ч унших, хүүхэддээ ч бас уншуулах гэсэн юм гэж саяхан найз асуув. Түүнд энэ номыг санал болгосон юм. Луи Замперини гэж гүйлтээр хичээллэсэн, ингэснээр өөрийгөө олсон, төд удалгүй Дэлхийн хоёрдугаар дайны галын шугамд үүрэг гүйцэтгэж, бөмбөгдөгч онгоцны багийн нэг гишүүн болсон, маш хүнд нөхцөлд амьд гарч, амьдралд улам хайртай болсон тэрбээр Калифорни мужийн Торранс хотод өссөн. Түүний бага нас бас л адал явдлаар дүүрэн. Тэр багадаа муу хүүхдийн тоонд ордог байлаа. Гэхдээ муу хүүхэд гэж ер байхгүй гэдгийг энэхүү ном өөрөө бас гэрчилнэ. Учир нь, хүүхдийг хэрхэн зөв залахаас энэ бүхэн эцэстээ шалтгаалдаг байна. 

Луи хөлд орохоосоо л барьж тогтоохын аргагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг. Энэ тухай "Мятаршгүй" номонд гардаг юм. Хүүхэд насандаа Луи зөвхөн дэггүйтэж явсангүй. Тэрээр ирээдүйн өөрийгөө бүтээж байсан юм. Өөрийгөө ямар ч нөхцөл байдлаас өлхөн авч гарахуйц ухаантай, зоригтой гэдэгтээ итгэдэг байсан тул шантарч, ухарна гэсэн ойлголт бараг байхгүй гэхэд болно. Он цагийн эрхээр дайны жилүүд ирэх үед энэхүү мятаршгүй өөдрөг үзэл нь түүний хэн болохыг тодорхойлно гэдгийг хэн мэдэх билээ.

Луи Зампериниг спорт өөрчилсөн, түүний хувь тавиланг хүртэл шүү. Хар багын хөдөлгөөнтэй, сав л хийвэл үсэрч, гүйж, зүүгдэж явдаг түүнийг гүйлтээр улсынхаа аварга, дараагийн олимпын эзэн болох тамирчин гэдгийг хэн cанах билээ. Тийм нэг адтай, энэ нь хэтрэхгүй бол гэж ярьдаг хүүхэд байдаг. Ийм хүүхдийн нэг нь Луи Замперини мөнөөсөө мөн байсан юм. Түүний амьдралаар хийсэн кино байгаа. Гэхдээ ном нь илүү гэдэг. Илүү байхаас ч аргагүй юм. Луи Замперини гүйхийн дон туссан гэлтэй байлаа. Тэр бараг л өвчилсөн гэж хэлж болно. Тэр орсон уралдаан болгондоо түрүүлж байв.

Орон нутгийн сонинд "Тэнгэр минь, энэ залуу нисэж чадах болов уу. Тийм ээ, зөвхөн Замперин л үүнийг чадна" гэж хүртэл бичигдэж байсан. Нэгэнтээ хотынхоо дэггүй этгээд байсан тэрбээр супер од нь болж, мандаж явсан. Түүнийг "Торрансын хуй салхи" гэж тодотгож байв. Үнэхээр тэр баялаг амьдрал туулсан, энэ амьдралдаа эзэн нь болсон нэгэн байлаа. Энэ тухай, үүнээс цааш илүү ихийг "Мятаршгүй" танд хэлнэ. Хүүдээ, охиндоо уншуулах ном энэ мөн гэдгийг нүүр бардам хэлж чадах байна.

Бэлтгэсэн: Б.Баяртогтох

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
5 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
5 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
6
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.