Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тэр тэнгэр дээрээс тэмцээн үзэж байгаа

Кловис 9 жил хорт хавдартай тэмцсэн.


Та бүхэнд Бразилийн жирийн нэгэн балиашгийн сэтгэл хөдөлгөсөн түүхийг ярьж өгье. Түүний зургийг хараад та бүхэн хэн гэдгийг нь мэдсэн байх.
Кловис Акоста Фернандес бол Бразилийн шигшээ багийн хамгийн алдартай, хамгийн үнэнч фэн. Тэр амьдралынхаа турш шигшээ багаа дэмжихээр нийт 60 оронд очиж, 150 гаруй тоглолт үзсэн хүн. Кловис 6 ДАШТ, 6 Өмнөд Америкийн цомын тэмцээн, 4 Холбоодын цом, 1 олимпийн наадмыг газар дээр нь үзэж байв.
Порту-Алегри хотын эелдэг даруухан өвөө хөлбөмбөгийн түүхэнд хамгийн алдартай фэн болсон нь хөлбөмбөгт үнэн сэтгэлээсээ дурласны ач байсан юм.

Кловисийг аав нь хөлбөмбөг, Бразилийн шигшээ багт асар их хайртай болгон өсгөн хүмүүжүүлжээ. Түүнийг бага байхад аав нь 1958, 1962 оны ДАШТ-ий үеэр домогт Пелегийн багийн ялалт болгонд зориулан салют бууддаг байв.

1970 оны ДАШТ-ийг телевизээр үзэн сууж байсан залуу Кловисийн толгойд ДАШТ-ийг амьдаар нь үзэж, цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багаа дэмжих хүсэл мөрөөдөл төрсөн байна. Гэвч тэр үед Бразил улс ДАШТ-ийг зохион байгуулах талаар сураг ч байхгүй байлаа. Ингээд Кловис хэрэв ДАШТ нутагт нь болохгүй юм бол өөрөө очиж үзье гэсэн зоримог шийдвэр гаргажээ.

“Хүүхдүүдээ төрөхөд л аав минь Бразил дэлхийн аварга болсноос илүү баярлаж байсан байх” гэж түүний хүү Густаво Фернандес дурсаж байна.

1990 он хүртэл Кловис 4 хүүхэдтэй болж, жижигхэн пиццаны газартай, хөлбөмбөгөө үзэн амьдарч байлаа. 1990 оны ДАШТ Италид эхлэхэд хэдхэн сар үлдээд байхад тэр эртний мөрөөдлөө биелүүлэх цаг нь ирснийг ойлгосон юм.


Кловисийн охидууд: Маржори, Карини


Хүү Густаво, Франко нар аавтайгаа дандаа хамт явдаг байсан.

Итали явахын тулд тэр Пиццаны газраа зарлаа. Эсэргүүцэн тэмцсэн эхнэртээ багаасаа мөрөөдөж ирсэн төгөлдөр хуурыг нь худалдан авч өгөөд номхрууллаа. Тэдний гэрбүлийн найзууд нь бүгд толгой сэгсрэн, тэнэгийг нь гайхаж, дунд насны хямралд оржээ гэж оношилж байлаа.

Гэвч Гаучо (Кловисийн хоч, ковбой гэсэн утгатай) хямралд ороогүй, хөлбөмбөгөө үзээд, хайртай багаа л дэмжихийг хүссэн байв. ДАШТ явагдсан бүтэн сарын турш Италид аж төрөхийн тулд тэрбээр Италийн нэгэн Пиццаны газарт хөлсний ажил ч хийж үзжээ.

Бразилийн шигшээ баг Аргентинд ялагдсан ч Кловис огт өөр хүн болоод гэртээ харьж ирсэн юм. Хүүхдүүд нь том болж, эхнэр нь ч нөхрийнхөө хоббиг дэмждэг болсон байв. Кловис шинэ газарт очиж, шинэ хүмүүстэй танилцан, аялаж жуулчлах асар их хүсэлтэй болсноо мэдэрчээ.

1994 оны ДАШТ бол түүний хувьд биеэр очсон хоёр дахь ДАШТ. Энэ удаа Кловис хүүгээ эртнээс англи хэлний бэлтгэлд суулгаж байгаад Америк дагуулж явлаа. Бразилийн баг түрүүлэн, дэлхийн аварга болоход Кловисийн тэргүүлсэн бүлэг балиашиг телевизийн дэлгэцээр байнга гарч байсан юм. Бразилийн сонин хэвлэлүүд тэднийг Gaucho da Copa (Цомтой ковбой) хэмээн нэрлэж, шигшээ багийн тоглогчид ч тэдэнд талархал дэвшүүлж байв. Удалгүй тэдний “ковбой бүлэг”-т шигшээ багаа даган аялахад туслах ивээн тэтгэгч, дэмжигчид гарч ирлээ.


Фернандес 2014 оны ДАШТ-д Бразилийн баг бут ниргүүлсний дараа зээ охинтойгоо хамт

Улс орондоо “Цомтой ковбой” нэрээр алдаршаад байсан Кловисийн дэлхийн нийтэд танигдах цаг 2014 онд ирсэн юм. Бразил улс нутагтаа дэлхийн аваргын тэмцээн зохион байгууллаа. Шигшээ багаа дэлхийн аварга болно гэж найдаж, итгэж байсан ч харамсалтай нь хагас шигшээд Германы багт 1-7 ялагдаж, шившгээ тарих нь тэр. Фернандесийн цомоо тэврээд уйлж байгаа зураг дэлхийн бараг бүх оронд гарсан байх. Кловисийг “Дэлхийн хамгийн гунигтай хүн” гэж сэтгүүлчид цолложээ.


Гаучо гарын үсэг өгч байна

Ялагдсаныхаа дараа Кловис цомоо Германы багийн фэнд өгч, амжилт хүссэн зураг ч бас алдартай.
Кловис 9 жил хорт хавдартай тэмцсэн.

Кловис Акоста Бразилийн шигшээ багаа 2018 оны ДАШТ-д түрүүлнэ гэдэгт итгэж байсан. Гэхдээ энэ ялалтыг нь тэр харах хувь байсангүй.

Бүтэн 9 жил хорт хавдартай байхдаа ч тэр багаа дэмжин дэлхий тойрон явсаар л байсан. Хэвтэрт ороод хэвтэж байхдаа ч ковбой өвөө үргэлж инээмсэглэн, эргэн тойрондоо аз жаргал бэлэглэдэг байлаа.

2015 оны наймдугаар сард Кловес химийн эмчилгээнээс татгалзаж, сүүлийн хэдэн сараа гэрбүлийнхэн дундаа өнгөрөөхийг хүссэн. Үнэхээр сайхан өнөр өтгөн, хөгжилтэй, эв найрамдалтай гэрбүл.

Густаво, Франко хоёр ДАШТ үзэхээр ОХУ-д ирлээ. Гэхдээ тэдэнтэй цуг хайрт аав нь алга.

Аав нь тэнгэрийн орноос Бразилийн багаа дэмжиж байгаа нь эргэлзээгүй. Аавынхаа цомыг, малгайтай нь цуг хүүхдүүд нь ОХУ-д авчирсан юм.
Сүүлийн 30 жилд явагдсан хөлбөмбөгийн ДАШТ-үүдээс анх удаа бид Кловис өвөөг цэнгэлдэхэд харахгүй. Найрсаг зөөлөн, хүн бүхний хайрыг татсан Кловис өвөө та хөлбөмбөг сонирхогч хүн болгоны сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
29 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
43 минутын өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
5
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.