Хайх зүйлээ бичнэ үү

Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, олон брэндийг зах зээлд амжилттай байршуулан ажиллаж буй компани бол “Брэндартэ”. Business буландаа “Брэндартэ” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнгөнсарыг урьж оролцууллаа. Тэрээр марке­тингийн салбарт 18 жил тасралтгүй ажиллаж, Монголын томоохон групп компаниудад маркетинг, борлуулалт хариуцсан захирлын алба хашиж байсан туршлагатай нэгэн. Бидний яриа маркетингийн салбарын чиг хандлага болон хэрхэн амжилттай брэнд бүтээх талаар өрнөсөн юм.

- Маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани цөөнгүй ч тогтвортой үйл ажиллагаа явуул­даг нь ховор. Танай компанийн тогтвортой, амжилттай ажиллаж буйн нууц юу вэ?

- Амжилттай ажиллаж байгаа олон компанийн жишээнээс харахад үүсгэн байгуулагч нь тухайн бизнесийн чиглэ­лээр мэргэжил эзэмшсэн хүн байдаг. Жишээ нь, "Майкрософт"-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс програ­мист байсан. 

Тэгэхээр хүн өөрийнхөө хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлийг хийвэл амжилтад хүрэх магадлал илүү өндөр байдаг юм болов уу гэж боддог. Ялангуяа гарааны бизнесийн хувьд. "Брэндартэ" компани мэргэжил, ажилдаа чин сэтгэлээсээ хайр­тай, чадварлаг хүмүүсээр багаа бүр­дүүл­сэн. Бид хийж байгаа зүйлээ хамгийн сайнаар гүйцэтгэхийг үргэлж зорьдог. 

- “Брэндартэ” компанийн нэрийн утгыг асуумаар санагдлаа? 

Манай хамт олон сэтгэл алдрам, амжилт­тай брэнд бүтээж, хөгжүүлэхийг зорьж ажил­ладаг учраас компаниа “Брэнд урлагч” хэмээн нэрлэсэн. “Маркетинг бол брэнд бүтээх урлаг” гэж орчин үеийн маркетингийн эцэг хэмээгддэг доктор, профессор Филип Котлер хэлсэн нь бий. 

- Маркетингийн чиглэлээр ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?

- Хийсэн ажлынхаа үр дүнг харах. Манай компани бизнесийн олон сонирхолтой төсөл дээр ажиллаж, шинэ брэндүүдийг зах зээлд гаргадаг. Хамгийн сүүлийн жи­шээ гэвэл “Фөрстдоктор Азиа” компа­нийн захиалгаар гүйцэтгэж савласан усны “Pasion” брэндийг дурьдаж болно. Бид энэ брэндийн концепцийг гаргахдаа жирийн нэг савласан уснаас өөр, өөрийн гэсэн өвөрмөц дүрх төрх, онцлогтой бай­­хаар бодсон. “Pasion” брэнд маань худалдаанд гарснаас хойш 60 хоногийн дотор зах зээлийн 1.2 хувийг эзэлж чад­сан нь үнэхээр бахархалтай. Бидний бүтээж, хөгжүүлсэн бүтээгдэхүүн үйл­чил­гээ хэрэглэгчдийн таашаалд ний­цэж, эрэлттэй, амжилттай байгаа тухай харилцагчдаасаа сонсох л хамгийн сай­хан нь юм даа. Өнгөрсөн хугацаанд манай компанитай хамтран ажилласан байгууллагуудын бизнес нь багадаа хоёр дахин өссөн.

- Энэ  их ажлын хажуугаар үнэ төлбөргүй тараагддаг маркетингийн сэтгүүлийг яагаад гаргах болсон нь сонирхолтой санагдаж байна? Сэтгүүл гаргахад багагүй зардал, чамгүй хөдөлмөр ордог шүү дээ?

- Гадны улс орнуудын маркетингийн кампанит ажлууд дуу алдмаар бүтээлч, содон, өнгөлөг, оновчтой байдаг. Салба­рынхан маань бүх зүйл дээр мэргэжлийн ур чадвараа дайчилбал тэдний түвшинд хүрэх боломж бий. Аливаа ажлыг түр зуур аргалсан байдалтай “алтан дундаж”-ийг барьж хийгээд түүнээсээ дундаж үр дүн гаргаад яваад байж болохгүй. Үүнийг хэн нэг нь хэлдэг, дагуулдаг, шинэ арга технологийг судлаж, суралцаж, үйл хөд­лө­лөөрөө үзүүлдэг, харилцагчдадаа ойлгуулдаг байх нь зүйтэй санагддаг. “Брэндартэ” сэтгүүлийг эрхлэн гаргахаар шийдсэн шалтгаан маань ийм. Ний нуу­гүй хэлэхэд ихэнх бизнес эрхлэгч болон маркетерууд маань харилцагчаа дутуу үнэлээд байна даа гэсэн бодол төрдөг.

Хорин жилийн өмнөхийг бодвол хүмүү­сийн мэдээлэл хүлээж авах чадвар, оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, амьдралын хэв маяг тэс өөр болсон. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өндөр хөг­жил­тэй орны болон Монголын хүүхэд залуусын мэдлэг, сэтгэхүйд нэг их ялгаа байхгүй болчихлоо. Гэтэл бидний өгч буй зүйл маш чамлалттай. Энэ байдлыг л өөрчилмөөр байна. Хэн өөрчлөх вэ гэвэл маркетингийн салбарт ажиллаж буй хүмүүс болон бизнес эрхлэгчид хамтдаа чадна гэж бодож байна. 

- Манай улсын маркетингийн салба­рын хөгжил ямар түвшинд явж байна гэж хардаг вэ?

- Манай салбарын хувьд хэдэн жилийн өмнөхөөс техник технологийн талдаа ахиж дэвшсэн байдал ажиглагдахаас биш агуулгын хувьд арай удаан хөгжиж байх шиг анзаарагддаг. Энэ нь цаг хуга­­цаа, хөрөнгө төсөв, мэргэжлийн ур чадвар гээд нөөцийн дутагдлаас ихээхэн хамаарна. Мэргэжилтний ур чадвар нь бай­хаар цаг хугацаа, хөрөнгө нь байдаг­гүй, санхүүгийн нөөц нь байхаар мэргэжлийн ур чадвар дутдаг гэх мэт тоочвол асуудал их бий л дээ. 

Бодож, сэтгэхдээ илүү их цаг зарвал хүмүү­сийн оюун санаанд тод үлдэхээр маркетингийн кампанит ажил хийж чад­на. Гэтэл сэтгэж бодоход ач холбог­дол бага өгөөд өнгө дүрс буюу харагдах бай­далд илүү анхаараад байна. Утга санаанд нь бус өнгө дүрсэнд хэт төвлөр­сөн сурталчилгааг 100 удаа цацаад хэрэг­лэг­чид хоногшуулах гэж үзэх үү, эсвэл 10 үзээд л ой тоонд нь үлдэхээр сурталчилгаа хийх үү гэдгийг бодолцох хэрэгтэй.

- Нээрээ ч гадны рекламыг ганц хоёр үзээд л цээжилчихдэг шүү. Шалтгаан нь юундаа байна вэ?

- Хамгийн гол ялгаа нь бодож сэтгэх, суд­ла­хад хугацаа зарцуулж чаддагт бай­на. Үүнийг захиалагч, гүйцэтгэгч талууд хоёу­лаа ойлгож, хүлээн зөвшөөр­дөгт нууц нь байдаг болов уу.  Тэд хөгжлийнхөө үе шатуудыг туулаад, даваад гарсны дараа ямар хэлбэрийн сурталчилгаа хамгийн үр дүнтэй байна вэ гэдгийг дүгнэчихсэн байна. Та бүхэн анзаарсан бол Барууны сурталчилгаанууд тэр бүр шууд ойлгогдохоор, бэлэн тавилт­тай байдаггүй. Хүн ухаж ойлгосон зүйлээ барагтай мартдаггүй, ой тоонд нь үлддэг. Гэтэл манай рекламууд ам руу нь хоол халбагадаад өгч байгаатай адил бэлэн, ойлгомжтой. Үүнийгээ хоногшуулах гэж хэт их цацаад эсрэгээрээ хэрэглэгчээ залхаах нь бий.

- Илүү хурдан хөгжихийн тулд хамгийн эхэнд юун дээр анхаарах ёстой вэ?

- Аль аль талаасаа хичээж, хамтарч ажиллах хэрэгтэй байх. Мэргэжлийнхэн ийм байвал зөв гэдгээ захиалагч, үйлч­лүү­лэгч талдаа хэлж ойлгуулдаг, нөгөө тал нь ч дэмждэг, үнэ цэн өгдөг болчих юм бол энэ салбар арай илүү хурдтай хөгжинө. Манай компанийн хувьд ажил болгон дээрээ олон улсын түвшний зүйл бүтээхийг зорьдог, тэмүүлдэг. Хийж байгаа зүйлс маань санасан шиг төгс байх эсэх нь нөгөө л нөөцүүдээр хязгаарлагдах үе гарна аа. Гэлээ ч бид мөн чанараа алдахгүй, бусдаас өвөрмөц байхыг эрмэлздэг брэндүүдтэй хамтарч ажиллахыг хичээдэг.

- Хоёулаа брэндийн талаарх яриа руугаа оръё. Брэнд гэж яг юу вэ?

- Брэнд гэж юу вэ гэхээсээ юу брэнд биш вэ гэвэл илүү ойлгомжтой болов уу. Энгийнээр “Лангуун дээр байгаа бараа болгон брэнд биш ээ” гэж хэлмээр байна. Брэнд хүний оюун санаанд үүсдэг.  Жинхэнэ брэндийг хэрэглэгчид өөрсдөө эрж хайгаад ирдэг. Энэ нь тухайн брэнд хүсэмжит байна гэсэн үг. Зүгээр ямар нэг нэр өгч, лого зохиож бүтээгдэхүүн үйлдвэрлээд лангуун дээр тавиад брэнд болчихно гэсэн үг биш юм. Жинхэнэ брэн­д хэрэглэгчдийнхээ материаллаг хэрэгцээг хангаад зогсохгүй сэтгэл зүй, оюун санааны үр ашиг өгдөгт үнэ цэн нь оршдог.

- Тэгвэл хэрхэн амжилттай брэнд бүтээдэг вэ?

- Товчхондоо мэргэжлийн багтай хамтарч ажиллаж байж хүсэмжит брэндийг бүтээ­дэг. Өөрсдөө маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болохоор ингэж хэлж байгаа юм биш шүү. Энэ бол хэнд ч нууц биш үнэн. "Ромыг нэг өдөрт бос­гоо­гүй" гэдэг шиг дэлхийн шилдэг брэн­дүүд өөрсдөө бий болоогүй. Тэднийг үнэ цэнтэй болоход маркетингийн мэргэжлийн компаниуд маш том хувь нэмэр оруулсан байдаг. Мөн брэнддээ байнга хөрөнгө оруулалт хийж арчилж тордох хэрэгтэй. 

Жишээ нь, бидний сайн мэдэх P&G компанийн зөвхөн "Pampers" брэндийн сурталчилгааны жилийн төсөв нь 8.3 тэрбум ам.доллар байдаг бол "Louis Vuitton" 4.4 тэрбум, "Coca Cola" дөрвөн тэрбум, "Nike" 3.2 тэрбум ам.доллар маркетинг, сурталчилгаандаа зарцуулдаг. 

Бас нэг чухал зүйл бол хэрэглэгчид­тэй­гээ дотнын найзууд шиг нь сайн харилцаа холбоотой буюу “engaged” байх. Энэ сүүлийн жилүүдэд маркетингийн кампа­нит ажлын үр дүнг хэмждэг маш чухал үзүүлэлтийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, үргэлж бүтээгдэхүүний үнэ хөлс, урамшуулал, төлбөр тооцоо ярьж ямар нэг зүйл худалдахыг оролдож болохгүй гэсэн үг.  

- Баярлалаа. 

Бэлтгэсэн: О.Хосцэцэг


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Klient 2021.07.02 146.115.162.203

Namaig Master properties-d ajilladag bhad ene huuhen 60say tugrug avaad UB Tower office-iin borluulaltiig suga usgunu gej amlalt ugch bj bilee. Tegeed 6 sariin daraa neg shirheg brochure-aas uur oligtoi yum huleelgej uguugui dee

0 Хариулах


Uilchluulegch 2020.12.12 173.245.54.246

Bi Mongoliin Baristagiin holbooniihoo ajliig edniiheer hiilguuleed oyutnii diplomiin ajil shig chanar muutai yum l huleej avsan daa. Yamar ch tootsoo sudalgaa bhgui sanaanaasaa zohiogood bichchihsen zohiol shig tiim yum l ugdug yum bna lee

0 Хариулах


Zochin 2020.03.18 162.158.118.155

Ene huuhen ITZone-d bhdaa ajliin tsagaar delguur hesseer bgaad suuldee halagdaad huugduj bsniig hun buhen medne

0 Хариулах