Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Уран зохиол амьдралд чухал нөлөө үзүүлдгийг батлах 5 зөвлөгөө

Мэргэжилтнүүд залууст хэрхэн зөвлөснийг цувралаар хүргэж байгааг хүлээн авна уу.


“Үзэл санааны фестиваль” гэгддэг TEDxUlaanbaatar арга хэмжээний үеэр олон талын мэргэжилтнүүд ухаарал, шинэ санаа, урам зоригоор тэтгэсэн сонирхолтой илтгэлүүд тавьсныг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл Ub.life –ийн уншигч залууст зориулж тэдгээр эрхмүүд юу гэж зөвлөж байгааг цувралаар хүргэж байгааг хүлээн авна уу.

Б.Баясгалан – “Тагтаа Паблишинг”-ийн үүсгэн байгуулагч

1. Уран зохиолоор дамжин нийгмийн амьдралын олон дүртэй танилцаарай

Бид даяаршлын эрин зуунд амьдарч байна. Энүүхэн социализмын үед л гэхэд бид үйлдвэрийн орос инженерүүдээс өөр гадаад хүнтэй нэг их таараад байхгүй, шонхор хамартай хүн л бол Орос хүн гэж андуурдаг, гадна ертөнцтэй бараг холбоогүй байлаа. Харин одоогийн залуус дэлхийн олон улс оронд очиж суралцаж, амьдарч, үндэстэн дамнасан байгууллагуудад ажиллах болжээ. Энэ хэрээрээ гадны улс үндэстнүүдийн соёл, зан заншил, шашин, сэтгэлгээний онцлогийг ойлгох, өөрсдийгөө бас тэдэнд эерэгээр таниулж сурах зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнх зэрэг нийгмийн онцлог бүлгүүдийн оршихуйг хүндлэн ойлгодог байх, зэрэгцэн найртай оршиж чаддаг байх нь орчин үеийн залуусыг бусдаас ялгагч гол үзүүлэлт.  

Уран зохиол нийгмийн бүх дүр олонлогийн төлөөллийг дотоод сэтгэлээс нь, үүх түүхээр нь дамжуулж, хүүрнэж, өгүүлж уншигчдад ойлгуулдаг. Уран зохиол уншдаг хүн дэлхий ертөнц дээрх маш олон дүртэй танилцаад, тэдний ахуй ертөнцөөр аялаж амжсан байдаг тул бусдыг ойлгодог, хүлээцтэй ханддаг, ямар ч хүнтэй таарсан мөн чанарыг нь эрэлхийлдэг болсон байдаг. Уншсан дүр бүрийнх нь онцлог шинж тухайн онцлогийг тээгч энэ дэлхийн бүх хүний төлөөлөл болж уншигчийн сэтгэлд хоногшиж байдаг. Хижааб нөмөрсөн нэгэн охины түүх хорвоогийн муслим эмэгтэйчүүдийг ойлгох сэтгэлийн тань эхлэл болж ч мэднэ, дайны дүрвэгч бүсгүй “Би сул дорой учраас сул дорой эх орон луугаа буцлаа” гэж хэлэхэд эх орноо булаан эзлүүлсэн бүх хүнийг өрөвдөн хайлж мэднэ, эсвэл Ерофеевийг уншаад ертөнцийн бүх архичдыг хайрлаад сүйд болдоггүй юм гэхэд гудамжинд хүнээ байчихсан хэвтэж байгаа нэгийг нь хараад нулимаад өнгөрдөггүй хүн болж мэднэ.

Уран зохиолын уншлага ямар хэрэгтэй юм бэ гэдгийг дэлхийд тархи болон сэтгэл судлаачид, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд олон түвшинд, өөр өөрсдийнхөө судалгааны аргаар судлаад эцэст нь нэг л дүгнэлтэд хүрдэг нь empathy буюу бусдыг ойлгох чадвар. Энэ чадвар нь өөр төрлийн ном уншдаг хүмүүсээс илүү уран зохиолын уншигчдад суусан байдгийг олон судлаачид баталсан байдаг. 

2. Дасаагүй ертөнцөөс айх айдсыг даван гарах бас нэг зам нь уран зохиол

Залуучууд өөрийн төрж өссөн газраас тэс өөр орчинд очиж суралцах, ажиллаж амьдрах болсноор тухайн улсад дасах, соёл болоод ард иргэдийх нь зан заншлын арга эвийг олох гэхчлэн олон асуудалтай нүүр тулдаг. Нэг ёсны соёлын шоконд ордог гэсэн үг. Харин уран зохиолын ном, уран зохиолын дүрүүд нь бидний хувьд харь санагдах тэрхүү орчныг маш дотно болгож өгдөгөөрөө давуу талтай. Жишээ нь, Оросын уран зохиолоор дамжин оросын ард түмний туулсан зовлон, туульсан жаргал, соёл, заншил, сэтгэлгээтэй гүнзгий танилцсан байхад Оросод очиж, суралцаж ажиллахад орчиндоо дасч, хүмүүсийнх нь ааш аягийг олох гэж нэг их зүдрэхгүй л болов уу. 

Монголчуудын танин мэдэхийн тулд Монголын түүхээс эхлэн уншвал биднийг их харгис догшин, уулгалан довтолж, булаан эзлэх дуртай улс гэж бодож магадгүй. Харин “Тунгалаг Тамир”, “Цаг төрийн үймээн”, “Занабазар”, “Оройгүй сүм” ч юм уу, уран зохиолын бичлэгтэй ямар нэг ном уншвал адилхан л зовж, зүдэрч, цагийн эрчлээсэнд хөлөө олох гэж тэнцэж боссон ард түмэн юм байна гэдгийг ойлгон, Монголчуудын сэтгэлгээний онцлогийг илүү бодьтой ойлгох боломжтой гэсэн үг юм.

Уран зохиол огт хөл тавьж үзээгүй харь орчинд дасан зохицох үйл явцыг тань хялбаршуулан товчилж өгч буй нь тэр.

3. Миний хэлний хязгаар - Миний ертөнцийн хязгаар

Залуус гадаад хэл сурахыг их эрмэлзэх болжээ. Өөрсдийгөө хэзээний мундаг монгол хэлтэй гэж бодно, өсөхөөс амласан эл хэлээ нэг их юманд бодохгүй. Гэтэл гадаад хэлтэй хүн гэж хоёр ба түүнээс дээш хэлийг бүрэн төгс эзэмшсэн хүнийг л хэлнэ. Та ганцхан англи хэл гаргуун сайн сурсан бол англиар ярьдаг хэдэн зуун сая хүмүүсийн л нэг болно. Нэг давилуухан ах хүү барагтайхан сурсан англи хэлээрээ байнга бахдагч хархүүг “Чиний наад хэлээр Бангалорын гудамжинд банана зарж зогсоо эмгэн хүртэл ярьдаг юм” хэмээн загнаж билээ. Хатуухан боловч үнэн л үг. Харин сурсан хэлээ эх хэлтэйгээ гаргуун сайхан холбож, хөрвүүлж, хөлбөрүүлж чаддаг болж байж л та сая гадаад хэлтэй хүн гэгдэнэ гэдгээ бүү мартаарай.

Уран зохиол гэдэг аль ч улс үндэстний хувьд эх хэлнийх нь хамгийн баялаг сан хөмрөг, хэлний илэрхийллийн шавхагдашгүй ундарга, ур найруулга, утга чанарын гол шалгуур болж ирсэн. Уран зохиолтой нөхөрлөнө гэдэг эх хэлээ ч, гадаад хэлээ ч энэ шавхагдашгүй ундаргаас услаж тордож байх сайхан завшааныг бидэнд олгодог.

4. Хүүхэддээ ном унших дадлыг өөрийн биеэр үлгэрлэж сурга

Манай улсад хамгийн эрэлттэй нь хүүхдийн ном байдаг. Буддаг, зурдагаас өгсүүлээд, зурагтай, зураггүй, үлгэрийн, хүүхэлдэйн, үсэглэлийн, тооны гээд үй олон ном өдөр бүр шинээр худалдаанд гардаг. Монголчууд хэзээнээс хүүхдээ эрдэм номтой ойр өсгөх гэж мэрийдэг, сэхээлэг улс болохоор арга ч үгүй биш.

Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхдээ яаж номд дуртай болгох вэ гэж хамгийн их асуудаг. Гэвч хүүхдэдээ баахан ном худалдаж авч өгчихөөд хамт уншихгүй, хажууд нь өөрсдөө ч ном шагайж харагдахгүй, тэнд нь орхичихдог нь хамгийн буруу. Эцэг эхчүүд өөрсдөө буйданд тухлаж зурагт үзэж, утас маажингаа хүүхдүүдээ хичээлээ хий, номоо унш гэж дүрэмдээд байх нь элбэг. Хүүхэд бол томчуудын толин тусгал. Тиймээс өөрсдөө үлгэрлэж харуулаагүй, ном уншихын сайн сайхныг биеэрээ мэдрүүлээгүй, шүд угаах шиг амьдралынх нь хэвшил дадал болгож өгөөгүй байж “Чи номоо унш. Би чамд үнэтэй ном авч өгсөн” гээд байвал эсрэгээрээ хүүхэд номд дургүйлхэх, номыг алба, шийтгэл мэтээр хүлээн авдаг болчих талтай.

Өөрсдөө ном уншдаг байгаад номын орчинд хүүхдээ өсгөх юм бол хүүхэд аяндаа номонд дурлах болно. Монголчууд ном урж тасдахад дургүй, ном дээгүүр харайхыг ч хүртэл цээрлэдэг ард түмэн. Номыг дээдлэх ардын ухаанд багаас нь сургаад, номын соёлд хамтдаа суралцаад явах ёстой юм шиг санагддаг.

5. Хүнлэг, энэрэнгүй байх сэтгэлгээг уран зохиолоос олж хар

Хүүхдийн номын зураг зурдаг найз маань алим худалдаж аваад жимбийтэл угааж цэвэрлэж цүнхлээд долоо хоногт хоёр удаа аль нэг цэцэрлэг рүү явж хүүхдүүдтэй өдөржин тоглож өнждөг гэнэ. Номын зургаа зурахын тулд хүүхдүүдийн нас сэтгэлгээний онцлогийг ойлгож, тэдний ертөнцөд илүү ойртох гэж тэр шүү дээ.

Гэтэл номын хямдралтай худалдааны үеэр найзтайгаа таартал “Тэгж сэтгэлээ зарж хийсэн бүтээлийг маань хүмүүс анзаардаггүй юм байна. Эцэг, эхчүүд орж ирээд IQ хөгжүүлэх ном эрээд л бужигначих юм” гэж билээ. Хүүхэд нь мундаг тоочин болж байвал л ухаантай хүүхэдтэй боллоо гэж манай эцэг эхчүүдийн магнай тэнийдэг шиг.

“Энэ дэлхий амжилттай хүмүүсээр дутаагүй, зөвхөн нинжин сэтгэлтэй хүмүүсээр дутаад байна” гэж Далай лам хэлсэн байдаг. Мэдээж үр хүүхэд нь сонгосон салбартаа амжилт олж, алдар нэрээ цуурайтуулж явахыг харах сайхан байлгүй яахав. Амжилтынхаа хажуугаар бас эцэг эхээ энэрдэг, эх орноо хайрладаг хүн болж төлөвшвөл хичнээн сайхан. Толгой эргэм бадрангуй амжилтын нөгөө талд хүнийг заавал дагаж явах ёстой хүнлэг чанарыг өнөө бидний тоохгүй өнгөрөөд байгаа үлгэр домог, уран зохиол чинь л төлөвшүүлдэг юм шүү гэж захимаар байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.