Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Домгийн ганц эвэрт” контемпорари арт үзэсгэлэнгээс онцлох 8 бүтээл

Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Маршал арт галерейд гарна.


Монголынхоо түүх соёл, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг өөрийн ард түмэнд төдийгүй дэлхийн улс орнуудад амжилттай сурталчлан таниулж буй “Хаадын гэр” компани анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.  

Монгол гэр болон гэрийн тавилга эдлэлийг уран зурагтай хослуулан урлагийн бүтээл болгож, цоо шинэ өнгө аяс, тавилттайгаар үзүүлсэн “Домгийн ганц эвэрт” хэмээх энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан өнө удаан жил уламжилж ирсэн өв соёлоо олон нийтэд таниулах зорилготой аж. 

“Хаадын гэр”-ийн бүтээлүүд нь орчин үеийн орон сууц, албан тасалгаанд гайхалтай зохицож, интерьерийн өвөрмөц дүр төрхийг бий болгох монгол хэв маяг, хээ, дүрс бэлгэдсэн чамин тансаг, уран нарийн хийцтэйгээрээ онцлог байв. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлээс хамгийн ихээр анхаарал татсан сор 8 бүтээлийг онцлон хүргэж байна. Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл Маршал арт галерейд дэлгэгдэж байна.   

                                                 

“Домгийн ганц эвэрт” номин авдар

Мөнхөд оршихын бэлгэдэл, шим ертөнцийг илтгэх ногоон суурин дээр цэвэр ариун, сайн сайхан, онгон дагшны бэлгэдэл “Бэлгэт гөрөөс”-ийг сийлсэн. Хамгийн дээд зэргийн хатаалгатай модоор урласан бөгөөд цоожны цүүг уран нарийнаар сийлж, алтаджээ. Авдрын нүүрэнд сийлсэн бэлгэт гөрөөс нь мөн төлөв түвшний бэлгэдэл, эв эвийн тэмдэг, нигүүлсэхүй сэтгэл, буян хишиг, хүн хүнээ хайрлахын бэлгэдэл болдог байна. 

“Талын хөг” дугуй ирмэгтэй авдар

Уламжлалт авдрын хэв маягаас огт өөр, онцгой хэлбэртэй бүтээл. 

Зураач М.Отгонтуул “Талын хөг” зургаа энэхүү авдар дээр буулгаж, уран зургийг тавилгатай хослуулсанаар өвөрмөц өнгө төрхтэй, шинэлэг, давтагдашгүй бүтээл болжээ. Мөн авдрын цүүг урлахдаа гол хэсэгт нь өлзий хээг уран нарийнаар хийцлэн алтадсан нь улам үнэ цэнтэй харагдуулж байв. 

Өнгө хоршмол эсгий ширмэл

Хүннүгийн үеийн хосгүй үнэт олдворуудын судалгаан дээр үндэслэн загварыг гаргаснаар тухайн үеийн дээдсийн хэрэглэж байсан эдлэлийг яг л тэр үед очсон мэтээр мэдрэх боломжтой болжээ. Нүүдэлчдийн гар урлалд голлох байр суурийг эзэлдэг амьтдын дүрслэлийг зохиомжлон, өнгө хоршуулан урласан нь энэхүү бүтээгдэхүүний үнэ цэнийг улам нэмсэн байлаа.

Болор чулуун шигтгээтэй эсгий ширдэг

Ариун тунгалаг, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл бадамлянхуа цэцгийн дүрсийг урнаар хатгаж, навч цэцгийн үзүүр бүрд болор чулуу шигтгэсэн тансаг зэрэглэлийн эсгий ширмэл бас нэгэн онцгой бүтээл байлаа. Эдэлж хэрэглэж буй зүйлээсээ гоо зүй, сэтгэлийн таашаал авахыг хүсдэг, өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийн таашаалд хамгийн ихээр нийцсэн бүтээл гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Хүннү буйдангийн бүтээлэг

Хонины угаасан ноосны ноолуурлаг хэсгийг ялган авч, гар аргаар урласан буйдангийн эсгий бүтээлэг. Ширмэлийн голд Хүннүгийн бэлгэдэл бүхий модыг дүрсэлж, тамган хээгээр чимж эмжсэн байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хөлс чийгийг өөртөө шингээдэг, цахилгаанждаггүй зэрэг олон ач тустай. Түүнчлэн нян устгадаг бүтээгдэхүүн учраас бага насны хүүхэдтэй айлууд хэрэглэхэд нэн тохиромжтой гэдгийг онцолж байлаа.

“Сэтгэшгүй“ босоо бичигт хөшиг

Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Миний нутаг” шүлгийг дэлхийд ганцхан босоо монгол бичгээр таталган бичсэн тансаг хөшиг өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Яруу сайхан шүлэг, босоо монгол бичиг, уран зургийн хослол, эх орноороо бахархан омогших сэтгэлийг төрүүлэх урлагийн цогц бүтээл хэмээн нэрлэж болох энэ цагийн сор бүтээл байлаа.

Ашид арвижихын бэлгэдэл Хүннү авдар

Хүннүгийн үеийн дүрслэх урлагийн сор болсон дүрс бүхий сийлбэртэй, дээд зэрэглэлийн авдрыг онцлохгүй өнгөрч боломгүй санагдсан. Тайвшрал төрүүлэх, бат бөхийг илтгэх хүрэн өнгөөр чимж, авдрын нүүрэн дээр ноцолдож буй хандгай, домгийн шувууг сийлсэн. Энэхүү цэвэр модон тавилга нь гэрт өнгө нэмэх төдийгү үр хүүхдэдээ үлдээх үнэт өв болохоор бүтээл байлаа.  

“Эвэрт“ керамик аяга

Нүүдэлчдийн чимэглэх урлагийн төгс илэрхийлэл болсон керамик аягыг тааран уутны хамт урлажээ. Керамикчдын ур ухаан, нарийн ажиллагаа шаардсан урлагийн энэхүү  бүтээл нь дотны нэгэндээ бэлэглэхэд таны хайр хүндлэлийг төгс илэрхийлэхээр санагдсан юм. 

Хаадын гэр компани нь түүхч, эрдэмтэдтэй хамтран ажиллаж, олон жилийн судалгааны үндсэн дээр бүтээлээ хийдгийг онцолсон юм. МУЭ-ийн Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлийн тэргүүлэгч гишүүн, авьяаслаг зураач М.Отгонтуул “Домгийн ганц эвэрт” үзэсгэлэнгийн зохиомж тавилтад зориулан цоо шинэ уран бүтээлүүд туурвисан нь бас нэгэн онцлог байлаа. Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр монгол гэр, тавилга, уран зураг, уран сийлбэр, керамик, уран хатгамал хосолсон бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой. Та бүхэн байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт ирж түүх соёлыг шингээсэн эдгээр бүтээлийг сонирхоорой. 

Холбоо барих утасны дугаар: 8811-1161, 9905-4449

Бэлтгэсэн: О.Хосцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
15 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
29
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.