Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Ub.life-ийн түүхүүд | Миний жерсиний түүх #ХөлбөмбөгийнДАШТ

Ub.life-ийн түүхүүд буландаа бид энэ удаа хөлбөмбөгийн үнэнч фанатуудыг урилаа. Тэд ухамсарт амьдралынхаа турш дэмжиж буй хайртай баг, дурсгалтай жерси, мэдээж хамгийн гол нь хөлбөмбөгт дурлах болсон шалтгаанаа хуваалцсан юм.


Ub.life-ийн түүхүүд буландаа бид энэ удаа хөлбөмбөгийн үнэнч фанатуудыг урилаа. Тэд ухамсарт амьдралынхаа турш дэмжиж буй хайртай баг, дурсгалтай жерси, мэдээж хамгийн гол нь хөлбөмбөгт дурлах болсон шалтгаанаа хуваалцсан юм.

Ж.Отгонцагаан (Ото)

Ажил:  Монголын Үндэсний Олимпийн Хороо

Дэмжиж буй баг: Аргентин, 1978 оноос

Шүтдэг тоглогч: О.Блохин, М.Кемпес, Д.Марадона, Л.Месси

1978 оны зургаадугаар сарын 1-нд аав маань шинэ зурагт авав. Түүнээс хойш гудамжныхан маань манайд шавдаг болсон доо. Тэр жилийн ДАШТ-ээр Аргентин тод гялалзаж, агуу аварга болсон. Кемпес үнэхээр лидэр байсан даа. Тэгээд л энэ багийг ухаан жолоогүй шүтэх болсон. Аргентины фанат болоод 40 жил өнгөрчээ. Анх өөрсдөө футболкон дээрээ АРГЕНТИН гэж цоолбор хийгээд өмсдөг байв. Гэтэл манай ангийн нэг нөхөр “Чи одоо футболкон дээрээ юу гэж “Ариунтуяа” гэж хажуу айлын охины нэрийг сийлчихсэн юм бэ?” гээд аашилж билээ (инээв). Сүүлд Аргентины жерсиг Сочи-2014 олимпийн үеэр зорьж оригийг нь авсан.

Аргентины шигшээгийн тоглолтыг Афин-2004 олимпод аварга болоход нь, мөн Бээжин-2008 олимпод тоглоход нь өөрийн биеэр очиж үзсэн. Марадонатай гар барьж ч явлаа. Харин Дэлхийн аваргын тэмцээн нэг ч үзээгүй. Гэхдээ Миланы Сан Сиро, Москвагийн Лужники, Сөүлийн Дэлхийн аваргын стадиум, Ливерпулын Энфилд, Челсигийн Стэмфорд бриж, Риогийн Маракана, Киевийн Республиканский стадионд тоглолтыг нь үзсэн азтан.

Хөлбөмбөг бол үнэхээр гайхалтай спорт. Монголд байгаа чамд тэр Аргентин юуны хамаа байна, ямар ашиг байна гэж зарим нь асуудаг л юм. Миний хариулт: Цэнгэлдэх дүүрэн хүмүүсийг танилцуулж, хязгааргүй баяр жаргалд умбуулах нь гайхамшигтай хэрэг бус уу?

Аргентин маань энэ жил түрүүлэх гэж ногт ганзагалаж ирсэн. Хэдийгээр энэ ДАШТ-д сул баг байхгүй ч гэсэн бүгдийг нь арчих зорилготой!

М.Сугар-Эрдэнэ

Ажил: Ub.life

Дэмжиж буй баг: Япон, 2002 оноос

Шүтдэг тоглогч: Кэйсүкэ Хонда

Энэ бол Хондагийн дөрөв дугаарын өмсгөл. Сая Японоос захиад Колумбтай хийх тоглолтынх нь өмнөх өдөр буухиа шуудангаар амжиж ирсэн. Японд гэлтгүй дэлхий дахинд сайн тамирчид ихэнх нь 7, 10 дугаарын өмсгөлтэй байдаг. Хонда урьд нь долоо байж байгаад энэ тэмцээнд дөрөв болсон. Дөрөв гэдэг нь японоор “Ши” буюу үхэл гэдэг үгтэй ижил дуудлагатай тул хүмүүс цээрлэдэг. Харин Хонда үүнийг ер тоолгүй авч, сайн ч тоглож байгаа.

Японд ажиллаж, амьдарч байсан болохоор шигшээ багийг нь дэмжиж эхэлсэн. Угаасаа амьдарч байгаа газар, хотынхоо багийг хүмүүс дэмждэг шүү дээ. Япон, Өмнөд Солонгосын тоглолт бол дерби гэж хэлж болохоор хатуу ширүүн өрсөлдөөнтэй болдог. Бараг өстөн дайснууд шиг тулалддаг. Өмнөд Солонгосын эсрэг тоглолтуудыг нь үзээд Японы шигшээдээ улам дуртай болсон. Токиод болсон Японы шигшээ багийн тоглолтыг олон удаа үзсэн. Зав гарвал очиж үзэхийг боддог. Японы фэнүүдтэй цуг “Ниппон Ниппон” гээд хоолой нийлүүлээд хашгарч байх сайхан.

Энэ ДАШТ эхэлж байхад Японыг хэсгээсээ ямар ч гэсэн гараасай гэж бодож байлаа. Харин хэсгийнхээ хамгийн хүчтэй Колумбын багийг хожчихсон болохоор одоо жаахан давраад байгаа. Үлдсэн хоёр тоглолтондоо ялаад  ер нь хагас шигшээд шалгарчихвал... Нөгөө талаас гарч ирэх Англи, Бельгийн багууд гол өрсөлдөгч дөө. 

А.Ундрал

Ажил: Unread.today

Дэмжиж буй баг: Герман, 1996 оноос

Шүтдэг тоглогч: М.Баллак

Германы шигшээг бараг ухаан орсон цагаасаа л дэмжиж эхэлсэн дээ. 2002 оноос хойших ДАШТ, Еврогийн бүх өмсгөл нь бий. Үеэл ах, дүү хоёртойгоо гэрийнхээ орны доод талыг хаалга болгон жижиг бөмбөг өшиглөж тоглохдоо “германы тамирчин” болж тоглодог байлаа. “Таван Цагариг” сониныг дөнгөж уншиж эхэлж байсан үед явагдсан Евро 1996-д Герман түрүүлсэн учраас тэр байж магад.

Германд хамаатны хүмүүс маань байдаг, гэрийнхэн маань ч нэлээн зорчдог байсан учраас ихэд дотно санагддаг байсан нь нөлөөлсөн байх. Удалгүй тэднээс маань өмсгөл, туг далбаа, бөмбөг гээд л олон зүйл ирдэг болсон. Гэрийнхэн маань хамгийн том спонсор маань гэж хэлж болно. Аав ээж, ах эгч нар маань гадагшаа явахдаа заавал ямар нэгэн өмсгөл авчирч өгсөөр бүр муу зан сурчихсан үе байлаа. Энэ дэлхийн аваргын үеэр яг Америкт ажиллаж таарч байна. Гэхдээ багаа дэмжих өмсгөлөө марталгүй цүнхэндээ хийснээ хуваалцъя. Германы 2010 оны ДАШТ-ий өмсгөл. Хэдий “ахиад” л азгүйтэж цом өргөж чадаагүй ч Англи, Аргентинийг бут ниргэсэн тоглолтууд нь тэднийг ямар хүчирхэг байсныг сануулдаг. Тухайн үед дөнгөж нээгээд байсан CSPORTS.mn-дээ зориулж нэлээн өмсгөл урдаас авчруулж байсны нэг нь энэ байсан юм. Яг ориг биш ч хөлбөмбөгөөр дагнасан анхны вебсайтыг эхлүүлж, анхны фантази тааврыг санал болгож байсан түүхийг санагдуулдаг өмсгөл.

Клубээс Байерныг дэмждэг учраас нэг, хоёрдугаар өмсгөлүүд нь нэлээн хэд бий. 1999 оны улирлын Ж.Элберийн ес дугаартай өмсгөл, 2004 оны М.Баллакийн 13 дугаартай өмсгөлийг ихэд нандигнан хадгалдаг. Челси, Барселона, Арсенал зэрэг топ клубүүдээс эхлээд Ноттингем Форест, Малага, Галатасарай зэрэг “сонирхолтой” клубүүдийн ч өмсгөл байна. Даанч олон өмсгөлөө өөр хүмүүст “санаатай”, “санаандгүй” өгсөөр ихэнхийг нь алдсан.

1998 оны ДАШТ-д Герман Хорватад хожигдсныг нь сониноосоо уншаад уйлж байсан удаа бий. 2000 оны Еврогоос гутамшигтай хасагдахад нь нэг хэсэг эморч, гиеүрч байсан маань ч тодхон санагдана. 2002 оны ДАШТ-ий финалыг анх удаа гадуур аавтайгаа үзэхдээ тоглолтыг нь гүйцээлгүй гараад ирсэн юмдаг. Нойргүй өнжүүлсэн уур хүргэсэн, урам хугалсан олон хожигдлуудын дараа овоо цочроо гарч багийнхаа хожил, сэтгэл сэргээм тоглолтуудаас нь сэтгэл хөдлөл, эрч хүч авдаг болжээ.

Энэ жилийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтыг үзэхээр төлөвлөж байгаа. Германыхаа тоглолтыг дэлхийн дэвжээнд анх удаа үзэх боломж гээд ихэд горьдож байгаа шүү.

Э.Баярбат

Ажил: “Гүүдбэрри” ХХК

Дэмжиж буй баг: Перу

Шүтдэг тоглогч: Паоло Мальдини, Златан Ибрахимович

Энэ ДАШТ-ээр Перугийн багийг дэмжиж байна. Би 2010 онд БНФУ-ын Парис хотод туялзуур сэлэмний ДАШТ-нд оролцох болсон юм. Тэмцээн эхлэхээс хагас сарын өмнөөс Фонтенбло (Fontainebleau) хотод дэлхийн аваргын өмнөх олон улсын бэлтгэлд оролцсон. Энэ үед Ливан, Боливи, Вьетнам, Намиби, Перу тамирчидтай нэг байранд орсон. Хагас сарын хугацаанд залуучууд үй зайгүй нөхөрлөж, тэмцээндээ оролцсоны дараа нутаг нутагтаа салан одох цаг болоход бие биедээ дурсгаж болох бүхнээ өгч солилцсон. Сувенир, ил захидал, улс орны товхимол, тэр бүү хэл нутгийн сархад ч тэр дунд нь байв. Би перу найздаа Монгол Улсын далбаа дүрсэлсэн футболк дурсгатал найз маань өрөө рүүгээ гүйж ороод өөрийн улсын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг авч ирээд надад бэлэглэж билээ. Дотно сайхан санагддаг.    

Перу улсын шигшээ баг 1982 оноос хойш 36 жилийн дараа анх удаа ДАШТ-нд оролцохоор болсон. Би төрсөн цагаасаа л энэ багийг дэлхийн аваргад орохыг хүлээлээ гэж хэлэхгүй ээ. Энэ дэлхийн аваргад миний дэмждэг Италийн шигшээ баг харамсалтай нь оролцох боломжгүй болсон. Гэхдээ би гэртээ уйтгарлан суухыг хүсээгүй. Найман жилийн өмнө Перу найзынхаа өгсөн өмсгөлийг шүүгээнээсээ гаргаж ирээд би энэ жил Перуг дэмжинэ гэж хэлсэн. Зүүн мөрнөөс баруун доош чиглэсэн улаан судал бүхий цагаан өмсгөл бол энэ дэлхийн аваргын хамгийн шилдэг өмсгөл. Хэрвээ хөлбөмбөгийг уран гулгалт шиг загварлаг байдлаар дүгнэдэг байсан бол Перу өрсөлдөгчгүй дэлхийн аварга болно гэж бодож байна. Улаанбаатар хотдоо бараг цор ганцаараа Перугийн жерсигээ өмсөөд алхах болно. Мөн Перугийн хөлбөмбөгийн түүх, сонсголонтой утга төгөлдөр төрийн дуулал, бөмбөр үүрэн багаа дэмжихээр ирсэн мянга мянган доргио фенүүдэд татагдахын зэрэгцээ хамгийн гол нь эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх мэт зүтгэх хурдтай, уран тоглогчдын тоглохыг нь үзээд баясахгүй байхын аргагүй. 36 жилийн дараа Перу дэлхийн аваргад оролцож байгаа ч ФИФА-ийн чансаанд 11-т бичигдэж байна. Тэдний хэсэгт хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй Франц байна.  Тэдэнтэй хийх тоглолт тэднийг ямархуу амжилт үзүүлэхийг шийдэх болов уу.  

Уг нь би Италийн фанат. 2004 оны ЕАШТ-нээс эхлэн Италийн хөлбөмбөгийн шигшээ багийг дэмжиж ирсэн. Надад 2006 оны дэлхийн аварга, шилдэг хөлбөмбөгчин Фабио Каннаваро, Италийн ирээдүй болох Маттиа Дэ Шилио, Мануэль Локателли нартай уулзан гарын үсэг зуруулж авсан шигшээгийн жерсинүүд бий. Хайрт Милан клубын жерси нижгээд байгаа. Би 2014 оны дэлхийн аваргын өмнө “Би энэ насандаа, тэр дундаа залуу насандаа хөлбөмбөгийн гайхамшигт орон болох Бразилд ДАШТ болж байхад очиж үзэхгүй юм бол амьдраад ч яалаа” гэж хошигнон бодсон. Ийн хэдэн жил ажил хийж цуглуулсан мөнгөөрөө тийзээ захиалаад, үүргэвчээ үүрээд, ганцаараа гараад явсан. Ресифи, Натал гэх хоёр хотод Италийн шигшээгийн тоглолт үзсэн. Тэр хоёр тоглолтонд хоёуланд нь “манайх” хожигдсон л доо. Гэхдээ би огт харамсдаггүй. Би Бразилд ДАШТ үзсэн шүү дээ. 

Б. Гантулга

Ажил: Сүү ХК

Дэмжиж буй баг: Бельги, Англи

Хэдэн оноос дэмжиж эхэлсэн: 1998 оноос хойш Англи, 2012 оноос Бельги

Шүтдэг тоглогч: Эдэн Азар, Дэвид Бекхэм, Дидье Дрогба, Кака

Байсан бүх жерсигээ ажлынхандаа тараагаад өгчихсөн. Анх Сүү ХК-нд ороод хамт олноороо хөл бөмбөг тоглох гэхээр хувцасгүй хүн олон байхаар нь өөрийнхийгөө тараагаад өгчихсөн хэрэг. Одоо надад Дэвид Бекхэмийн 2006 оны ДАШТ-нд оролцож байх үеийн жерси л байгаа. Сонирхолтой гэвэл, Манайх ФИФА-д элссэнээс хойш Монгол Улсын шигшээ баг олон улсын тэмцээнд оролцож анхны оноо авсан гоолын дамжуулалт Даваа-Очир ахынх байсан. Тэр дамжуулалтыг өгч байх үедээ өмсөж байсан өмсгөл нь өөрийнх нь гарын үсэгтэйгээр надад байдаг юм.

1998 онд анх ДАШТ-ийг бүрэн утгаар нь үзэж байсан юм. Майкл Оуэн, Дэвид Бекхэм, Зинедин Зидан, Юрий Жоркаефф нарын тоглолт их таалагдаж байсан. Тэрнээс хойш Английн шигшээ багийг дэмжээд явчихсан. Гэхдээ одоогийн Английн шигшээ багт тоглолт нь таалагддаг тоглогч ховор болсон болохоор нэг их дэмжихгүй байгаа.

Хүнд ер нь дэмждэг нэг л шигшээ байх хэрэгтэй, тэр нь төрсөн улсынх нь байх ёстой гэж би боддог. Бусдаар бол би баг, шигшээ гэж баригдалгүй дуртай тоглогч нарынхаа тоглолтыг хараад явчихдаг. Монгол Улсынхаа шигшээ багийг ДАШТ-нд шувтаргын шатанд оролцож байхыг энэ яваа насандаа харах зорилготой.     

Энэ жил Бельгийн шигшээ багийг амжилт үзүүлнэ гэж хараад байгаа. Замдаа Бразилтай таарахаар харагдаж байсан. Тэр даваагаа амжилттай давчихвал Дэлхийн аварга болох боломжтой, чанартай баг.

Ч.Отгонбаатар (Сато)

Ажил: Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Дэмжиж буй баг: Орос

Хэдэн оноос дэмжиж эхэлсэн: 1970

Шүтдэг тоглогч: Эдэн Азар, Канте

Дэмждэг багийнхаа (Челси, Орос, Англи) жерсиг шинэ улирал эхлэхээр нь л авдаг. Одоо бараг хоёр чемодан дүүрсэн байх. 1970 оноос хойш хөлбөмбөг шимтэн үзээд 48 жил энэ спортын үнэнч фанат болж явна. Намайг гадаадад сурч байхад авга ах А.Баярсайхан маань хөлбөмбөгийн тоглолт анх үзүүлснээс хойш “он тоолол” маань эхэлнэ. Хамгийн анх дэмжиж эхэлсэн баг маань ЦСКА.

Энэ ДАШТ-аар Орос, Англи, Бельгийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаа гурван баг маань бүгд шөвгийн 16-д шалгарна, улмаар хоёр нь шөвгийн наймд шалгарах болов уу гэсэн таамаг дэвшүүлээд сууж байна даа.

П.Жасмин

Ажил: Хувиараа бизнес эрхэлдэг

Дэмжиж буй баг: Португал, 2006 оноос

Шүтдэг тоглогч: Роналду

2006 оны ДАШТ-ий үед гадаадад сурч байсан юм. Тэр үед гэрт нь амьдарч байсан Maria De Fatima Brandao гэгч португал эгч маань орой тоглолт хамт үзнэ шүү гээд л дагуулж гараад, баахан Португалийн өмсгөл, ороолт, хувцас зэргийг авч өгч өмсгөөд бүр шорт хүртэл худалдаж авч өгсөн юм. Алчуур, ороолт, малгай, энгэрийн тэмдэг гэхчлэн иж бүрэн хувцаслаад дагуулж үзүүлж байж билээ. Хожим нь хуурай ээж минь болсон эгчийгээ бараг хүчээр шахуу дагаж явахдаа Португалийг дэмжих үүргээ сайн ч биелүүлсэн. Эгчийг дагаж Вамош вамош (Vamos) гэж орилсоор нэг мэдэхэд Португалийн багийн улаан фэн болжээ. Португалийг Дэлхийн аварга болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

2014 оны дэлхийн аварга болохоос хоёр сарын өмнө Португалиас өөртөө, нөхөртөө, мөн олон жил Португалийн шигшээ багийг хамтдаа дэмжиж байгаа найздаа, Португалийн үндсэн болон хоёрдугаар өмсгөлийг  захиж авч байсан. DHL-р Монгол руу илгээсэн боловч манай гааль дээр үлдсэн, очиж авна уу гэсэн зурвас ирээд очтол урт дараалал, татварын бичиг баримтаас шалтгаалан маш их хүлээж, ядран байж арай гэж авснаа л сайн санаж байна. Тэр цагаас хойш ээж болсон эмэгтэйчүүдийн жин нэмэлтийн асуудалд өртөн, зовж зовж олсон жерси минь таарахаа байсныг сая өмсөж үзээд л мэдлээ. Тиймээс энэ удаагийн дэлхийн аваргад зориулж шинэ өмсгөл авахаас өөр арга байсангүй.

Эмэгтэй хүн хөл бөмбөгийн фанат гэхээр хүмүүс их гайхаад байдаг юм (инээв). Дуртай багуудынхаа тоглолтыг найзуудаа уриалж байгаад олноороо үзэх үнэн кайфтай. Ялангуяа хуурай ээж болсон хүн маань сэтгэл гаргаж, олон зүйлс бэлэглэн, хөлбөмбөгт татан оруулсан дурсамж, дараа нь тэр олон фанатуудын дунд мартагдашгүй сэтгэл хөдлөл үлдээсэн учраас хөлбөмбөг, Португалийн шигшээ баг бол миний хувьд үгээр хэлшгүй том орон зай эзлэдэг. Хөлбөмбөгийн фанат байна гэдэг зөвхөн хөлбөмбөг үзэж, дэмжихээс гадна дуртай багийнхаа түүхийг судалж, тоглогч, дасгалжуулагчдын намтраас эхлээд, тухайн газар орны ёс заншил гээд бүх зүйлсийг нь сонирхож судлахаас аргагүй байдалд оруулдаг учраас танин мэдэхүйн ч ач холбогдол давхар байж байдаг. Үүнээс гадна дэмжиж байгаа баг нь ялалт байгуулахын бахархал, ялагдал хүлээхийн гашуун амтыг мэдрүүлж байдаг учраас энэ спортод хайртай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.