Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Ub.life-ийн түүхүүд: Яагаад тэд уулчин болсон бэ?


Монгол Улсын дээвэр Алтай Таван Богдын ноён оргилд гарах нь тэдний ойрын хугацааны зорилго. ХААН Банкны Hiking Club-ийн уулчид далайн түвшнээс дээш 4374 метрийн өндөр оргилд гарах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж явна. Тус клубийн тэргүүн С.Энхээ, гишүүн Д.Өсөх-Очир, Ө.Амарзаяа нар Алтай Таван Богд руу дайрах юм. Харин гишүүн У.Түвшинжаргал тэдэнтэй хамт аялна. 

Дайралт хийнэ, оргил эзэлнэ, маань уншина гээд уулчдын ярианд олон сонирхолтой үг сонсогдсон. Мэддэг бүх тарниа дуустал уншиж, нүүр нүдгүй цасаар шуурсан үед хад асгатай, хальтиргаа гулгаатай замаар амь өрссөн аялал хийсний эцэст уулын оргилд бие биенээ тэврэх тэр мөч хамгийн сайхан гэж тэд ярьж байна. Энгийн алхагчаас уулын спортын зэрэгтэй тамирчин болтлоо өсөн дэвжсэн тэдний энэ спортод хөл тавьсан хугацаа богино. ХААН Банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газраас 2011 онд "Ажил амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлснээр тэд энэ спортод нэгджээ. Түүнээс хойш хүсэл сонирхолдоо уягдан, энэ спортод эргэлт буцалтгүй орсон С.Энхээ, Д.Өсөх-Очир, У.Түвшинжаргал нарын хэрхэн уулчин болсон түүхийг уншигч танд хүргэе. 

С.Энхээ: Эмэгтэй хүн авираад байхад би бас гармаар байна гэж олон хүнээс сонссон

С.Энхээ нь ХААН Банкны Цахим банк, ATM сувгийн газарт мэргэжилтэн хийдэг. 

 Гаргасан амжилт: 
1.       Алтайн нурууны өндөр оргил Сутай хайрхан /ДТД 4200 м/
2.       Алтайн нурууны өндөр оргил Баатар хайрхан /ДТД 3980 м/
3.       Алтайн нурууны өндөр оргил Их богд /ДТД 3957 м/
4.       Саяны нурууны ноён оргил Бүрэнхаан хайрханы оргил Мөнхсарьдаг  /ДТД 3497м /
5.       Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /ДТД 2890 м/
6.       Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байрлах үзэсгэлэнт Зоргол хайрхан
7.       Говь сүмбэр аймгийн нутагт орших шүтээнт Чойрын богд хайрхан

Түүх: 

Миний хувьд өндөр ууланд авираад гурван жил болж байна. Хамгийн сэтгэлд хоногшсон түүх Сутай хайрханд авирсан үе байх. Энэ хайрханд авирах үед хүн ээжийгээ бодож заавал уйлдаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Би ч анх сонсчихоод яагаад уйлна гэж тоомжиргүй бодсон. Гэтэл уулын оргилд гараад овооны салхинд зогсоод, дарцаг намирч байхыг хараад яах ч аргагүй уйлсан. Нулимс гараад хөлдчихсөн байсан шүү. Хүмүүсийн хажууд уйлснаа нуухын тулд нүүрээ арчаад л явсан. 

Ерөөс Сутай хайрханы домог их сонин. Хүн төрөлхтөн анх Сутай хайрханаас сарлаг бариад, сүү саадаг байж. Ингээд сүүтэй уул гэж нэрлэсэн байна. Хожим энэ нэр хоногшихдоо Сутай болсон гэнэлээ. Энэ утгаараа уулчдын дунд ээж уул гэдэг нэрээр алдартай. Тэнд гарсан хүмүүс уйлдаг гэдэг нь гарцаагүй үнэн. 

Бас надад байнга тохиолддог  хөгжилтэй ч гэмээр зүйл бий. Надтай ууланд авирахаар зориглож гарсан эрчүүд “Эмэгтэй хүн гарчихаад байхад би бас авирчихмаар байна” гэж нүд рүү харж байгаад хэлдэг. Одоогийн байдлаар таван эрэгтэй яг энэ утгатай үгийг хэлсэн. 

Хөдөө явахад хамгийн олон салбартай банкинд ажиллахад давуу тал байдаг шүү. Зочилж буй аймаг, сум бүрт манай ХААН Банкны салбар бий. Биднийг очих сургаар тосож аваад, их дэмждэг. Клубийн үйл ажиллагааг удирдлагууд ч дэмждэг. Олон хүний буянд бие биедээ тус болох зүйл бишгүй л бий.  

Гэр бүлийн дэмжлэг:

Ээж их дэмждэг. Заримдаа миний төлөө санаа зовоод, явуулахгүй гэж зөрүүдэлдэг. 

Д.Өсөх-Очир: Би залуусаас хоцрохгүй санаатай, харин манайхан намайг явж байхад гээд л урагшаа тэмүүлдэг 

Д.Өсөх-Очир ХААН Банкны Өмчийн харилцааны албанд мэргэжилтэн хийдэг. 

Гаргасан амжилт:
1.       Алтайн нурууны өндөр оргил Сутай хайрхан /ДТД 4200 м/
2.       Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр Богд Очирваань хайрхан /ДТД 4008 м/
3.       Алтайн нурууны өндөр оргил Баатар хайрхан /ДТД 3980 м/
4.       Алтайн нурууны өндөр оргил Их богд /ДТД 3957 м/
5.       Саяны нурууны ноён оргил Бүрэнхаан хайрханы оргил Мөнхсарьдаг  /ДТД 3497м /
6.       Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /ДТД 2890 м/
7.       Хэнтий нурууны нэгэн содон оргил болох түүхт Бурхан халдун /ДТД 2445 м/
8.       Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байрлах үзэсгэлэнт Зоргол хайрхан

 

Түүх: 

Сутай хайрханаас буухдаа бид ирсэн замаараа яваагүй. Тойроод буухад жишүү мөстсөн замаар явсан. Мөстсөн замаар явахад анх удаа олсонд орж үзсэн. Олсны талаар бараг мэдлэггүй л яваад орчихсон. Хамгийн анх олсонд орж үзэж буй учраас жигтэй сонин санагдсан. Гурван олсоор зэрэгцээд доошоо буусан. Доошоо буух үед олсонд орсон хүмүүс тэгш, сондгой тоогоор ялгардаг. Тэгш тоотой хүмүүс доош бууж байхад, сондгой тоонд хуваарилагдсан хүн хамгаалалт хийдэг дүрэмтэй. Тэгтэл анх удаа олсонд орсон миний хувьд дүрэм биелүүлээгүй. Зураг аваад л яваад байв. Хүн хальтарч унаж байгааг кадртаа буулгаад явж байтал манай ахлагч олсноосоо гараад, намайг нударсан. "Амьд үлдэхийн тулд наад олсондоо ор. Яагаад зураг аваад байгаа юм" гэж хэлсэн. Эндээс л аюулгүй буухын тулд багаар ажиллаж, дүрэмд захирагдах ёстой гэдгийг анх ойлгосон. Уулын өөд авирахаас буух нь илүү аюултай гэж уулчид ярьдаг юм билээ.   

Ер нь мөнх цастай хайрханд хүн гарахад хүний мөрийг арилгах гэж шуурдаг гэдэг яриа бий. Зулайдаа гарсан хүний мөрийг устгадаг гэдэг. Хүн явсны дараа цасаар шуураад эхэлдэг. Яваагүй үед тогтуун байдаг гэж ярьдаг нь үнэн санагдсан.  

Миний хувьд байгалийн гэрэл зураг авахаар ХААН Банкны Hiking club-ийг үүсгэн байгуулагдахад нэгдсэн юм. Дашрамд хэлэхэд, манай ХААН Банкны Хүний нөөцийн үйл ажиллагааны газраас 2011 онд “Ажил амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, ажилтнуудыг хүсэл, сонирхлоор нь нэгдүүлсэн олон клуб байгуулж, дэмжиж ажиллсан юм. Би гэхэд л “Мэдрэмж” гэдэг гэрэл зургийн болон ууланд авирагчдын клубт хамрагдсан. ХААН Банкны ажилтнууд өөрсдийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд тус тусын клубтээ одоо ч идэвхтэй хамрагдаж байна. ХААН Банкны тугаа уулын оргилд мандуулахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Энэ нь хий хоосон ажлын үг биш шүү. Оргил өөд гарахад сэтгэл санаа угаас сайхан, дэврүүн, тэмүүлэлтэй болчихдог. 

Би хожим л алхаж эхэлсэн хүн шүү дээ. Гэхдээ оргил өөд гарна гэсэн тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зүтгэж байхад болохгүй зүйл гэж байдаггүйг мэдэрч явна. Алхаж эхлэхээс өмнө нуруу байнга өвдөж рашаан, сувилалд их явдаг байлаа. Алхаж, ууланд авирч эхэлснээс хойш энэ талаар матрсан. Залуусаасаа хоцрохгүй гээд л урагшилдаг. Манайхан харин таныг явж байхад яаж хоцрох вэ гээд зүтгэдэг гэсэн. Үнэндээ анх алхаж эхлэхэд хамаг бие булраад, өвдөгний нүдээр хүртэл хатгана. Энэ зурвас үеийг давчихвал, эрүүл мэндэд маш тустай. 

Гэр бүлийн дэмжлэг:

Миний хань намайг их дэмждэг. Нэг удаа бэлдэж өгсөн хиам, талхыг нь идэж байгаад аюултай мөчөөс аврагдсан шүү.  


У.Түвшинжаргал: Ууланд авирах нь хувь хүний зориг тэвчээрийн шалгуур болдог

 У.Түвшинжаргал нь ХААН Банкны Жижиг дунд бизнесийн газрын Төслийн мэргэжилтэн. 

Гаргасан амжилт:

1.       Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан /ДТД 2890 м/
2.       Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байрлах үзэсгэлэнт Зоргол хайрхан
3.       Говь сүмбэр аймгийн нутагт орших шүтээнт Чойрын богд хайрхан

Түүх: 

Миний хувьд өндрийн уулын авирагч биш юм байна лээ. Гэхдээ уулчдын босго даваа болох Асралт хайрхандаа жил бүр гарахыг хичээдэг. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 28-нд ХААН Банкнаас 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Асралт хайрханыг зорьсон. Хэнтий нурууны ноён оргил болсон энэ хайрхан руу өвөл явдаг онцлогтой. Зун намаг, шалбаагтай учир хэцүү. Бүгд бэлтгэлээ сайн хангаж, туршлагатай хөтөчтэй явсан. Ингээд үүрээр 05.00 цагт дайрсан. Гэтэл эхний давааныхаа бэлд ч бид очиж чадаагүй. Нүүр нүдгүй маш их цасаар шуурсан. Ер нь ууланд авирах гэдэг нь сэтгэлийн хөөрлөөр хийдэг зүйл биш гэдгийг тухайн үед ойлгосон. Хувь хүний зориг тэвчээрийн шалгуур болдог. Бид яах ч аргагүй өнгөрсөн жил буцсан. Энэ шийдвэрийг зөв гэж бодож байгаа. Ингээд энэ жил яг өмнөх багаараа явж, оргилыг эзэлсэн. Энэ үед төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд ч хэцүү. 

Би 2011 онд ХААН Банкны Hiking Club-ийг үүсгэн байгуулалцсан хүний нэг. Ингээд хоёр жилийн хугацаанд гадагшаа явчихаад ирсэн. Манай клубийн анх үүсгэн байгуулагдсан байдлыг одоогийнхтой харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Анх хамт олонч байдлыг дэмжиж эхэлсэн энэ ажил өдгөө мэргэжлийн спортын хэмжээнд хүрчээ. Нөгөө талаас, чадах чинээгээрээ олон хүн хамруулж алхаж байгаа нь ажилтнуудын эрүүл мэндэд тустай байдаг. 

Дашрамд хэлэхэд, ХААН Банкны Hiking Club-т нэгдэхийг хүсвэл фэйсбүүкээс KBH гэж хайгаарай. Зөвхөн ХААН Банкны ажилтнууд нэгддэг энэ группийн гишүүн болсноор амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж буй аяллын мэдээллийг та авч болно. Мөн [email protected] гэсэн майл хаягаар бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй. Харилцагчдаа ч бас клубийн гишүүнээр элсүүлдэг гэсэн. 

ХААН Банк Hiking Club-ийн гишүүдийн архиваас: 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
18 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.