Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан | Нэг үхэл, хоёр үхэл... Хүү хэд үлдсэн бэ?


"Муу бүхэн миний хүүгээр дуусаасай...”!

Гэрийнхээ гадаа тоглож яваад санамсаргүйгээр эмийн сангийн цахилгаан гүйсэн төмөр хаалганд хүрч амь насаа алдсан 9 настай хүүгийн ээж уйлан байж энэ үгийг хэлэв. Тэр хүү тоглож яваад “тохиолдлоор” амь насаа алдсан. Ердөө долоохон хоногийн өмнө бас нэг хүү хөлбөмбөгийн талбайд зүгээр л тоглож яваад бэхэлгээгүй хаалганд даруулж мөн л тохиолдлоор амиа алдсан. Энэ золгүй явдлаас бас долоо хоногийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Сансрын хөлөг” тоглоомонд сууж явсан дөрвөн хүүхэд бэртэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Бас нэг харамсалтай тохиолдол!

Тоглож яваа хүүхдүүд тохиолдлоор үхсээр л байх юм уу?

“Миний хүү зүгээр л тоглож явсан. Бяцхан хүүд битгий буруу өгөөрэй...” хэмээн ээж хэлж байна. Тоглож явсан тэд буруугүй. Хэрвээ тэр хөлбөмбөгийн хаалгыг томчууд анхнаасаа бэхэлгээтэй хийсэн бол, хэрвээ хоёр хоногийн турш цахилгаан гүйж байсан эмийн сангийн хаалгыг томчууд анзаарч арга хэмжээ авсан бол, хэрвээ сажилж эхэлсэн төмөр тоглоомыг ажиллуулж байсан том хүн анхаарч зассан байсан бол тоглож явсан хүүхдүүд бэртэхгүй, бас амь насаа алдахгүй байлаа.

Хүүхдүүд амиа алдсаар л... Гэвч манай хот юу ч хийхгүй хэвээрээ л байна. Эмгэнэлт мэдээ олны сонорт хүрэхэд бид бүгд л харамсан гашуудаж буйгаа цахим орчинд илэрхийлж байна. Хожимдсон харуусал гэвч юуг өөрчлөх билээ дээ. Өнгөрсөн жил манай улсад 19 нас хүртэлх 1642 хүүхэд ямар нэг шалтгаанаар энджээ. Тэдний дунд хурдан морин дээрээс унаж, ганцаараа гэртээ шатаж, халуун тогоонд түлэгдэж, усанд живж, савтай аарцанд унаж, малын хашаан дээрээс үсэрч, машинд дайруулж, цонхны тагтнаас унасан тохиолдлууд бий. Зөвхөн энэ он гарснаас хойших эхний таван сарын дотор 127 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан байна. 127 гэр бүл хорвоо дээрх хамгийн аймшигт мэдээг хүлээн авч “Энэ бүхэн миний хүүхдээр л дуусаасай...” хэмээн сэтгэлдээ бодож, залбирсан байх. Маргааш биднийг ямар муу мэдээ хүлээж байгаа бол, тоглохоор гарсан хүүхэд минь юу хийж яваа бол хэмээн мянга мянган эцэг эх сэтгэлийн зовиур, түгшүүр дунд сууна.

“Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулж байхдаа хэлж байв.

Хотын дарга Су.Батболд өнөөдөр Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай арга хэмжээ авах даалгавар өгсөн байна. Тэр өрөөнөөсөө гарсангүй, амиа алдсан хүүгийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэнгүй. Нэг л замаа жил бүр засахдаа, гэрлийн шон босгож тавихдаа хүртэл хэдэн арвуулаа очоод сүү өргөн инээмсэглэн зогсдог тэр болоод мэргэжилтнүүдийнх нь хэн ч тохиолдлын үхэл болсон газарт очиж ажилласангүй. “Хүүхэд тоглоомын талбай дээр эндэж байна аа гэдэг бол, бид нар хэнэггүйдээ л байж байгаа болохоос байж боломгүй зүйл ш дээ...” гэж гараа салаавчлан суугаад хотын дарга маань тоомжиргүй хэлж сууна. Үнэндээ болсон явдалд эмгнэсэндээ биш, юу ч хийсэнгүй гэх олны шүүмжлэлээс эмээсэндээ камерын өмнө тийнхүү суугаа нь бичлэгээс илэрхий.

Бэхэлгээгүй хаалт, цахилгаан гүйсэн төмөр, санжигнаж эхэлсэн тоглоом зүй ёсоор бол хүүхэд эрсдэх, эндэхээс өмнө засагдсан, шийдэгдсэн байх ёстой. Гэтэл одоо хүүхдүүдийн маань үхэл Хотын дарга, Боловсролын сайдын хийх ажлыг сануулах сануулга болоод байна. Тэд ниргэсэн хойно нь л “Нээрэн энийг зас, нээрэн тэрийг шалга...” хэмээж байгаа нь харамсалтай. 

Хоёр жилийн өмнө тэд Улаанбаатарын байшин бүрийн гадна аз жаргалтай хот байгуулна гээд амлалт өгөн зогсч байв. Харин өнөөдөр Та бүхнээс асууя. Аз жаргал гэж эрхэм удирдлагууд та бүхний хувьд юу хэлдэг юм бэ? Элэг бүтэн, эрүүл саруул амьдрал гэж иргэд бид хариулах байна. Гэвч сонгуулийн халуун өдрүүдэд бүтээнэ гэж амласан “Аз жаргалтай” Улаанбаатарт зүгээр л тоглож яваа хүүхдүүд - үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнүүд маань золгүй тохиолдлоор үхсээр л байх юм уу?              

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
14 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
22
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.