Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Алтан хальс: Бүх цаг үеийн ШИЛДЭГ 30 Орос кино

Хэдийг нь үзсэн байна?


1.Хуягт Потёмкин (Battleship Potemkin / Броненосец Потёмкин) - 1925

Найруулагч: Сергей Эйзенштейн

1905 онд Потёмкин хөлгийнхөн Хаант Оросын дарга нарынхаа эсрэг боссон юм. Энэ үйл явдлыг 1925 онд Сергей Эйзенштейн “Байлдааны хөлөг онгоц Потёмкин” кинондоо үзүүлсэн байдаг. Энэ киног олон нийтээр бүх цаг үеийн хамгийн аугаа дуугүй кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэхүү үзэл суртлын атлаа Эйзенштейний шинийг санаачлагч, бүтээлч арга барилын ачаар цэвэр урлагийн бүтээл болгож чадсан кино нь тухайн үедээ ч мөн адил дэлхий дахинд шуугиан тарьж байжээ.

2. Андрей Рублёв (Andrei Rublev) - 1966

Найруулагч: Андрей Тарковский

Бурхан шүтээн зурах билэг авьяастай дундад зууны үеийн лам Андрей Рублёвын амьдралын долоон мөчлөгийг харуулсан бүтээл.

Бергманы "Долоо дахь хориг" киноны хүлэг баатрын адил Рублёв феодалын үеийн Орос орны аймшиг, хүчирхийллийг уран бүтээл, итгэл үнэмшил, үгсээрээ нээхийг Тарковский дэлгэцнээ шүлэглэнэ.

Андрей Рублёв бүтээл нь Тарковскийн арга барилд ердөө 4 жилийн дотор маш их дэвшил гарсныг баталдаг. Андрей Рублёв хэмээх 13-р зууны үеийн Оросын аугаа зураачийн амьдралын талаар харуулдаг энэхүү 3 цаг үргэлжлэх киног олон шүүмжлэгчид Андрей Тарковскийн magnum opus гэдэг.

3. Камертай хүн (The Man with a Movie Camera / Человек с киноаппаратом) - 1929

Найруулагч: Дзига Вертов

Эксперименталь баримтат уг бүтээлийг баримтат киноны эцэг, кино онолч Дзига Вертов 1929 онд хийсэн бөгөөд кинондоо зураг авалтын олон шинэлэг шийдлүүдийг гаргаж энэ нь цаашлаад хойчийн кино бүтээгчдэд гарын авлага болсон юм. Дуугүй кино бөгөөд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл Москва, Киев, Одесса хотуудаар зураг авалтууд хийгддэг.

4. Толь (Mirror / Зеркало) - 1975

Найруулагч: Андрей Тарковский

Тарковскийн эцэг яруу найрагч Арсений Тарковскийн шүлгийг Иннокентий Смоктуновский уншина. Мөн энэхүү киноны дүр зураглал, утга агуулга… ер нь бүх зүйл нь үгээр илэрхийлэгдэх боломжгүй юм. Зөвлөлтийн үед хийгдсэн маш цөөхөн кино л иймэрхүү гүн ухаантай, ямар нэг эхлэл, өрнөл, төгсгөлгүй байсан билээ. Хүний бодлыг хэрвээ кино болгож болдог бол Тарковскийн эл бүтээл л хамгийн ойр очих биелэл байж болно. Тарковскийн бага нас, зүрх сэтгэлийг ил (гэхдээ илэрхий биш) гаргаж тавьсан энэхүү бүтээл түүний хамгийн ихээр дотоод руугаа чиглэсэн урлагийн бүтээл билээ.

5. Сталкер (Stalker) - 1979

Найруулагч: Андрей Тарковский

Сталкер (хөтөч) бол Зона хэмээх хориотой бүсэд хүмүүсийг аваачдаг ажил хийж гэр бүлээ тэжээдэг нэгэн билээ. Зонад 20 жилийн өмнө солир унасан гэгддэг. Гэвч тэр нь яваандаа зүгээр ч нэг солир биш болж таарч, ямар нэг оюун ухаант хүч тэнд бий болсон тухай цуу тарна. Зонад очсон хүмүүсийн дотоод аугаа хүсэл нь биеллээ олдог гэж ярилцдаг учраас нэгэн зохиолч, профессор хоёр Сталкерт мөнгө төлөн Зона тийш цуг явна…

Андрей Тарковскийг энэ киногоо хийсний дараа Госкино (Государственный комитет по кинематографии СССР)-ийн төлөөлөгч шүүмжлэн “үзэгчдийн санаанд нийцэх зүйл хийх хэрэгтэй” гэсэнд Андрей Тарковский зөрж “Надад хоёр хүний л үзэл бодол чухал. Нэг нь (Робер) Брессон, нөгөө нь (Ингмар) Бергман” гэсэн гэдэг.

6. Ирээд үзэхтүн (Come and See / Иди и смотри) - 1985

Найруулагч: Элем Климов

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы арми Беларусьт дор хаяж 5295 жижиг тосгодыг сүйтгэж, иргэдийг хороосон байдаг. Хатынь тэр тосгодын нэг нь байв. Флёра хэмээх хөвгүүн партизанчуудтай нэгдэж Германчуудтай байлдахыг хүсэмжлэх ч дайны гай гамшгийг бие сэтгэлээр эдэлнэ.

"Ирээд үзэхтүн" киног бүтээхийн тулд уран бүтээлчид маань 8 жил зовсны эцэст Зөвлөлтийн кино урлагийн төв хороо (Госкино)-ны зөвшөөрлийг олсон байдаг. Энэ хооронд Госкино-с болж Элем Климов галзуурах дөхсөн үе бий. Элем Климовтой хамтран зохиол бичсэн Алесь Адамович Дэлхийн хоёрдугаар дайны үед өсвөр насандаа Беларусийн партизан явжээ. Өдгөө энэ киног 1980-аад оны Зөвлөлтийн кино урлагийн оргил бүтээл хэмээдэг.

7. Газар шороо (The Earth / Земля) - 1930

Найруулагч: Александр Довженко

Украйны тариачдын нэгдэлжих үйл хэрэгт Кулакийн газар эзэмшигчид хэрхэн дургүйлхэж, саад болох гэж хичээж буй тухай өгүүлнэ. Довженкогийн Украйны гурамсан бүтээлийн хамгийн алдартай нь. Гэвч гарсан дороо Зөвлөлтийн сэтгүүлчид, дээд удирдлагын зүгээс асар их шүүмжлэлд өртөж байлаа. Харин өдгөө уг киног дэлхий даяараа шүтэн хүндэтгэдэг бөгөөд кино шүүмжлэгч ЛеЖөн "Кино урлаг дахь цэвэр гоо сайхныг хамгаас сайн ухаарч илэрхийлсэн, дүрс бүрийн харилцан холбоо төгс зохицоотой" хэмээн үнэлсэн удаатай.

8. Догшин Иван: Хоёрдугаар бүлэг (Ivan the Terrible, Part II / Иван Грозный, Вторая серия – Боярский заговор) - 1946

Найруулагч: Сергей Эйзенштейн

Догшин Иваны хоёрдугаар ангийг Сергей Эйзенштейн 1946 онд зургийг нь авч дуусаад бэлэн болгожээ. Гэхдээ Догшин Иваныг оросуудыг нэгтгэсэн баатар талаас нь биш харин нууц албатуудаараа хүмүүс алуулж, эрх мэдлээ ямар ч үнээр авч үлдэхийн төлөө тэмүүлсэн хэрцгий, догшин, хорон санаат байдлаар нь энэ кинонд дүрсэлсэн юм. Энэ ангид Догшин Иваны 1560-1569 оны амьдралыг харуулна.

9. Солярис (Solaris / Солярис) - 1972

Найруулагч: Андрей Тарковский

Станислав Лемийн "Солярис" романыг Андрей Тарковский өөрийн өнцгөөс бүтээсэн нь кино урлагийн түүхэн дэх хамгийн содон суут бүтээлүүдийн нэг төрөхөд хүргэжээ. Станислав Лем харин Тарковскийн хувилбарт дургүй нь хүрж "Солярис" биш "Гэм зэм" хийчихлээ хэмээсэн нь киног бүрэн тодорхойлох биз ээ.

Кино тухайн оныхоо Каннын кино наадмаас Шүүгчдийн нэрэмжит тусгай Гран при хүртсэн байна. Мөн ЗХУ-д уг кино маань 15 жил тасралтгүй театраар гарч байжээ.

10. Догшин Иван: Нэгдүгээр бүлэг (Ivan the Terrible, Part I / Иван Грозный, Первая серия) - 1944

Найруулагч: Сергей Эйзенштейн

Дэлхийн II дайны үед германчууд Москва руу ойртож байх үеэр Сергей Эйзенштейн бусад уран бүтээлчдийн адил Алматы руу шилжсэн юм. Тэнд байхдаа Эйзенштейн Кремлийн тушаалаар Догшин Иваны тухай гурван ангит нүсэр хэмжээний кино хийх болжээ. Сергей Эйзенштейний хурц шийдэлт монтажны ололтуудыг энэ кинонд хэрэглэхийг эрс хорьсон ч Эйзенштейн уламжлалт байдлаар туульсын чанартай аугаа киног бүтээж чадсан юм.

11. Аравдугаар сар (October / Октябрь) - 1927

Найруулагч: Сергей Эйзенштейн, Григорий Александров

1927 онд буюу Октябрийн хувьсгалын 10 жилийн ойд зориулан Зөвлөлт засгаас хоёр кино хийх үүрэгт даалгасан юм. Нэг нь Всеволод Пудовкины “Санкт-Петербургийн төгсгөл” бол нөгөө нь “Потёмкин” киногоороо олон улсад алдаршаад байсан Сергей Эйзенштейны “Октябрь – Дэлхийг донсолгосон арван өдөр” төсөл байв. Киног Жон Ридийн “Хувьсгал – Дэлхийг донсолгосон арван өдөр” номоос сэдэвлэсэн гэдэг.

Эйзенштейн энэ кинондоо бодролт (интеллектуальный) монтажыг хэд хэдэн удаа ашиглажээ. Хамгийн онцгой жишээ нь Есүсийн дүрийг хиндү бурхад, Будда, Ацтекийн бурхад, эртний хүй нэгдлийн үеийн шүтээнтэй харьцуулсан монтаж юм. Энэ нь бүх шашин адилхан гэсэн шашны эсрэг коммунист үзлийг илтгэж буй хэрэг юм.

12. Оросын өв эрдэнэ (Russian Ark / Русский ковчег) - 2002

Найруулагч: Александр Сокуров

Нэг тасралтгүй зураг авалтаар өгүүлэх энэхүү кино нь Эрмитажийн музейгээр зүүд мэт аяллыг өрнүүлэх ба Оросын түүхийн бодит дүрүүдтэй уулзалдах болно. Сокуровын хувьд Оросын хаадын өргөө байсан Эрмитажийн музей нь Орос болон европын түүхийн олон үнэ цэнтэй зүйлсийг хадгалдаг гэдэг утгаараа Оросын өв эрдэнэ ажээ.

13. Александр Невский (Alexander Nevsky / Александр Невский) - 1938

Найруулагч: Сергей Эйзенштейн, Дмитрий Васильев

Кино Ариун Ромын эзэнт гүрний буюу Тевтоникийн герман гаралтай рыцарууд Псков хотыг эзлэн авч, хүн ардыг нь хүйс тэмтэрч байгаагаар эхэлнэ. Уг кинонд тухайн үедээ дэлхийд тэргүүлэх хэмжээний эффектүүд хэрэглэгдсэн юм. Хагас цаг үргэлжлэх, 1242 оны Пэйпус нуурын мөсөн дээрх тулаанаар кино төгсөнө. Энд Тевтоникийн цэргүүдийг Александр Невский бут ниргэдэг юм.

"Александр Невский" гарсан даруйдаа Зөвлөлтөд төдийгүй германчуудын эсрэг хандлага илрээд байсан Европын олон оронд маш их амжилт олжээ. Гэвч 1940 оны хоёрдугаар сард германчуудтай байгуулсан Молотов-Риббентрофын гэрээний дагуу Орост удалгүй энэ киног аажмаар театруудаас татсан байна. Энэ үед ЗХУ германчуудтай соёл урлагийн тал дээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах болсонтой холбогдуулан Сергей Эйзенштейн Рихард Вагнерийн “Die Walkure” дуурийг тавьсан байна. Германы Элчин сайдын яамныхан дуурийг тоглохыг ихэд буруушаажээ. Харин германчууд Орос руу довтолсны дараа “Die Walkure” дуурийг хорьж, “Александр Невский”-г дахин гаргаж эхэлсэн байна.

14. Иваны бага нас (Ivan's Childhood / Иваново детство) - 1962

Найруулагч · Андрей Тарковский

Иван бол тагнуулч хүүхэд. Урьд нь партизан байсан тэрээр Германчуудын эзэлсэн голын нөгөө эргээс тагнуул хийж байгаад даалгавраа биелүүлэлгүй ганцаар гатлан Гальцев дээр ирнэ. Гальцев түүнийг дээд штабд мэдүүлж ахмад Холин, хурандаа Грязновт аваачиж өгөх аж. Удалгүй тэд дахин тагнуулын ажиллагаанд явахаар болно.

Энэ киног хийж эхэлсэн ч тодорхой асуудлаас үүдэн дуусгаагүй байсныг Андрей Тарковский авч бүх жүжигчдийг сольж, бүхий л заслыг ихээр өөрчилж, зохиолыг дахин нэмж хувирган бичиж киног эхнээс нь зургийг авсан ажээ. Андрей Тарковскийн зохиол дээр нь байгаагүй шинэ зүйлс нэмж өгсөн нь Иваны зүүдний хэсгүүд байлаа. Энэ бүтээл нь Венецийн кино наадамд түрүүлэн Тарковскийд түүний анхны Алтан арсланг өвөртөлжээ.

15. Тогоруун цуваа (The Cranes Are Flying / Летят журавли) - 1957

Найруулагч: Михаил Калатозов

Эх орны дайны нийгмийн сэтгэлзүйд үзүүлсэн хор уршгийн сэдвийг хөндсөн бүтээл. Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн цор ганц Зөвлөлтийн кино.

16. Үлгэрийн үлгэр (Tale of Tales / Сказка сказок) - 1979

Найруулагч: Юрий Норштейн

Олон ч шагнал хүртсэн энэ хүүхэлдэйн киног олон хүмүүс бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн кино гэж үнэлдэг. 2005 онд Клэр Китсон энэ хүүхэлдэйн киноны тухай "Юрий Норштейн ба үлгэрийн үлгэр: Хүүхэлдэй хийгчийн аян" нэртэй ном бичсэн байдаг.

17. Бослого (Strike / Стачка) - 1925

Найруулагч: Сергей Эйзенштейн

 “Бослого” нь Эйзенштейний анхны бүрэн хэмжээний кино юм. Кинонд Пролеткульт Театрынхан тоглосон байна. Энэ кино нь 1903 онд болсон ажилчдын бослогыг дүрсэлсэн байдаг.

18. Цэнхэр тэнгисийн хөвөөнд (By the Bluest of Seas / У самого синего моря) - 1936

Найруулагч: Борис Барнет

Тэнгисийн шуурганд хөлөг онгоц нь сүйдсэн Юсуф, Алёша хоёр Зөвлөлт Азербайжантай ойр Каспийн тэнгист орших арал дээр амь хэлтэрч гарна. Тэр арал дээрээ ч удалгүй ажилтай төрөлтэй болно. Гэвч хоёулаа нэг бүсгүйд дурлах нь л тоогүй.

Борис Барнетийн хоёр дахь дуутай кино. Түүний дуугүй үеийн зураглалын онцгой гоо энэ кинонд тод биеллээ олсноос гадна Барнет зөвхөн зургаар ихээхэн санааг илтгэж чаджээ. Мөн тухайн үедээ дуу, чимээг ч хамгаас бүтээлчээр хэрэглэсэн найруулагч болж байв.

19. Эх, хүү хоёр (Mother and Son / Мать и сын) - 1997

Найруулагч: Александр Сокуров

Цахлайн дуу, Верди, Навчны сэрчигнэх чимээ, Альбинони, Талын салхи, Глинка - Энэ бүгд шил, толь, тусгай линзээр өөрчлөгдсөн дүр зурагтай зохицон уянгын хэрнээ гунигт яруу найргийг бүтээнэ. Уг киноны дүрслэлийг Каспар Давид Фридрихийн зургуудтай адилтгах нь бий.

20. Миний анд Иван Лапшин (My Friend Ivan Lapshin / Мой друг Иван Лапшин) - 1982

Найруулагч · Алексей Герман

Алексей Германы эцэг нэрт зохиолч Юрий Германы зохиол дээр сэдэвлэн бүтээсэн кино. Киноны үйл явдал их хэлмэгдүүлэлтийн өмнөхөн буюу 1935 оны өвөл нэгэн бөглүү тосгонд өрнөнө. Иван Лапшин гэгч нь тосгоны цагдаагийн ахлах мөрдөн байцаагч бөгөөд хэсэг бүлэг гэмт этгээдүүдийг барихын төлөөнөө хамаг чадлаа дайчилна.

Кино удаан үргэлжлэх хөдөлгөөнт зураг авалтуудаараа алдартай. Алексей Герман уг киногоо Чеховын зохиолуудтай зүйрлэсэн байдаг агаад дүрүүдийн үйл зовлон, амьдралын утга учиргүй байдалд хэрхэн энэрэнгүй хандсанаас энэ нь батлагддаг билээ.

21. Өгсөхүй (The Ascent / Восхождение) - 1976

Найруулагч: Лариса Шепитько

Дэлхийн хоёрдугаар дайны үед Белорусын партизанчуудын үйл хэргийг өгүүлэх бүтээл. Лариса Шепитькогийн хамгийн сүүлчийн урлаж дууссан кино. Харамсалтай нь дараачийн киноныхоо зураг авалтын бэлтгэл хийж яваад машины ослоор Ларис Шепитько өөд болсон юм.

Уг киногоор Шепитькод асар их нэр хүнд ирсэн нь нэг талаар Берлиний кино наадмын Алтан баавгайг хүртсэнтэй шууд холбоотой. Кино Христийн шүтлэгийн бэлгэдлээр дүүрэн бөгөөд өгсөхүй хэмээх киноны нэр ч үүнийг илтгэнэ.

22. Дайн ба энх (War and Peace / Война и мир) - 1965

Найруулагч: Сергей Бондарчук

Энэ бол бүх цаг үеийн хамгийн өртөг өндөр бүтсэн кино. Тухайн үедээ 8 сая рублээр боссон уг бүтээл нь 2008 оны инфляциар бол 700 сая доллароор бүтсэн киног хийх гэж 7 жил зарцуулжээ. Толстойн роман тэр чигтээ төгс кино болон бүтлээ гэмээнэ зөвхөн энэ кинотой дөхөж очих байсан нь лавтай.

23. Хотын зах (The Outskirts / Окраина) - 1933

Найруулагч: Борис Барнет

"Хотын зах" -Константин Финны роман дээрээс сэдэвлэн бүтээсэн кино. Найруулагч Борис Барнет зохиолыг нилээн өөрчлөн, өөрийн хүсэлтээр импровизаци хийсэн нь бий. Энэ бүтээл эгээ л амьд организм адил хэд хэдэн тийш чиглэсэн тэмүүлэлтэй хөгжиж бий болсон авч, эцсийн эцэст кино романаасаа илүү өргөн хүрээг хамарсан бүтээл болон үлджээ.

24. Эх (Mother / Мать) - 1926

Найруулагч: Всеволод Пудовкин

Царист Оросын бурангуй харгислалын эсрэг тэмцэгч эмэгтэйн тухай өгүүлэх кино. Максим Горькийн адил нэрт романаас сэдэвлэжээ. Киноны эвлүүлэг дээд зэрэглэлийнх бөгөөд хаврын цөн түрэхтэй хувьсгалыг адилтгасан зүйрлэл нь кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг зүйрлэлийн нэг болон мөнхөрчээ.

25. Максим Горькийн бага нас (The Childhood of Maxim Gorky / Детство Горького) - 1938

Найруулагч: Марк Донской

Зөвлөлтийн ардын зохиолч Максим Горькийн дурсамжууд дээр сэдэвлэн Марк Донскойн бүтээсэн трилогийн эхний анги. Хаант Оросын үед эмээ, өвөө дээрээ өссөн Максим өвөөгөөсөө хөндийрхөх боловч эмээ нь түүнийг зохиол бичих урам зоригийг өгч байжээ. Горькийн болон Донскойн Орос эх нутгаа хайрлах сэтгэл нь Вольга мөрнийг дагасан романтицист зураглалуудаас нь хүчтэй илэрдэг.

26. Гамлет (Hamlet / Гамлет) - 1964

Найруулагч: Григорий Козинцев

Аугаа Шекспирийн “Гамлет, Данийн хунтайж” жүжгийн олон дэлгэцийн хувилбар дотроос эх жүжгийнхээ мөн чанарыг хамгийн сайн гаргаж чадсан гэж үнэлэгддэг Григорий Козинцевийн хувилбарыг толилуулахаар бэлдлээ. Жүжгийн хамгийн алдартай дэлгэцийн хувилбар болох 1948 оны Лоурэнс Оливиегийн хувилбараас зарим талаараа жүжгийнхээ улс төрийн агуулгыг орхигдуулаагүй гэдгээрээ энэ кино ялгаатай.

27. Цэрэг эрийн дууль (Ballad of a Soldier / Баллада о солдате) - 1959

Найруулагч: Григорий Чухрай

Зөвлөлтийн үзэл суртлын, дайны сэдэвт кинонууд дундаа хамгийн гоо зүйтэй, уянгын энэ кино Оскарт шилдэг кино зохиолоор нэр дэвшиж байсан нь сонирхолтой юм. Кинонд залуу насны романтик хайр сэтгэл, гэрлэсэн хосын үнэнч хайр, эхийн үрээ хайрлах хайр мөн эх орноо хайрлах цэрэг эрийн хайрын тухай өгүүлнэ.

28. Гажигууд ба хүмүүсийн тухай (Of Freaks and Men / Про уродов и людей) - 1998

Найруулагч: Алексей Балабанов

Уг бүтээл өнгөн дээрээ 20-р зууны эхэн үеийн Орос оронд фото болон киног ашиглан хэрхэн порнограф хөгжиж эхэлсэн тухай хүүрнэх кино. Өвөрмөц бэлгэдлийн цаана юу нуугдаж буйг таахад хэцүү. Гажигууд хэмээсний учир нь үйл явдлын дундуур бид сиамын ихрүүдтэй танилцах болно. Гэвч үнэндээ бусад хүмүүс нь тэднээс илүү гажиг байж таарах аж.

29. Амьдрал нулимсанд дургүй (Moscow Does Not Believe in Tears / Москва слезам не верит) - 1979

Найруулагч: Владимир Меньшов

Хэд ч үзээд уйдахааргүй киногоор олон хүн энэ киног нэрлэх болов уу. Гурван найзын эгэл амьдрал, нэгнийх нь залуу насны алдаа, хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэ кино 1980-аад оны ЗХУ төдийгүй дэлхийн шилдэг киноны нэг юм. 1980 онд АНУ-ын Кино академиас гадаадын шилдэг киногоор шалгарч, 30 дахь удаагийн Берлиний кино наадамд "Алтан баавгай"-д нэр дэвшсэн энэ бүтээл бүх цаг үеийн шилдэг романтик комедийн нэгд зүй ёсоор тооцогдоно.

30. Нарнаа зүдрэгсэд (Burnt by the Sun / Утомлённые солнцем) - 1994

Найруулагч: Никита Михалков

1930-аад оны сүүлээр болсон Сталины их хядлагад Улаан Армийн генерал хэрхэн өртөх талаар энэхүү кинонд өгүүлжээ. Генерал гэр бүлтэйгээ зуслан дээрээ амралтын өдрөө өнгөрөөж байгаа нэг өдөрт киноны үйл явдал өрнөдөг. Энэхүү кино 1994 онд хэд хэдэн томоохон шагнал авсны дотор Каннын Кино Наадмын “Гран При”, Америкийн Кино Академийн “Шилдэг гадаад кино” шагналуудыг хүртжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
44
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.