Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Болушка: Хүйсийг мартаад цензурыг хэн давж гарах талаар л ярих ёстой | #WomenWhoDare


Мэдлэг оюуныг шүтэн бишрэгч түүнтэй ярилцан суухад өдөр тутмын аахар шаахар асуудлуудаа мартаад,  өмнө минь суух бадрангуй энэ эмэгтэйн дотоод ертөнц рүү илүү их өнгиймөөр санагдана. Нугарашгүй, цуцашгүй дайчин чанар түүний хурц үг, дэвшилтэт сэтгэлгээнээс дэндүү,  тод харагдаж, мэдрэгддэг. Ub.life “Women who dare” булангаараа нийтлэлч Б. Болор-Эрдэнэ буюу Болушкаг танилцуулж байна.

-Тrends.mn нийтийн эрх ашгийн тал дээр судалгаатай, шинжлэх ухаанч байр суурь баримталдаг. Олон нийт өөрсдийн эрх ашгаа хамгаалах тал дээр хэр болж байна гэж бодож байна?

-trends.mn-ий онцлог нь шуурхай мэдээний aгентлаг биш, нэг сэдэв дээрээ мэдлэгийн чанартай архив бэлдэх зорилготой юм. Медиа бол мөсөн уулын орой шиг. Нэг сэдэв гарч ирээд үйл явдал болж, мэдээ явж байгаа ч  ард нь урт удаан хугацаанд өрнөсөн бүхэл бүтэн процесс байдаг.

Эрх ашиг нь хөндөгдөөд ирэхээр бид бүгдээрээ дуугарч чаддаг болж байна. Манайд экспертүүд, туршлагатай, мэдлэг, оюун санааны давхрага байна. Бид үнэт зүйлээ эргэж хараад түүнээ хамгаалах гээд зогсох бядтай байна. Яг голд нь ажиллахад маш их мэдэгддэг. Хүмүүс ямарваа нэг ашгийн бус, эдийн засгийн бус сонирхлоор нэгдэж чаддаг болж байна.

-Тэгэхээр өөрчлөлт ямар ч байсан гарч байгаа гэж та харж байна, тийм үү?

-Би өөрчлөгдөөсэй гэж бодоод л шүүмжилдэг. Тийм болохоор би хүнд хүргэх гэж зориуд хэлний операц хийдэг ажилтай. Зориуд ширүүн муухай үг сонгодог. Уг нь бол би өөрөө их өөдрөг үзэлтэй хүн.

-Нөгөө талаас нийгмийн сүлжээнд үзэл бодол, сэтгэгдэлээр хэт шуураад байна гэдэг. Энэ үзэгдлийг хараад юу гэж боддог вэ?

-Өнгөц  сэтгэл хөдлөлийн чанартай зүйлс бий.  Худлаа эмоцлолоо, шуурлаа, нэг нэгнийгээ дагалаа гэж бүхэлд нь утгагүй, хэрэггүй юм гэж үзэхтэй би санал нийлэхгүй. Энэнээс илүү аюултай нь тавилттай мэдээллүүд юм. Улс төрчид зориудаар худлаа мэдээлэл цацдаг, хүний нэр төрд халддаг, мушгин гуйвуулдаг. Миний их удаан барьж явсан ГОК-ийн сэдэв байна. Одоо ч дуусаагүй. Тэр бол маш ярвигтай олон асуудлын уулзвар болсон сэдэв. Төрийн давуу эрх гэж юуг хэлээд байгаа юм, тэрийг яах ёстой байсан, хуулиараа ямар үүрэг хүлээсэн байж байгаад болоогүй юм, тэрийг худалдан авсан санхүүгийн операц гэж ямар юм явсан гэх мэт. Ухсаар байгаад мэдээлэлтэй болсон талаасаа олон нийтээ харахаар ойлгохын эцэсгүй хэцүү сэдэв. Гэхдээ олон нийтэд баримжаа байдаг. Буруу юм хийсэн дээ гэдэг ч юм уу. Уур хүрмээр юмнууд зөндөө л байна. Худал хуурмагийн дархлаа бол яалт ч үгүй мэдлэг боловсрол.

-Ажил мэргэжлийхээ явцад зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болж  үзэл бодлоо няцаалгаж байсан тохиолдол байгаа юу?

-Би Монголд ирээд дөрвөн жил, бичиж эхлээд гурван жил болж байна. Эхэн үедээ бол зөндөө байсан. Бүдүүлэг, хүйсийн чанартай комментууд их орж ирдэг байсан. Тэр  бол аргументгүй хүний шинж. Аргумент байсан бол нөгөө талынхаа хувийн шинж чанарт халдах шаардлага гардаггүй. Сүүлийн үед бол би санахгүй байна. Эндээс би юуг хараад байна гэхээр гарцаагүй нэг салхи зүссэн үү гэвэл зүссэн. Хэн нэгэн заавал зам гаргадаг. Одоо дахиад нэг эмэгтэй блоггер байхад чи эмэгтэй гээд байх хүн байхгүй л болов уу. Монголын өөрчлөлт хурдан. Магадгүй хэдэн жилийн өмнө залуу эмэгтэй хүн геополитикийн нийтлэл бичихээр хүлээж авахгүй байсан байх.

-Улс төрдөх эмэгтэйчүүдийн оролцооны хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Испанийн 17 сайдын 12 нь эмэгтэй гарч байна. Энд бол эсрэгээрээ эрэгтэй квот тавихаар болсон байна. 12 эмэгтэй өрсөлдөөд гарч ирсэн нь нийгэмд квот тавиад заавал эрэгтэй болгож тэнцвэржүүлэх хэрэг байна уу үгүй юу.

Бодлого боловсруулахад жендер үнэхээр тийм нөлөөтэй юу. Өөрөө улс төрийн амбицтай байгаад адилхан явж чадаж байвал хүйсийг нь  мартчихаж болно. Гэтэл өндөр квот тавиад угаасаа өөрт нь улс төрийн амбиц байхгүй явж байсан амьтныг хүйсээр нь татаад гаргаад ирэхээр  өөрөө тэр хүйсдээ ч гэсэн ивээл мөн юм уу, улс оронд хэрэгтэй юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Эмэгтэйчүүд “би эмэгтэй болохоор” гэдгээ сул тал болгоно гэдэг өөрөө жендерийн асуудал. Нөгөө талаар хүчирхийллийн асуудал гараад ирэхээр чи эмэгтэй юм чинь хүчирхийллийн асуудал дээр дуугараач ээ гэдэг бол ямарч утгагүй зүйл. Ийм асуудлуудыг зөвхөн эмэгтэйчүүдэд наах замаар эрчүүдийг чөлөөлж өгч байна. Эрэгтэй эмэгтэй бүх монгол төрийн түшээд  энэ нийгмийн хүний хөгжлийн, хүчирхийллийн , гэр бүл, хүнийг хэрхэн бүтээх вэ гэдэг асуудал дээр хариуцлага хүлээх ёстой. Гэтэл иргэд бид өөрсдөө яагаад сайн дураараа нөгөө талыг нь чөлөөлдөг юм. Аливаа асуудлыг мэддэг  мэдлэгтэй байхад тэр хүний биологи хамаагүй. Зөвхөн тэрийг мэдэрч байгаа эмэгтэй хүн өөрөө санаа зовж барьж аваад шийдэх ёстой юм уу эсвэл энийг нийтийн асуудал байдлаар шийдэх үү. Квот тавьж байгаад, эмэгтэй хүнийг чи биологоосоо үүссэн асуудлыг өөрөө илүү сайн мэдэх юм чинь чи шийд гээд оруулж ирж байвал буруу. Угтаа бол хүйсийг мартаад цензурыг хэн давж гарч ирэх вэ гэдэг талаар л ярих ёстой юм байгаа юм.

-Улс төрд залуучууд орох ёстой юу, та өөрөө орно гэж боддог уу?

-Би бол улс төрийн биш, бичгийн хүн. Нэг талаар залуус нэг нэгэндээ итгэл найдвар тавьж гараад өөрчлөөсэй гэж даалгахыг хүсдэг байх. Соёлын талаасаа Монголд мөрөөдлийн дээд, амбицийн оргил нь сайд, гишүүн гэдэг карьерийн зам байгаа. Гэтэл тэр нь надад гоё санагдах албагүй. Би өрөөндөө ганцаараа юм бичээд, уншаад сууж байхдаа л жаргалтай. 

Гэхдээ улс төрд явж байгаа залуучуудыг муулаад, дооёолоод байдгийг би эсэргүүцдэг. Шинэ давхарга орж байж дотроосоо гуужина. Тэгэхээр яах аргагүй улс төрийн тогтолцоо дотроо шинэ үеийг оруулж нэгтгэх хэрэг байна уу гэвэл байна. Гэхдээ над шиг унших номондоо дарагдаагүй сонирхол нь илүү олон нийттэй харилцах, бусдыг илүү зохион байгуулах талруугаа зөв бодолтой залуучууд байгаа бол аль болох хурдан олноороо ороосой гэж бодож байна.

-Монгол улс эмэгтэйчүүд  карьер хөөгөөд явахад таатай улс мөн үү?

-Би бол бүх талаараа тийм л гэж хариулна. Ямар ч залуу эмэгтэй хүн компанийн CEO хийгээд явж байхад үгүйсгэх соёл байхгүй байна. Ганцхан асуудал нь гэр бүлийн дотор үлдээд байгаа уламжлал. Нийгэм дээр адилхан явж байгаад гэртээ орсон хойноо хуучин уламжлал тосож байна гэдэг далд хэлбэрийн ялгаварлал. Японд бол гэрийн ажлыг бүтэн цагаар бодож тэтгэвэр өгдөг. Энэ жижиг асуудал ерөөсөө биш. Хоёулаа ядарчихсан байдаг нэг нь монгол эр хүн байх гээд суугаад байдаг, нөгөөх нь ядардаг хэрэлддэг... Монгол эр хүн гээд аюултай хайрцаг байна. Овоон дээр гардаг, диван дээрээ овойдог, тэндээсээ босоод жоохон хөдлөчихөөр монгол эр хүн биш болчих гээд байгаа юм шиг. Бид нар ийм янз бүрийн урдаас бэлдэж тавьсан хайрцаганд нэг нэгнийгээ чихэж болохгүй. Монгол эр хүн уйлдаггүй юмаа ч гэх шиг. Тэрнээсээ болоод хамаг стресс нь элэг ходоодонд нь очиж байна. Энэ бүхэн одоогийн орчин үеийн амьдралын хэв маягт таарахгүй.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж, аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?

-Манай аав ээж анагаах төгсөөд Хэнтийн Цэнхэрмандал руу томилогдсон.  Нойр хоолгүй мал мэт ажиллаж байсныг нь  би тод санадаг. Тэгэхээр бид нарыг харж хандаж хүмүүжүүлж сургаж байх боломжтой нөхцөл байгаагүй. Аав минь номын сантай байсан нь, бид чөлөөтэй байсан нь, хатуу комунист нийгэмд задгай чөлөөтэй сэтгэх, өсөх орчин бүрдсэн байж магадгүй.  Зөнгөөрөө л өссөн гэх үү дээ. Аав мэс заслын эмч болоод ч тэр үү ээжээс илүү гоё хоол хийдэг, хувцсаа илүү гоё индүүдэж өмсдөг. Одоо бодоод байхад социализмийн үе дэх модерн гэр бүл байсан байх нь.

-Аливаа зүйлд эргэлзэж эргэцүүлж үзэх шүүмжлэлт сэтгэлгээтэй болоход тань энэ хүмүүжил нөлөөлсөн гэж боддог уу ?

-Би яагаад ч юм бэ эрт уншиж сураад эрт ном уншиж эхэлсэн. Юм уншина гэдэг чинь тархинд нөлөөлж хэлбэршүүлж байдаг. Нөгөө талаар Японд сурсан нь бас маш их нөлөө үзүүлсэн. Миний шүүмжлэлт сэтгэлгээ лаг хөгжөөд сүйдтэй болсон гэж бодохгүй байна, болоогүй л байгаа. Унших юм барагдахгүй их байна.

-Ажил хобби хоёрын зөрчилдөөн гарч ирж байна уу?

-Зорилго хобби хоёр цуг байх уу гэдэг нь  хүний өөрийн сонголт. Зарим хүмүүс хобби карьер хоёроо салгасан дээр гэдэг. Яагаад гэвэл хобби чинь ажил болохоор зовлон болно гэнэ. Миний бодлоор зарим нь дуртай юмаа ажлын бус цагаар хийгээд, нийгмийн карьер амбицаа тусад нь хөөгөөд явж байгаа байх. Ер нь тархи жоохон стрессдэж байсан нь зүгээр. Дандаа аз жаргалтай, дуртай юмаа хийгээд байвал тэнэгэрдэг гэдэг. Хэцүү шинэ юм хийж үзээд өөрийгөө сорих хэрэгтэй. Жишээ нь бичих дуртай хүн байлаа гэхэд зовлонг нь давж байж хөгжинө. Манай энэ монголчуудын тэнэгрэл чинь дэндүү жаргалтай байгаагийнх. Тал нь гараад дуулна, тал нь тэрийг үзээд л сууж байна. Яг үнэнг хэлэхэд тэнэгэрч байна шүү дээ. Үнэхээр гунигтай. Тархинд нь хөгжих процесс явахгүй байна. Тэнэгийн дотор уужуу гээд эртний үг ч байна.

-Хайр дурлалын хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Сүүлийн үед байгалийг, биеийг, зөнг сонирхож байна. Юм худалдан авна гэж шийддэг шиг дурлана гэж шийдвэр гаргаагүй байхад татагдсан байдаг. Байгаль өөрөө шийдсэн байхад би тэрийг зогсоогоод дэмий байх. Тооцолол эрсдэлийг дагах юм бол хэзээ ч цуг байх ёсгүй хүн гэж байж болох юм.  Гэхдээ хүн тухайн өдрийг амьдрах ёстой гэж боддог. Би өнөөдрийг урсгалд нь тавиад л амьдарч байна. Урсгал хаашаа явна уу тэр дараагийн асуудал болохоос биш би тэрийг өнөөдөр урьдчилж хараад менежмент хийх гэж оролддог бизнес байдалтай байлгах ямар ч шаардлагагүй. Миний амьдралд харилцагчаасаа болоод эрсдээд байх эрсдэл байхгүй. Миний хөл бэхлээтэй гэх юм уу.  Зүгээр “let it be” гэдэг шдээ.

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?

-Хүнээс хамааралгүйгээр сэтгэлээр унах нь ер нь ховор. Ер нь бол би өөдрөг талдаа. Хүн өөрийгөө маш сайн ажиглаж байх ёстой юм байна. Ачаалал ихдээд ядраад ирэхээрээ цухалдах гээд, мэдээж бас эмэгтэй хүний гормоны юмнууд байж таараа. Миний арга барил бол яг ядарсан үедээ хавиар нэг зарлаад өөртөө албан ёсоор амралт өгч, амарч хэвтдэг. Хэвтэж уншина, хэвтэж кино үзнэ. Ядаргааг хураахгүй дүрэмтэй. Хүн яаж жаргаж амарч болох бүгдийг хийнэ.

Харин хүн миний итгэлийг алдахад би яахаа мэдэхээ больдог. Одоо хүртэл миний хэзээ ч дасахгүй байгаа зүйл энэ. Би өөрөө хүний итгэлд нохой мэт үнэнч учраас бусдад тийм шаардлага тавьдаг утгаараа би хатуу хүн. Бүр боломжгүй зүйлийг яах аргагүй хаядаг.  Тодорхой хэмжээнд итгэл байгаа бол бүгдийг нь хэлдэг, ядаж бүгдийг нь илэрхийлж чадна. Хэрвээ би эргээд эвлэрмээр байх юм бол хэрэлддэг. Тэгэж байж,  гаргаж ирж байж, шарх цэвэрлэдэг шиг, засаж байж цаашаа явдаг. Тэр утгаараа Монгол шиг юмыг илэрхийлэхгүй нуугаад дасчихсан хүмүүст би аймар хүн санагддаг байх. Гэхдээ явах хүн явж үлдэх хүн үлддэг гэдэг бол үнэн үг л дээ. Илэрхийлэгдээгүй мэдрэмж хэзээ ч үхдэггүй гэж үг байдаг. Жинхэнээсээ ярилцаж чаддаг диалог хийж чаддаг хүнийг насанд хүрсэн хүн гэдэг. Хүнийг хүндэлж байх юм бол юу бодож байгаа, юунд нь гомдсоноо хэлэх хэрэгтэй.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?  

-Монгол надад их зохидог. Монголд байх дуртай. Гэхдээ хэзээд чиний дотор сүүдрийн өөр сонголт байдаг. Багахан хэмжээний эргэлзээ. Ялангуяа өвөл угаартаад ирэхээр хүүхэд гээд л... Цаанаа чин хүсэл маань Монголдоо амьдармаар эндээ үхмээр байдаг болохоор Монголын тусгаар тогтнол гэдэг миний хувьд чухал асуудал. Хувийн айдас гэдэг утгаараа бол эндээс явахаас өөр аргагүй байдалд орохвий дээ гэдэг айдас л байна даа.

-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

-Энгийнээр бол өөрийгөө хүндэлдэг л хүнийг хэлнэ. Өөрийгөө хүндэлдэг бол миний үзэл бодлыг хүмүүс сонсох ёстой гэж бодоод хэлж чадна. Өөрийгөө хүндэлдэг бол адилхан ядарч гэртээ орчихоод намайг ч гэсэн хүндэл гээд харилцаагаа хэлж чадна. Өөрийгөө хүндэлж байгаа бол юу мэдэрч байгаа, яамаар байгаагаа нөгөө талдаа хэлнэ. Өөрийх нь амь амьдралд тулж ирсэн асуудлууд хурцдаад байхад чимээгүй байна гэдэг чинь өөрийнхөө ирээдүйн өмнө хариуцлагагүй ч юм уу эсвэл өөрийнх нь дуу хоолойг хүмүүс сонсоно гэж итгэхгүй байна гэсэн үг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

-Карьерийн хувьд бол миний анх Японд ажлын гараагаа эхлэсэн компанийн захирал нэг утгаараа намайг ажлын хүн болгож хэвшүүлсэн. Өөр хүн хийж чадах юмыг чи хийж яах юм бэ гэж хэлсэн үг миний дотор байнга бодогдож явдаг. Бүр ерөнхий утгаараа хэн ч гэсэн түүчих Туулын хогийг би түүх албагүй. "Чи Туул гол явж хог түүгээгүй байж..." гэдэг коммент ирэхийг хүлээж авахгүй. Надад хийх ажил мянга мянгаараа байна.  Үүнтэй адил 100 вэбсайт бичиж байгаа мэдээг манайх бичиж яах юм бэ. Эсрэгээрээ зөвхөн чи л бичих юмыг чи бич. 

Ярилцсан: Ж.Мандхай 

холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Хотын дарга С.Амарсайханы ОНЦЛОХ 27 ЭШЛЭЛ
2
14 цагийн өмнө
Устаж буй ховор гориллатай авахуулсан байгаль хамгаалагчдын сельфи трэнд болж байна
3
14 цагийн өмнө
Дэлхий даяар 23.2 сая хүн “123456” гэх нууц үгийг ашиглаж байна
санал болгох
1
15 цагийн өмнө
The New York Times | Нууц мэдээлэл дэлгэх бохир трендийн цаана
2
16 цагийн өмнө
Хуучин хотын шинэ амт
3
19 цагийн өмнө
"GOT"-ыг тойрсон зүүдэнд ОРОМГҮЙ 20 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.