Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл

"2009 оноос хойш Ишы бараг зуун эмэгтэйн нөхрийн дүрд тоглосон гэнэ. 60 орчимд нь давтан тогложээ."


Хамаатан садангүй хүмүүс нөхөр, ээж, бүр ач, зээ хүртэл түрээсэлж болдог. Ийм харилцаа үнэндээ хүмүүсийн төсөөллөөс хавьгүй бодит. 

"The New Yorker" сэтгүүл, Элиф Батумэн

Жараад настай Казүшигэ Нишида хоёр жилийн өмнөөс эхнэр, охин цагаар түрээслэх болжээ. Жинхэнэ эхнэр нь нас нөгчөөд удаагүй байж. Эхнэр нь нас барахаас хагас жилийн өмнө 22 настай төрсөн охин нь эцэг эхтэйгээ муудалцаж гэрээсээ яваад эргэж ирээгүй аж. 

Хоёрдугаар сарын нэгэн орой хотын захын галт тэрэгний буудлын ойролцоох нэгэн ресторанд уулзахад “Би өөрийгөө хүчтэй хүн гэж боддог байлаа. Гэвч ганцаараа хоцорчхоор айхтар ганцаарддаг юм билээ” хэмээсэн. Тэрээр хослол өмсөж, саарал зангиа зүүсэн байв. Бөгтгөр, өндөр нуруутай, зөөлөн төрхтэй Нишида гуай гүн дуугаар өөрийгөө буруутгасан аястай ярих юм. 

Тэр өдөр бүр үйлдвэрийн борлуулалтаа хийдгээрээ хйиж, найз нөхөдтэйгээ гадуур гарч, гольф тоглодог байсан ч шөнөдөө ганцаар үлддэг тул юу ч нэмэргүй байлаа. Хэсэг хугацааны дараа гайгүй болно гэж бодсон ч цаг улирах тусам бүр л хэцүү болоод байв. Аягач бүсгүйчүүдийг зорин оройжин ярилцан хөгжилдөх сайхан ч шөнө нь дахиад л ганцаараа үлдэх тул их мөнгө хэрэггүй зарлаа хэмээн харамсах аж. 

Нэг өдөр “Family Romance” нэртэй түрээсийн садан төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн талаарх нэвтрүүлэг үзсэнээ санажээ. Нэвтрүүлгээр нэгэн настай эмэгтэй түрээсэлсэн ач хүүтэйгээ дэлгүүр хэссэн тухайгаа маш тааламжтайгаар ярьж байв. “Төрсөн ач хүү нь биш ч үнэхээр аз жаргалтай харагдаж байсан” хэмээн Нишида дурслаа. 

Ингээд Нишида “Family Romance”-тай холбогдон оройн хоол хамт идэх эхнэр, охин захиалжээ. Захиалгын хуудас дээр жинхэнэ охины, эхнэрийнхээ төрхийг дүрслээд илгээв: 152 см өндөр, махлагдуу. Оройн төлбөр 40 мянган иен буюу 370 ам.доллар болжээ. Түрээсийн эхнэр, охинтойгоо эхний удаа кафед уулзав. Түрээсийн охин төрсөн охиноос нь хавьгүй загварлаг бүсгүй байлаа.  Харин түрээсэлсэн эхнэр нь дунд насны эгэл эмэгтэй байсанд сэтгэл өег байв. 

Тэр хоёр Нишидагаас яавал эхнэр, охинтой нь адилхан санагдах вэ гэж лавлахад талийгч эхнэр нь үсээ яаж шидэлдэг байсныг харуулаад охин нь хавирга руу нь хатгаж дэггүйтдэг байсныг дүрслэн үзүүлжээ. Түүнийг нь сонсоод түрээсийн эхнэр шууд л эхнэрийх нь дүрд орж эхлэв. Нишидаг талийгч эхнэр шиг нь Казу гэж дуудан, үсээ хаялна. Харин түрээсийн охин түүнийг нудран тоглов. Танихгүй хүн харвал тэднийг яг л гэр бүл гэж харахаар байлаа. 

Нишида хоёр дахь уулзалтаа гэртээ захиалжээ. Нишида охинтойгоо ярилцаж байх зуур эхнэрийх нь хийдэг байсан гарын шарвинг түрээсийн эхнэр нь хийж, хамтдаа оройн хоол идэн, зурагт үзэж оройг өнгөрүүлэв. Үүнээс хойш олон ч оройн хоол хамтдаа иджээ.  

Дараагийн уулзалтынхаа өмнө Нишида гэрийн түлхүүрээ олшруулан, өнөөх компани руу явууллаа. Орой нь ажлаасаа ирэх үед гэрэл нь асаалттай, халуун дулаанаар эхнэр, охин хоёр нь “Гэртээ тавтай морил” хэмээн угтсан нь түүнд үнэхээр таалагджээ. Явсных нь дараа санаагүй ч хааяа ингэж хамтдаа байвал сайхан юм байна гэж бодсон гэнэ.  

Нишида тэднийг жинхэнэ эхнэр, охиныхоо нэрээр дуудаж, гэр бүлийн маягаар хооллож байсан ч нэг л мэдэхэд тэд жүжиглэхээ болиод өөрийнхөөрөө байж эхэлсэн байв. Эхнэр болж буй бүсгүй нь заримдаа зохиомол төрхөө мартаад жинхэнэ нөхрийнхөө талаар гомдоллоход Нишида зөвлөгөө өгнө. Аль аль нь жүжиглэхээ болих хэрээр Нишида ч амьдралынхаа бараан харанхуйг мартахыг хичээн сайн аав, сайн нөхрийн дүрд тоглож байснаа ухаарсан аж. Тэр мөчөөс сэтгэл нь хөнгөрч, төрсөн охиныхоо тухай ярих сөхөөтэй болов. Охин нь эцэг эхтэйгээ уулзуулж ч байгаагүй залуутай нэг гэрт орох болсноо хэлэхэд хэрхэн цочирдож, муудалцаад холбоо тасарснаа түрээсийн охиндоо ярьжээ. 

Түрээсийн охин нь энэ тухай сонсоод охинтой нь адил хориод настай учир ойлгож байна гээд Нишидаг өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй байх гэжээ. Охиныхоо уучлал гуйх боломжийг та хаасан байна, тийм болохоор өөрөө эхэлж түүнтэй холбогд гэж зөвлөөд “Таны охин залгахыг тань хүлээгээд л байж байгаа” гэсэн аж. Нишида “Тэр түрээсийн охины дүрд тоглож байгаа ч заримдаа төрсөн охины өнцгөөс мэдэрч ярилцдаг. Гэхдээ бид жинхэнэ аав, охин хоёр байсан бол магадгүй хэзээ ч ингэж шударга ярихгүй байсан байх” хэмээн ярилаа. 

Нишида хэлснээр нь хийж, охин руугаа утас цохьжээ. Тэр бүсгүй охиных нь өнцгөөс тайлбарлаж өгөөгүй байсан бол тэр залгахгүй байсан биз. Хэд хэдэн удаа оролдсоны эцэст охинтойгоо ярих болов. Нэг өдөр гэртээ иртэл тахилын ширээн дээр нь шинэхэн цэцэг тавьсан байлаа. Тэр төрсөн охин нь ирээд явсныг ойлгожээ. “Би аавдаа буцаад ир гэж хэлээд л байгаа. Удахгүй уулзана гэж найдаж байна” хэмээв. 

“Family Romance” компанийг үүсгэн байгуулагч Юичи Ишы үйлчлүүлэгчдийнхээ амьдралд Нишидагийнх шигээр нөлөөлөх гэж нарийн төлөвлөгөө боловсруулдаг талаараа ярьсан юм. Тэд “жүжигчид”-ээ үйлчлүүлэгчид ямар ч хэрэггүй болгохоор ажилладаг аж. Юичи Ишы “Манай багийнхан бидний үйлчилгээ ерөөс эрэлтгүй байх тийм л нийгмийг цогцлоох гэж ажилладаг” гэлээ. 

Юичи Ишы гэж судалтай хослол өмсөж, цамцаа чамин чагтлан товчилсон 35 орчим насны царайлаг эр байлаа. Токиод төрж, Чиба хотын эрэгт тоглож өссөн түүний аав нь жимсний худалдаачин, ээж нь усанд сэлэлтийн багш байжээ. Бага сургуульд байхдаа тэр л ганцаараа инээд алдалгүй бүдүүн хоолойгоор том хүн шиг ярьж чаддаг байсан болохоор найзууд нь хүмүүс рүү залган тоглоом хийхийг нь сонсох гэж бөөнөөрөө утасны бүхээгт шамбааралдан зогсдог байв. 20 настайдаа агентлагт элсэж, загвар өмсөгч, туслах дүрийн жүжигчнээр ажиллахын хажуугаар настай хүмүүсийг асрах ажил хийх болж. Тэр хүмүүст тусалдаг, хамгийн эрэлт хэрэгцээтэй асрагч байгаагаараа бахархдаг байлаа. Ер нь бол тэдэнд ач хүү нь болж байв. 

Өрх толгойлсон эмэгтэй гэдгээсээ болж охиноо цэцэрлэгт өгч чадахгүйд хүрсэн найз нь 11 жилийн өмнө Ишыд ханджээ. Ингээд Ишы аав нь болж элсэлтийн ярилцлагад нь орсон байна. Охин түүнд дасаагүй нь илт байсан тул ярилцлага бүтэлтэй болсонгүй. Үүнээс улбаалаад тэр илүү сайн хичээж, найзынх шиг нь байдалд орсон эмэгтэйчүүдэд туслахаар хатуу шийджээ.  Тэр тиймэрхүү үйлчилгээ үзүүлдэг байгууллага байдаг эсэхийг эрж байгаад “Хагэмаши-тай” гэх түрээсийн садан төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн вэб сайтыг олсон аж.
“Хагемаши-тай”-г эхнэр, хоёр хүүтэй Риеүчи Ичинокава гэгч эр 2006 онд “Би таныг баярлуулмаар байна” гэх уриан дор байгуулсан байв. Үүнээс таван жилийн өмнө Ичинокава Осакагийн захад байдаг нэгэн хувийн сургуульд хүүтэй нь ойролцоо насны найман хүүхэд хутгалуулж үхсэн тухай аймшигт мэдээг олж сонсжээ. Иймэрхүү хэрэг Японд барагтай болдоггүй тул сургуулиуд сэтгэлзүйн тусламж үзүүлдэггүй байлаа. Ичинокава сургуулийн сэтгэлзүйч болохоор шийдэж сургалтанд суув. Гэвч эцэст нь цахим хаягаар зөвлөгөө өгдөг сайт нээсэн нь садан төрөл түрээслэх үйлчилгээ болон хувирчээ. Нэг л хүний орон зай хоосроход хүний амьдрал хэцүүддэг, гэвч ихэнхдээ тэрхүү орон зайг өөр хэн нэгнээр нөхөхөд л хангалттай байдгийг тэр анзаарсан байна. 

Ишы “Хагэмаши-тай”-д бүртгүүлэхдээ 26 настай байсан тул нөхөр, аавын дүрд тоглоход хэтэрхий залуу байв. Тиймээс тэр хуримын зочны үүрэг л гүйцэтгэж байжээ. Хурим гэдэг түрээсийн садан төрлийн бизнесийнхний хувьд талх л гэсэн үг. Хотжилт, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, гэр бүлийн бүтэц жижгэрч байгаа зэрэг нь одоо ч хуримд олон зочин урьдаг уламжлалыг өөрчилж чадахгүй л байна. Ажлаасаа халагдсан сүйт залуус хурим дээр нь хамт ажиллагсад, даргыг нь орлох хүмүүсийг хөлсөлнө. Эцэг эх нь салсан, хоригдсон, сэтгэцийн өвчтэй болсон гээд гэр бүлдээ асуудалтай хүмүүс сүй тавихдаа түрээсийн эцэг эх авчирч танилцуулна. “Хагэмаши-тай”-ийн нэг үйлчлүүлэгч эцэг эх нь өөд болсон талаар сүйт бүсгүйдээ хэлэхийг хүсээгүйдээ аав ээж хөлсөлжээ. 

2009 онд Ишы өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийдэж, хүмүүст мартагдахааргүй, мөрөөдлийн гэр бүл гэх утгатай нэр хайж байгаад 1909 онд Фройдын бичсэн “Гэр бүлийн гажуу романтиклал” (The Family Romance of Neurotics) нэртэй эсээг олж уншжээ. Фройд жинхэнэ эцэг эхээ луйварчин гээд үнэндээ бол өөрсдийгөө сэхээтний гэр бүлээс гаралтай гэж итгэдэг хүүхдүүдийн тухай эсээндээ бичсэн байв. Эцэг эх нь хүчирхэг, чадалтай гэх бага насны төсөөлөл нурахтай эвлэрч чадаагүй хүүхдүүд арга ядахдаа тэгдэг гэжээ. Эцэг эх нь бүхнийг чаддаг, өгөөмөр, нугаршгүй хүчирхэг байсаар байвал хүүхэд бие дааж чадахгүй. Гэвч тэглээ гээд бүхнээс дээдэлж байсан дүр нь үгүй болохтой эвлэрэх хэнд ч хүнд. “Гэр бүлийн романтиклал” хүмүүст тэрхүү идеалыг хэсэгхэн ч болтугай авч үлдэх боломж олгодог. Ингэснээрээ хүүхэд эцэг эхээсээ “ангижрах” гэж байгаа бус, харин “сайжруулах” гэж буй юм. “Аав нь орчлонгийн хамгийн сайн, хүчирхэг хүн, ээж нь хамгийн сэтгэл булаам, дотно хүн байсан хүүхэд насны аз жаргалтай өдрүүдээ санагалзаж буйн илрэл” гэж Фройд тодорхойлсон байдаг. 

Ишы “Family Romance”-аас гадна технологийн консалтингийн компани, уран бүтээлч нээж олдог агентлаг ажиллуулдаг бөгөөд байнгын 20 орчим ажилтантай. Тэдний 7-8 нь “Family Romance”-д ажиллаж, 1200 орчим жүжигчнээс сонголтоо хийдэг. Хурим гэх мэт нэг удаа болоод өнгөрдөг ажлуудаас орлогынхоо 70 орчим хувийг бүрдүүлдэг бол Нишидагийнх шиг олон жилийн тогтвортой үйлчилгээнээс үлдсэнийг нь олно. 

2009 оноос хойш Ишы бараг зуун эмэгтэйн нөхрийн дүрд тоглосон гэнэ. 60 орчимд нь давтан тогложээ. Эхэндээ тэр 10 орчим айлд зэрэг ажиллаж байсан ч яваандаа ачааллаа дийлэхээ больжээ. “Бусдын амьдралыг нуруун дээрээ үүрж байгаа юм шиг санагдаж байсан” хэмээн өгүүлэв. Тэгээд нэг жүжигчин ихдээ л таван дүрд тоглоно гэж журамласан байна.  

Үйлчлүүлэгч түрээсийн хүндээ хэт дасчихдаг нь энэ ажлын нэг осолтой тал. Нөхөр удаан түрээслэж байгаа эмэгтэйчүүдийн 30-40 хувь нь түрээсийн нөхөртөө гэрлэх санал тавьдаг гэнэ. Эрэгтэй үйлчлүүлэгчдийн хувьд энэ аюул харьцангуй бага, учир нь аюулгүй байдлыг нь бодолцон түрээсийн эхнэрүүдийг үйлчлүүлэгчийн гэрт очуулдаггүй аж. Нишида түрээсийн эхнэр, охин хоёроо гэртээ ирүүлсэн нь онцгой тохиолдол бөгөөд хоёр хүн учраас компаниас зөвшөөрөл олгожээ. Эхнэр, нөхрийн дүрд тоглож байгаа хүмүүс үйлчлүүлэгчтэй хоёулхнаа үлдэх учиргүй бөгөөд гар барихаас илүү хүрэлцэх ёсгүй. 

Ганц бие эмэгтэйчүүд ийм нөхцөлд их зүдэрдэг аж. Ишы “Бид зүгээр л болохгүй гээд хатуухан хэлэх ёсгүй. Бид тэрхүү дүрийг удаан хадгалж авч явах ёстой учраас хөндий хандаж болдоггүй юм” гэлээ. Иймэрхүү тохиолдолд ганц бие ээжүүдтэй уулзах товыг гурван сард нэг удаа хүртэл цөөрүүлдэг аж. Зарим эмэгтэй энэ нөхцөлд дасан зохицож чаддаг бол зарим нь ойр ойрхон уулзах гэж шахсаар яваандаа харилцаагаа таслахаас өөр аргагүй болно. 
Би өнгөрсөн өвөл “Family Romance”, “Hegamashi-tai” компаниудын жүжигчидтэй уулзсан юм. Тэд хурим, сүмийн цуглаан, ажлын ярилцлага, стэнд-ап тэмцээн, поп оддын цомгийн нээлтийн баяр гээд байж болох бүх л арга хэмжээнд хөлсөөр очиж байж. Тэдний нэг нь долоон жилийн турш нэг эрийн эхнэр болж жүжиглэжээ. Жинхэнэ эхнэр нь таргалсан тул гадуур явахдаа ч юм уу, найзуудтайгаа уулзахдаа түрээсийн эхнэрээ дагуулдаг аж. Тэрээр өөр тарган эхчүүдийг орлож сургуулийн олон арга хэмжээнд оролцож байв.  Эцэг эх нь тарган гээд хүүхдүүд гадуурхаж магад гэж эмээхдээ хөлсөлдөг аж. 

Эцэг эхдээ гэрлээч хэмээн шаардуулдаг ганц бие эмэгтэйчүүд найз залуу, эсвэл сүйт залуу хөлслөх нь бий. Тэд найз залуутай нь дахиж уулзах гээд шавдуулаад байвал хэсэг хүлээж байгаад салсан гэж хэлдэг аж. Зарим эцэг эхчүүд зууралдсаар аргагүй байдалд оруулна. Ишы жилд 2-3 удаа таван сая иений (47 мянган ам.доллар) өртөг бүхий хуурамч хуримын захиалга авдаг гэнэ. Зарим нь жинхэнэ гэр бүлийнхэн, найз, хамт олноо урьдаг бол зарим хурим дээр бүсгүй, эцэг эх гурваас бусад бүх хүн захиалгын жүжигчид байдаг. Хуурамч сүйт залуу нь сайхан үгс хэлнэ, түрээсийн зочид түүнд нь сэтгэл хөдөлж уйлна. Ишы сүйт залуугийн дүрд тоглож байхдаа өөрийгөө тун хачнаар мэдэрдэг гэж ярив. Хуурамч хурим жинхэнэ хуримаас ялгаагүй ажилтай учир үйлчлүүлэгчтэй хэдэн сар дамнаж төлөвлөнө. Тэгээд удаа бүр түүнд дурлаж эхэлдэг гэнэ. Зарим үйлчлүүлэгч сүйт залуугаа үнсэх цаг ирэхэд үнсэлцэж байгаа мэт дүр эсгэж хацраа наагаад өнгөрдөг бол нэг хэсэгтэй нь жинхнээсээ үнсэлцэх болно. Ишы кинонд тоглож байна гэж төсөөлөхийг хичээвч ихэнх үед жинхнээсээ тэр бүсгүйтэй гэрлэж байгаа мэт санагддаг гэлээ. 

“Family Romance” компаниас үзүүлдэг бас нэг хачирхалтай үйлчилгээ бол уучлал гуйх. Та ажил дээрээ алдаа гаргаж, үйлчлүүлэгчээ бухимдуулж, удирдлагатайгаа уулзуулахад хүрвэл Ишы таны түрээсийн дарга болж, өмнөөс тань уучлал гуйна. Уучлалыг нь хүлээж авахгүй бол өөр нэг жүжигчин бүр том удирдлагын дүрээр гарч ирнэ. Хэрэв ингээд ч нэмэргүй бол Ишы компаний ерөнхийлөгчийн дүрээр хэн нэгнийг илгээж, асуудлыг шийддэг байна. Уучлал гуйх үйлчилгээний хамгийн ярвигтай нь гэр бүлээс гадуурх харилцааны асуудал. Хууртагдсан нөхөр нь эхнэрийнхээ нууц амрагийг ирж уучлалт гуйхыг шаарддаг тул эхнэрүүд жүжигчин түрээслэн нөхөртэйгээ уулзуулдаг байна. 

1868 онд Мэйжигийн эзэнт гүрэн сэргэж, зуу зуун жил тусгаар үзэл, феодалын захиргаадалтанд байсан Япон улс суудалдаа эргэн суусан эзэн хаан Мэйжигийн удирдлага дор орчин үеийн цэргийн захиргаадалтын тогтолцоонд шилжихээр болов. Шинэ Үндсэн хууль өргөн барьж, тэндхийн хуульд огтоос тусгагдаж байгаагүй, японоор илэрхийлэх ханз ч үгүй “гэр бүл” хэмээх Барууны ойлголтыг гаргаж иржээ. Мэйжигийн үед Японыг эзэн хаанаар толгойлуулсан нэг том гэр бүл, харин өрх бүрийг нэг салаа мөчир гэж үздэг байв. 

Дэлхийн II дайны дараа Холбоотны цэргүүдэд эзлэгдэж, шинэ Үндсэн хууль батлан Барууны жишгийн, “ардчилсан”, “цомхон” (nuclear) гэр бүлийн загварт шилжлээ. Хүчээр гэрлүүлэхийг хуулиар хориглож, эхнэр нөхрийн эрх ямбыг тэнцүүлж, хөрөнгийг хүйс, эрэмбэ үл хамааран хүүхдүүдэд нь адил тэгш хуваарилдаг болов. Дайны дараах эдийн засгийн өсөлт, корпорэйт соёлын нөлөөгөөр байшинд  амьдардаг уламжлалт гэр бүлүүд цөөрч, орон сууцанд амьдардаг “цомхон” гэр бүлүүд (тэжээгч аав+гэрийн эзэгтэй ээж+хүүхдүүд) олширлоо. 1980-аад оны эдийн засгийн тэсрэлтийн үеэр эмэгтэйчүүд ажил эрхэлж эхлэснээр төрөлт багасаж, гэр бүл салалт болон ганц бие толгойлогчтой өрхийн тоо нэмэгдсэн байна. Насжилт уртсаж, хүн амд хөгшин хүмүүсийн эзлэх хувь мөн нэмэгджээ.  

Энэ л үеэс хөлсний гэр бүлийн давалгаа бий болсон аж. 1989 онд Токиогийн нэгэн компанийн эзэн Сацүки Ойва ажил ихтэй, эцэг эх дээрээ очих зав гардаггүй гэж олон хүний ярихыг сонсоод хүүхдүүддээ хаягдсан хөгшчүүдэд зориулан хүүхэд болон ач, зээ түрээслэх үйлчилгээ эхлүүлсэн байна. Ойвагийн үйлчилгээний талаар хаа сайгүй нийтэлж, хоёр гуравхан жилийн дотор зуу гаруй хүнд төрөл садан түрээсэлжээ. 

Садан төрлөө түрээслэх үзэгдэл олны төсөөллөөр урган гарч ирсэн ойлголт аж. Тэр үед постмодернизм, соёлын харьцангуй байдлын тухай (cultural relativism) үзэл газар авч байсан тул энэ үзэгдлийг хэн ч хачин гэж үзэхгүй байлаа. 1993 онд адал явдалт зохиолч Миса Ямамура “Түрээсийн гэр бүлд гарсан аллагын хэрэг” нэртэй зохиолоо хэвлүүлэв. Хорт хавдартай ахимаг насны эмэгтэй хайхрамжгүй хүүгээсээ өшөө авахын тулд байшингаа барьцаалаад өөрт нь илүү анхаарал тавих хүү, бэр, ач хүү хөлсөлж буй тухай уг номонд гардаг. Тэр эмэгтэй алагдсаны дараа гэрээс нь хоёр хувь гэрээслэл олдоно. Нэгд нь төрсөн хүү, нөгөөд нь хөлсний хүүхдүүдээ илүүд үзэж хөрөнгөө гэрээсэлсэн байлаа. Эх, хүүгийн хайр бүхнээс илүү гэх итгэл болоод эцэг эх, хүүхдийг нэгтгэж байдаг санхүүгийн харилцаа хоёрын эсрэгцэл энд гарч ирж буй юм. 

Японы садан түрээслэх үйлчилгээ зарим талаараа зөвхөн Японд л тохирно. Гэхдээ хүн төрөлхтний түүхэнд садан төрлийнхөө үнэгүй хийдэг зүйлсийг бусдаар хөлсөлж хийлгүүлэх үзэгдэл түгээмэл байв. Эртний Грек, Ром, Хятадад хүмүүс түрээсэлж төрөл садангийнхаа оршуулгад оролцуулдаг байжээ. Хүүхэд асрагч, сувилагч, тогооч зэрэг ч түрээсийн садал төрлийн ажил билээ. Анх ээж, охин, эхнэрээ бусдаар орлуулан, ажлыг нь хөлсөөр хийлгэх болсон нь тэр юм.  

Үнэндээ “гэр бүлийг юугаар ч худалдаж авч болохгүй хайр нэгтгэдэг” гэх ойлголт саяхных юм Аж үйлдвэржилтээс өмнөх үед гэр бүл эдийн засгийн үндсэн нэгж байсан учраас хүүхэд бүрийг ажлын хүч гэж харж байв. Харин үйлдвэржилтийн дараагаас хүмүүс гэрээсээ гадуур тодорхой цалинтай ажил хийх болж, хүүхдийг дагавар хэсэг гэж үзэх боллоо. Ингээд зах зээлд удирдуулсан шинэ нийгэмд гэр бүл хариу нэхэхгүй хайрын илэрхийлэл болж хувирсан юм.

1898 онд феминист Шарлотт Перкинс Гилман "романтик хайр", "эхийн золиослол" гэх харилцан хамааралтай ойлголтуудын талаар бичсэн байдаг. Залуу охидыг хайр дурлал, романсыг бүхнээс илүүд үзэж, гоо үзэсгэлэнгээрээ нөхрөө татахад сургаж байснаа гэнэтхэн бичигдээгүй гэрээгээр, цаг нь ирэхээр хаанаас ч юм гараад ирдэг “эх хүний зөн совин” гэх нууцлаг зүйлийн нөлөөгөөр өнөөх охид ямар ч бэлтгэлгүйгээр бүтэн цагийн цалингүй асрагч, багш, цэвэрлэгч болох ёстой байдаг, өөрөөр хэлбэл хууртагдаад гэртээ суухад хүрдэг гэж тэрбээр бичжээ.  
Япон XIX зууны сүүлчээр танилцуулсан “романтик хайрын үзэл баримтлал”-даа “эмэгтэй хүний амьдралын төгс өрнөл” гээчийг багтаасан нь дээрхтэй төстэй байв. Үүнд романтик хайртай учрах, гэрлэх, хүүхэд гаргах, эх хүний хайр халамж ундрах, дур тачаалаас бүр мөсөн ангид асрагчийн гэгээн дүрд хувирах гэж дараалуулсан байх аж. Антропологич Акико Такеяма Токиогийн хүүхнүүд очиж, элгэмсүү эрчүүдтэй ярилцаж, унд хүртэн зугаацдаг клубуудын талаарх номдоо үүнийг дурджээ. Гэрийн эзэгтэй нар илүү цагаар ажиллаж, хүнс цуглуулах мөнгөнөөсөө хэмнэж, нөхрөөсөө мөнгө салган байж хэдэн доллар цуглуулаад тийм клубүүдэд төлдөг байна. Асрагч, үйлчлэгчийн бүтэн цагийн “ажил”-тай болж, нөхөртөө “ээж” гэж дуудуулах болсноосоо хойш тэгж сая нэг романтик хайрын мэдрэмжийг авдаг гэнэ. 

Ингээд бодохул хүүхэд асрах, гэр цэвэрлэх зэрэг ажлыг мөнгөөр худалдаж авшгүй романтик хайрын илэрхийлэл гэж үздэг нь төрөл садан хөлслөхөөс хачин үзэгдэл юм шиг. Тэрхүү үзэл нь эцгийн эрхт капиталист нийгмээс гаралтай гэж марксист, сэтгэл судлаач Вилхельм Райх дүгнэсэн нь бий. Эмэгтэйчүүд гэрийн ажлаа үнэгүй хийдэг бол эрчүүдэд нь их мөнгө төлөх шаардлагагүй учраас тэр. Эхнэр, эхчүүд л асарч халамжлах ёстой гэчхээр гэр бүлгүй хүмүүс тэр асрамж халамжийн ард хаягдаж, зөвхөн гэрлэсэн  хүмүүс асруулж халамжлуулах эрхтэй мэт болж байна.    

Юичи Ишы мөн л энэхүү шударга бус нөхцөлийг өөрчлөхөөр хичээж буй. “Ганц бие эрэгтэй эмэгтэй, нөхөр, эхнэр, бэлэвсэн хүн хэн бүхэнд дулаан гэр хэрэгтэй” хэмээн Гилманы бичсэн шиг. Харин “Family Romance”-ийн ачаар дотнын хүмүүсээ алдсан Казушигэ Нишида шиг хүмүүс гэрийн дулаан уур амьсгалаа хэсэгхэн ч болов эргүүлэн авчирч буй юм.  

Нэг орой сонссон бүхэндээ гайхширчихсан, цагийн зөрүү нь гараагүй ядарчихсан амьтан зочид буудалдаа буцаж ирээд өрөөндөө иллэг хийлгэхээр захиалга өглөө. Хоёр цагийн дараа нүүрэндээ мишээл тодруулсан залуухан бүсгүй хаалга тогшив. Гутлаа тайлаад “бэлгийн дур хүсэл өдөөх зүйл хийлгэхгүй байх, эрэгтэй хүн бол иллэгийн турш өрөөнийхөө үүдийг онгорхой орхих” тухай дүрэм бүхий цаас сарвайлаа. Би түүн дээр нь гарын үсгээ зураад оруулав. Мөрөөдлийн мэт тавтай сайхан байлаа. Сэтгэл хангалуун, жаргалтай хэвтэж байхдаа мөнгө төлсөндөө эвгүйцэх ёстой мэт атал харин ч түүнийхээ хэрээр тайван, сайхан байгаа талаараа бодож байв. Би юу ч бодолгүй амарч болно гэсэн үг. Энэ мэдрэмж хариу нэхээгүй хайр гэмээр санагдав. Би мөнгө төлчихсөн учраас түүнд хариуд нь массаж хийж өгөх ч юм уу, түүний асуудлыг сонсох хэрэггүй, харин миний өгсөн мөнгөөр тэр хүссэнээ хийж болох байлаа.  Тэр надад анхаарал тавьж, би анхаарахгүйгээр тайван байж болох энэ нэг цаг хэнд ч гомдол төрүүлэхгүй. 
Төрөл садан түрээсэлдэг үйлчилгээ хариу нэхээгүй хайрын үнэ цэнийг бууруулдаг юм байна гэж бодож эхлээд байсан би одоо тийм хайрыг мөнгө төлөхгүйгээр авч болох эсэхэд эргэлзэж байлаа. Хүн мөнгө ч юм уу нэр алдрын төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө ч хийхээргүй, хөлсгүй бол удаан хийж тэвчихээргүй ажлыг ч хийдэг. Ишы ажлаа хийхийн тулд кино үзэж, юм уншиж, “сайн аав” ямар байдгийг судалсан байгаа. “Аягач” залуусын клубийн нэг ажилтан үйлчлүүлэгчийнхээ хүслийг тааварлаж, хангахын тулд хайрын зохиол уншдаг талаараа ярьж билээ. Баахан роман уншиж ажилдаа бэлддэг тул хувийн амьдралаа цаг гаргаж чаддаггүй гэж. “Хайрын тухай эмэгтэйчүүдийн хүлээлтэд хүрэхэд хэцүү. Бодит амьдралд бол хүрч чадах ч үгүй байх” гэж тэрбээр ярьсан. Бас жинхэнэ найз охиныхоо төлөө бол хэзээ ч тэгж хөдөлмөрлөхгүй байсан гэж хэлсэн юм. 

Орчуулсан: М.Сувданзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
2
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
3
2017.09.11
“ИКИГАЙ” буюу япончуудын АЖИЛ, АМЬДРАЛАА дээшлүүлэх ухагдахууны нууц
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
36
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.