Хайх зүйлээ бичнэ үү

Дөрвөн улирлын тухай өгүүлэх энэхүү дуун дээр монгол ахуйгаа илтгэх үзүүлбэр үзүүлнэ.

Соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй наадмын нээлтийн бэлтгэл хийх үеэр нь ярилцлаа. Түүнтэй сүүлийн үеийн уран бүтээлийнх нь тухай болоод наадмын нээлтийн талаар ярилцсаныг хүлээн авна уу.

- Удахгүй монгол түмний баяр наадам болох гэж байна. Та наадмын нээлтэд оролцоно шүү дээ. Энэ талаар яриач?

- Наадмын нээлтэд олон жил оролцож байна. Энэ жил дахиад Н.Наранбаатар найруулагч найруулж байгаа. Дээр нь чуулгын дарга Г.Цоггэрэл продюсероор нь ажиллаж байгаа. Энэ хоёр хүн оролцож байгаа учраас УДЭТ-ын жүжигчид болон чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ наадмын нээлтэд орж байна.

- Энэ жилийн наадмын онцлог юу вэ. Өмнөх жилүүдээс ямар ялгаатай байх бол?

- Энэ жилийн хувьд эв нэгдэл, монгол ахуйг харуулахаар найруулагчид ажиллаж байна. Өнөөгийн нийгэмд хүмүүс хоёр тал болж талцах нь их болсон. Иймээс бие биенийгээ хайрлах, ардын өв уламжлалаа сэргээх үндсэн санаан дээр тулгуурлаж байна.

- Таны хувьд болон УДЭТ-ын жүжигчид ямар дүрээр наадамчин олонтой уулзах вэ?

- Бидний хувьд бэр гуйх ёс, монгол хурим найрын дэг жаягийн талаар “Дөрвөн цагийн тал” гэх сайхан дуун дээр монгол ахуйтайгаа уялдуулж театрчилсан хэлбэрээр үзүүлэхээр ажиллаж байна. Дөрвөн улирлын тухай өгүүлэх энэхүү дуун дээр монгол ахуйгаа илтгэх үзүүлбэр үзүүлнэ.

- Та хамгийн сүүлд “Яллагч” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээлийнхээ тухай сонирхуулна уу?

- Энэхүү киноны ерөнхий найруулагчаар манай театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг ажилласан. Мөн зураглаач Б.Баатар хамтран найруулсан. Өнөөдөр нийгэмд яригдаад байгаа бага насны хүүхдийн хүчирхийллийн тухай хөндсөн уран бүтээл юм. Энэ асуудлыг нийтэд ил гаргах гэсэн уран бүтээлч хүний эмзэглэлээс гарсан бүтээл л дээ.

- Та ямар дүрд тоглосон бэ. Дүрийн онцлог юу байв?

- Миний хувьд эсрэг дүр дээр ажилласан. Өөрийнхөө эрх мэдэл, эд хөрөнгөнд дулдуйдсан, бүхнийг танил тал, мөнгөөр шийдэх гэсэн хүний дүр юм. Нүүрэн дээрээ боловсон, их зүйл бүтээж байгаа юм шиг боловч мөн чанартаа жинхэнэ бузар булай юм хийдэг залуугийн дүр дээр ажилласан. Өнөөгийн нийгэмд яг бодитоор оршин байгаа хүний дүр шүү дээ.

- Тус киногоор дамжуулан нийгэмд ямар мессэжийг хүргэхээр зорьсон бэ?

- Энэ шударга бус зүйлийг хэзээ цэгцлэх вэ, үүнийг шийдэх цаг нь болжээ гэдэг гол утга санааг харуулж байгаа. ОХУ-д 2016 онд Андрей Каравайзин гэдэг эр Афганид байлдаж явсан юм билээ. Түүнд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн кино. Охиныг нь хүчирхийлсэн хүнд шүүх шударга шийдвэр гаргахгүй байсан тул үүнээс болж шүүх дээр өнөөх залуугийн амийг хорлодог.

- Та “Хөлтрөг” киноны найруулагчаар ажилласан. Найруулагчаар ажиллахад жүжигчнээс юугаараа онцлог вэ?

- Найруулагч хүн уран бүтээлээ ерөнхий томоор харах хэрэгтэй байдаг. Уран бүтээлийнхээ удирдагч нь байдаг. Хэрэв алдах юм бол найруулагч өөрөө л хариуцлагаа үүрнэ шүү дээ. Дээр нь найруулагчаас тал бүрийн мэдрэмж шаарддаг. Хөгжим, жүжиглэлт гэх мэт. Үүгээрээ их онцлогтой мэргэжил. Харин жүжигчин бол тухайн дүр дээрээ ажилладаг. Ялгаа байхгүй жүжигчин хүн дүрээ дотроо найруулдаг. Хамгийн гол нь дүрийн дотоод сэтгэл, мөн чанарыг нь илүү бодитой хүмүүст хүргэхийн тулд л жүжигчин хүн ажилладаг.

- “Хөлтрөг” киног яагаад хийх болсон бэ?

- Би чинь өөрөө театрын жүжигчин хүн шүү дээ. СУИС-ийг 1999 онд жүжигчин, найруулагчаар төгсөж байсан. Бие дааж хийсэн кино маань “Хөлтрөг” юм. Манай улсад уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгөний асуудал шийдэхэд ихээхэн хэцүү байдаг. Түүхэн цаг үеийг харуулсан кино хийхэд их хэмжээний мөнгө хэрэг болдог. Миний хувьд аль болох объект цөөхөн, гэхдээ жүжигчдийн тоглолт гарсан, сонирхолтой өрнөлтэй кино хийх гэж зорьж хийсэн дээ.

- Наадмын үйл ажиллагаанаас гадна танай хамт олон ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

- Манай хамт олон наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаан дээр ажиллаж байна. Наадмын дараагаар амраад, наймдугаар сарын сүүлээр бид нар цугладаг. Нийгэмд хүлээсэн үүргийнхээ хувьд алслагдсан хөдөө орон нутгуудаар явж уран бүтээлээ толилуулдаг. Мөн шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлнэ дээ. Энэ жилийн хувьд театр дээр шинэ жүжиг тавигдаж магадгүй. Гэхдээ одоогоор төсөв санхүүгийн хувьд батлагдаагүй байна.

- Ер нь театрт шинэ жүжиг тавихад хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?

- Жүжиг бол 2-3 сарын хугацаанд бэлтгэгдэнэ. Энэ хугацаанд гэрэл, зураг, хувцас, жүжгийн уншлагууд, зохиолын задаргаа гээд олон зүйл дээр ажилладаг. Мэдээж үүнээс өмнөх, зохиол шинээр бичих үйл явцтай нийлүүлэх юм бол илүү удна.

- Ярилцсанд баярлалаа.  

Бэлтгэсэн: Х.Хулан

                                                                                          

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
23
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.