Humans at Playtime
Тэд наадмын тухай юу хэлэв?
Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам "Playtime" Монгол шилтгээнд өнөөдөр сүүлчийн өдрөө үргэлжилж, тун удахгүй үүдээ барих гэж байна. Бид энэ үеэр зарим оролцогчдын сэтгэгдэл, дурсамжийг хуваалцсан юм.
Жерри, 26
Би 2012 оноос хойш Playtime хөгжмийн наадамд тасралтгүй оролцож байна. Миний хувьд чиглэл, урсгал ялгалгүй гоё л бол бүх дууг сонсдог. Өнөөдөр Рэйв загвараас байгаа хувцаснуудаа л цуглуулаад өмсчихсөн чинь их өнгөлөг харагдаад байгаа. Харин үсний хувьд бол нэг их урт биш тэгээд энэ солонгын өнгөтэй үсийг хараад шууд нүдэнд туссан. Энэ жил "Mohanik" хамтлагийн тоглолтыг тэсч ядан хүлээж үзлээ, харин The Lemons тоглоогүй нь харамсалтай.
Гэлээ ч бүх л уран бүтээлчид гоё тоглолтууд үзүүлээ. Өмнө нь зөвхөн рок урсгалын хамтлагууд тоглодог буюу хамрах хүрээ нь хязгаарлагдмал байсан. Харин одоо бол жил ирэх бүр өргөжиж, хамтлаг, уран бүтээлчид ч нэмэгдэж байгаа нь таалагддаг.
Юлия, 23
Би ОХУ-ын Эрхүү хотоос ирсэн. "Playtime" наадамд анх удаа оролцож байна, Монгол шилтгээний үүдээр орж ирэхэд л зохион байгуулалттай, таатай орчин угтаж авсан. Үнэхээр л олон улсын хэмжээнд болж байгаа арга хэмжээ гэдэг нь харагдаж байна. Хувцаслалтын хувьд өөртөө бүжиглэхэд бие барихааргүй, аль болох чөлөөтэй хувцаслахыг бодож ирсэн дээ.
Идрээ, 28
Би АНУ-ын Чикагогоос ирсэн, тэгээд монгол нэртэй болоод амжсан шүү. Намайг Идэрээ гэж дуудаж болно. Амьд хөгжмийн энэ наадамд анх удаа оролцож байна, олон сайхан найзтай боллоо, тэдэнтэй сайхан харилцаа тогтоож авлаа. Мөн хүмүүстэй танилцахаас гадна энэ уур амьсгал, цаг агаар, хөгжим гээд "Playtime"-ийн хүрээний бүх зүйлс маш сайхан дурсамж болж байгаад баяртай байна.
Даваасүрэн, 21
Би энэ наадамд анх удаа ирж байна. Төсөөлснөөс ч илүү, урьд нь яагаад ирж байгаагүй юм болоо гэж өөрийгөө гайхаж байна. Гадаад, дотоодын хамтлагууд хамгийн гоё уран бүтээлүүдээс тоглож байгаа нь их гоё юм. Эхлээд ирэхдээ богино шорттой байсан ч, гэрээс гарахдаа юмыг яаж мэдэхэв гээд эмээгийнхээ дээлийг авсан нь онолоо шүү. Сэрүүхэн үед тохиромжтой байна.
Үүдээ, 21
Би Playtime-ийн тайзан дээр хоёр жил тоглосон. Харин яг үзэгчийн хувиар дөрөв дэх жилдээ оролцож байна. Хөгжмийн наадмын салшгүй хэсэг бол хувцас, загвар шүү дээ. Өдөр тутамдаа хотын гудамжаар өмсөхгүй ч, энд л зориулж өөрийгөө илэрхийлж хувцасладаг нь таалагддаг. Манайдаа болж байгаа хөгжмийн хамгийн том наадам, цаашид ч зайлшгүй байх ёстой илүү сайхан арга хэмжээ болно байх аа.